Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/120

 

                                                                                                                       

 

 

 

                                                                 

 

 

  2021          01           22                                         2021/ШЦТ/120

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг,

Шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б О А-т холбогдох эрүүгийн 2006 03739 2838 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

....................................................

           

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч О.А нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн .... тоотод иргэн Б.Э-ын толгойн тус газарт нь тоосгоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч О.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

            Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өнөөдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд амьдардаг хүргэний хашаагаар ус дүүрээд байна гэхээр би очиж тусалж байсан. Манай хүргэний таньдаг гэх үл таних 2 залуу хашаанд орж ирсэн. Ирэхдээ нэг шил архи авч орж ирсэн байсан. Би юм аа хийгээд зогсож байхад нөгөө гурав ууж байгаад намайг бас дуудаад надад бас өгсөн. Тэгэхээр нь би нэг татчихаад гараад ажлаа хийж байтал нөгөө үл таних хоёр залуу гараад явсан. Удалгүй 30 минутын дараа нөгөө хоёр залуу хашааны хаалга нүдсэн... хаалгаа онгойлготол үгийн зөрүүгүй шууд миний толгой руу 2 удаа тоосгоор цохисон. Би газар унасан. Эхнэр хараад цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,

            Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүргэн ах Баярмагнай намайг дуудаад хашаанд ирээд шороо зөөгөөд өг гэж хэлсэн... өглөө 11 цагийн үед Баярмагнай ахын гэрт буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн .... тоотод очсон. Тэнд очоод би өдөржин шороо зөөсөн. Тухайн өдөр цаг агаар хүйтэн байсан ба хэсэг бороо орж байгаад зогсоод эргэж орж байсан... Би тэгээд хүргэн ах Баярмагнайд хэлээд 200 грамм архи авхуулаад цуг уусан. Өдөр 13-14 цагийн үед гэрт нь хоол идчихээд бороо намдахаар гарч ажлаа хийе гэж бодоод хэвтэж байсан... гаднаас үл  таних 2 залуу орж ирээд манай ах Баярмагнайг таньж мэддэг бололтой юм яриад суугаад байсан... тэр хоёр 1 шил архи гаргаж ирсэн. Тэгээд тэр 2 залуутай Баярмагнай уусан. Би нэг татсан... нөгөө хоёр залуугийн нэг нь архинд явлаа. Нэг юм авчихъя хэн надтай цуг явах уу гэсэн... би тэр залуутай хамт гараад дэлгүүр ороод нэг шил “Соёолж” нэртэй архи авсан. Тэр архийг авчраад тэд нар ууцгаасан. Би гэрт нь ороогүй. Шороо зөөж байсан... гэр дотор шуугилдаан сонсогдоод байхаар нь гэрт нь яваад ортол надтай хамт архинд явдгийн нөгөө залуу нь эгч Өнөрмааг алгадаад унагаачихлаа гэж манай эхнэр Хатантуяа надад хэлсэн... би алгадсан залууд нь хандаж яаж байгаа юм бэ гээд нааш татсан чинь тэр залуу газар уначихсан... Баярмагнай ах эхнэрээ өмөөрөөд тэр залуу руу агсраад байж байхаар нь би цаашаа гэж холдуулж байгаад эргээд харсан чинь миний нүүрний дундуур сүх өнгөрсөн... чи чинь хүн аллаа гэж хэлсэн чинь ахыгаа уучлаарай гээд цуг ирсэн залуутайгаа гараад явсан... би гадаа гараад юмаа хийж байтал хашааны хаалга нүдсэн... тайлж өгтөл түрүүн гарсан хоёр залуугийн өндөр залуу зогсож байсан. Цаад талд нь сүх шиддэг залуу нь байж байсан. Тэр залуу араас нь тал тоосго над руу шидэхээр нь би бултсан... тэгсэн чинь нөгөө гартаа барьж байсан тал тоосгоо над руу шидэж миний толгойг оносон... би ухаан алдаж унасан... миний биед халдаж толгой хагалсан залуугийн нэрийг А  гэдэг. Би тэр хүнийг танихгүй.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 15-20 дугаар хуудас),

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 10125 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 4.5см урттай зах ирмэг тэгш бус мэс заслын оёдол бүхий шархтай, орчны эд хавдсан, тэмтрэхэд эмзэглэлттэй, шарханд ариун боолттой, зүүн шанаанд 2.5х0.5см, 1.2х0.5см улаан ягаан зулгаралттай бугалганы гадна дунд хэсэгт 5.5х3см бүдэг хөх цус хуралттай, баруун сарвууны ар дээд хэсэгт 1.2х0.5см улаан ягаан зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2020.09.02-ны ГССҮТ-н эмчийн үзлэгт: онош: Духанд няцарсан шарх гэжээ.

Жич: Нэмэлт шинжилгээнд яваад ирээгүй тул дүгнэлтийг гаргав... ДҮГНЭЛТ

1. Б.Э -н биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн шанаа, баруун сарвуунд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт (Хавтас хэргийн 23-24 дүгээр хуудас),

 

Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... бид хоёр хоорондоо гомдол санал байхгүй. Эр хүн шиг салчихъя гэж тохирсон юм” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 47-48 дугаар хуудас),         

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтас хэргийн 27 дугаар хуудас),

Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (Хавтас хэргийн 29-30 дугаар хуудас),

Тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (Хавтас хэргийн 31 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтас хэргийн 33 дугаар хуудас),

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (Хавтас хэргийн 34 дүгээр хуудас),

Оршин суугаа хаягийн тодорхойлолт (Хавтас хэргийн 35 дугаар хуудас), мөн шүүхэд шинээр өгсөн О.А-ийн тэтгэврийн дэвтрийн хуулбар, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр (6 хуудас) зэрэг болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч О.А нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн .... тоотод иргэн Б.Э-ын толгойн тус газарт нь тоосгоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч О.А нь нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн .... тоотод иргэн Б.Э-ын толгойн тус газарт нь тоосгоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өнөөдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд амьдардаг хүргэний хашаагаар ус дүүрээд байна гэхээр би очиж тусалж байсан. Манай хүргэний таньдаг гэх үл таних 2 залуу хашаанд орж ирсэн. Ирэхдээ нэг шил архи авч орж ирсэн байсан. Би юм аа хийгээд зогсож байхад нөгөө гурав ууж байгаад намайг бас дуудаад надад бас өгсөн. Тэгэхээр нь би нэг татчихаад гараад ажлаа хийж байтал нөгөө үл таних хоёр залуу гараад явсан. Удалгүй 30 минутын дараа нөгөө хоёр залуу хашааны хаалга нүдсэн... хаалгаа онгойлготол үгийн зөрүүгүй шууд миний толгой руу 2 удаа тоосгоор цохисон. Би газар унасан. Эхнэр хараад цагдаад дуудлага өгсөн. ” гэх мэдүүлэг,

            Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүргэн ах Баярмагнай намайг дуудаад хашаанд ирээд шороо зөөгөөд өг гэж хэлсэн... өглөө 11 цагийн үед Баярмагнай ахын гэрт буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн .... тоотод  очсон. Тэнд очоод би өдөржин шороо зөөсөн. Тухайн өдөр цаг агаар хүйтэн байсан ба хэсэг бороо орж байгаад зогсоод эргэж орж байсан... Би тэгээд хүргэн ах Баярмагнайд хэлээд 200 грамм архи авахуулаад цуг уусан. Өдөр 13-14 цагийн үед гэрт нь хоол идчихээд бороо намдахаар гарч ажлаа хийе гэж бодоод хэвтэж байсан... гаднаас үл  таних 2 залуу орж ирээд манай ах Баярмагнайг таньж мэддэг бололтой юм яриад суугаад байсан... тэр хоёр 1 шил архи гаргаж ирсэн. Тэгээд тэр 2 залуутай Баярмагнай уусан. Би нэг татсан... нөгөө хоёр залуугийн нэг нь архинд явлаа. Нэг юм авчихъя хэн надтай цуг явах уу гэсэн... би тэр залуутай хамт гараад дэлгүүр ороод нэг шил “Соёолж” нэртэй архи авсан. Тэр архийг авчраад тэд нар ууцгаасан. Би гэрт нь ороогүй. Шороо зөөж байсан... гэр дотор шуугилдаан сонсогдоод байхаар нь гэрт нь яваад ортол надтай хамт архинд явдгийн нөгөө залуу нь эгч Өнөрмааг алгадаад унагаачихлаа гэж манай эхнэр Хатантуяа надад хэлсэн... би алгадсан залууд нь хандаж яаж байгаа юм бэ гээд нааш татсан чинь тэр залуу газар уначихсан... Баярмагнай ах эхнэрээ өмөөрөөд тэр залуу руу агсраад байж байхаар нь би цаашаа гэж холдуулж байгаад эргээд харсан чинь миний нүүрний дундуур сүх өнгөрсөн... чи чинь хүн аллаа гэж хэлсэн чинь ахыгаа уучлаарай гээд цуг ирсэн залуутайгаа гараад явсан... би гадаа гараад юмаа хийж байтал хашааны хаалга нүдсэн... тайлж өгтөл түрүүн гарсан хоёр залуугийн өндөр залуу зогсож байсан. Цаад талд нь сүх шиддэг залуу нь байж байсан. Тэр залуу араас нь тал тоосго над руу шидэхээр нь би бултсан... тэгсэн чинь нөгөө гартаа барьж байсан тал тоосгоо над руу шидэж миний толгойг оносон... би ухаан алдаж унасан... миний биед халдаж толгой хагалсан залуугийн нэрийг А  гэдэг. Би тэр хүнийг танихгүй.” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 15-20 дугаар хуудас),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 10125 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 4.5см урттай зах ирмэг тэгш бус мэс заслын оёдол бүхий шархтай, орчны эд хавдсан, тэмтрэхэд эмзэглэлттэй, шарханд ариун боолттой, зүүн шанаанд 2.5х0.5см, 1.2х0.5см улаан ягаан зулгаралттай бугалганы гадна дунд хэсэгт 5.5х3см бүдэг хөх цус хуралттай, баруун сарвууны ар дээд хэсэгт 1.2х0.5см улаан ягаан зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2020.09.02-ны ГССҮТ-н эмчийн үзлэгт: онош: Духанд няцарсан шарх гэжээ.

Жич: Нэмэлт шинжилгээнд яваад ирээгүй тул дүгнэлтийг гаргав... ДҮГНЭЛТ

1. Б.Э -н биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн шанаа, баруун сарвуунд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт (хавтас хэргийн 23-24 дүгээр хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч О.А нь хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Б.Э ад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 10125 дугаартай дүгнэлтээр “биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн шанаа, баруун сарвуунд зулгаралт, баруун бугалгад цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.А нь хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч О.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Б.Э  мөрдөн шалгах ажиллагааны шатанд, мөн шүүхийн шатанд хохирол баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгч О.А ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч О.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг “Миний үйлчлүүлэгчийн хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргахгүй байгаа. Хэргийн шалтгаант холбоог харахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байна. Хэдийгээр хохирогч мэдүүлэг өгч байгаа ч үнэн зөв мэдүүлж байгаа гэсэн үг биш. Хэргийн байдлаас үзэхэд хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн хохирогч, шүүгдэгч нар харилцан маргалдсан. Хохирлын хувьд хохирогчийн зүгээс миний үйлчлүүлэгчээс ямар нэгэн эмчилгээний төлбөр нэхээгүй. Гомдол саналгүй гэдгээ мэдүүлсэн байгаа нь энэ хэрэгт өөрийнх нь хууль бус үйлдэл, оролцоо байсан гэдгийг харуулж байна гэж бодож байна. Миний үйлчлүүлэгч О.А нь хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, группийн 320.000 төгрөгөөр амьдралаа авч явдаг. Өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. О.А-ийн хувьд 2001 онд ял шийтгэлээр шийтгэгдэж байсан ч энэ нь их олон жилийн өмнө болсон хэрэг тул одоогийн хэргийг анх удаа гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдсан байдаг. Миний үйлчлүүлэгч О.А-ийн анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг үндэслэн ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна. Хэрэв шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид ял оногдуулахаар шийдвэрлэх бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамгийн бага торгуулийн ялаар буюу 450 нэгжээр торгож өгнө үү гэсэн саналтай байна” саналыг тус тус гаргав.

 

            Шүүгдэгч О.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хохирол учруулсан арга хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.А т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч О.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б О А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ