Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 33

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                         Н.Дуламсүрэн

Хохирогч, иргэний нэхэмжлэгч

нарын өмгөөлөгч                            М.Алтанцэцэг

Шүүгдэгч                                         Б.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                 О.Нандинцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-гийн Б-т холбогдох эрүүгийн 171804400013 тоот, 1 хавтастай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б- овгийн Б-гийн Б- /РД: **********/.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 11 сарын 29-ний орой 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Монгол алтны 4 замын уулзвар хэсэгт авто зам дээр 5141 ДАР улсын дугаартай “Исүзү гига” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11-д  заасныг зөрчсөний улмаас 6700 УНЧ “Тоёота приүс-20” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Р.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 54 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овгийн Б-гийн Б-ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-аас 2,826,270 төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б- овогт Р-ийн Д- регистрийн дугаар: **********-д 506,470 төгрөг, иргэний нэхэмжлэгч Е- овогт Б-ын А- регистрийн дугаар: **********-д 101,700 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х- овогт Б-ын М- регистрийн дугаар: **********-т 2,218,100 төгрөгийг тус тус олгож, Р.Д-гийн 1,270,111 төгрөгийн, Б.М-ын 3,693,900 төгрөгийн, Б.А-гийн 1,177,222 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б- овгийн Б-гийн Б-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Б.Б-т сануулж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5-д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-д заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдсэн нь үндэслэлгүй энэхүү үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.2-т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, мөн хуулийн 4.5-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрсэн эсэх нөхцөл байдлыг хянаж шийдвэрлэх ёстой байдаг.

Гэтэл мөрдөн байцаалтын явцад болон прокурорын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал байдаггүйгээс гадна хэргийг “хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт” байдаггүй, Б.Б- мэдүүлэгтээ иргэний нэхэмжлэгч Б.М-ыг буруутай мэтээр мэдүүлдэг. Мөн хохирлын тооцоон дээр маргадаг бөгөөд хохирогч болон иргэний хариуцагч нарын хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч, иргэний хариуцагч нартай эвлэрээгүй байхад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан зүйл ангийг “гэм буруу дээр ч, хохирол дээр ч маргасан байсан хамаагүй заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ” гэж шүүгч Г.Гэрэлт-Од болон улсын яллагч Н.Дуламсүрэн нар шүүх хурал дээр хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг загнаж, “2017 оны 07 дугаар сарын 01-нээс хойш манай шүүх ингэж шийдэж байгаа” гэсэн тайлбарыг өгч, хэргийг хүчээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

Миний бие нь “Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд хэргийг заавал хялбаршуулсан журмаар шийдээгүй энгийн журмаар шийдсэн” гэтэл Дархан-Уул аймгийн шүүх, Улаанбаатар хотын шүүх өөр янзаар шийдээд байгаа нь хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлнэ гэсэн заалтыг зөрчиж байна” гэж маргасан ч хүлээн аваагүй болно.

Мөн анхан шатны шүүхээс хохирогч н.Д-гийн хохирол 1.776.581 төгрөг нэхэмжилснээс 506.470 төгрөгийг гаргуулахаар шийдсэн бөгөөд хохирогчийн унааны зардал, зочид буудалд буусан болон бусад зардлуудыг хангаагүй нь үндэслэлгүй юм. Хохирогч н.Д- нь Сэлэнгэ аймгийн харьяа Ерөө суманд амьдарч ажилладаг хүн хэргийн материалтай танилцах, хохирогчоор мэдүүлэг өгөх, хохирлын баримтыг авчирч өгөх зэргээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Дархан-Уул аймагт ирсэн унааны зардал болон зочид буудлын мөнгө зэргийг гаргаагүй нь учир дутагдалтай юм. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 14 цаг 30 минутанд шүүх хуралдаан эхэлж 19.00 цагт дууссан, тэгэхэд хохирогч н.Д-, иргэний нэхэмжпэгч Б.А- нар Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу явах унаа байхгүй, хувийн автомашинтай хүнтэй үнэ хөлсөө тохирч өөрийн гэртээ очиж байсан.

Шүүхийн шүүмжийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг “та нар буудалд буух ямар шаардлагатай юм, яваад өгөхөд яадаг юм бэ?” гэж байсан. Хэрвээ унаа тэрэг опдохгүй бол гудамжинд хонохгүйн тулд зочид буудалд буух болно шүү дээ. Мөн улсын яллагч Н.Дуламсүрэн иргэний нэхэмжлэгч Б.М-ыг “та яахаараа хувийнхаа унаагаар ирдэг юм бэ, та яахаараа шар гэрлээр зогсдог юм бэ” гэх мэт улсын яллагчийн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, харин ч шүүгдэгчийг өмөөрсөн байдалтай байсан. Анхааруулах шар гэрэл асч эхэлсэн бол тухайн автомашин нь хөдөлгөөнөө зогсоож, уулзвар руу нэвтрэхгүй, бусад хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүрэг хүлээдэг билээ. Гэтэл прокурор нь “та шар гэрэл асч байхад явсан бол шүүгдэгчийн машин очоод таны машины ар талыг мөргөхгүй байх байсан” гэх агуулга бүхий асуулт, тайлбар хийж, шүүгдэгчийн ямар ч тохиолдолд эрсдэлээс сэргийлж, өмнөх автомашинаас зай барьж явах ёстой дүрмийг зөрчсөн үйлдлийг зөвтгөх гэж улаарч байсан нь энэхүү асуултнаас нь тодорхой харагдана.

Иргэний нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлээс 5.912.000 төгрөг нэхэмжилснээс 2.218.100 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

Ийнхүү нийт шаардсан хохирогч, иргэний нэхэмжпэгч нарын нэхэмжилсэн үнийн дүнг нэг бүрчлэн тооцоолж, заримыг нь хангаж, заримыг нь хангахгүй үлдээж байгаа шүүхийн ажиллагаанаас л харахад шүүгдэгч анхнаасаа ерөөсөө хохирлын тал дээр хүлээн зөвшөөрөх, эвлэрэх үйлдэл хийгээгүй болох нь тодорхой харагдана. Хохирлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр ажлын хөлсийг маш багаар тооцсон бөгөөд завсарын газар очиж автомашинаа үзүүлэхэд 1.800.000 төгрөгийг дахиж төлж байж автомашинаа хуучин хэвэнд оруулах боломжтой юм. Гэтэл улсын яллагч иргэний нэхэмжлэгч Б.М-оос “чи заавал автомашинаа Вьетнам засварын газарт янзлуулах ямар шаардлагатай юм бэ, Монгол засварын газар их л байна” гэж асуулт тавьж байгаа нь илтэд энэ хэрэгт хувийн сонирхлоор хандаж байна гэж үзэхээр байсан. Ямар ч хүн өөрийн хөрөнгийг хуучин хэвэнд оруулахын тулд чанартай сайн хийдэг газар л хандах нь зүйн хэрэг гэж үзэж байна.

Иргэний нэхэмжлэгч Б.А- 1.278.922 төгрөг нэхэмжилнээс 101.700 төгрөгийг хангасан нь үндэслэлгүй юм. Учир нь жолооч Б.Б- зам тээврийн осол гаргаж Б.А-гийн биед хөнгөн гэмтэл учруулаагүй байсан бол эмчилгээний зардал болон унааны зардал, өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авахгүй, мөн зардал гарахгүй байсан.

Шүүхэд НӨАТ-ын сугалаат баримт гаргаж өгсөн боловч уг баримтууд нь зорчсон гэх автомашимы дугаар, төлбөр төлөгчийн овог нэрээр давхар баталгаажаагүй байна гэжээ. Монгол улсад мөрдөж байгаа НӨАТ-ын баримтан дээр овог нэр бичдэггүй бөгөөд бензин авахад автомашины дугаарыг бичдэггүй билээ. Гэтэл нийтээр дагаж мөрддөггүй зүйлийг баталгаажуулсан байх ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүгдэгч бусдад төлөх төлбөрийг төлөх хугацаа авдаг бөгөөд уг хугацааг ч гэсэн шүүгч асуугаагүй бөгөөд торгох ялыг хэзээ төлөх хугацааг ч шийтгэх тогтоол уншиж танилцуулахдаа танилцуулаагүй болно.

Иймд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 54 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх рүү энгийн журмаар шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Шүүгдэгч Б.Б-ын хувьд өөрийн үйлдлийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг гэмт үйлдлээс үүдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлдэг. Гэтэл хохирогч болон иргэний нэхэмжпэгч нар уг хэрэгт хамааралгүй баримтуудаар хохирол төлбөр нэхэмжилж байгаа бөгөөд уг хамааралгүй төлбөрийг хүлээн зөвшөөрөөгүй гэж өмгөөлөгч М.Алтанцэцэг маргаж байгаа нь үндэслэлгүй юм

Мөн хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар зочид буудалд олон хоногоор байрлаж байсан төлбөрөө нэхэмжилсэн бөгөөд хэргийн материалтай танилцах гэж ирсэн гэдэг боловч уг он сар нь зочид буудалд байрласан он сараас зөрүүтэй байдаг. Оролцогч нар Сэлэнгэ аймаг, Ерөө сумаас ирж очдог бөгөөд өдөртөө ирж очоод явах ойрхон газарт заавал буудалд байрлаж хоноглоод явдаг нь уг хэрэгт ач холбогдолгүй, уг хэрэгтэй холбогдуулан ирж очдог талаар нотлогдохгүй байна. Хот хооронд болон аймаг хооронд ирж очихдоо шатахуун түгээх станцаас шатахуун авсан е-баримтууд байдаг боловч худалдан авсан хүний нэр, автомашины дугаар зэрэг нь байхгүй байгаа нь уг хэрэгтэй холбогдолгүй, ямар ч хамаагүй е-баримтууд хавсаргасан байна.

Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэлийг давхар шийдвэрлэдэг бөгөөд иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөхдөө иргэний хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахуйц баримтуудыг үнэлэх бөгөөд иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Мөрдөн байцаалтын шатанд Иргэний нэхэмжпэгч М-ын автомашины засвар болон сэлбэгийн үнийг томилогдсон шинжээч сэлбэг болоод засварын үнийг оруулан тооцож хуулийн дагуу үнэлгээг гаргасан байхад М- нь зөвхөн засварын үнэ ханш хэмээж, өөрийн хүсэлтээр дахин үнэлгээ хийлгүүлсэн бөгөөд түүнийгээ анх хийсэн үнэлгээн дээр нэмэн нэг автомашинд хийсэн үнэлгээг 2 дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн бөгөөд өөрсдийн сайн дурын үндсэн дээр өмгөөлүүлэх эрхээ эдэлсэн бөгөөд уг өмгөөлөгчийн хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах учраас шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгасан нь хууль ёсны үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгчийн зүгээс шүүгдэгчийг төлбөр төлөх хугацаа авах эсэх талаар асуусан бөгөөд мөн оногдуулсан торгуулийн ялыг 90 хоногийн дотор төлж барагдуулах талаар танилцуулж шийдвэрлэсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгт бэхжүүлэгдэн үлдсэн.

Шүүгдэгч Б.Б- нь “Бодь даатгал” даатгалын компанитай жолоочийн хариуцлагын даатгалын гэрээтэй бөгөөд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг даатгалын компаниас олгох тухай захирлын тушаал гарч тухайн өдрийн шүүх хуралдааны дундуур Б.Б-т хүргүүлэн ирсэн. Уг хохирлын төлбөрийн үнийн дүн нь анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн хохирол болон бусад төлбөрийн үнийн дүнтэй дүйцэж, хохирлын төлбөр 1 хоногийн дотор хохирогч иргэний нэхэмжлэгч нарын дансанд шууд орох нь тодорхой байсан учраас шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрийг төлөх 5 хүртэлх хоногийн хугацаа авахаас татгалзсан болно. Одоо шүүгдэгч Б.Б-ын хувьд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй” гэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүгдэгч хохирол төлбөрийг Б- төлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Н.Дуламсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэргүүдэд энэ хэрэг нь хамаарч байгаа учраас хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг 2017 оны 11 сарын 29-ний орой 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Монгол алтны 4 замын уулзвар хэсэгт авто зам дээр 5141 ДАР улсын дугаартай “Исүзү гига” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11-д  заасныг зөрчсөний улмаас 6700 УНЧ “Тоёота приүс-20” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Р.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 2018 оны 01 сарын 12-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тов тогтоож, 2018 оны 01 сарын 31-ний өдөр шүүх хуралдааныг явуулж, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураар биелүүлэхийг үүрэг болгож, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Б.Б-т сануулж, шүүгдэгч Б.Б-аас нийтдээ 2,826,270 төгрөг гаргуулж, үүнээс 506,470 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Р. Д-д, 101,700 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.А-д, 2,218,100 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.М-т тус тус олгож, Р.Д-гийн 1,270,111 төгрөгийн, Б.М-ын 3,693,900 төгрөгийн, Б.А-гийн 1,177,222 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,   Б.Б-ын эзэмшлийн 5584 СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн №01 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, хохирол төлбөрт тоооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-т   холбогдох хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан зохицуулалт болох шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал Б- тогтоогдсон эсэхийг сайтар хянахгүйгээр шийдвэрлэсэн, улмаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаж байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар бичсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-т зааснаар прокурор нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа хохирогчид танилцуулж, гарын үсэг зуруулаагүй байна.

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийтгэх тогтоолын үндэслэл, шүүгдэгчийн гэм буруу, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай. 

2. Шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                    ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ