Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 03

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: “Д У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох, “Улаангом сумын Засаг даргын  татвар ногдуулсан шийдвэр  илт хууль бус болохыг тогтоож, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 735980  төгрөгийн 000023 тоот  нэхэмжлэхээс 549780 төгрөгийн газрын хэвлий ашигласны төлбөртэй холбогдох хэсгийг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 309540 төгрөгийн 00000103 тоот нэхэмжлэхийг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Д У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч “Д У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “Д У” ХХК-ны үйл ажиллагааны нэг чиглэл нь барилга угсралт бөгөөд үйл ажиллагаагаа нээлттэй ил тодоор явуулж бүхий л татвар хураамжийг цаг тухай бүрд нь төлж барагдуулж ирсэн. Гэтэл Улаангом сумын Засаг даргаас 2017 он щы 9 сарын 26-ны өдрийн нэхэмжлэхээр 549.780 төгрөг, 2018 оны 12 сарын 12-ны өдрийн нэхэмжлэхээр 309.540 төгрөг нийт 859.320 төгрөгийг газрын хэвлий ашигласны төлбөр гэж нэхэмжилсэн. Манай талаас уг татвар нь хууль бус тул төлөх боломжгүй талаар 2018 оны 12 сарын 24-ны өдрийн 70 дугаартай албан бичгээр хандсан боловч Улаангом сумын Засаг даргаас 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 937 тоот албан бичгээр уг татвар хууль зүйн үндэслэлтэй тул заавал төлөхийг шаардаж байна гэх утга бүхий хариу ирүүлсэн болно. Засаг даргын зүгээс татварын үндэслэлээ Газрын хэвлийн тухай хуулийн 11.1 гэжээ. Газрын хэвлийн тухай хуулийн 11.1-д Газрын хэвлийг төлбөртэй ашиглана, 11.2-д газрын хэвлий ашигласны төлбөрийн дээд доод хэмжээг хуулиар тогтооно гэж тус тус заасан байна. Газрын хэвлий ашигласны төлбөрийн хэмжээг тогтоосон хууль одоо болтол батлагдан гараагүй байна. Мөн Улаангом сумаас газрын хэвлийн татварын хувь хэмжээг ямар эрх зүйн актыг мөрдлөг болгон баталсанаа одоо болтол тайлбарлаж чадахгүй байна. Иймд энэ татвар нь хууль бус гэж үзэж дээрх нэхэмжлэлийг гаргаж байна. Татварыг ногдуулах, өөрчлөх, хүчингүй болгох эрх зөвхөн УИХ-д байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Улаангом сумын Засаг дарга Ц.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улаангом сумын 7-р багт байршилтай барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа “Д У” ХХК-д сумын ЗДТГ-ын байгаль хамгаалагч 2017 оны 9 дүгээр сарын 26-ны нэхэмжлэлд 549.780 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 19-ны нэхэмжлэлд 309.540 төгрөг нийт 859.320 төгрөгийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33.2 дахь заалтаар оногдуулалт хийж, төлбөрийг бичиж олгосон болно. Энэ заалтанд Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай байна гэж заасан байдаг. Мөн Түгээмэл тархац ашигт малтмалын тухай хуулийн 4.1.3-т “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлож ашиглах гэсэн утгаар тайлбарлагдана.

       Газрын хэвлий ухаж ашиглан барилга, байгууламж барьж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагаас дээрх хуулийн заалтаар Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг авч төсөвт төвлөрүүлж ажиллаж байгаа нь газрын хэвлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан заалттай зөрчилдөх үндэслэлгүй болно. Хуулинд байхгүй заалтаар оногдуулалт хийж нэхэмжлэл бичиж төлбөр төлөх шаардлагыг тавиагүй болохыг тайлбарлаж байна. Тус компанийг татвар төлөх үндсэн үүргээ биелүүлж ажиллахыг албан тоотоор бичгээр хандсан нь хууль зөрчих үндэслэл болохгүй бөгөөд танай шүүх уг бичигдсэн төлбөрийг тус компаниар төлүүлэх шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. “Д У” ХХК нь сүүлийн 2 жил түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр төлөөгүй байгаа болно” гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний төлөөлж буй “Д У” ХХК нь Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг барилга угсралтын компани байгаа. “Д У” ХХК-ийн барилга барих явцад Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 000023 тоот нэхэмжлэх, 2018 оны 12 дугаар сард 00000103 нэхэмжлэх гээд 2 нэхэмжлэл ирсэн. 00000103 тоот нэхэмжлэлд газрын хэвлий “нэгжийн үнэ 490 төгрөг буюу 549.780 төгрөг”, Элс “нэгжийн үнэ 490 төгрөг буюу 88.200 төгрөг”, хайрга нэгжийн үнэ 490 төгрөг буюу 98.000 төгрөг гээд нийт 735.980 төгрөгийг энэ нэхэмжлэлээр нэхэмжилсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр болох элс, хайрганы төлбөрийг Увс аймгийн Тариалан суманд төлсөн боловч газрын хэвлий ашигласны төлбөрийг төлөхөөс татгалзсан. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр газрын хэвлийн тоо хэмжээ 417.6, нэгжийн үнэ 550.000 төгрөг нийт дүн 229.680 төгрөг, мөн дахин газрын хэвлийн тоо хэмжээ 121, нэгжийн үнэ 550.000 төгрөг нийт дүн 79.860 төгрөг гээд 309.540 төгрөгийг нэхэмжилсэн боловч газрын хэвлий ашигласны төлбөрийг Д У ХХК төлж барагдуулаагүй. Эдгээр 2 нэхэмжлэлийн нийт дүн 859.320 төгрөг болсон. Барилга барих явцдаа газрын хэвлий ашигласны төлбөрийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын зүгээс тайлбарласан боловч газрын хэвлий ашигласны татвар ногдуулж байгааг хууль бус гэж үзэж байна. 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Газрын хэвлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын хэвлийг төлбөртэй ашиглана. 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Газрын хэвлийг ашигласны төлбөрийг дээд, доод хэмжээг хуулиар тогтооно” гэж тус тус заасан байгаа тул газрын хэвлийг ашиглахдаа хуулиар тогтоосон хэмжээний дотор татвар төлнө гэж ойлгож болно. Газрын хэвлийн төлбөрийн тухай хуульд батлагдаж гараагүй байгаа. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар татварын зөвхөн Улсын их хурал хуулиар бий болгох, өөрчлөх хөнгөлөх, чөлөөлөх хүчингүй болгуулах эрхтэй гэж заасан байгаа тул энэ нь Улсын их хурлын халдашгүй бүрэн эрх тул Улсын их хурлаас газрын хэвлийн төлбөр тогтоогоогүй байтал Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга дангаараа шийдвэр гаргаж газрын хэвлий ашигласны татвар ногдуулж байгаа нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Газрын хэвлийн тухай хуульд Сумын Засаг даргын бүрэн эрхийн заасан байгаа боловч тухайн сумын Засаг даргын бүрэн эрх дотор татвар ногдуулах болон татвар авах талаар дурдаагүй болно. “Д У” ХХК-ийн зүгээс түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр дээр маргаагүй. Нэхэмжлэл дээрх элс хайрганы үнийн дүнг хасаж тооцсон. Увс аймгийн Улаангом сумын хэмжээнд элс хайрга олборлож авдаг газар байдаггүй учир Увс аймгийн Тариалан болон Түргэн сумаас авдаг. “Д У” ХХК нь Увс аймгийн Тариалан суманд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг 2017 онд 282.000 төгрөг, 2018 онд 294.000 төгрөгийг цаг тухай бүрд нь төлж байсан. Увс аймгийн Улаангом суманд элс хайрга олборлох газар байдаггүй. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын хариу тайлбарт “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг газрын хэвлийтэй холбож бичсэн байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмал болон газрын хэвлийн тухай хуулиуд өөр зохицуулалттай. “Д У” ХХК-тай нь зөвхөн өөрт холбогдох өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын татвар ногдуулж байгаа шийдвэр нь хэдэн оны ямар хуулийн ямар зүйл заалтыг үндэслэж энэ татварыг ногдуулж байгаа нь тодорхойгүй байгаа учраас энэ шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, нийт 859.320 төгрөгийн татвар ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа “Улаангом сумын Засаг даргын  татвар ногдуулсан шийдвэр  илт хууль бус болохыг тогтоож, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 735980  төгрөгийн 000023 тоот  нэхэмжлэхээс 549780 төгрөгийн газрын хэвлий ашигласны төлбөртэй холбогдох хэсгийг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 309540 төгрөгийн 00000103 тоот нэхэмжлэхийг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах” гэж зөвтгөн өөрчилсөн” гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Зөвхөн Газрын хэвлийн тухай хуулийг баримтлан уг татварыг нэхэмжлээгүй. Газрын дээрх баялаг болон газар доорх баялаг нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байна гэж үзэж “Д У” ХХК-д татвар ногдуулсан. Газрын хэвлийн тухай хуульд зааснаар татварын доод дээд тариф тогтоосон зүйл байхгүй учир Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай уялдуулж тариф тогтоосон. Манай байгаль орчны байцаагч Газрын хэвлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн татвар ногдуулсан байсан. “Д У” ХХК нь Увс аймгийн Тариалан суманд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг төлсөн байсан. “Д У” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт барилга байгууламж барьж байгаа тул барилгын суурийг ухаж сэндийлж эхэлсэн байх. Газар нь “Д У” ХХК-ийн эзэмшлийн боловч газар доорх баялаг нь төрийн өмч гэж хуульчлагдсан учир түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг “Д У” ХХК төлөх ёстой гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч “Д У” ХХК нь “Улаангом сумын ЗДТГ-аас газрын хэвлийн татвар ногдуулсан шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоож, 2017.09.26-ны өдрийн нэхэмжлэлтэй 549780 төгрөг, 2018.12.12-ны өдрийн нэхэмжлэлтэй 309540 төгрөг нийт 859320 төгрөгийг хэрэгсэхгүй болгох“ тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Улаангом сумын Засаг даргын татвар ногдуулсан шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоож, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 735980 төгрөгийн 000023 тоот нэхэмжлэхээс 549780 төгрөгийн газрын хэвлий ашигласны төлбөртэй холбогдох хэсгийг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 309540 төгрөгийн 00000103 тоот нэхэмжлэхийг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөн өөрчилсөн байна.

      Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

       Улаангом сумын Засаг дарга 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр газрын хэвлий ашигласны төлбөр 309540 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газрын хэвлий ашигласны төлбөр 549780 төгрөг, элс, хайрга /түгээмэл тархацтай ашигт малтмал/ ашигласны төлбөр 186200 төгрөг нийт 1045530 төгрөгийн төлбөр төлөхийг шаардсан нэхэмжлэхийг “Д У” ХХК-д тус тус хүргүүлсэн байна. Уг төлбөрийн нэхэмжлэхүүд нь хэлбэрийн хувьд төлбөр нэхэмжилсэн санхүүгийн баримт бичиг мэт боловч агуулгын хувьд албан тушаалтнаас аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдэд татвар ногдуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой харилцааг зохицуулсан, эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон, заавал биелэгдэх захирамжилсан шинжийг агуулсан, гадагш чиглэсэн шийдвэр болжээ. Өөрөөр хэлбэл төлбөрийн нэхэмжлэх нь захиргааны актын үндсэн бүх шинжийг агуулсан байна.

     Нэхэмжлэгч “Д У” ХХК нь дээрхи төлбөрийн нэхэмжлэхүүдээс “859320 төгрөгийн” газрын хэвлий ашигласны төлбөртэй холбоотой хэсгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа ба тус компанийн зүгээс газрын хэвлий ашигласан эсэх асуудлаар маргаагүй бөгөөд зөвхөн газрын хэвлий ашигласны төлбөрийн хэмжээг хуулиар тогтоогоогүй байхад уг татварт ногдуулалт хийх үндэслэлгүй гэж маргасан байна.

     Маргаан бүхий төлбөрийн нэхэмжлэх ямар хууль зүйн үндэслэлээр бичигдсэн талаар хариуцагч Улаангом сумын Засаг дарга “Газрын хэвлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар татварын ногдуулалт хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нэхэмжлэх бичиж олгосон” гэх тайлбарыг ирүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаан дээр “Зөвхөн Газрын хэвлийн тухай хуулийг баримтлан уг татварыг нэхэмжлээгүй. Газрын хэвлийг ухаж ашигласан учраас түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байна гэж үзэж “Д У” ХХК-д татвар ногдуулсан. Газрын хэвлийн тухай хуульд зааснаар татварын доод дээд тариф тогтоосон зүйл байхгүй учир Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай уялдуулж тариф тогтоосон” гэх тайлбарыг гаргажээ.

     Мөн байгалийн нөөц ашигласны орон нутгийн орлогыг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг хүлээсэн Улаангом сум хариуцсан байгаль хамгаалагч гэрч А.П маргаан бүхий татварын ногдуулалтын хэмжээг хэрхэн тодорхойлсон талаар “Миний хувьд төлбөрийн ногдуулалтыг нэхэмжлэхээр бичиж татварын албанд хүргүүлдэг. “Д У” ХХК-ийн хувьд 2017, 2018 онуудад 7 дугаар багт орон сууц барихдаа газар ухаж барилгын суурь тавьж барилга барьсан учраас газрын хэвлийд байгаа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр тавьсан. Газрын хэвлий бол төрийн өмч учраас төлбөртэй ашиглана. Түгээмэл тархацтай ашигт малтмал гэдэгт газрын хэвлийд байгаа элс, хайрга, шороо багтдаг. Иймд төлбөрийг тогтоохдоо Газрын хэвлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд газрын хэвлийг төлбөртэй ашиглана, төлбөрийн дээд доод хэмжээг хуулиар тогтооно гэж заасан байдаг учраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар нэхэмжлэх бичсэн байгаа. Хэдийгээр тухайн компаний эзэмшлийн газар хэдий ч газрын доорхи хэвлий нь төрийн өмч байдаг. Энэхүү төлбөрийг тухайн компани барилга барихдаа нэг удаа төлдөг төлбөр байгаа. Тухайн компани ухаж авсан шороо хайргаа барилга барихдаа ашигладаг. Иймээс түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг тооцдог аргачлалаар тооцсон. Нэхэмжлэлд бичигдсэн газрын хэвлийгээс гарсан нийт метр.куб шорооны хэмжээг тухайн компаниас авсан. Үнэлгээг тогтоохдоо тухайн жилийн түгээмэл тархацтай ашигт малтмалын /бохир хайрга шорооны/ борлуулалтын үнэлгээг судлаад 1м.куб шороо хайрганы жишиг үнэлгээ гарган Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасны дагуу тэрхүү үнэлгээний 2.5 хувиар тооцсон” гэж, Байгаль орчны хяналтын улсын байцаагч гэрч С.Б “Д У” ХХК-д холбогдуулан тавьсан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 735980 төгрөгийн, мөн 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 309540 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэхээр Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай хуулинд заасны дагуу төлбөр тавьсан байгаа. Бичилтийн хувьд л газрын хэвлий гэж бичсэн байгаа” гэж тус тус мэдүүлжээ.

    Нэхэмжлэгч “Д У” ХХК нь Улаангом сумын Засаг даргыг газрын хэвлий ашигласны төлбөрийн ногдуулалт хийсэн гэж үзсэн байхад харин хариуцагч тал тус компанийг барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ газар ухаж газрын хэвлийд байгаа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан гэж үзэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасны дагуу татварын  ногдуулалт хийж, төлбөрийн нэхэмжлэх  бичиж олгосон гэж тайлбарласан байна.

       Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс/ бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ” гэж тодорхойлжээ. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Газрын хэвлийг Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, иргэд ашиглаж болно, 10 дугаар зүйлийн 10.3,10.4-д ...газрын хэвлийг газар доор барилга байгууламж барих, аж ахуйн нэгж, байгууллагын бусад хэрэгцээг хангах зориулалтаар ашиглуулахаар олгож болохоор заасан байна.

     Үүнээс үзэхэд “Д У” ХХК Улаангом сумын 7 багийн нутаг дэвсгэрт  газар ухаж, газрын хөрснөөс доошхи орон зайд барилга угсралтын ажил гүйцэтгэсэн нь /барилга байгууламж барьсан нь/ газрын хэвлийг ашигласан үйл ажиллагаа мөн байна. Харин газар ухаад гарсан хар шороо, чулуулаг болгоныг ашигт малтмалын нөөц гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс хариуцагч татвар ногдуулсан зүйлээ “ашигт малтмалын нөөц” гэж тодорхойлсон нь буруу болжээ.

      Татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрддэг. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан ба мөн хуулийн 3.2-д татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулахаар тодорхойлжээ.

      Мөн Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд татварын төрөл, ангилалыг тодорхойлж өгсөн байх бөгөөд энэхүү зохицуулалтаас үзэхэд татварын төрөлд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр багтсан ба харин газрын хэвлий ашигласны төлбөрийг хамааруулаагүй байна. Иймээс Газрын хэвлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Газрын хэвлийг төлбөртэй ашиглана”, мөн хуулийн 11.2-д “Газрын хэвлийг ашигласны төлбөрийн дээд, доод хэмжээг хуулиар тогтооно.” гэсэн заалтууд хэрэгжих боломжгүй болсон байна.

    Увс аймгийн Татварын хэлтэст орлогын тасгийн дарга ажилтай, гэрч М.Туул “Газрын хэвлий ашигласны төлбөр нь манай татварын төрөлд байхгүй. Харин татвар хураалтын тайланд түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр авагдсанаар тусгагдсан байгаа. Манай аймгийн хэмжээнд 2018 онд нийт 47 татвар төлөгчөөс 35.896.600 төгрөгийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн ногдуулалт хийж төлөгдсөн байдаг. Татварын тайлангийн маягтад газрын хэвлий ашигласны төлбөр гэсэн үзүүлэлт байхгүй” гэж  мэдүүлжээ.

      Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4.1.3-д “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник , эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу хэвлийгээс ашигт малтмал ялган авах олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл  ажиллагааг, мөн хуулийн 4.1.4-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын орд” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дунд газрын гадаргуу, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг ойлгохоор тухайн нэр томьёонуудыг тодорхойлж өгсөн байна.

       Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа түгээмэл тархацтай бүх төрлийн ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл журмын дагуу ашиглах эрхтэй”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө” гэж тус тус заасан байна.

      Энэхүү хуулийн зохицуулалтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага төлөх үүргийг хүлээсэн байна. “Д У” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, байгаль орчны хяналтын улсын байцаагч гэрч С.Б-ийн мэдүүлгээр тогтоогдож байх тул тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч субьект биш юм.

     Улаангом сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасан   “албан татвар, төлбөр, хураамж хураах, зохих төсөвт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх арга хэмжээ авах” бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Газрын хэвлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсгүүдийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж татварын ногдуулалт хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. Татварын буруу ногдуулалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

      Иймээс дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгч “Д У” ХХК-ийн гаргасан “Улаангом сумын Засаг даргын татвар ногдуулсан шийдвэр  илт хууль бус болохыг тогтоож, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 735980  төгрөгийн  нэхэмжлэхээс 549780 төгрөгийн газрын хэвлий ашигласны төлбөртэй холбогдох хэсгийг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 309540 төгрөгийн нэхэмжлэхийг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах ”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

        Энэхүү хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12, 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Газрын хэвлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,11.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Д У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Улаангом сумын Засаг даргын  татвар ногдуулсан шийдвэр  илт хууль бус болохыг тогтоож, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 735980  төгрөгийн 000023 тоот нэхэмжлэхээс 549780 төгрөгийн газрын хэвлий ашигласны төлбөртэй холбогдох хэсгийг,  2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  309540 төгрөгийн 00000103 тоот нэхэмжлэхийг бүхэлд нь тус тус хүчингүй болгусугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д У” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ОЮУНГЭРЭЛ