Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 221/МА/2022/0515

 

 

 

 

 

 

 

 

“Х к” ХХК-ийн гомдолтой 

       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Б

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч: “Х к” ХХК

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ж.А

Гомдлын шаардлага: 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 0012516 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 440 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн төлөөлөгч Ц.А, өмгөөлөгч О.Б,

Хариуцагч: Ж.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0133/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “Х к” ХХК-иас Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ж.А-д холбогдуулан “2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 0012516 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 440 дүгээр шийдвэрээр: 

“...Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 9, Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Х к” ХХК-ийн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Ж.А-д холбогдуулан гаргасан “2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 0012516 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг буруу дүгнэсэн тухайд:

Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “...Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн А/251, 304 тоот хамтарсан тушаалаар Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг баталсан байх бөгөөд уг журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу гаалийн байгууллагад шаардагдах бичиг баримтын хамт бүрдүүлсэн байна” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзвэл “Х к” ХХК нь Алтанбулаг боомтоор 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг оруулж ирэх үед дээрх журамд заасан “Галт зэвсэг, сум, адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл гараагүй байжээ...” гэж хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, хуульд журамд заагдаагүй шаардлага тавин компанийг буруутгасан нь үндэслэлгүй юм.

“Х к” ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.2, Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар 16.1-д заасны дагуу Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2016/07 дугаар “иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах” тусгай зөвшөөрөлтэй.

Мөн Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн “Монгол Улсад импортлох галт зэвсэг, сумны тоо хэмжээ тогтоох тухай” А/64 дүгээр тушаалын хавсралтад зааснаар “Х к” ХХК 2021 онд иргэний галт зэвсэг 114 ширхэг, харуул хамгаалалтын галт зэвсэг 21 ширхэг, сум 714 ширхэг, 6.4 мм-ийн калибрын сум 171.428 ширхэг, 6.5 мм-ээс дээш калибрын сум 40.000 ширхэг, үрлэн сум 857 ширхэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хязгааргүй хэмжээгээр Монгол улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй юм.

Гомдол гаргагчийн хувьд 2021 оны 11 дүгээр  сарын 1-ний өдөр Хиагт боомт дээр захиалсан барааг ирүүлснийг ОХУ-ын Калашников концерноос мэдэгдсэн тул өөрийн барааг гаалийн баталгаат агуулахад оруулахаас өмнө буюу мөн оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Д/19 тоот албан бичгээр, мөн сарын 26-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын газарт Д/21 тоот албан бичгээр тус тус хандан ОХУ-аас галт зэвсэг, сум, тэдгээртэй адилтгах барааг Монгол улс руу илгээсэн талаар мэдээлж, тухайн барааг Алтанбулаг хилийн боомтоор дамжуулан Улаанбаатар хот дахь Гаалийн баталгаат агуулахад байршуулах, гаалийн бүрдүүлэлт хийх зөвшөөрөл хүсэхэд Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналтын шалгалтын газрын байцаагч Ч.А хүсэлтийг хүлээн авч, Алтанбулаг боомт руу чиглэл өгч манай ачааг оруулахыг зөвшөөрсөн.

Гэтэл анхан шатны шүүх дээрх гаалийн байцаагч Ч.А-гаас ямар ч тайлбар мэдүүлэг аваагүй, Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлэн тээвэрлэх чиглэлийг Гаалийн байгууллага мэдэж зөвшөөрөл өгсөн нөхцөл байдлыг тодруулаагүй.

“Х к” ХХК нь Гаалийн байгууллагын өгсөн зөвлөмж, зөвшөөрлүүдийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ОХУ-аас Алтанбулаг дах хилийн боомтоор дамжуулан гаалийн хяналт дор, гаалийн замаар Улаанбаатар хот хүртэл тусгай зэвсэглэсэн бие бүрэлдэхүүний хамгаалалт дор тээвэрлэн, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын “Техник Импортын” гаалийн хяналтын бүсэд оруулж, гаалийн түр агуулахын нөхцөлөөр байршуулан 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Гаалийн тухай хуулийн 142, 143 дугаар зүйл, мөн Гаалийн ерөнхий газрын даргын А/276 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Гаалийн баталгаат агуулахын гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журмын холбогдох заалтуудын дагуу барааг гаалийн баталгаат агуулахын “700” горимд байршуулахаар IO1120/1124089, IO1122/, IO1108/ IO1119/ 11241329 сүлжээний дугаар бүхий гаалийн мэдүүлгүүдээр гаальд мэдүүлсэн байдаг.

Гаалийн байгууллага өөрөө зөвшөөрөл өгч, бүрдүүлэлт хийсний дараа хууль тогтоомж зөрчсөн мэтээр буруутгаж, гаалийн харилцаанд оролцогчийг хууран мэхэлсэн үйлдэл байхад анхан шатны шүүх уг асуудалд дүгнэлт хийхгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.2. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:

Монгол Улсын хилийн тухай хууль нь хилийн ерөнхий зарчим үндэслэлийг тогтоосон зохицуулалттай, харин улсын хилээр гаалийн хяналт дор нэвтрүүлж байгаа барааны хувьд улсын хил нь гаалийн хил байдаг эрх зүйн зохицуулалттай байхад шүүх тухайн хуулиудын зорилго, зохицуулалтын агуулгыг анхааралгүй хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Монгол улсын хилээр бараа нэвтрүүлэх, Монгол улсын нутаг дэвсгэрт барааг чөлөөт эргэлтэд оруулах харилцааны үндэслэлийг Гаалийн тухай хуулиар тогтоож өгсөн тул хамаарах эрх зүйн зөрчлийн шинжийг Гаалийн тухай хуульд заасан нэр томьёо, журмыг үндэслэн тодорхойлдог.

Энэ утгаар Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ”, 4.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийн болон чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдоно”, 4.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэж зааснаар гаалийн баталгаат бүсэд байршуулахаар мэдүүлж буй бараа нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хувьд хилийн чанадад байгаа буюу Гаалийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэж тооцогдохгүй юм.

Түүнчлэн гаалийн хууль тогтоомжийн заалт, нэр томьёог нэг мөр ойлгох зорилгоор Улсын дээд шүүхийн 2001 оны 439 дүгээр тогтоолын 1.1-д гаалийн хилийн тухайд тайлбар хийхдээ “...гаалийн нутаг дэвсгэрт оруулах, гаалийн нутаг дэвсгэрээс гаргах бараа, тээврийн хэрэгсэлд эцсийн бүрдүүлэлт хийж буй хилийн, эсхүл гүний гаалийн байгууллагын гаалийн хяналтын талбайн хилийг ойлгоно. Гаалийн бүрдүүлэлтийг гүний болон хилийн гаалийн байгууллага хийсэн тохиолдолд анхны бүрдүүлэлт хийж байгаа гаалийн байгууллагын гаалийн хяналтын талбайн хил нь гаалийн хилд тооцогдохгүй” гэж тодорхойлж өгсөн байна.

Уг хуулийн заалт, тайлбар ёсоор “Х к” ХХК бараагаа Монгол Улсын Алтанбулаг боомтоор оруулж, Гаалийн ерөнхий газарт албан ёсоор мэдэгдэн зөвшөөрөл хүсч, гаалийн хяналт дор гаалийн замаар тээвэрлэн Улаанбаатар хот дахь “Техник импорт”-ын гүний гаалийн хяналтын бүсийн гаалийн түр агуулахын хяналтад оруулж байршуулсан байгаа нь орон зайн хувьд гаалийн нээлттэй баталгаат агуулах бүхий гаалийн хяналтын талбайд, гаалийн хилээр нэвтрүүлээгүй, гаалийн хяналтад байгаа бараа болно.

Монгол улсын 2006 онд нэгдэн орсон “Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенцийн тусгай хавсралтын “D” хэсгийн 4.4-т стандартыг гаалийн байгууллага хэрэгжүүлэхдээ импортлогч нарын гаалийн баталгаат агуулахын горимд байрших бараанд тарифын болон тарифын бус хязгаарлалт шаарддаггүй, бараанд гаалийн нутаг дэвсгэрт оруулах горим сонгох тохиолдолд тухайн тарифын бус хязгаарлалттай бараанд шаардагдах лиценз, тусгай зөвшөөрөл бусад бичиг баримтыг бүрдүүлэхэд хангалттай хугацаа гаргаж өгөх үүрэг хүлээлгэдэг билээ.

Мөн Гаалийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Гаалийн баталгаат агуулахын горимд байршуулах гадаадын бараа Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “гадаадын бараа” гэж энэ хуулийн 3.1.2-т зааснаас бусад барааг”, 3.1.14-т “тарифын бус хязгаарлалт” гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг” ойлгохоор хуульд тодорхой тайлбарласан. Энэ нь улсын хилээр нэвтрүүлэхээр мэдүүлэх барааг гаалийн баталгаат агуулахын горимд байршуулахаар мэдүүлсэн байдал нь тухайн барааг гаалийн хил нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй учраас ямар нэгэн тарифын болон тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй, тусгай зөвшөөрөл лицензийг шаардахгүй.

Гаалийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.2-т “Гаалийн нээлттэй баталгаат агуулахад аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад бүх төрлийн барааг байршуулж болно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалт”, 2014 оны 378 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” жагсаалтаар галт зэвсэг, сум, түүнтэй адилтгах хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, импортлохыг хориглоогүй байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журмын 2.1-д “Барааг экспортлох, импортлох лиценз хүссэн өргөдлийг энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан MNS 5022:2001 стандартын “E” маягтаар гаргана” гэж заасан бөгөөд Галт зэвсгийн тухай хууль болон энэхүү журамд тухайн галт зэвсэг, сум түүнтэй адилтгах хэрэгслийг хилийн чанадаас оруулахаас өмнө заавал лиценз авах ёстой гэсэн шаардлагыг нарийвчлан зааж зохицуулж өгөөгүй журамтай, мөн 700 горим сонгон гаальд мэдүүлж байгаа нь тухайн барааг гаалийн хилээр нэвтрүүлж, гаалийн нутаг дэвсгэрт оруулж байгаа үйлдэл биш бөгөөд холбогдох хууль, журам зөрчсөн үйлдэлд хамаарахгүй болно.

Эдгээр хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу манай бараанд шаардагдах лицензийг барааг хилийн чанадаас оруулаагүй байхад авна гэсэн ямар нэгэн хууль, журмын нарийвчилсан заалт байдаггүй.

Түүнчлэн Засгийн Газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журамд заасны дагуу Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд болон баталгаат агуулахуудад эрх бүхий байгууллагуудаас лицензээ бичигдэн гарахыг хүлээсэн олон аж ахуйн нэгжийн тарифын бус хязгаарлалттай бараа байгаа гэдэг нь эргэлзээгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 440 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангав.

1.“Х к” ХХК-д Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг 6 жилийн хугацаагаар олгосон, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2016/07 тоот Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар Монгол Улсад 2021 онд импортлох галт зэвсэг, сумны төрөл, зориулалт, тоо хэмжээг хавсралтаар баталж, комиссоос энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор “Х к” ХХК-д галт зэвсэг ан агнах зориулалттай 114 ширхэг, харуул хамгаалалтын зориулалттай 21 ширхэгийг тус тус импортлох хуваарилалт хийгдсэн талаар шүүхийн шийдвэрт тус тус дурдсан атлаа маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд буруу дүгнэлт хийн, гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

2.Дээрх зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зохих галт зэвсэг оруулахаас өмнө буюу мөн оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Д/17 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/17 дугаар тушаалаар байгуулагдсан тус яамны харьяа Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай комисст хандаж ОХУ-аас ирэх галт зэвсгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон холбогдох баримтыг хүргүүлж улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн байна.

Гэвч комиссоос Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн А/251, 304 тоот тушаалаар батлагдсан “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.5-д заасан ажлын 14 өдрийн дотор дээрх хүсэлтийг хянаж, санал дүгнэлтээ гаргаагүй, харин 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 8 дугаар хурлаар тус компанийн ОХУ-ын Калашников компанид үйлдвэрлэсэн спорт-сургалтын зориулалттай 28, ан агнах зориулалттай 24, нийт 52 ширхэг галт зэвсэг болон сумыг улсын хилээр оруулах зөвшөөрөл авах хүсэлтийг хэлэлцээд “…Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2891 дүгээр магадлагааг үндэслэн 52 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй талаар хариу өгөхөөр,

-2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 9 дүгээр хурлаар хүсэлтийг дахин хэлэлцэж “…Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дээрх магадлагааг үндэслэн ан агнах зориулалттай 24 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар олгохоор тус тус шийдвэрлэжээ.

3.Энэ хугацаанд “Х к” ХХК галт зэвсгийг ОХУ-аас 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Алтанбулаг боомтоор нэвтрүүлэн Улаанбаатар хот дахь гаалийн газрын Техник импорт дахь гаалийн хяналтын бүсэд зохих журмын дагуу оруулж, гаалийн хяналтын бүсэд буулгах хүсэлтийг тус гаалийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан, уг хүсэлтэд гараар “…УБГГ-ын удирдлагын зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу барааг гаалийн баталгаат агуулахын горим сонгуулан гаалийн хяналтын бүсийн түр агуулахад буулгаж, тээвэрлэсэн автомашиныг буцаах чиглэл өгөв…” гэсэн бичилт хийгдсэн, энэ нь ч мөн өдрийн барааг шилжүүлэн ачих ажиллагааны талаарх тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.     

Үүнээс гадна зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэлд битүүмжилсэн 14 нэр төрлийн 58 ширхэг галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг “Х к” ХХК-д буцаан олгосон гэснээс үзэхэд зохих зөвшөөрөл авалгүйгээр галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй гэж нэхэмжлэгчийн буруутгах үндэслэлгүй.

Тус компаниас Улаанбаатар хотын гаалийн газарт хандаж зөвшөөрөл хүссэн тухай 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Д/19 дүгээр албан бичигт импортоор оруулж ирэх гэж буй галт зэвсгийн талаарх мэдээллийг болон хэзээ орж ирэх төлөвтэй байгаа болохыг дэлгэрэнгүй тусгажээ.

4.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор дээрх галт зэвсгийг оруулж ирэхээс өмнө Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг авсан байх шаардлагыг нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж буруутгах боловч “Х к” ХХК нь бодит байдалд хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй төдийгүй 2021 онд импортлох галт зэвсгийн тоо хэмжээ нь тогтоогдсон, гагцхүү оруулж ирэх галт зэвсэг нь зөвшөөрөгдсөн буюу ан агнуурын, харуул хамгаалалтын зориулалттай эсэхийг комиссоос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэжилтний магадлагааг үндэслэн тогтоох ажиллагаа удаашралтай явагдсан, магадлагаа янз бүрээр гарсан зэрэг нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл импортлох галт зэвсгийн талаарх мэдээллийг эрх бүхий комисст гаргасан боловч журамд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй, харин Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсэд байрших хугацаанд зохих зөвшөөрөл гарсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэж шийтгэх ногдуулж буй нь хууль бус.

5.Хууль хэрэглээний хувьд энэхүү маргаанд Монгол Улсын хилийн тухай бус, харин Гаалийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийг гаалийн хууль тогтоомжийг зөрчиж, тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэж үзэхээргүй байна. 

Учир нь Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ”, 4.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийн болон чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдоно”, 4.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно”, 143 дугаар зүйлийн 143.1-т “Гаалийн баталгаат агуулахын горимд байршуулах гадаадын бараа Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй” 3 дугаар зүйлийн 3.1.14-т “тарифын бус хязгаарлалт гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг” ойлгохоор тус тус зааснаас үзэхэд Улаанбаатар хотын Техник импортын гаалийн хяналтын бүсэд гаалийн түр агуулахын хяналтад байгаа галт зэвсгийг гаалийн хяналтад байгаа бараанд тооцогдоно.

6.Шийдвэрийн Тогтоох хэсэгт шийтгэлийн хуудасны дугаарыг “0012616” гэж алдаатай бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 440 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.4, 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х к” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ж.А-ын гаргасан “2022 оны 1 дүгээр сарын 22-ний өдрийн 0012516 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Б-ийн давж заалдах гомдлыг хангасугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ШҮҮГЧ                                                              Д.БААТАРХҮҮ

 

       ШҮҮГЧ                                                             Д.ОЮУМАА

 

       ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН