| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0030/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/91 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/91
2021 01 15 2021/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Л.Галав,
Хохирогч Б.Э ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Д Б холбогдох эрүүгийн 2006 02926 2716 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
........................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Э тай маргалдан улмаар нүүр хэсэгт нь цохих үйлдлээр тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, нүдний гадна хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Сонгуулийн ажил хийж байсан. Тэр үед архи нэг их зардаггүй байсан. Энэ хүний нөхөр нь байнга архи уучихсан согтуу явдаг. Нөхөртэйгөө байнга хэрэлдэж зодолддог, хүүхэд нь гэртээ байхаасаа байхгүй их байдаг. Би хүүхдийнхээ төрсөн өдрөөр бялуу оруулж өгч байсан. Тэгэхэд энэ хүн ходоод өвдөөд байна гээд нөхөр лүүгээ орилчихсон байж байсан. Би тавгаа авчхаад гараад явсан. Цагдаагийн газраас Болороо гэж хүн гэснээ манай гэрийн хаягийг мэдээд байсан. Намайг Болороо гэдэггүй, тийм хүн байхгүй гэж хэлсэн. Би энэ хүнтэй зодоон нүдээн хийгээгүй. Тухайн үед гарааш байсан, тэр гарааш миний биш манай салсан нөхрийн компани гарааш байсан. Би энэ хүнтэй мэндийн зөрүүтэй л байдаг байсан.” гэв.
Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Хэрэг гарах үед би оройн 22 цагт гэртээ ирсэн. Тэгэхэд хар өнгийн машиныг нэг эмэгтэй нүдээд байсан. Би охиндоо “тэр машиныг эвдэллээ. Миний охин гараач” гэж хэлсэн. Тэгэхэд “муусайн янхнууд бид нар та нарын цалинг өгдөг” гээд байсан. Би гараад “наадах чинь жоохон хүүхэд шүү дээ” гэхэд “битгий хуц, янхан, гичий минь” гээд намайг цохисон. Би тухайн үед цагдаа дуудаад яах вэ гэж бодсон. Энэ эмэгтэй байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн харагддаг. Манай нөхөр архи уудаг. Гэхдээ би архи амсдаггүй. Уудаггүй. Би боловсролын байгууллагад 35 жил ажиллахдаа олон нийллэгт орж байсан ч уудаггүй байсан. Хүнийг гүтгэдэг ч хүн биш. Д.Б намайг 2 удаа цохисон. Би бие муутай болохоор унасан. Миний нас ийм хүүхдэд янхнаараа дуудуулах нас биш шүү дээ. Манай нөхөр өмнө архи хэрэглэдэггүй байсан. Тухайн газарт очоод архи уудаг болсон байсан. Д.Б ийг тухайн өдөр надаас уучлалт гуйх байж гэж бодоод би шөнийн 01 цаг хүртэл хүлээсэн боловч хоёр хүнтэй, нэг жаахан хүүхэд дагуулаад пиво дэлгүүрээс аваад гарч харагдаж байсан. Миний хүүхэд надад “та битгий энэ хүнийг өрөвдөөд бай, та дандаа хүн өрөвдөх юм гээд би нэг орж уулзаадахъя” гэсэн. Гэхдээ Д.Б ийн гэрээс олон хүмүүсийн дуу гараад байсан учир би “яах юм” гээд оруулаагүй. Миний нөхөр намайг хараадаг ч гэсэн надад гар хүрдэггүй. Эм тарианы зардалд 120,000 төгрөг, хувийн эмнэлэгт 650,000 төгрөгөөр хэвтсэн. Эдгээр мөнгөө нэхэмжилж байгаа. Өөр нэхэмжилсэн зүйл байхгүй.” гэв.
Хохирогч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн үед манай гэр нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баганат өргөө хотхоны гарааш дотор монгол гэрээ бариад амьдарч байсан... манай нөхөр Мижиддорж тус гараашийн жижүүрийн ажил хийдэг байсан. Хэрэг гардаг өдөр ажлаасаа ирээд гэртээ сууж байхад гарааш дотор үл таних эмэгтэй нэг хар өнгийн машиныг гараараа нүдээд байсан... би хүүхдээ “гараад харчхаад ир” гэсэн. Үл таних эмэгтэй “манай хүүхдийг янхан” гэж доромжлоод байсан... би гараад “хүүхэд яагаад доромжлоод байгаа юм бэ” гэж хэлэхэд үл таних эмэгтэй миний уруулын зүүн дээд хэсэгт нэг удаа цохисон. Миний хамраас цус гарч байхад дахиад гараараа миний баруун хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохисон... уг эмэгтэй цохиж байхад манай хүү 12 настай эрэгтэй Тэмүүлэн харж байсан. Намайг цохих үед би ухаан алдаж унасан... би эрүүл байсан. Харин намайг цохиж зодсон гэх эмэгтэй их согтсон байдалтай байсан” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас),
Насанд хүрээгүй гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай аав Мижиддорж нь Баганат хорооллын 407 дугаар байрны гараашийн жижүүр хийдэг байсан... аав, ээж, бид гурав гараашийн хонгилд жижүүрийн өрөөнд амьдардаг байсан... 2020 оны 6 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Гэртээ ээж бид хоёр байж байтал байрны автомашины гараашийн 14 дүгээр зогсоол дээр зогсож байсан хар өнгийн автомашины хаалганы цонхнууд болон хамрыг нь тэр байранд амьдардаг Оросын эхнэр гэх эмэгтэй гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд хашхираад байсан. Тэр үед намайг гарахад ээж “харчих” гэж хэлэхээр нь би гэрээс гараад тэр эмэгтэй дээр явж очсон. Тэгсэн чинь тэр эмэгтэй “та нарын цалинг чинь би өгдөг юм. Ажлаа хийж чадахгүй бол зайл гуйлгачингуудаа” гэж хэлээд над руу орилоод байсан. Тэр үед ээж гэрээсээ гарч ирээд тэр эмэгтэйд хандаж “яагаад бага насны хүүхэд дарамтлаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь надад хэлсэн шигээ ээжийг “та нарын цалинг чинь би өгдөг юм. Ажлаа хийж чадахгүй бол зайл гуйлгачингуудаа” гэж дахин хэлээд орилж хашхираад уурлаад байхаар нь ээж тэр эмэгтэйг “чи миний хүүхэд шиг хүүхэд байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй “миний ээж чам шиг янхан биш. Жар гарсан эмэгтэй байдаг” гэж орилоод ээжийг эхлээд толгой руу нь гартаа барьсан байсан утсаараа цохиод, дараа нь баруун нүдний хэсэг рүү нь гараа хоёр удаа цохиод, эрүүний хэсэг рүү нь гартаа барьсан утсаараа цохсон чинь ээж ухаан алдаад газарт унасан... ээжийг газарт ухаан алдаж унасны дараа ээжийн гэдэс нуруу, хөл рүү нь өшиглөөд байхаар нь би тэр эмэгтэйг гараараа түлхсэн чинь газарт унасан. Тэр эмэгтэй газраас босож ирээд намайг түлхэж унагаагаад ээжийг нүүр хэсэг рүү нь өшиглөх гэхээр нь би урдуур нь ороод нуруугаараа хаагаад өшиглүүлсэн. Үүний дараа тэр эмэгтэй тэрүүгээр орилж хашхираад байхаар нь би ээжийн утсаар 102 дугаарын утас руу залгаж цагдаад дуудлага өгчхөөд дараа нь 103 дугаарын утас руу залгаж түргэн тусламж дуудсан... тэр эмэгтэй тухайн үед нэлээд согтчихсон байсан. Тэр эмэгтэй ихэнхдээ архи уучихсан харагддаг.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас),
Шүүгдэгч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2006029262716 дугаартай прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна... Надад үйлдсэн хэрэг байхгүй. Уг Б.Э гэх хүний нөхөр нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Хоорондоо зодолдож, маргалддаг. Миний бодож байгаагаар нөхөртөө зодуулчхаад надад зодуулсан мэтээр гомдол гаргаж байна. Би тэгж хүнд гэмтэл учруулах хэмжээнд зодох хүн биш.. Би архи согтууруулах ундааны зүйлийг заримдаа тохируулж хэрэглэдэг. Байнга хэрэглээд байдаг хүн биш.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6895 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхи, нүдний гадна хэсгийг хамарсан тархсан хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, зовхины завсар тагларсан
2020-06-11-ний “Натур эмнэлэг”-н Толгойн компьютерт томографын шинжилгээнд: Тархины эдэд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Хоёр талын хажуугийн ховдол, III болон IV ховдлуудын байрлал, хэлбэр болон хэмжээ хэвийн. Субарахнойдаль зайнууд хэвийн. Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Голын бүрдэл хазайлтгүй. Зүүн талын нүдний ухархайн дотор хана 1,2 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0,4см гүн хэмжээтэй цөмөрсөн хуучин хугаралтай. Нүдний ухархайн арын эслэг зайд эмгэг өөрчлөлтгүй. Нүдний гадна ба дотор шулуун булчингууд болон харааны мэдрэл хэвийн Хамар ясны зүүн хажуу хана зөрүүтэй, бороолсон хуучин хугаралтай. Хамрын таславч дунд 1/3 хэсгээр баруун тийш хуучин бага зэргийн мурийлттай. Хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт ердийн. Баруун талын нүд орчмын зөөлөн эдэд хаван хавдартай. Дүгнэлт бичсэн эмч: С.Мөнхбаатар...ДҮГНЭЛТ
1. Б.Э ын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, нүдний гаднын хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтаст хэргийн 57 дугаар хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбарууд (Хавтаст хэргийн 62 дугаар хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Э тай маргалдан улмаар нүүр хэсэгт нь цохих үйлдлээр тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, нүдний гадна хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал “Миний үйлчлүүлэгч энэ хэргийг үйлдээгүй гэсэн учраас өмгөөлөгч миний зүгээс Д.Б ийг Б.Э ын эрүүл мэндэд халаадгүй гэж үзэж байна. Насанд хүрээгүй гэрчийг эрэгтэй хүүхэд гэж ойлгосон. Яагаад бага насны эрэгтэй хүүхдийг янхан гээд байна вэ, логикгүй харагдаж байгаа учраас ийм зүйл болоогүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэлээ. Гэхдээ 8, 9 сард Д.Б прокуророос дуудахад мэдлээ гэж байна. 6 дугаар сарын 07-ны өдөр Д.Б ийн хүүхдийн төрсөн өдөр болж байсан юм байна. Хохирогч бол өмнө Д.Б ийг харж байгаагүй гэлээ. Нэрийн хувьд ч Болороо гэчхээд яагаад тэр нь Б болчихдог юм. Ийм зүйлс байдаг учраас Д.Б ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж үзэж байна. Эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж зодсон, зодоогүй эсэхийг нь шалгаж үнэн, зөвийг нь олох хэрэгтэй байх. Хэрвээ буцаавал камерын бичлэгийг шалгах, хэрэг гарахад нөхөр нь байсан гэсэн учир нөхрийг асуух хэрэгтэй. Ийм зүйлс байхад яагаад шалгаагүй юм бол гэж бодож байна” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Э тай маргалдан улмаар нүүр хэсэгт нь цохих үйлдлээр тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, нүдний гадна хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн үед манай гэр нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баганат өргөө хотхоны граш дотор монгол гэрээ бариад амьдарч байсан... манай нөхөр Мижиддорж тус гараашийн жижүүрийн ажил хийдэг байсан. Хэрэг гардаг өдөр ажлаасаа ирээд гэртээ сууж байхад граш дотор үл таних эмэгтэй нэг хар өнгийн машиныг гараараа нүдээд байсан... би хүүхдээ гараад харчхаад ир гэсэн. Үл таних эмэгтэй манай хүүхдийг “янхан” гэж доромжлоод байсан... би гараад “хүүхэд яагаад доромжлоод байгаа юм бэ” гэж хэлэхэд үл таних эмэгтэй миний уруулын зүүн дээд хэсэгт нэг удаа цохисон. Миний хамраас цус гарч байхад дахиад гараараа миний баруун хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохисон... уг эмэгтэй цохиж байхад манай хүү 12 настай эрэгтэй Тэмүүлэн харж байсан. Намайг цохих үед би ухаан алдаж унасан... би эрүүл байсан. Харин намайг цохиж зодсон гэх эмэгтэй их согтсон байдалтай байсан” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас),
Насанд хүрээгүй гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай аав Мижиддорж нь Баганат хорооллын 407 дугаар байрны гражийн жижүүр хийдэг байсан... аав, ээж, бид гурав гараашийн хонгилд жижүүрийн өрөөнд амьдардаг байсан... 2020 оны 6 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. гэртээ ээж бид хоёр байж байтал байрны автомашины грашийн 14 дүгээр зогсоол дээр зогсож байсан хар өнгийн автомашины хаалганы цонхнууд болон хамрыг нь тэр байранд амьдардаг Оросын эхнэр гэх эмэгтэй гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд хашхираад байсан. Тэр үед намайг гарахад ээж харчих гэж хэлэхээр нь би гэрээс гараад тэр эмэгтэй дээр явж очсон. Тэгсэн чинь тэр эмэгтэй “та нарын цалинг чинь би өгдөг юм. Ажлаа хийж чадахгүй бол зайл гуйлгачингуудаа” гэж хэлээд над руу орилоод байсан. Тэр үед ээж гэрээсээ гарч ирээд тэр эмэгтэйд хандаж “яагаад бага насны хүүхэд дарамтлаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь надад хэлсэн шигээ ээжийг “та нарын цалинг чинь би өгдөг юм. Ажлаа хийж чадахгүй бол зайл гуйлгачингуудаа” гэж дахин хэлээд орилж хашхираад уурлаад байхаар нь ээж тэр эмэгтэйг “чи миний хүүхэд шиг хүүхэд байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй “миний ээж чам шиг янхан биш. Жар гарсан эмэгтэй байдаг” гэж орилоод ээжийг эхлээд толгой руу нь гартаа барьсан байсан утсаараа цохиод, дараа нь баруун нүдний хэсэг рүү нь гараа хоёр удаа цохиод, эрүүний хэсэг рүү нь гартаа барьсан утсаараа цохисон чинь ээж ухаан алдаад газарт унасан... ээжийг газарт ухаан алдаж унасны дараа ээжийн гэдэс нуруу, хөл рүү нь өшиглөөд байхаар нь би тэр эмэгтэйг гараараа түлхсэн чинь газарт унасан. Тэр эмэгтэй газраас босож ирээд намайг түлхэж унагаагаад ээжийг нүүр хэсэг хүү нь өшиглөх гэхээр нь би урдуур нь ороод нуруугаараа хаагаад өшиглүүлсэн. Үүний дараа тэр эмэгтэй тэрүүгээр орилж хашхираад байхаар нь би ээжийн утсаар 102 дугаарын утас руу залгаж цагдаад дуудлага өгчхөөд дараа нь 103 дугаарын утас руу залгаж түргэн тусламж дуудсан... тэр эмэгтэй тухайн үед нэлээд согтчихсон байсан. Тэр эмэгтэй ихэнхдээ архи уучихсан харагддаг.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6895 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхи, нүдний гадна хэсгийг хамарсан тархсан хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, зовхины завсар тагларсан
2020-06-11-ний “Натур эмнэлэг”-н Толгойн компьютерт томографын шинжилгээнд: Тархины эдэд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Хоёр талын хажуугийн ховдол, III болон IV ховдлуудын байрлал, хэлбэр болон хэмжээ хэвийн. Субарахнойдаль зайнууд хэвийн. Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Голын бүрдэл хазайлтгүй. Зүүн талын нүдний ухархайн дотор хана 1,2 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0,4см гүн хэмжээтэй цөмөрсөн хуучин хугаралтай. Нүдний ухархайн арын эслэг зайд эмгэг өөрчлөлтгүй. Нүдний гадна ба дотор шулуун булчингууд болон харааны мэдрэл хэвийн Хамар ясны зүүн хажуу хана зөрүүтэй, бороолсон хуучин хугаралтай. Хамрын таславч дунд 1/3 хэсгээр баруун тийш хуучин бага зэргийн мурийлттай. Хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт ердийн. Баруун талын нүд орчмын зөөлөн эдэд хаван хавдартай. Дүгнэлт бичсэн эмч: С.Мөнхбаатар...ДҮГНЭЛТ
1. Б.Э ын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, нүдний гаднын хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Э ын эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Б.Э д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6895 дугаартай дүгнэлтээр “биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, нүдний гаднын хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Э ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Д.Б нь хохирогчид гэмтэл учруулаагүй гэх боловч хэрэгт авагдсан хохирогч Б.Э , насанд хүрээгүй гэрч Э.Тэмүүлэн нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Б гэмтэл учруулсан гэж шууд нэрлэн зааж байх бөгөөд шүүгдэгчийг гэмтэл учруулаагүй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх тул “хэргийг прокурорт буцаах, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн санал хүсэлт хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эмчилгээний зардалд 770,000 (бэлэн мөнгөний орлогын баримт хавтаст хэргийн 37, 42 дугаар хуудас), (“Натур эмнэлэг” компьютерт томографын оношилгоо, орлогын баримт хавтаст хэргийн 38, 39-41 дүгээр хуудас) төгрөгийг нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ээс 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э д олгуулахаар шийдвэрлэв.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Э ын “Увдист Эрдэнэ” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх 650,000 төгрөгийн нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн гүйцэд тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Д.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал “Шүүгдэгч Д.Б ийг нэгэнт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хэлье. Д.Б нь хоёр бага насны хүүхэдтэй учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй. Тэгэхээр түүнд 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэсэгчлэн төлөх хугацааг тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал ч гэсэн урт хугацаа тогтоож өгнө үү. Цаг үеийн байдал ч тэр, хүүхдээ гэртээ хардаг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийн цалин хөлс, бусад орлого болон ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Д Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Б ээс 120,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Э д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Э ын “Увдист Эрдэнэ” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэх 650,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ