Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

  2021            01           14                                         2021/ШЦТ/81

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

Шинжээч Б.Ганзориг,

Хохирогч Г.Б ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Буяндэлгэр (ҮД:1141),   

Шүүгдэгч Г.Б , Х.О нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

                        

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Б, Х.О нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч,  2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

...........................................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б  нь Х.О-тай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б ыг зүүн гараараа нүүр хэсэгт цохиж Г.Б ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт, хүзүү цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.О нь Г.Б той бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б ыг нүүр лүү нь өшиглөж, хавирга гэдэс рүү нь дэвсэж Г.Б ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт, хүзүү цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.            

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

                      

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлгүүд:  

                                           

Шүүгдэгч Г.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэг гарсан өдөр амарч байсан бөгөөд Х.О-г шороо хамт ачаад өг гэж гуйгаад гэртээ аваад ирсэн байсан. Манай хашааны зүүн талд байдаг айлын хажуугаар би амьжиргаа цагаан машинтай явж байсан. Машины урдуур хохирогч гээд байгаа залуу аавтайгаа гараад ирсэн. Би жолоогоо хажуу тийшээ дарж гарсан. Тэгтэл араас сигналдаад байхаар нь би машинаасаа буусан. Надад “чи пизда минь яаж яваад байгаа юм бэ. Үхэр дайрчих гээд байна” гэсэн. Би “үхрийг чинь дайраагүй байна” гэхэд үгийн зөрүүгүй Г.Б  хамар луу цохисон. Би зөрүүлээд хоёр цохисон. Г.Б тай заамдалцаад зогсож байхад Х.О дундуур нь орж салгасан. Г.Б  зугтааж яваад цагдаад дуудлага өгсөн.” гэв.

                                        

Шүүгдэгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэг гарсан өдөр би Г.Б  ахын гэрийн хаяаг манах гээд элс аччихсан машинд цуг явж байсан. Тухайн үед Г.Б  цагаан өнгийн машинтай жалганы хажууд зогсож байсан. Жалганд үхэр бэлчиж байсан. Хажуугаар нь машинтай гарахад сагналдаад биднийг зогсоогоод “яаж яваад байгаа хөгшин кулказ вэ. Үхэр дайрлаа” гээд Г.Б  ахыг хэл амаар доромжлоод Г.Б  ах руу дайраад байсан. Г.Б  ах “үхрийг чинь дайраагүй ээ” гэхэд Г.Б  үгийн зөрүүгүй цохиод авсан. Г.Б  ахын хамраас тэгэхэд цус гарсан. 2-3 удаа цохисон. Би “боль” гэж хэлээд салгах гээд дундуур нь ороход Г.Б  “чи яах гээд байгаа юм. Ална шүү” гээд над руу дайрсан. Би “зүгээр бай. Чи яагаад байгаа юм” гэсэн. Тэгэхэд над руу дайраад салахгүй байхаар нь би биеэ хамгаалах гээд хавирсан. Г.Б  унаад боссон. Г.Б ын хэлсэн шиг өшиглөж, дээрээс нь дэвссэн зүйл байхгүй. Намайг ингэж гүтгэж байгаад би гомдолтой байна. Г.Б ын хамраас цус гараагүй. Зугтаад явсан. Хоёр цагийн дараа хоёр цагдаа Г.Б  ахынд ирсэн. Тэгээд Г.Б  ах болсон үйл явдлыг ярьсан. Тэгээд цагдаагийн хэсэг дээр бүгдээрээ очсон. Тухайн үед надаас мэдүүлэг аваагүй бөгөөд 17-18 хоногийн дараа дуудаж гэрчээр мэдүүлэг авсан. Гэрчээр мэдүүлэг авахад би болсон үйл явдлыг хэлсэн. Дахиад сарын дараа дуудаад хамтарч зодсон байна гэж мөрдөгч хэлсэн. Би хүлээн зөвшөөрөхгүй. Салгасан гэдгээ хэлэхэд хохирогчийн өгсөн мэдүүлгийн дагуу асууж байна гэсэн. Дараа нь прокуророос дуудсан. Ийм л зүйл болсон” гэв.

Хохирогч Г.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 10 дугаар сарын  11-ний өдөр эцэг, эхийндээ ирсэн. Хагас, бүтэн сайнд эцэг, эхийнхээ үхрийг туулцаж өгдөг юм. Тэр өдөр үхрүүдээ гэрийнхээ үүдэнд авчирсан байхад дээрээс машин хурдтай ирэхэд мал үргэсэн. Аавтайгаа хамт машинтай айлд мах хадгалуулах гээд явж байхад амьжиргаа цагаан машин хурдтай маш бага зайгаар орж ирсэн бөгөөд би уулзвар эргээд зогссон. Хэрвээ би зогсоогүй бол аваар гарах байсан байх. Би сагналдсан нь үнэн. Сагналдахад Г.Б , Х.О хоёр гарч ирсэн. Яаж яваад байгаа юм бэ, болгоомжтой яв л даа гэж хэлсэн нь ч үнэн. Тэгэхэд Г.Б  “чамайг ална” гэж дайрсан. Х.О Г.Б ийг “боль” гэж хэлсэн ч Г.Б  болихгүй намайг заамдаж аваад 4-5 удаа толгой руу цохисон. Миний баруун талын нүд хавдсан. Г.Б ийг би цохиогүй. Г.Б  намайг цохиж байхад Х.О хажуугаас орж ирээд 1-2 удаа цохисон. Х.О намайг мордож унагаагаад дээр гарсан. Унасны дараа толгой руу дэвсээд, толгойгоо хоёр гараараа хамгаалахад бөөр лүү дэвссэн. Нүүр лүүгээ цохиулснаас болоод гаднын цохилтоос үүдээд эрүүнд асуудал үүссэн. Х.О намайг цохисон. Би аргаа бараад л зугтсан. Миний араас амьжиргаа цагаанаа асаагаад хөөсөн байсан. Манай аав гэрчилнэ. Дээрээс хурдтай машин тоос манаргаж явж байгаа харагдсан. Би дэлгүүр ороод 102-т намайг хөөгөөд байна гээд дуудлага өгсөн. Манай аав салгасан. Салгах гэхэд манай аавыг ч гэсэн цохисон. Надад үнэхээр хэцүү байна. Толгой өвдөөд сургуульдаа ч явж чадахгүй. 2-3 удаа ухаан алдаж унасан. Өмнө нь хэзээ ч унаж тусаагүй. Надаас юу болж байна гэж нэг ч асуугаагүй. Хүнийг зодчихоод ийм байж болох уу. Би Гэмтэл Согог Үндэсний Төвд эмчид үзүүлэхэд надад өвчин намдаах эм бичиж өгсөн. Би тогтмол өвчин намдаах эм уудаг байсан. Одоо хүртэл толгой өвддөг” гэв.

 

Шинжээч Б.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт “... 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 25 минутад Г.Б-н биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Үзлэгийн үед толгой, хамар, цээж өвдөнө гэсэн зовуурьтай. Үзлэгээр Г.Б ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлтийг гаргасан. Надад хууль сануулж дүгнэлт гаргуулсан тул миний дүгнэлт үнэн зөв. Үзлэг хийхэд зовуурь нь бол толгой өвдөнө, цээж өвдөнө, хамар өвдөнө гэсэн байгаа юм. Үзлэгийн явцад хүний биеийн толгойноос хөл хүртэл нүцгэн биед үзлэг хийдэг. Нэмэлтээр хийсэн гэмтлийн эмчийн үзлэг болон “Лазер мед” эмнэлгийн толгойн компьютер томографын шинжилгээ хийсэн. Эдгээр шинжилгээгээр зүрхэнд тийм байна. Толгойнд тийм байна гэх дотор эрхтний талаарх өөрчлөлтүүд хийгдсэн шинжилгээнд байхгүй. Харин зүрх гэж яриад байгаа тухайд тэр цээжний түвшинд зулгаралт, цус хуралт байна гэдэг нь бүгд мохоо зүйлээр үүсгэгдэж байгаа юм. Тэгэхээр энэ нь гараар цохих, хөлөөр өшиглөхөд аль алинд үүсэж болдог гэмтэл. Бөөрний гэмтлийн тухай бөөрийг бүтцийн болон үйл ажиллагааны шинж чанараар нь шинжилдэг. Бөөр нь хэвлий хэсэгт байрлах ба гадна талаасаа харагдах ямар нэг өөрчлөлт байхгүй байсан. Цээжний баруун урд хэсэгт эгмийн дунд шугамаар баруун урд хэсэгт 2 дугаар хавирга орчим буюу цээжний баруун урд дээд хэсэгт, өвчүүний дээд хэсэгт буюу үүнийг зүрхэн тушаа байрлал гэж үзэж болно. Нэг минут, 5 минут ч зодсон нь, өөрөөр хэлбэл хугацаа ямар ч хамааралгүй. Хамраас ямар тохиолдолд цус гарах вэ гэвэл гэмтлийн үед болон гэмтлийн бус үед аль алинд нь цус гарч болно. Гэмтлийн үед судасны ханын бүрэн бүтэн байдал алдагдаж цус гарна. Гэмтлийн бус нөхцөлд судасны хана даралт өгсөнтэй холбоотой буюу судасны хана тэлэгдэж өргөссөнөөс нимгэрсэн судасны ханаар нэвчиссэж хамраас цус гарч болно. Бид нар үзсэний үндсэн дээр дүгнэлт гаргадаг бөгөөд хийсвэрлэж дүгнэлт гаргахгүй. Гэмтлийг яг тэр өдрийн гэмтэл байна гэж тогтоох боломжгүй. Цаг хугацаа тогтоох боломжгүй. Нийт гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Толгойн хэсэгт нэг хүч үйлчлэхэд хамар ясны хугарал, энэ нь хамар болон зовхины тушаа нэг удаагийн үйлчлэлээр үүсэж болох гэмтлүүд. Тэгэхээр баруун дээд зовхи, хүзүү, цээжинд үүсээд байгаа гэмтлүүд нь тус тус нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3-аас дээш удаагийн үйлчлэл гэж ойлгож болно. Гэмтлүүдийг тус тусад нь яривал хүзүүнд үүсээд байгаа цус хуралт, цээжний зулгаралт цус хуралт боолт, заамдалцах, зууралдсанаас үүсэж болно. Тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал болбол том проекцын хүч үйлчилсэн байх боломжтой. Тархи доргилт бол харьцангуй харилцан адилгүй үүсдэг. Тэгэхээр яг толгой руу цохисноос үүссэн үү, хавирч унагахад үүссэн үү гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Хавирч унагахад хүртэл тархи доргиж болдог. Тархи доргилтын үед ухаан балартах, ухаан алдаж унах боломжтой. Тархи доргилт гэдэг нь тархины үйл ажиллагааны өөрчлөлт учраас тухай мөчид юм уу, тэрнээс хойш 72 цагийн дотор, цаашлаад 96 цагийн дотор ухаан алдалт давтаж болдог. Тархинд ямар нэг байдлаар голомт үүссэн жишээлбэл цус харвалт ч юм уу, тархины судас гэмтсэн ч юм уу, мэдрэлийн бүрхүүл гэмтсэн ч юм уу тийм тохиолдолд унах боломжтой. Ийм зүйл тогтоогдоогүй. Гутлын шинж чанартай холбоотой ийм гэмтлийг хөнгөн гэмтэл, ийм гэмтлээр хүнд гэмтэл гэсэн зүйл байхгүй. Тухайн үед цээжинд үүссэн байгаа зулгаралт цус хуралт гээд асуудал нь заамдалцсан, өшиглөсөн, дэвссэн, маажилцсан зэргийн аль алинаас нь үүсэж болно. Цус хуралт бол маажихаас илүүтэйгээр цохих буюу өшиглөх хүчний үйлчлэлээр арьсан доор өнгөт судасны бүрэн байдал алдагдаад цус хүрэнтэж харагдаж байгаа юм. Өвчүүний дээд хэсэгт зулгаралт гэж байна. Энэ нь мөн мохоо зүйлээр биеийн гадаргуудтай 45 градусаас доош хэмээр буюу паралелаар үрэгдэх, нидрэгдэх, шүргэх хүчний үйлчлэлээр үүсдэг. Тэгэхээр өшиглөхөд үүсэх боломжтой. Гэмтлийг нь өшиглөлтөөс, цохилтоос үүссэн гэж ялгах боломж байхгүй. Зовхины цус хуралт нь хамар ясны хугарал нүүснээс ч үүсэж болно. Эсхүл хүчний үйлчлэлээр ч үүсэж болно. Тэгэхээр тархи доргилт, хамар ясны хугарал нь хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтлийн зэрэг тогтоохдоо хөнгөнийг нь хүндэд нь багтааж гаргадаг юм. Дээрх агуулга нь гэмтлийн зэргийг салгах юм бол гэсэн ойлголт. Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 25 минутад Г.Б-н биед үзлэг хийсэн. Харин Гэмтлийн эмнэлэгт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 20 минутад толгойн томографын зураг авхуулсан байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай аав, ээж хоёр мал маллаж ** хорооллын хойд талд амьдардаг. Би 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр аавынхаа гэрт очсон байсан... өдрийн 18 цагийн үед би гудамжинд машин дотроо аавтай хамт сууж байхад хажуугаар амьжиргаа цагаан машинтай эрэгтэй хүн шүргэх шахаад өнгөрсөн... би тэр машины араас сагналдахад тэр машин зогссон. Би тэр машины жолооч ахад “та яаж яваад байгаа юм бэ. Манай малыг дайрчих гээд давхиад байх юм” гэж хэлэхэд тэр машины жолооч ах машинаасаа бууж ирээд намайг “ална” гээд дайрсан. Тэр үед нь хажууд нь сууж явж байсан ах болиулсан... жолооч ах бид хоёр маргалдаж байгаад хоорондоо заамдалцахад жолооч ах миний баруун талын нүд, хацар, эрүү хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгтэл намайг цохисон ахтай хамт явж байсан ах миний зүүн талын нүдэнд гараараа 1 удаа цохисон... би газарт унасан. Газар унасан байхад хажууд нь хамт явж байсан ах миний зүүн талын нүдэнд гараараа миний хамар, эрүү, цээж, хавирга хэсэгт 4-5 удаа өшиглөсөн. Тэр үед манай аав тэр хүмүүсийг надаас салгах гээд салгаж чадахгүй байсан... би дэлгүүр очиж дуудлага өгсөн... Тархи доргилт хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт гэмтлүүдийг уг машиныг жолоодож байсан ах учруулсан. Хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт, зүүн нүдний гэмтлүүдийг машин жолоодож явсан ахтай хамт явж байсан ах учруулсан... би зодуулсандаа гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Б ын дахин өгсөн: “...Тэгэхэд Б машинаасаа бууж ирээд... “чи муу юу вэ” гэж хэлээд миний цамцнаас гараараа заамдаж байгаад зүүн гараараа миний баруун хөмсөг хэсэгт нэг удаа цохисон... намайг газар унасан байхад Б-тэй хамт явж байсан үл таних залуу миний нүүр лүү гараараа маш олон удаа цохисон. Би тухайн үед манараад хэн нь миний нүүр лүү цохиж байгааг хараагүй. Нэг ухаан ороход Б-тэй хамт явж байсан үл таних залуу миний хавирга гэдэс рүү хөлөөрөө 3-4 удаа дэвссэн... миний хамар луу дэвссэн. Намайг маш удаан зодсон. Манай аав Г салгах гээд чадаагүй. Арай гэж гуйгаад 102 дугаар луу залгасан. Батдоржийг зүс мэдэх төдий танина. Гэр нь манай гэрийн ойролцоо байдаг. Б миний нүүр лүү 2 удаа гараараа цохисон. Хамт явж байсан үл таних залуу нүүр лүү хөлөөрөө өшиглөж... хавирга гэдэс рүү дэвссэн... миний хамар хавдсан, баруун  хөмсөг шалбарч сэтэрсэн. Миний зүүн шанаа, хавирга, гэдэс маш их өвдөж байна.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 3-7 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Г.Б ийн зөрчилд холбогдогчоор өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн эзэмшлийн *** УАЕ улсын дугаартай амьжиргаа цагаан цагаан машинтайгаа гэрийнхээ хаяаг манах гээд шороо зөөж байсан. Найз О надад туслах гээд ирсэн байсан. Би гэрийнхээ хажууд усан сангийн доод талаас шороо зөөж байсан. 18 цагийн үед хайрга ачаад гэр лүүгээ явж байхад зүс таних дүү Б нь “Тоёото Пилтер” маркийн машинтайгаа зам хаагаад зогсож байсан... чи миний үхэрнүүдийн хажуугаар машинтайгаа хурдтай явлаа гэж хэлээд намайг заамдаж байгаад нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би барьж байгаад зүүн гараараа Б-ын нүүр хэсэгт нь 2 удаа цохисон. Тэгэхэд Б зугтаагаад явсан. Миний хамраас цус гарч байсан болохоор би гэр лүүгээ явж хамрын цусаа угааж байхад 2 цагдаа ирээд намайг авч явсан.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 8 дугаар хуудас),

 

            Гэрч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүү Б-тай хамт машинд сууж байтал хажуугаар амьжиргаа цагаан маркийн машин мал үргээж хурдан давхисан. Тэгэхээр нь тэр машины араас сагналдахад тэр машин зогсож дотроос нь 2 эрэгтэй хүн бууж ирээд жолооч залуу нь манай хүүтэй маргалдаж заамдаад нүүрэнд нь 3-4 удаа цохисон. Тэгтэл нөгөө залуу нь манай хүүгийн нүүрэнд гараараа нэг удаа цохиж газарт унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би салгах гэтэл надад дийлдэхгүй байсан. Тэгж байгаад манай хүү зугтааж гүйгээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 9-11 дүгээр хуудас),

 

            Шүүгдэгч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** хорооллын хойд талд өөрийн амьжиргаа цагаан машиныг жолоодон явж байхад цагаан өнгийн машинтай залуу миний машиныг шахаж зогсоогоод намайг “хөгшин пизда минь үхрийн хажуугаар яаж яваад байгаа юм бэ” гэж хэлээд заамдаад миний хамар хэсэгт гараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд тэр залуугийн нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Тэр үед надтай хамт явж байсан О гэдэг залуу бид хоёрыг салгахад тэр залуу цааш гүйгээд явсан. Тухайн үед надтай зодолдсон залуу аавтайгаа хамт явж байсан. Би гэртээ очоод байж байтал надтай зодолдсон залуу хоёр цагдаа дагуулж ирсэн... шинжээч эмчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлүүдийг би учруулсан. Надаас өөр тэр залуутай зодолдож, ноцолдсон хүн байхгүй” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 12-14 дүгээр хуудас),

 

            Шүүгдэгч Х.О-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр **** хорооллын хойд талд байрлах Б ахын гэрт очоод... гэрийнх нь хаяаг манах гээд шороо ачаад явж байтал араас цагаан өнгийн машин сагналдаад байхаар нь Б ах машинаа зогсоотол цагаан өнгийн машин дотроос нэг залуу гарч ирээд чи үхрийн хажуугаар яаж яваад байгаа юм. Манай үхрийг дайрлаа гээд Б ахын хамар хэсэгт нь гараараа нэг удаа цохиод хамраас нь цус гарсан. Тэгээд тэр хоёр нэгнийхээ нүүр хэсэгт цохисон... тэр хоёрыг салгатал нөгөө залуу намайг цохих гэж дайрахаар нь би тэр залууг хавирч газарт унагаахад өөрөө босоод зугтаасан... тэр залуу газарт унахдаа баруун талын хавирга хэсгээрээ газарт унасан... Тэр залуу Б ах хоёр хоорондоо харилцан нэгнийхээ нүүр хэсэгт гараараа цохилцож байсан. Би хэн хэнийхээ нүүрэнд хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэр хоёр хоорондоо заамдалцаж, ноцолдоод байсан” гэх (Хавтас хэргийн 15-16 дугаар хуудас),

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11770 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Баруун дээд зовхи, хөмсөг орчим хаван хавдартай хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, баруун дээд зовхи гадна хэсэгт 1.2х1см хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн нүдний дээд зовхи гадна хэсэгт бага зэрэг хавдсан, бүдэг хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, эмзэглэлтэй. Хамрын нуруу эмзэглэлтэй, амьсгалд 2 талд чөлөөтэй. Хүзүүний зүүн хажуу хэсэгт 4х0.4см, баруун урд доод хэсэгт 2х4.0 см, цээжний баруун урд эгмийн дунд шугамаар 2-р хавирга орчим 1.8х1см хүрэн улаан өнгийн цус хуралттай. Өвчнүүдийн дээд 1/3 хэсэгт 4х0.1см арьсны өнгөц зулгаралттай.

2020.10.12 15:20 Лазер мед толгойн КТГ-д: Гавал ясанд хугаралгүй, хамар ясны баруун хажуу хана хугаралттай, баруун талын гойморын хөндийд 1.0х0.см полиптой. 2 талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн... тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Тархины бор цагаан эдийн хялгарал буурсан, бага зэргийн хавантай... эмч Л.Энхжин гэжээ... ДҮГНЭЛТ

1. Г.Б ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (Хавтас хэргийн 19-20 дугаар хуудас),

 

 Шүүгдэгч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би энэ ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед хохирогч залуутай харилцан зодолдсон нь үнэн. Гэхдээ би  тэр залуугаас өөрийнхөө биеийг хамгаалах гэж тэр залууг цохиж зодсон нь үнэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 27-30 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Х.О-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би дээрх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Б ыг цохиж зодоогүй. Хавирч газар унагаасан. Г.Б  ах Г.Б тай харилцан зодолдсон. Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлүүдийг би учруулаагүй” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 33-36 дугаар хуудас),        

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтас хэргийн 44, 48 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар (Хавтас хэргийн 66, 67 дугаар хуудас), мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн Г.Б ийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын төлөлтийн талаарх тодорхойлолт, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х.О-н , нийгмийн даатгалын төлөлтийн талаарх тодорхойлолт, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (33 хуудас),  хохиролтой холбоотой баримтууд (14 ширхэг), хохирол барагдуулсан талаарх (1 хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                                               

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчШүүгдэгч Г.Б  нь Х.О-тай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б ыг зүүн гараараа нүүр хэсэгт цохиж Г.Б ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт, хүзүү цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.О нь Г.Б той бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б ыг нүүр лүү нь өшиглөж, хавирга гэдэс рүү нь дэвсэж Г.Б ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт, хүзүү цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б , Х.О нарыг бүлэглэж хохирогч Г.Б ын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтайгэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Буяндэлгэр “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч олон удаа зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө зүүн нүд рүү Х.О цохисон гэсэн хэр нь дараа дахин мэдүүлэг өгөхдөө Х.О Г.Б той зууралдаж байхад олон удаа толгой руу цохисон. Сүүлд нь миний цээжинд дэвссэн. Мөн өмнө Г.Б ийг зодож цохиогүй гэсэн хэр нь хэлэлцүүлэгт Г.Б ийн хоолойг боосон боолтын улмаас цус гарсан байх. Эсхүл манай аав цохисон байх гэлээ. Миний элэг бөөр, зүрхэнд цохисон. Өвдөж байна. Хэрэг гарснаас хойших хугацаанд унаж байна гэлээ. Гэхдээ эдгээр мэдүүлэг нь үндэслэлгүй байгаа нь шинжээчийн дүгнэлт болон хэлэлцүүлэгт түүний өгсөн хариултуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Яагаад гэвэл хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар цааш хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрээс нь гэмтэл учирснаас хойш 90 цагийн дотор унаж татах шинж тэмдэг илэрнэ. Түүнээс цааш тийм шинж тэмдэг илрэхгүй гэж хэлсэн. Гэтэл хохирогч Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, хууль сануулсаар байтал худал мэдүүлэг өгч байна. Түүний мэдүүлэг нь үнэн зөв гэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй байна. Тийм учраас Г.О-г хамтарч зодсон гэх мэдүүлэг нь эргэлзээтэй байна. Миний үйлчлүүлэгч нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхдөө ч тэр, одоо ч тэр анхнаасаа үнэн зөв мэдүүлдэг. Өнөөдөр Г.Б  цохиулсан хэр нь хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй асуудал үүссэн. Түүнийг өөхшүүлж байгаа зүйл биш. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Г.Б ийг энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү.

Харин Х.О-н тухайд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд мэдүүлдэг бөгөөд түүнтэй адилаар Г.Б  мэдүүлдэг. Х.О энэ хэрэгт дэх оролцоо анхнаасаа салгасан байдаг. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд гэм буруугийн зарчмыг зааж өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр цээжин тус газар гэж, эгэм орчим гэдэг нь дээр байгаа юм. Эгэмд үрэлтээс цохилтоос, зууралтаас, заамдалцсанаар үүссэн байх боломжтой гээд байгаа учир шүүгдэгчид ашигтай байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Хохирогчийн мэдүүлээд байгаа бөөр лүү, зүрх рүү өшиглөсөн, дэвссэн. Толгой руу өшиглөсөн гэдэг зүйлүүд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байдаг. Х.О ч өөрийгөө хамгаалах гээд гэж мэдүүлдэг. Өөрт нь бодитой аюул тулгарсан тохиолдолд хамгаалж байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй. Мөн Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг атал Х.О-н хувьд нийлж зодох гэсэн санаа зорилго байгаагүй. Эдгээр хүмүүсийг салгах гэж оролцсон боловч өнөөдөр шүүгдэгчийн ширээнд сууж байна. Энэ хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд Х.О-г гэм буруугүйд тооцож өгнө үү” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.Б  нь Х.О-тай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б ыг зүүн гараараа нүүр хэсэгт цохиж тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт, хүзүү цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.О нь Г.Б той бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Б ыг нүүр лүү нь өшиглөж, хавирга гэдэс рүү нь дэвсэж Г.Б ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт, хүзүү цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай аав, ээж хоёр мал маллаж ** хорооллын хойд талд амьдардаг. Би 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр аавынхаа гэрт очсон байсан... өдрийн 18 цагийн үед би гудамжинд машин дотроо аавтай хамт сууж байхад хажуугаар амьжиргаа цагаан машинтай эрэгтэй хүн шаргах шахаад өнгөрсөн... би тэр машины араас сагналдахад тэр машин зогссон. Би тэр машины жолооч ахад та яаж яваад байгаа юм бэ. Манай малыг дайрчих гээд давхиад байх юм гэж хэлэхэд тэр машины жолооч ах машинаасаа бууж ирээд намайг ална гээд дайрсан. Тэр үед нь хажууд нь сууж явж байсан ах болиулсан... жолооч ах бид хоёр маргалдаж байгаад хоорондоо заамдалцахад жолооч ах миний баруун талын нүд, хацар, эрүү хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгтэл намайг цохисон ахтай хамт явж байсан ах миний зүүн талын нүдэнд гараараа 1 удаа цохисон... би газарт унасан. Газар унасан байхад хажууд нь хамт явж байсан ах миний зүүн талын нүдэнд гараараа миний хамар, эрүү, цээж, хавирга хэсэгт 4-5 удаа өшиглөсөн. Тэр үед манай аав тэр хүмүүсийг надаас салгах гээд салгаж чадахгүй байсан... би дэлгүүр очиж дуудлага өгсөн... Тархи доргилт хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт гэмтлүүдийг уг машиныг жолоодож байсан ах учруулсан. Хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт, зүүн нүдний гэмтлүүдийг машин жолоодож явсан ахтай хамт явж байсан ах учруулсан... би зодуулсандаа гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Б ын дахин өгсөн: “...Тэгэхэд Б машинаасаа бууж ирээд... чи муу юу вэ гэж хэлээд миний цамцнаас гараараа заамдаж байгаад зүүн гараараа миний баруун хөмсөг хэсэгт нэг удаа цохисон... намайг газар унасан байхад Б-тэй хамт явж байсан үл таних залуу миний нүүр лүү гараараа маш олон удаа цохисон. Би тухайн үед манараад хэн нь миний нүүр лүү цохиж байгааг хараагүй. Нэг ухаан ороход Б-тэй хамт явж байсан үл таних залуу миний хавирга гэдэс рүү хөлөөрөө 3-4 удаа дэвссэн... миний хамар луу дэвссэн. Намайг маш удаан зодсон. Манай аав Г салгах гээд чадаагүй. Арай гэж гуйгаад 102 дугаар луу залгасан. Батдоржийг зүс мэдэх төдий танина. Гэр нь манай гэрийн ойролцоо байдаг. Б миний нүүр лүү 2 удаа гараараа цохисон. Хамт явж байсан үл таних залуу нүүр лүү хөлөөрөө өшиглөж... хавирга гэдэс рүү дэвссэн... миний хамар хавдсан, баруун  хөмсөг шалбарч сэтэрсэн. Миний зүүн шанаа, хавирга, гэдэс маш их өвдөж байна.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 3-7 дугаар хуудас),

            Гэрч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүү Бтай хамт машинд сууж байтал хажуугаар амьжиргаа цагаан маркийн машин мал үргээж хурдан давхисан. Тэгэхээр нь тэр машины араас сагналдахад тэр машин зогсож дотроос нь 2 эрэгтэй хүн бууж ирээд жолооч залуу нь манай хүүтэй маргалдаж заамдаад нүүрэнд нь 3-4 удаа цохисон. Тэгтэл нөгөө залуу нь манай хүүгийн нүүрэнд гараараа нэг удаа цохиж газарт унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би салгах гэтэл надад дийлдэхгүй байсан. Тэгж байгаад манай хүү зугтааж гүйгээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (Хавтас хэргийн 9-11 дүгээр хуудас),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11770 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Баруун дээд зовхи, хөмсөг орчим хаван хавдартай хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, баруун дээд зовхи гадна хэсэгт 1.2х1см хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн нүдний дээд зовхи гадна хэсэгт бага зэрэг хавдсан, бүдэг хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, эмзэглэлтэй. Хамрын нуруу эмзэглэлтэй, амьсгалд 2 талд чөлөөтэй. Хүзүүний зүүн хажуу хэсэгт 4х0.4см, баруун урд доод хэсэгт 2х4.0 см, цээжний баруун урд эгмийн дунд шугамаар 2-р хавирга орчим 1.8х1см хүрэн улаан өнгийн цус хуралттай. Өвчнүүдийн дээд 1/3 хэсэгт 4х0.1см арьсны өнгөц зулгаралттай.

2020.10.12 15:20 Лазер мед толгойн КТГ-д: Гавал ясанд хугаралгүй, хамар ясны баруун хажуу хана хугаралттай, баруун талын гойморын хөндийд 1.0х0.см полиптой. 2 талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн... тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Тархины бор цагаан эдийн хялгарал буурсан, бага зэргийн хавантай... эмч Л.Энхжин гэжээ... ДҮГНЭЛТ

1. Г.Б ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (Хавтас хэргийн 19-20 дугаар хуудас) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Б  нь хохирогч Г.Б тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд халдаж байх явцад шүүгдэгч Х.О хохирогч Г.Б ыг хавирч унаган өшиглөх, дээрээс нь дэвсэх зэрэг үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Х.О хохирогч Г.Б-н эрүүл мэндэд халдаагүй, гэмтэл учруулаагүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.     

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, 3 дахь хэсэгт “...Довтолгоон төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж тус тус заасан.

 

            Шүүгдэгч Х.О нь хохирогч над руу дайрах явцад өөрийгөө хамгаалж хавирч унагасан гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч шүүгдэгч Х.О луу дайрч довтолсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Х.О-г үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б , Х.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж заасан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Г.Б , Х.О нар нь бүлэглэн хохирогчийг цохих, өшиглөх, дэвсэх зэргээр эрүүл мэндэд халдаж, хохирогч Г.Б ын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Г.Б д Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №11770 дугаартай дүгнэлтээр “тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Б , Х.О нарын нь хохирогч Г.Б ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Г.Б , Х.О нар нь бүлэглэж хохирогч Г.Б ын эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж заасан хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б , Х.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогчоос эмчилгээний зардалтай холбоотойгоор баримтуудыг гаргаж өгч, нийт 436,025 төгрөгийг баримттайгаар нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хохирогч гэм хор учирсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй.

 

Иймд хохирогч Г.Б аас баримтаар нэхэмжилсэн 436,025 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б , Х.О нар нь хувь тэнцүүлэн буюу 218,012 төгрөгийг шүүгдэгч Г.Б оос, 218,012 төгрөгийг шүүгдэгч Х.Отгонбаяраар нараас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.  

Шүүгдэгч Г.Б , Х.О нарын өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааны 20 минут завсарлуулах хүсэлт гаргаж, энэ хугацаанд хохирогч Г.Б  нь хохирол төлбөрийг авсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Г.Б  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Б , Х.О нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч “Шүүгдэгч Г.Б , Х.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Буяндэлгэр “Х.О нь дээд боловсролтой, ганцаараа амьдардаг. Г.Б  нь гэр бүлтэй, түүний эхнэр нь жирэмсэн. Өнөөдөр, маргааш гэлтгүй төрөх гэж байгаа. Г.Б , Х.О нар нь эрхэлсэн тодорхой ажилтай. Тогтсон орлоготой. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан ч тэр хохирогч сагналдаад зогсоосон. Г.Б ийг цохисон. Мөн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн гэмт хэрэг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид… учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзаж Г.Б , Х.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн барагдуулах боломж олгож өгнө үү” гэх дүгнэлт саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Г.Б , Х.О нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид… учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон.

 

Харин  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасанхохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнгэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Б , Х.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал болох эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Б , Х.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б , Х.О нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

                    

Шүүгдэгч Г.Б , Х.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Б, Х.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

 

2. Шүүгдэгч Г.Б , Х.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б , Х.О нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Б , Х.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Г.Б  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б , Х.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ