| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0153/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/180 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/180
2021 02 03 2021/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
Улсын яллагч Б.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б Н Б холбогдох эрүүгийн 2103 00000 0011 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
..............................................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 12 дугаар сарйн 16-ны өдрийн 10 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь Эхээс 17 орох шинэ зам, 597 дугаартай хашааны зүүн хойд талын замд “Тоёото Приус” маркийн 03-85 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас эсрэг урсгалд явж байсан “Hyundai Accent Verna” маркийн 70-93 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Hyundai Accent Verna” маркийн 70-93 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.О , зорчигч Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, урьдчилсан хэлэлцүүлэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч (Хавтаст хэргийн 4-11 дүгээр хуудас),
Хохирогч У.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 09 цаг өнгөрөөгөөд “Х.Аксент” маркийн 70-93 УБТ улсын дугаартай авто машинаа жолоодоод эхнэр Энхчимэг, 3 хүүхдийнхээ хамт тавуулаа Ботаник орохоор баруунаас зүүн чигт зорчих хэсгийн дугаар эгнээгээр 50 орчим км цагийн хурдтай явж байтал өөдөөс явж байсан жижиг ногоон өнгийн машин ойртож ирэх үед гэнэт тэс хөндлөн болж миний явсан эгнээ рүү ороод ирэхийг хараад би тоормос гишгэтэл түс тас хийж цааш нь юу болсныг санахгүй байна. Хэсэг хугацаанд эхнэр бид хоёр ухаан алдсан байна. Ухаан ороод харахад урд суудалд сууж явсан эхнэрийн орчмоос цус гарч байсан. 3 хүүхэд орилсон. Уйлж байсан. Миний баруун хөлийн өвдөг орчмоос цус гарч байсан. Бидний машиныг мөргөсөн жолооч хүрч ирээд ахаа уучлаарай машин жолоодлогогүй болчлоо. Таны бие гайгүй юу гэж хэлж байсан... Гадаа нартай тогтуун байсан. Зам сийрэг, эсрэг урсгалд машин байхгүй байсан... Д.Энхбаяр гэдэг хүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би 2020 оны 03 дугаар сард худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй байгаа... Жолоочид гомдолтой байна. Би ажлаа хийж чадахгүй болоод байна.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),
Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 09 цагийн үед би Ханын материалд байх гэрээсээ “Х.Аксент” маркийн 70-93 УБТ улсын дугаартай автомашиныхаа урд суудалд бага хүү 01 настай, эрэгтэй Галдангаа өвөр дээрээ суулгаад нөхөр Оюунбат жолоодоод хойд суудалд охин Анхзаяа 06 настай, эмэгтэй, охин Амин-Эрдэнэ 02 настай, эмэгтэй нар суугаад тавуулаа Батоник орохоор баруунаас зүүн чигт Дарь эхийн 17-ын шинэ замаар явж байтал эсрэг урсгалын жижиг машин өөдөөс явж байгаад ойртон ирэх үед хөндлөн гулгаж орж ирээд манай машинтай мөргөлдсөн. Энэ үед би урд салхины шилээ толгойгоороо мөргөж гэмтсэн. Хэсэг хугацаанд ухаан алдсан байна. Нэг сэрэхэд түргэн ирсэн байсан. Миний тэвэрч явсан бага хүү шоконд орсон байдалтай нүд нь хөдлөөд юу ч дуугарахгүй байсан. Миний толгойноос цус гарсан байсан. Бид нарыг түргэний эмч гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Нөгөө машины жолооч бууж ирсэн. Зүүн хөмсгөндөө 5 оёо, зовхиндоо 3 оёо тавиулсан, баруун гарын шууны яс хугарсан, баруун өвдөгний тойг хугарсан. Цээж хөндүүрлэнэ, зүүн хөлийн тавхай хөхөрсөн. Толгой жоохон өвдөнө. Бага хүү Галдангийн зүүн хацар хөхөрсөн. Баруун хөл дээрээ догонцоод байгаад байгаа. Дунд охин Амин-Эрдэнэ хоёр хоног халуурсан, том охин Анхзаяагийн баруун хацар хөхөрсөн, баруун хөлийн гуя, өвдөг орчмоор хөхөрсөн. Зовиур ажиглагдаагүй” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай 3 хүүхдийн биеийн байдал хэвийн зовиургүй байгаа. Ослын улмаас том охин Анхзаяагийн баруун хацар, баруун хөл хөхөрсөн байсан нь одоо арилсан. Бага хүү Галдангийн зүүн хацар хөхөрсөн байсан нь зүгээр болсон. Хүүхдүүдээ шүүх эмнэлэгт үзүүлсэн хариу нь гэмтэлгүй гэж гарсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
Иргэний нэхэмжлэгч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тээврийн хэрэгслээ Оюунбат гэх залууд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөгөөр худалдаж мөнгөө бэлнээр авсан. Бид хоёр тээврийн хэрэгслийнхээ шилжүүлгийг 2 хоногийн дараа хийе гэж хэлсэн боловч Оюунбат хөдөө яваад уг машинаа одоо хүртэл нэр дээрээсээ шилжүүлж амжаагүй байсан юм.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэгт 4х3 см хүрэн өнгийн зулгаралттай. Баруун өвдөгт мэс заслын 5 ширхэг оёдол бүхий шархтай. Баруун шилбэний дунд хэсгээс хөлийн үзүүр хүрсэн гөлтгөнөн боолттой... ДҮГНЭЛТ
1. У.О -н биед баруун өвдөг яс, баруун шагайн үений гадна хашлага ясны хугарал, баруун өвдөгт шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 170 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 6,0х6,5см талбайд хүрэн өнгийн зураасан зулгаралтуудтай, зүүн дээд зовхинд 4,0х0,2см, доод зовхинд 1,2х0,2см зах ирмэг тэгш бус шархтай, зүүн нүдний дээд, доод зовхинд тархмал хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн хацарт 4,0х2,5см талбайд зураасан зулгаралтуудтай, зүүн тавхайн дээд хэсэгт 4,0х5,0см хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун гар сарвууны ар хэсгээс тохой хүрсэн гөлтгөнөн аравч чигтэй, сойлттой, баруун хөл гуяны дунд хэсгээс шилбэний доод хэсэг хүрсэн гөлтгөнөн аравч чигтэй... ДҮГНЭЛТ
1. Б.Э -н биед баруун шуу яс, баруун тойгны ясны далд хугарал, зүүн зовхинд шарх, дух, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи, зүүн тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун хацарт 1х1 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дээд уруулын зүүн гадна хэсэгт 0,2х0,2 см хүрэн өнгийн цус хуралттай... ДҮГНЭЛТ
1. О.Галдан-н биед баруун хацарт цус хуралт, дээд уруулын гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 168 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун хацарт 2х1 см хөхөлбөр өнгийн цус хуралттай... ДҮГНЭЛТ
3. Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 169 дүгээр: “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн гуяны дунд хэсэгт 1х1 см хөхөлбөр өнгийн цус хуралттай... ДҮГНЭЛТ
3. Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),
“Арвижих Эстимейт” ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний тайлан (Хавтаст хэргийн 92-99 дүгээр хуудас),
2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Х.Эрдэнэтуулын магадалгаа (Хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас),
Хохиролтой холбоотой баримтууд (Хавтаст хэргийн 35-39 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Гэрч Л.Нямгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 7 хүүхэдтэй Б миний 5 дахь төрсөн хүү байгаа юм... миний хүү дуугай, томоотой, архи тамхи хэрэглэдэггүй. 8 дугаар анги төгссөн. Тэрнээс хойш хар ажил хийж байгаа. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),
Гэрч Н.Мягмарчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б миний төрсөн ах юм. Миний ах үнэнч шударга, төлөв даруу, юманд тууштай ханддаг. Ажилд их сайн. Ааш зан тогтуун дөлгөөн хүнд хэлэх гэснээ шууд хэлчихдэг. Архи тамхи огт хэрэглэдэггүй. Ховд аймагт 8 дугаар анги төгссөн. Манайх Улаанбаатарт 2002 онд нүүж ирсэн. Тэрнээс хойш манай ах барилгын ажил хийж байгаа. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 47 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтаст хэргийн 78 дугаар хуудас),
Жолоодох эрхийн лавлагаа (Хавтаст хэргийн 79 дүгээр хуудас),
Оршин суугаа хаягийн тодорхойлолт (Хавтаст хэргийн 80 дугаар хуудас),
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (Хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (Хавтаст хэргийн 82 дугаар хуудас),
Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа (Хавтаст хэргийн 83 дугаар хуудас),
Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас),
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт (Хавтаст хэргийн 85 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтаст хэргийн 86 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хохирол барагдуулсан талаарх баримт (Хавтаст хэргийн 142, 143, 144, 145, 146, 157, 158 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (Хавтаст хэргийн 159-160, 161 дүгээр хуудас) зэрэг болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Б ийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 12 дугаар сарйн 16-ны өдрийн 10 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь Эхээс 17 орох шинэ зам, 597 дугаартай хашааны зүүн хойд талын замд “Тоёото Приус” маркийн 03-85 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас эсрэг урсгалд явж байсан “Hyundai Accent Verna” маркийн 70-93 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Hyundai Accent Verna” маркийн 70-93 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.О , зорчигч Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч У.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 09 цаг өнгөрөөгөөд Х.Аксент маркийн 70-93 УБТ улсын дугаартай авто машинаа жолоодоод эхнэр Энхчимэг, 3 хүүхдийнхээ хамт тавуулаа Ботаник орохоор баруунаас зүүн чигт зорчих хэсгийн дугаар эгнээгээр 50 орчим км цагийн хурдтай явж байтал өөдөөс явж байсан жижиг ногоон өнгийн машин ойртож ирэх үед гэнэт тэс хөндлөн болж миний явсан эгнээ рүү ороод ирэхийг хараад би тормос гишгэтэл түс тас хийж цааш нь юу болсныг санахгүй байна. Хэсэг хугацаанд эхнэр бид хоёр ухаан алдсан байна. Ухаан ороод харахад урд суудалд сууж явсан эхнэрийн орчмоос цус гарч байсан. 3 хүүхэд орилсон. Уйлж байсан. Миний баруун хөлийн өвдөг орчмоос цус гарч байсан. Бидний машиныг мөргөсөн жолооч хүрч ирээд ахаа уучлаарай машин жолоодлогогүй болчлоо. Таны бие гайгүй юу гэж хэлж байсан... Гадаа нартай тогтуун байсан. Зам сийрэг, эсрэг урсгалд машин байхгүй байсан... Д.Энхбаяр гэдэг хүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би 2020 оны 03 дугаар сард худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй байгаа... Жолоочид гомдолтой байна. Би ажлаа хийж чадахгүй болоод байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),
Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 09 цагийн үед би Ханын материалд байх гэрээсээ Х.Аксент маркийн 70-93 УБТ улсын дугаартай автомашиныхаа урд суудалд бага хүү 01 настай, эрэгтэй Галдангаа өвөр дээрээ суулгаад нөхөр Оюунбат жолоодоод хойд суудалд охин Анхзаяа 06 настай, эмэгтэй, охин Амин-Эрдэнэ 02 настай, эмэгтэй нар суугаад тавуулаа Батоник орохоор баруунаас зүүн чигт Дарь эхийн 17-ын шинэ замаар явж байтал эсрэг урсгалын жижиг машин өөдөөс явж байгаад ойртон ирэх үед хөндлөн гулгаж орж ирээд манай машинтай мөргөлдсөн. Энэ үед би урд салхины шилээ толгойгоороо мөргөж гэмтсэн. Хэсэг хугацаанд ухаан алдсан байна. Нэг сэрэхэд түргэн ирсэн байсан. Миний тэвэрч явсан бага хүү шоконд орсон байдалтай нүд нь хөдлөөд юу ч дуугарахгүй байсан. Миний толгойноос цус гарсан байсан. Бид нарыг түргэний эмч гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Нөгөө машины жолооч бууж ирсэн. Зүүн хөмсгөндөө 5 оёо, зовхиндоо 3 оёо тавиулсан, баруун гарын шууны яс хугарсан, баруун өвдөгний тойг хугарсан. Цээж хөндүүрлэнэ, зүүн хөлийн тавхай хөхөрсөн. Толгой жоохон өвдөнө. Бага хүү Галдангийн зүүн хацар хөхөрсөн. Баруун хөл дээрээ догонцоод байгаад байгаа. Дунд охин Амин-Эрдэнэ хоёр хоног халуурсан, том охин Анхзаяагийн баруун хацар хөхөрсөн, баруун хөлийн гуя, өвдөг орчмоор хөхөрсөн. Зовиур ажиглагдаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай 3 хүүхдийн биеийн байдал хэвийн зовиургүй байгаа. Ослын улмаас том охин Анхзаяагийн баруун хацар, баруун хөл хөхөрсөн байсан нь одоо арилсан. Бага хүү Галдангийн зүүн хацар хөхөрсөн байсан нь зүгээр болсон. Хүүхдүүдээ шүүх эмнэлэгт үзүүлсэн хариу нь гэмтэлгүй гэж гарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэгт 4х3 см хүрэн өнгийн зулгаралттай. Баруун өвдөгт мэс заслын 5 ширхэг оёдол бүхий шархтай. Баруун шилбэний дунд хэсгээс хөлийн үзүүр хүрсэн гөлтгөнөн боолттой... ДҮГНЭЛТ
1. У.О -н биед баруун өвдөг яс, баруун шагайн үений гадна хашлага ясны хугарал, баруун өвдөгт шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 170 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 6,0х6,5см талбайд хүрэн өнгийн зураасан зулгаралтуудтай, зүүн дээд зовхинд 4,0х0,2см, доод зовхинд 1,2х0,2см зах ирмэг тэгш бус шархтай, зүүн нүдний дээд, доод зовхинд тархмал хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн хацарт 4,0х2,5см талбайд зураасан зулгаралтуудтай, зүүн тавхайн дээд хэсэгт 4,0х5,0см хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун гар сарвууны ар хэсгээс тохой хүрсэн гөлтгөнөн аравч чигтэй, сойлттой, баруун хөл гуяны дунд хэсгээс шилбэний доод хэсэг хүрсэн гөлтгөнөн аравч чигтэй... ДҮГНЭЛТ
1. Б.Э -н биед баруун шуу яс, баруун тойгны ясны далд хугарал, зүүн зовхинд шарх, дух, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи, зүүн тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас),
“Арвижих Эстимейт” ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 92-99 дүгээр хуудас),
2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Х.Эрдэнэтуулын магадалгаа (хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч Н.Б нь “Тоёото Приус” маркийн 03-85 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч У.О-ын эрүүл мэндэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаартай дүгнэлтээр “баруун өвдөг яс, баруун шагайн үений гадна хашлага ясны хугарал, баруун өвдөгт шарх, духанд зулгаралт” гэмтэл,
Хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 170 дугаартай дүгнэлтээр “баруун өвдөг яс, баруун шагайн үений гадна хашлага ясны хугарал, баруун өвдөгт шарх, духанд зулгаралт” гэмтэл тус тус тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монголын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 11.5 дахь заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч У.О , Б.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч У.Оюунбилэг, Б.Э нарт хохиролд 4,400,000 төгрөгийг төлсөн, хохирогч У.Оюунбилэг, Б.Э нар нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтийг гаргасан, иргэний нэхэмжлэгч Д.Энхбаяр нь нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Н.Б уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Н Б ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ