Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА/2022/0660

 

 

 

 

 

 

 

 

            “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ш

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Х” ХК

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.Г нар

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.Г нарын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн НА-35210000050 тоот нөхөн ногдуулалтын актын 3, 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 445 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ш, Б.С, өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 124/2022/0188/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х” ХК-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.Г нарт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.Г нарын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн НА-35210000050 тоот нөхөн ногдуулалтын актын 3, 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 445 дугаар шийдвэрээр: 

“Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х” ХК-ийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.Г нарын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн НА-35210000050 тоот нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Х” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.Г нарын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн НА-35210000050 тоот нөхөн ногдуулалтын актын 4 дэх хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ш дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1“...Татварын улсын байцаагчийн актын 3 дахь хэсэгт “...“Х Ө” ХХК орон сууцны 84 айлын барилгын захиалгын гэрээгээр 2020 онд орон сууцны борлуулалтын урьдчилгаа төлбөрт авсан 988.528.334 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, тайлагнаагүй, захиалагч нарт төлбөрийн /и-баримт/ олгоогүй... гэж бичигдсэн, гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.10-т дээрхийг үнэлэхдээ 2017-2020 оны борлуулалтад хамаатуулан дүгнэсэн нь үндэслэлгүй, харин ч дээрх актад зөвхөн 2020 оны борлуулалтыг л дурдсан байна.   

3.2.Иймд улсын байцаагч нарын актаар тогтоосон борлуулалт гэх орон сууцны урьдчилгаа төлбөр нь 2020 онд хамаарахаар байна. Гэтэл 2019 оны сүүл 2020 оны эхэн үеэс эхлэн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал үүссэнтэй холбоотойгоор УИХ-аас 2020 онд Татварын торгууль, алдангиас чөлөөлөх тухай хуулийг 2 удаа баталсан, харин хамрах хугацааг 2020 оны 2 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл гэж зааж өгсөн.

Уг хуулиар торгууль, алданги хүлээлгэхгүй байхаар иргэн, аж ахуйн нэгжид боломж олгосон байтал улсын байцаагчид болон анхан шатны шүүх дээрх байдлыг харгалзан үзэж, маргааныг шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөд хүргэж, улмаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар захиргааны байгууллага өөрийн үйл ажиллагаанд хуульд үндэслэх, хууль ёсны итгэл хамгаалах тусгай зарчмыг баримтлаагүй, УИХ-ын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний, мөн оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын торгууль, алдангиас чөлөөлөх тухай хуулиудыг тус тус зөрчсөн байна. .

Үүнээс гадна Ковид-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын шүүхүүд торгууль, алдангийн хэмжээг төлүүлэхгүй байхаар шийдвэр гаргаж байсан, энэ талаарх шүүхийн тогтсон практик байгааг анхаарч, манай компанийн эрх ашгийг хамгаалж өгнө үү.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 сарын 9-ний 445 дугаар шийдвэрийн 4.10 дахь хэсэгт заасан буюу тогтоох хэсгийн 1 дэх заалтад 39.514.133,36 төгрөгийн торгууль, 10.003.906,74 төгрөгийн алданги буюу нийт 49.518.040,1 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж, цар тахлын үеийн санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад туслалцаа үзүүлнэ үү.

4.Хариуцагч гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.“Х” ХХК-иас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлээ “…2020 онд орон сууцны урьдчилгаа төлбөр болох 988.528.334 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчилд ногдуулсан 98.852.833 төгрөгийн нөхөн татварыг бүрэн төлсөн, мөн холбогдох тайланг гаргасан учраас Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуульд заасны дагуу актаар тогтоосон 39.514.133 төгрөгийн торгууль, 10.003.906 төгрөгийн хүнээс тус тус чөлөөлөгдөх байсан…” гэж тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн нэмэлт тайлбартаа ч энэ талаар тусгаагүй, харин мөн оны 6 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс:

“…988 сая төгрөгтэй холбоотойгоор 9 худалдан авагч төлбөрөө 100 хувь төлсөн учраас НӨАТ-ыг шивсэн. Борлуулалт 2021 онд бүрэн хийгдсэн, энэ үед Ковидын цар тахалтай үе таарсан. Улсын Их Хурлаас 2020 оны 2 дугаар сарын 1
-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд 2 удаа хууль гаргасан, татварын ногдлоо төлчихөөд байхад акт тавьж алданги, торгууль ногдуулсан. 2020 оны татварын тайланд нэмэгдүүлээд 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр тайлагнасан…” гэх зэргээр нөхөн ногдуулалтын актын 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлээ дэлгэрүүлэн тайлбарласан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Үүнээс гадна шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3.2-т ч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан дээрх тайлбарыг тодорхой тусгасан атлаа энэ үндэслэлд дүгнэлт өгөөгүй, хэдийгээр давж заалдах гомдлын хүрээнд давж заалдах шатны шүүхээс үүнд дүгнэлт хийж болох ч, нэхэмжлэгчээс нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татварыг хэзээ, хэрхэн төлсөн талаарх, мөн уг татварын тайлагналтай холбоотой буюу Татварын торгууль, алдангиас чөлөөлөх тухай хуульд актаар ногдуулсан торгууль, алдангийг хамруулж болох эсэхийг шийдвэрлэхэд шаардлагатай баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Тухайлбал Татварын торгууль, алдангиас чөлөөлөх тухай хуулийг үйлчлэлийн хувьд 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх, 2020 оны 9 дүгээр сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааг тус тус хамруулан Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 9, 12 дугаар сарын 25-ны өдөр 2 удаа баталсан байх бөгөөд актаар ногдуулсан торгууль, алдангийг чөлөөлөх эсэх асуудал эдгээр хуулийн чухам алинд нь хамаарах эсэхийг шийдвэрлэхэд дээр дурдсан баримтууд нотолгооны ач холбогдолтой болно.

2.Нэхэмжлэгчийг 2020 онд орон сууцны захиалгын урьдчилгаанд нийт 988.528.334 төгрөгийн орлого олсон атлаа НӨАТ төлөөгүй зөрчил гаргасан гэж буруутгасныг шүүхийн шийдвэрт дүгнэхдээ маргаанд хамаарал бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1, 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.2-т заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн, өөрөөр хэлбэл хэдэн хувийн урьдчилгаа авснаас үл хамааран орлого олж л байгаа бол түүнийг борлуулалт гэж үзэх, тухайн борлуулалт бүрт НӨАТ-ын төлбөрийн баримт өгөх нь хуулийн шаардлага юм.

Гэвч давж заалдах гомдолд шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч гомдоогүй, гагцхүү нөхөн татвараас тооцсон торгууль, алдангийг чөлөөлүүлэхийг хүссэн, иймд холбогдох нотлох баримтыг цуглуулах зорилгоор шийдвэрийг хүчингүй болгосноор шүүхийн дээрх дүгнэлтийг үгүйсгэх үр дагаварт хүргэхгүй болохыг;

-мөн шийдвэрийн Х-спорт заалны өргөтгөлийн барилга байгууламжид үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулан төлж тайлагнаагүй гэх зөрчлийн талаарх нөхөн ногдуулалтын актын 4 дэх хэсгийг хүчингүй болгосон хэсэгт хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу энэ талаар дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянасан болохыг тус тус тэмдэглэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 445 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                     Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН