Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/255

 

 

  2021            3           03                                         2021/ШЦТ/255

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Э.Ариунболд,   

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Г.Тамир,

Шүүгдэгч М.С , түүний өмгөөлөгч Г.Мөнхзул нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........................................ нарт холбогдох эрүүгийн 2006 03953 2887 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

.........................................................

 

..........................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Б  нь 2020 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд нэн ховор амьтан болох борцгор бор хотон шувууны хушууг хадгалсан, тээвэрлэсэн,

            Шүүгдэгч М.С  нь 2013 оны 7 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын хооронд нэн ховор амьтан болох борцгор бор хотон шувууны хушууг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Б  шүүхийн хэлэлцүүлэгт “М.С тай ажлын найз нөхдийн холбоотой. 8 дугаар сарын сүүлээр түүнээс хошуу авсан. Нэн ховор амьтан гэдгийг би мэддэггүй байсан. Цагдаад баригдаад мэддэг болсон. Ийм зүйл хийсэнгээ гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч М.С  шүүхийн хэлэлцүүлэгт “2013 оны амралтаар наадмаа Баян-Өлгийд үзэх гээд эхнэр, хүүхдийн хамт явж байх замд Ховд аймагт явж байхад машины урд тал эвдрээд цааш явах боломжгүй болсон тул тэр өдрөө Ховдод хоноод маргааш өглөө Ховдын зах ороод эхнэр, хүүхдүүдээ явуулчхаад би машинаа засах гэж үлдсэн. Ойрхон нуур байхаар нь нуурын эрэгт гар нүүрээ угаах гэж, бас ус авах гэж очсон. Тэгэхэд зэгсэн дунд өмнө нь харж байгаагүй шувууны хошуу байхаар нь аваад угаасан. Машины сэлбэг ирээд машинаа зассан. Баян-Өлгийд очсоныхоо дараа найз нөхдөдөө үзүүлэхэд Хотон шувууны хошуу байна гэсэн. Тэгэхэд л Хотон шувууны хошуу гэдгийг мэдсэн. Харин авч байхдаа мэдээгүй. Уяач нар сонирхдог гэсэн бөгөөд тухайн Хотон шувууны хошуу нь хуучирсан сонирхохгүй гэхээр нь гэртээ авч ирээд балкон дээрээ тавьсан. 2020 оны 7 дугаар сард С.Б гийн морь түрүүлсэн талаарх зургаа faacebook-д оруулсан байсан. Би түүнтэй ярьж байгаад танай нутгийн уяач нар сонирхох болов уу, идэш болгочихмоор байна гэж хэлэхэд С.Б  тэгье гээд ганц, нэг хүн үзэж харья гэнэ. Хадландаа явах гэж байна гэхээр нь аваачиж өгсөн. С.Б  зар тавьсан. Тэгээд баригдсан.” гэв.

                                             

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хэргийн газрын үзлэг хийсэн: “... 98-29 УАК улсын дугаартай бүхээгтэй цагаан өнгийн Bongo III маркийн тээврийн хэрэгсэл байна. Үзлэгийг гаднаас дотогш чиглэлтэй явуулахаар тогтов... Үзлэгийн үл хөдлөх цэгээр уг тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр чанх урд талд 50 метрт байх 19 гэсэн дугаартай цагаан өнгийн 6 давхар байшинг авахаар тогтоов... тээврийн хэрэгслийг гаднаас нь дотогш явуулахаар тогтоож... үзлэг хийхэд эзэмшигч болох Сүхбаатарын Б г оролцуулав... жолоочийн хүрдний урд талын салоны хэсэг буюу урд салхины шилний доод ... хэсэгт цагаан өнгийн тортой зүйл байна... нээн үзэхэд 48 см урттай ямар нэгэн амьтны хошуу байх бөгөөд... эд мөрийн баримтаар тооцож, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-19 дүгээр хуудас),

 

Хохирогч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Монгол Улсын  амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Борцгор хотон шувуу нэн ховор амьтны жагсаалтад орсон. 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно гэж заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлд Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан. Нэн ховор амьтан тэдгэрийн түүхий эдийг цуглуулсан худалдсан худалдан авсан бол тухайн зүйл ан амьтныг агнасантай адилтган үзэж нөхөн төлбөр оногдуулна гэж хуульчилсан байгаа. Борцгор хотон шувууны экологи эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар 6.570.000 төгрөг гэж үнэлсэн. Үүнийг Амьтны тухай хуулийн дагуу 2 дахин үнэлхээр 13.140.000 төгрөг, амьтны аймагт учирсан хохирлыг хууль журмын дагуу нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг. Иймд хуулийн дагуу агнасан, барьсантай адилтгаж үзнэ” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас),   

 

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний шинжээчийн: “...

1. Хотонгийнхон (Pelecanidae) овгийн, хотон төрөлд хамаарагдах 1 бодгаль Борцгор хотон шувууны хушуу (толгойн араг, хушууны дээд, доод хэсгийн хамт) болохыг тогтоолоо.

Энэхүү БОРЦГОР ХОТОН (Pelecanus crispus) шувууны зүйл нь монгол оронд өндөглөн зусдаг, нэн ховор нүүдлийн шувуу. Их нууруудын хотгорын цөөн нууранд үрждэг. Говийн нуур, цөөрмүүдээр нүүдлийн үедээ ховор тохиолддог.

Хушуу, толгойн хамт 47,5см, хушуу дангаараа 39 см урт хэмжээтэй байна.Дух зулайг өд бүхий арьс нэлэнхүйдээ бүрхсэн. Өнгө хуучирч, хатан саарал болсон зулайгаасаа доош хушууны угруу түрж орж ирсэн арьсны хэлбэр, нүд тойрсон сарьс, өдний өнгө зэрэгээр нь Борцгор хотон шувуу болохыг тодорхойллоо.

Шувууны агнагдсан цаг хугацаа, нас, хүйсийг тодорхойлох боломжгүй.

Борцгор хотон шувуу нь монгол орны улаан номонд бүртгэлтэй. Мөн Амьтны тухай хуулийн 7.1 заалтаар Нэн ховор зүйлийн жагсаалтад орсон байдаг

Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны шалгуураар олон улсын хувьд “эмзэг”, Монгол орны хувьд “устаж болзошгүй” зэрэглэлд хамаарна. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн (CITES) нэгдүгээр хавсралтад бүртгэлтэй.

Борцгор хотон шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “АН АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ”-нд тусгагдсанаар 6570000 төгрөг байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),    

 

Шинжээч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Шувууны бие байхгүй болохоор тэр шувуу өөрөө үхсэн, агнагдсан, амьтанд бариулсан гэдгийг хараад тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хушууны хувьд хушуу бүрэн бүтэн, хуучирсан удсан болов уу гэж харагдахаар боловч яг цаг хугацаанд хадгалсан гэдгийг тогтоох боломжгүй болохоор шинжээчийн дүгнэлтэд тодорхойлох боломжгүй гэж тусгасан... Монгол улсад ийм төрлийн шинжилгээ хийдэг лаборатори байхгүй. Xэдэн жилийн өмнө агнагдсан гэдгийг тодорхойлох боломжгүй байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),    

 

Шүүгдэгч М.С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2013 оны 7 сард өөрийн нутаг Баян-Өлгий аймаг руу явж байхдаа Зэрэг сумын нуурын эрэг дагуу явж байгаад тэр шувууны хошууг олсон юм. Тэрнээс хойш 7 жил гаруй хугацаанд манай гэрт байсан. 2020 оны наадмаар Б морь уяад тэр нь түрүүлсэн гэж байсан. Тэгэхээр нь би надад хотон шувууны хошуу байгаа зараад өгөөч танай нутгийнхан сонирхох болвуу идэшний адуу болгоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд Б надад авч ирээд өгчих гэсэн. Би Б д 2020 оны 08 сарын сүүлээр хотон шувууны хошуу өгсөн. Б нутгийнхаа уяачидад үзүүлнэ гэж бодож байсан гэтэл facebook-ийнхаа групп дээр хотонгийн хошуу зарна гэж зар тавиад цагдаад нарт баригдсан гэж хэлсэн. Хотон шувууг нэн ховор амьтан, эд эрхтэнийг зарах хориотой гэдгийг мэдээгүй. Хошууг зэгс өвсөн дундаас олсон. Сонирхоод ямар шувууны хошуу гэдгийг ч мэдээгүй. Тэгээд нутагтаа очоод замдаа ийм юм олсон гээд үзүүлэхэд хотон Хотон шувууны хошуу байна. Морины хусуур болгож ашигладаг уяачид их авдаг гэж хэлж байсан. Тэгээд Улаанбаатарт гэртээ авч ирээд ганц хоёр хүмүүст сонирхохуу гэж хэлэхэд энэ чинь их өгөршсөн муу юм байна ийм хошууг хүмүүс авахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь юманд боогоод тавьчихсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139-140 дугаар хуудас),

 

Шүүгдэгч С.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 8 дугаар сарын сүүлээр манай компанийн хөдөө орон нутгийн борлуулагч С гэх залуу идэшний адуу болгоод өгчих гэж надад өгсөн. Би аваад 10 гаруй хонож байсан. Зарах гэж байгаад цагдаа нарт баригдсан. Сакенаас шувууны хошуугаа аваад удалгүй зар тавьсан байсан. Тэгээд зар тавьснаас хойш хошууг чинь авья гэж утсаар яриад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудал дээр байхад цагдаа нар байсан. Би борцгор хотон шувууны хошууг зарах гэдгийг хууль бус гэдгийг мэдэхгүй байсан. Хууль бус зүйл гэдгийг мэддэг байсан бол би өөрийнхөө хаягаар зарна гэж групп дээр тавихгүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа  (хавтаст хэргийн 45, 46 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 49-54 дүгээр хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 57, 58 дугаар хуудас),

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 61-86, 87-119 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 123, 124 дүгээр хуудас) мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн “Ган Шанд” ХХК-ийн тодорхойлолт (2 хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б  нь 2020 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд, шүүгдэгч М.С  нь 2013 оны 7 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын хооронд “Нэн ховор амьтан” болох “Борцгор бор хотон шувууны хушуу”-г хадгалсан, тээвэрлэсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хэргийн газрын үзлэг хийсэн: “... 98-29 УАК улсын дугаартай бүхээгтэй цагаан өнгийн Bongo III маркийн тээврийн хэрэгсэл байна. Үзлэгийг гаднаас дотогш чиглэлтэй явуулахаар тогтов... Үзлэгийн үл хөдлөх цэгээр уг тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр чанх урд талд 50 метрт байх 19 гэсэн дугаартай цагаан өнгийн 6 давхар байшинг авахаар тогтов... тээврийн хэрэгслийг гаднаас нь дотогш явуулахаар тогтож... үзлэг хийхэд эзэмшигч болох Сүхбаатарын Б г оролцуулав... жолоочийн хүрдний урд талын салоны хэсэг буюу урд салхины шилний доод ... хэсэгт цагаан өнгийн тортой зүйл байна... нээн үзэхэд 48 см урттай ямар нэгэн амьтны хошуу байх бөгөөд... эд мөрийн баримтаар тооцож, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-19 дүгээр хуудас),

Хохирогч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Монгол Улсын  амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Борцгор хотон шувуу нэн ховор амьтны жагсаалтад орсон. 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно гэж заасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлд Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан. Нэн ховор амьтан тэдгэрийн түүхий эдийг цуглуулсан худалдсан худалдан авсан бол тухайн зүйл ан амьтныг агнасантай адилтган үзэж нөхөн төлбөр оногдуулна гэж хуульчилсан байгаа. Борцгор хотон шувууны экологи эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар 6.570.000 төгрөг гэж үнэлсэн. Үүнийг Амьтны тухай хуулийн дагуу 2 дахин үнэлхээр 13.140.000 төгрөг, амьтны аймагт учирсан хохирлыг хууль журмын дагуу нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг. Иймд хуулийн дагуу агнасан, барьсантай адилтгаж үзнэ” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас),   

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний шинжээчийн: “...

1. Хотонгийнхон (Pelecanidae) овгийн, хотон төрөлд хамаарагдах 1 бодгаль Борцгор хотон шувууны хушуу (толгойн араг, хушууны дээд, доод хэсгийн хамт) болохыг тогтоолоо.

Энэхүү БОРЦГОР ХОТОН (Pelecanus crispus) шувууны зүйл нь монгол оронд өндөглөн зусдаг, нэн ховор нүүдлийн шувуу. Их нууруудын хотгорын цөөн нууранд үрждэг. Говийн нуур, цөөрмүүдээр нүүдлийн үедээ ховор тохиолддог.

Хушуу, толгойн хамт 47,5см, хушуу дангаараа 39 см урт хэмжээтэй байна.Дух зулайг өд бүхий арьс нэлэнхүйдээ бүрхсэн. Өнгө хуучирч, хатан саарал болсон зулайгаасаа доош хушууны угруу түрж орж ирсэн арьсны хэлбэр, нүд тойрсон сарьс, өдний өнгө зэрэгээр нь Борцгор хотон шувуу болохыг тодорхойллоо.

Шувууны агнагдсан цаг хугацаа, нас, хүйсийг тодорхойлох боломжгүй.

Борцгор хотон шувуу нь монгол орны улаан номонд бүртгэлтэй. Мөн Амьтны тухай хуулийн 7.1 заалтаар Нэн ховор зүйлийн жагсаалтад орсон байдаг

Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны шалгуураар олон улсын хувьд “эмзэг”, Монгол орны хувьд “устаж болзошгүй” зэрэглэлд хамаарна. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн (CITES) нэгдүгээр хавсралтад бүртгэлтэй.

Борцгор хотон шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “АН АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ”-нд тусгагдсанаар 6570000 төгрөг байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),    

Шинжээч Б.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Шувууны бие байхгүй болохоор тэр шувуу өөрөө үхсэн, агнагдсан, амьтанд бариулсан гэдгийг хараад тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хушууны хувьд хушуу бүрэн бүтэн, хуучирсан удсан болов уу гэж харагдахаар боловч яг цаг хугацаанд хадгалсан гэдгийг тогтоох боломжгүй болохоор шинжээчийн дүгнэлтэд тодорхойлох боломжгүй гэж тусгасан... Монгол улсад ийм төрлийн шинжилгээ хийдэг лаборатори байхгүй. Xэдэн жилийн өмнө агнагдсан гэдгийг тодорхойлох боломжгүй байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),    

Шүүгдэгч М.С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2013 оны 7 сард өөрийн нутаг Баян-Өлгий аймаг руу явж байхдаа Зэрэг сумын нуурын эрэг дагуу явж байгаад тэр шувууны хошууг олсон юм. Тэрнээс хойш 7 жил гаруй хугацаанд манай гэрт байсан. 2020 оны наадмаар Б морь уяад тэр нь түрүүлсэн гэж байсан. Тэгэхээр нь би надад хотон шувууны хошуу байгаа зараад өгөөч танай нутгийнхан сонирхох болвуу идэшний адуу болгоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд Б надад авч ирээд өгчих гэсэн. Би Б д 2020 оны 08 сарын сүүлээр хотон шувууны хошуу өгсөн. Б нутгийнхаа уяачидад үзүүлнэ гэж бодож байсан гэтэл facebook-ийнхаа групп дээр хотонгийн хошуу зарна гэж зар тавиад цагдаад нарт игдсан гэж хэлсэн. Хотон шувууг нэн ховор амьтан, эд эрхтэнийг зарах хориотой гэдгийг мэдээгүй. Хошууг зэгс өвсөн дундаас олсон. Сонирхоод ямар шувууны хошуу гэдгийг ч мэдээгүй. Тэгээд нутагтаа очоод замдаа ийм юм олсон гээд үзүүлэхэд хотон Хотон шувууны хошуу байна. Морины хусуур болгож ашигладаг уяачид их авдаг гэж хэлж байсан. Тэгээд Улаанбаатарт гэртээ авч ирээд ганц хоёр хүмүүст сонирхохуу гэж хэлэхэд энэ чинь их өгөршсөн муу юм байна ийм хошууг хүмүүс авахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь юманд боогоод тавьчихсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139-140 дугаар хуудас),

Шүүгдэгч С.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 8 дугаар сарын сүүлээр манай компанийн хөдөө орон нутгийн борлуулагч С гэх залуу идэшний адуу болгоод өгчих гэж надад өгсөн. Би аваад 10 гаруй хонож байсан. Зарах гэж байгаад цагдаа нарт баригдсан. Сакенаас шувууны хошуугаа аваад удалгүй зар тавьсан байсан. Тэгээд зар тавьснаас хойш хошууг чинь авья гэж утсаар яриад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудал дээр байхад цагдаа нар байсан. Би борцгор хотон шувууны хошууг зарах гэдгийг хууль бус гэдгийг мэдэхгүй байсан. Хууль бус зүйл гэдгийг мэддэг байсан бол би өөрийнхөө хаягаар зарна гэж групп дээр тавихгүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Б , М.С  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

                                    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй ...түүхийн эдийн тээвэрлэсэн хадгалсан бол...” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-д “Монгол иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж тус тус заасан.

 

Амьтны тухай хуулиар амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтад “нэн ховор амьтан” гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг ойлгоно гэжээ.

 

Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр тухайн шувууны толгой, хушуу нь “Хотонгийнхон (Pelecanidae) овгийн, хотон төрөлд хамаарагдах 1 бодгаль Борцгор хотон шувууны хушуу (толгойн араг, хушууны дээд, доод хэсгийн хамт) болохыг тогтоосон байна.

 

Мөн Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Нэн ховор амьтанд ... Борцгор хотон /Pelicanus crispus/,...зэрэг амьтан хамаарна” гэж заасан байх тул гэмт хэргийн халдлагын зүйл болох борцгон хотон шувууны толгой, хушууг нэн ховор амьтан, түүний түүхийн эд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

       

Түүнчлэн Амьтны тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно”, мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт “...нэн ховор амьтны ...бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.”, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.”, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч С.Б , М.С  нар нь нэн ховот амьтан болох “Борцгор хотон” шувууны толгой, хушууг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөлгүй хадгалж, тээвэрлэсэн нь Амьтны тухай хуулийг зөрчсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Мөн шүүгдэгч С.Б , М.С  нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч С.Б , М.С  нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй … тэдгээрийн түүхий эдийг… тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.С ий өмгөөлөгч Г.Мөнхзул шүүх хуралдаанд “Шүүгдэгчийн хувьд хотон шувууны хошууг 2013 оны 07 дугаар сард санамсаргүй тохиолдлоор олж авсан. Үүнийг шүүгдэгч нь үрэгдсэн ан амьтны сэвтэй таарч авснаас хойш 7 жилийн хугацаа өнгөрсөн. Шүүгдэгч нь тухайн үедээ ямар шувууны толгой, яс гэдгийг мэдээгүй. Шүүгдэгч үүнийг санаатай олж аваагүй, сонин содон хийцтэй учраас авсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа. ... Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Шинжээчийн дүгнэлтээр нэн ховор борцгор хотон шувууны түүхий эд гэх толгой хошууг нь санаандгүй тохиолдлоор олж аваад хадгалсан үйлдлийг санаатай хийсэн мэтээр үзэж нэн ховор амьтанд тооцогддог хотон шувууг зөвшөөрөлгүй барьсан, агнасан, түүний эд хошууг тээвэрлэсэн, хадгалсан үйлдлийг санаатай хэлбэрээр олж авсан гэж зүйлчилж байгаа нь тухайн гэмт хэргийн субъектив талыг үгүйсгэж байна. Гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн заалт байдаг. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хотон шувууны хошууг 2013 онд Ховд аймгийн Зэрэг сумаас олж авсан гэдэг нь гэрч, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогддог. Хэрэв шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шинжтэй гэж үзэх юм бол гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг тогтоох ёстой бөгөөд шүүгдэгчийн нэн ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан гэж үзэж байгаа бол анх олсон цаг хугацаанаас эхэлж тоолох ёстой. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоох нь тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зэрэгт шууд нөлөөлдөг. 

2013 оны 7 сард олж авсан гэдгийг хэлсэн байгаа. Үүнийг гэрчилж эхнэр нь хэлсэн байдаг. Хадгалсан гэдэг дээр анх олж авсан хугацааг нь тогтоох ёстой бөгөөд цаг хугацааны асуудал бол хамгийн чухал. Хэдий хадгалсан байсан ч анх хадгалсан цаг хугацааг харж үзэж тоолох ёстой. Тэр хугацаа нь 2020 оны 07 дугаар сараас эхэлж байгаа. Миний үйлчүүлэгчийн хувьд 7 сард олж авснаасаа хойш Б д өгч хүнд үзүүлэх гэж байсан. анх үйлчилсэн хугацаа нь 2013 оны 07 дугаар сард эхлэнэ” гэсэн санал дүгнэлт гаргасан.

Харин шүүгдэгч С.Б гийн өмгөөлөгч Г.Тамир “гэм буруу дээр маргах зүйлгүй” гэсэн болно.

Шүүгдэгч С.Б , М.С  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй … тэдгээрийн түүхий эдийг… тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл уг гэмт хэргийн объектив, субъектив талын шинжүүдийг агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч М.С  нь 2013 оны 7 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын хооронд “Нэн ховор амьтан” болох “Борцгор бор хотон шувууны хушуу”-г хадгалсан байх ба гэмт хэрэг үйлдсэн хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасны дагуу гэмт хэрэг таслан зогсоогдсон үеэс буюу 2020 оны 8 дугаар сараас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бий болоогүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч М.С ий өмгөөлөгч Г.Мөнхзулын гаргасан санал дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.25 дахь заалтад ”амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ гэж тухайн зүйл амьтны амьдрах орчин болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон амьтны мөнгөн үнэлгээг.” ойлгоно гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.”, 37.3 дахь хэсэгт “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан...этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна...” гэж  тус тус заажээ.

 

 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр “... Борцгор хотон шувууны экологи эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “АН АМЬТНЫ ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ”-нд тусгагдсанаар 6570000 төгрөг байна” гэсэн байх бөгөөд хохирогч Ц.Ц  “Борцгор хотон шувууны экологи эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар 6.570.000 төгрөг гэж үнэлсэн. Үүнийг Амьтны тухай хуулийн дагуу 2 дахин үнэлхээр 13.140.000 төгрөг” гэж мэдүүлсэн байна.

 

            Борцгор хотон шувууны толгой, хушуу 6.570.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хоёр дахин өсгөж тогтооно гэсний дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 13.140.000 төгрөг гэж тогтоох нь зүйтэй байна.     

 

Иймд шүүгдэгч С.Б , М.С   нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, 37.1 дэх хэсэгт заасан “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэснийг үндэслэн шүүгдэгч С.Б , М.С  нараас амьтны аймагт учирсан хохирол болох 13.140.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 6.570.000 төгрөг гаргуулж Нийслэлийн байгал орчны газарт орлого болгохоор шийдвэрлэв.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Б , М.С  нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч С.Б , М.С  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч Э.Ариунболд “Шүүгдэгч М.Б , М.С  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хотон шувууны хошууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.Б гийн өмгөөлөгч Г.Тамир “Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн.  Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн,   болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд шүүхээс тогтоосон торгуулийн ялыг төлөх боломжтой учраас Эрүүгийн хуулийн тусгай анг ийн 24.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хамгийн бага буюу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү. Хэрвээ миний үйлчлүүлэгчид торгуулийн ял оногдуулсан тохиолдол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.С ы өмгөөлөгч Г.Мөнхзул “Шүүгдэгч М.С  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас тус хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хамгийн бага торгуулийн ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.Б , М.С  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хууль зүйн мэдлэг боловсролгүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгын удирдлага болон  шүүгдэгч С.Б , М.С  нарт тус бүрт  10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б , М.С  нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, түүнд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б , М.С  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 48 см урттай, цайвар шаргал өнгөтэй, борцгор хотон шувууны хошууг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

                                                           

Шүүгдэгч С.Б , М.С  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б, С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй тэдгээрийн түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Б , М.С  нарт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б , М.С  нарт оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б , М.С  нараас амьтны аймагт учирсан хохирол болох 13.140.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 6.570.000 төгрөг гаргуулж, Нийслэлийн байгаль орчны газарт орлого болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 48 см урттай, цайвар шаргал өнгөтэй, борцгор хотон шувууны хошууг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгав

 

7. Шүүгдэгч С.Б , М.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Б , М.С   нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ