Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/244

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2021          3           01                                          2021/ШЦТ/244

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Б.Оюунцэцэг,   

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Шүүгдэгч Ө.О нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ............................ холбогдох эрүүгийн 2006 00000 2943 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

.................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ө.О нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван бадрах” хүнсний дэлгүүрт хохирогч Б.Н-ийн өмчлөлийн барьцаанд тавьсан байсан Samsung Galaxy A10 S загварын гар утсыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах хууль ёсны эрхтэй мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, дэлгүүрийн худалдагчаас шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж, хохирогч Б.Н-д 359.200 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ө.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байгаа. Элэгний цероз гэсэн онош тогтоогдсон. Юм ярихаар цусаар бөөлжих гээд байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цаг 30 минут орчим Баянзүрх дүүргийн Дарь эх орчимд... автомашинтай явж байсан. Тэгээд дэлгүүрийн үүдэнд зам асуух гэж байгаад нэг эмэгтэйтэй таараад зам асуугаад танилцсан... хажууд байсан дэлгүүрт ороод 19.800 төгрөгөөр архи, ундаатай авсан. Мөнгөгүй байсан тул өөрийн Samsung 10 S маркийн гар утсаа барьцаанд үлдээгээд явсан. Тэр эмэгтэйн гэрт нь ороод архи уугаад 40 минутын дараа тэндийхээс явсан. Нөгөө дэлгүүртээ маргааш орой нь 21 цагийн орчимд утсаа авахаар ороход худалдагч нь чамтай хамт явж байсан эмэгтэй мөнгө өгөөд авсан гэхээр нь би нөгөө эмэгтэйтэй уулзахад намайг танихгүй. Миний гар утсыг аваагүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас),

 

Гэрч Э.Удвалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “Гурван бадрах” нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. 2020 оны 11 дүгээр сарын эхээр зүс таних Оюунаа үл таних залуугийн хамтаар орж ирсэн... нэгнийгээ хайраа гэж дуудаад байсан... 1 шил архи, ундаатай аваад маркийн мэдэхгүй гар утас үлдээсэн. Бид хоёр орой орж ирж авья гэж байсан... тэр гар утсыг эрэгтэй нь гаргаж өгч байсан... би хамт явж байсан болохоор нь итгээд авсан. Тэр өдрийн орой 17 цаг өнгөрөөд Оюунаа нь ганцаараа орж ирсэн ба барьцаанд тавьсан гар утсаа авья гэсэн. 1 шил архи, 1 ундааны мөнгө 20.000 төгрөг болсон. Мөнгөө төлөөд Оюунаа нь гар утсыг нь аваад гарсан... ганцаараа орж ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Ө.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ... тэр өдөр би үл таних залуутай тааралдаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн... архийг миний танилцсан залуу авсан. Манай гэрийн хажууд байх дэлгүүрээс тэр залуу гар утсаа барьцаанд тавиад авсан... би гадуур яваад ирье амарч бай гэтэл чи ирэхдээ миний гар утсыг аваад ирээрэй гэсэн. Тэгээд явах гэтэл тэр залуу хамт явна гээд тэр залуу гэрээс гарсан ба ... би худынхаа хамтаар явж байгаад гар утсаа аваарай гэснийг нь санаад худаасаа мөнгө зээл аваад гар утсыг нь авсан. Тэгээд би худын хамтаар хайлааст явсан ба эргэж ирээд тэр залуугийн гар утсыг өгье гэж бодсон боловч холбоо барьж чадаагүй... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас),     

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст Б.Нүрзэдээс хандаж гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 73 дугаар хуудас),  

Шүүгдэгч Ө.Оюунбилэгээс Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),

Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас),    

    

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Хүүхдийн төрсний гэрчилгээ (хавтаст хэргийн 27, 84 дугаар хуудас),

Амбулаториор эмчлүүлэгдсийн карт (хавтаст хэргийн 28-35 дугаар хуудас),

Шинжилгээний хариунууд (хавтаст хэргийн 36-42 дугаар хуудас),      

Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас),

Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 8/2441 албан тоот (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

Хэвтэх бичиг (хавтаст хэргийн 83 дугаар хуудас),    

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хууда),

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дугаар хуудас),

Оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 82 дугаар хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

                                                

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ө.О нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван бадрах” хүнсний дэлгүүрт хохирогч Б.Н-ийн өмчлөлийн барьцаанд тавьсан байсан Samsung Galaxy A10 S загварын гар утсыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах хууль ёсны эрхтэй мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, дэлгүүрийн худалдагчаас шилжүүлэн авч залиллаж, хохирогч Б.Н-д 359.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цаг 30 минут орчим Баянзүрх дүүргийн Дарь эх орчимд... автомашинтай явж байсан. Тэгээд дэлгүүрийн үүдэнд зам асуух гэж байгаад нэг эмэгтэйтэй таараад зам асуугаад танилцсан... хажууд байсан дэлгүүрт ороод 19.800 төгрөгөөр архи, ундаатай авсан. Мөнгөгүй байсан тул өөрийн Samsung 10 S маркийн гар утсаа барьцаанд үлдээгээд явсан. Тэр эмэгтэйн гэрт нь ороод архи уугаад 40 минутын дараа тэндийхээс явсан. Нөгөө дэлгүүртээ маргааш орой нь 21 цагийн орчимд утсаа авахаар ороход худалдагч нь чамтай хамт явж байсан эмэгтэй мөнгө өгөөд авсан гэхээр нь би нөгөө эмэгтэйтэй уулзахад намайг танихгүй. Миний гар утсыг аваагүй. Тэгээд би цагдаагийн йбайгуллагад хандаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас),

Гэрч Э.Удвалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “Гурван бадрах” нэртэй хүнсний дэлгүүрийг ажилуулдаг. 2020 оны 11 дүгээр сарын эхээр зүс таних Оюунаа үл таних залуугийн хамтаар орж ирсэн... нэгнийгээ хайраа гэж дуудаад байсан... 1 шил архи, ундаатай аваад маркын мэдэхгүй гар утас үлдээсэн. Бид хоёр орой орж ирж авья гэж байсан... тэр гар утсыг эрэгтэй нь гаргаж өгч байсан... би хамт явж байсан болохоор нь итгээд авсан. Тэр өдрийн орой 17 цаг өнгөрөөд Оюунаа нь ганцаараа орж ирсэн ба барьцаанд тавьсан гар утсаа авья гэсэн. 1 шил архи, 1 ундааны мөнгө 20.000 төгрөг болсон. Мөнгөө төлөөд Оюунаа нь гар утсыг нь аваад гарсан... ганцаараа орж ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),

Шүүгдэгч Ө.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ... тэр өдөр би үл таних залуутай тааралдаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн... архийг миний танилцсан залуу авсан. Манай гэрийн хажууд байх дэлгүүрээс тэр залуу гар утсаа барьцаанд тавиад авсан... би гадуур яваад ирье амарч бай гэтэл чи ирэхдээ миний гар утсыг аваад ирээрэй гэсэн. Тэгээд явах гэтэл тэр залуу хамт явна гээд тэр залуу гэрээс гарсан ба ... би худынхаа хамтаар явж байгаад гар утсаа аваарай гэснийг нь санаад худаасаа мөнгө зээл аваад гар утсыг нь авсан. Тэгээд би худын хамтаар хайлааст явсан ба эргэж ирээд тэр залуугийн гар утсыг өгье гэж бодсон боловч холбоо барьж чадаагүй... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас),    

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Шүүгдэгч Ө.О нь “Гурван бадрах” хүнсний дэлгүүрт барьцаанд тавьсан хохирогч Б.Н-ийн өмчлөлийн Samsung Galaxy A10 S загварын гар утсыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах хууль ёсны эрхтэй мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, дэлгүүрийн худалдагчаас шилжүүлэн авсан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О нь залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болсон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ө.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Б.Н нь өөрийн эзэмшлийн Samsung Galaxy A10 S загварын гар утсаа хүлээн авсан, хохирлоо барагдуулсан гэж хүсэлтдээ дурдсан байх тул шүүгдэгч Ө.О-ийн хохирогч Б.Н-д төлөх төлбөргүй гэж үзэв.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ө.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх саналыг танилцуулж, Ө.О уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

            Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болногэж, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүний өрх толгойлсон эх, бага насны буюу 3 насны хүүхэдтэй, архаг элэгний цероз өвчтэй зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-т оногдуулах ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Ө.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б Ө О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-т оногдуулах ялаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ