Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/260

 

 

    2021         3          03                                               2021/ШЦТ/260         

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч К.Чимгээ,   

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

Шүүгдэгч Н.Х-Э  нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Х-Э д холбогдох эрүүгийн 1806 09242 0155 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

............................................................

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Х-Э  нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн найз Наранбатын хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Ийст төвийн орчим хохирогч Б.Б-ын хажуугаар зөрж гарахдаа мөрлөж, улмаар толгойгоороо мөргөж, цохиж халаасанд нь байсан “Samsung Galaxy J7 загварын гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэн довтлон авч хохирогчид 432.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Х-Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Х-Э  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Хэргийн үйл баримтын талаар

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн найз Наранбатын хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Ийст төвийн орчим явган хүний замаар өгсөөд 13 дугаар хороолол чиглэлд өгсөөд явж байтал урд байсан хоёр хүний нэг нь нэгэндээ дохио зангаа өгөөд өөдөөс тосож ирээд манай найз Наранбатыг мөрлөсөн... Наранбат зүгээр байхад зүгээр байгаарай гэж хэлсэн. Бид хоёр үргэлжлүүлээд цааш явж байтал... гурвуулаа болоод араас гүйцэж ирсэн... гүйцэж ирээд миний утсыг авсан залуу нь манай найзыг цохих шиг болсон. Гурван хүний нэг нь манай найзыг барьж байсан... би салгах гээд очих гэтэл хоёр нь намайг саатуулж байх хооронд нөгөө залуу нь нэгэнтэйгээ солигдож ирээд миний өөдөөс тулж ирээд уруул руу нэг удаа мөргөөд, толгой руу нэг удаа цохиод халааснаас юм авах шиг болоод зам гараад явсан... би баруун халаасанд байсан Samsung J7 маркийн гар утсаа үзтэл аваад явсан байсан.” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Наранбат тэр хоёр дээр дахин үл таних нэг залуу ирчихсэн гурвуулаа болоод байгааг сайн анзаараагүй. Миний дээрэмдүүлсэн гар утсыг удалгүй Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нэг байцаагч өгч байсан... надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34, 37-38 дугаар хуудас),

 

Гэрч Д.Энх-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай найз Амармэнд над руу утсаар холбогдоод би хөдөө ажилтай завгүй байна. Манай дүү Улаакаа цагдаа дээр асуудалтай байгаа юм шиг байна. Чи нэг очоод уулзаад өгөөч гэж хэлсэн бөгөөд би Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирэхэд Мэндсайхан, Х хоёр цагдаагийн хэлтэст байсан бөгөөд... байцаагчаас... энэ хоёр хүүхэд хүүхдийн утас дээрэмдсэн гэж хэлсэн. Тэгээд би яах ёстой вэ гэж асуухад одоо хохирлыг нь барагдуулна... батлан даалтад авах боломжтой гэж хэлсэн. Тэгээд би Мэндсайхан, Х хоёрыг батлан даалтад аваад... дагуулан машинтайгаа цагдаагийн хэлтсээс гарч явсан. Цагдаагийн хэлтсээс гарч яваад дөрвөн замын уулзвар дээр байрлах шатсан Ийст төв рүү явсан... Ийст төвийн дэргэд иртэл Мэндсайхан, Х хоёр машинаасаа тойрч буугаад Ийст төвийг тойрч яваад юм хайгаад байхаар нь асуухад Мэндсайхан утсыг нь энэ хавь руу шидчихсэн юм. Энэ хавьд л байх ёстой гэж хэлсэн. Удалгүй Х олчихлоо гэж хэлээд Самсунгийн том хар гар утас газраас аваад ирсэн. Цагдаагийн хэлтэст ирээд утсыг нь байцаагчид өгөх гэтэл дэлгэцийг нь хагалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд утсыг нь янзлахаар болоод бид гурав явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас),

Гэрч М.Мэндсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол Сансар худалдааны төв рүү найз болох Хос-Эрдэнийн хамтаар алхаад явж байсан бөгөөд бага зэрэг архи уусан байсан. Өөдөөс үл таних хоёр залуу явж байсан. Зөрөхдөө Х нэг залуутай мөрлөлцөөд өнгөрсөн. Тэр үед нь би очоод тэр залуутай маргалдаж байхад манай найз Х нэг залууг нь мөргөөд зам гараад зугтахаар нь араас нь нөгөө хоёр залуу хөөгөөд гүйхээр нь би бас хамт зам гараад гүйсэн... нөгөө хоёр залуу танай найз миний утсыг аваад зугтаачихлаа гээд намайг барьж аваад бид гурав зогсож байтал Х-г   нэг үл таних ах бариад цагдаад өгнө гээд уйлуулчихсан зогсож байсан. Би очоод яагаад хүний утас авсан юм бэ гээд өшиглөөд утсыг нь өгчих тэгвэл цагдаа гэхгүй сална гэж байна гэхэд надад байхгүй гээд байсан ба тухайн ахын гараас Х зугтаагаад яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлэх байранд оруулаад маргааш нь гараад Х-г   гэрээс нь аваад хамт гар утас нуусан газарт нь очоод утсыг нь олоод цагдаад өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Н.Х-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр найз болох М.Мэндсайхантай хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол Оюун ухааны музейн ойр хавьд явж байхад өөдөөс үл таних хоёр залуу гарч ирсэн бөгөөд манай найз М.Мэндсайхан тэр хоёр залуугийн нэг залуутай хажуугаар нь гарахдаа мөрлөөд хоорондоо маргалдсан... би нөгөө залуутай нь маргалдаад тухайн залууг мөргөөд халааснаас нь гар утсыг нь аваад зугтаасан араас нь манай найз М.Мэндсайхан юу болсныг мэдээгүй. Араас дагаад гүйсэн. Би зам гараад гүйж байхад үл таних нэг ах гарч ирээд намайг барьж авахаар нь авсан гар утсаа өвсөн дунд шидчихсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Б.Б-аас хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 26-31 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас),

Нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 76 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас),

Оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

Улсын яллагч К.Чимгээ “Шүүгдэгч Н.Х-Э  нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн найз Наранбатын хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Ийст төвийн орчим хохирогч Б.Б-ын хажуугаар зөрж гарахдаа мөргөж, хармаанд нь байсан Samsung Galaxy J7 загварын гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэн довтлон авч хохирогчид 432.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Н.Х-Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Х-Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Н.Х-Э , түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч Н.Х-Э  нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн найз Наранбатын хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Ийст төвийн орчим хохирогч Б.Б-ын хажуугаар зөрж гарахдаа мөрлөж, улмаар толгойгоороо мөргөж, цохиж халаасанд нь байсан “Samsung Galaxy J7 загварын гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэн довтлон авч хохирогчид 432.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн найз Наранбатын хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Ийст төвийн орчим явган хүний замаар өгсөөд 13 дугаар хороолол чиглэлд өгсөөд явж байтал урд байсан хоёр хүний нэг нь нэгэндээ дохио зангаа өгөөд өөдөөс тосож ирээд манай найз Наранбатыг мөрлөсөн... Наранбат зүгээр байхад зүгээр байгаарай гэж хэлсэн. Бид хоёр үргэлжлүүлээд цааш явж байтал... гурвуулаа болоод араас гүйцэж ирсэн... гүйцэж ирээд миний утсыг авсан залуу нь манай найзыг цохих шиг болсон. Гурван хүний нэг нь манай найзыг барьж байсан... би салгах гээд очих гэтэл хоёр нь намайг саатуулж байх хооронд нөгөө залуу нь нэгэнтэйгээ солигдож ирээд миний өөдөөс тулж ирээд уруул руу нэг удаа мөргөөд, толгой руу нэг удаа цохиод халааснаас юм авах шиг болоод зам гараад явсан... би баруун халаасанд байсан “Samsung J7 маркийн гар утсаа үзтэл аваад явсан байсан.” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Наранбат тэр хоёр дээр дахин үл таних нэг залуу ирчихсэн гурвуулаа болоод байгааг сайн анзаараагүй. Миний дээрэмдүүлсэн гар утсыг удалгүй Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нэг байцаагч өгч байсан... надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34, 37-38 дугаар хуудас),

Гэрч Д.Энх-Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай найз Амармэнд над руу утсаар холбогдоод би хөдөө ажилтай завгүй байна. Манай дүү Улаакаа цагдаа дээр асуудалтай байгаа юм шиг байна. Чи нэг очоод уулзаад өгөөч гэж хэлсэн бөгөөд би Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирэхэд Мэндсайхан, Х хоёр цагдаагийн хэлтэст байсан бөгөөд... байцаагчаас... энэ хоёр хүүхэд хүүхдийн утас дээрэмдсэн гэж хэлсэн. Тэгээд би яах ёстой вэ гэж асуухад одоо хохирлыг нь барагдуулна... батлан даалтад авах боломжтой гэж хэлсэн. Тэгээд би Мэндсайхан, Х хоёрыг батлан даалтад аваад... дагуулан машинтайгаа цагдаагийн хэлтсээс гарч явсан. Цагдаагийн хэлтсээс гарч яваад дөрвөн замын уулзвар дээр байрлах шатсан Ийст төв рүү явсан... Ийст төвийн дэргэд иртэл Мэндсайхан, Х хоёр машинаасаа тойрч буугаад Ийст төвийг тойрч яваад юм хайгаад байхаар нь асуухад Мэндсайхан утсыг нь энэ хавь руу шидчихсэн юм. Энэ хавьд л байх ёстой гэж хэлсэн. Удалгүй Х олчихлоо гэж хэлээд Самсунгийн том хар гар утас газраас аваад ирсэн. Цагдаагийн хэлтэст ирээд утсыг нь байцаагчид өгөх гэтэл дэлгэцийг нь хагалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд утсыг нь янзлахаар болоод бид гурав явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас),

Гэрч М.Мэндсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол Сансар худалдааны төв рүү найз болох Хос-Эрдэнийн хамтаар алхаад явж байсан бөгөөд бага зэрэг архи уусан байсан. Өөдөөс үл таних хоёр залуу явж байсан. Зөрөхдөө Х нэг залуутай мөрлөлцөөд өнгөрсөн. Тэр үед нь би очоод тэр залуутай маргалдаж байхад манай найз Х нэг залууг нь мөргөөд зам гараад зугтахаар нь араас нь нөгөө хоёр залуу хөөгөөд гүйхээр нь би бас хамт зам гараад гүйсэн... нөгөө хоёр залуу танай найз миний утсыг аваад зугтаачихлаа гээд намайг барьж аваад бид гурав зогсож байтал Х-г   нэг үл таних ах бариад цагдаад өгнө гээд уйлуулчихсан зогсож байсан. Би очоод яагаад хүний утас авсан юм бэ гээд өшиглөөд утсыг нь өгчих тэгвэл цагдаа гэхгүй сална гэж байна гэхэд надад байхгүй гээд байсан ба тухайн ахын гараас Х зугтаагаад яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлэх байранд оруулаад маргааш нь гараад Х-г   гэрээс нь аваад хамт гар утас нуусан газарт нь очоод утсыг нь олоод цагдаад өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас),

Шүүгдэгч Н.Х-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр найз болох М.Мэндсайхантай хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол Оюун ухааны музейн ойр хавьд явж байхад өөдөөс үл таних хоёр залуу гарч ирсэн бөгөөд манай найз М.Мэндсайхан тэр хоёр залуугийн нэг залуутай хажуугаар нь гарахдаа мөрлөөд хоорондоо маргалдсан... би нөгөө залуутай нь маргалдаад тухайн залууг мөргөөд халааснаас нь гар утсыг нь аваад зугтаасан араас нь манай найз М.Мэндсайхан юу болсныг мэдээгүй. Араас дагаад гүйсэн. Би зам гараад гүйж байхад үл таних нэг ах гарч ирээд намайг барьж авахаар нь авсан гар утсаа өвсөн дунд шидчихсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Б.Б-аас хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 26-31 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас),

Нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 76 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

           

Хүч хэрэглэж” гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.

 

Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халддаг буюу өмчлөх эрхэд халдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болдог ба хүч хэрэглэж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

 

Шүүгдэгч Н.Х-Э  нь хохирогч Б.Б-ыг толгойгоороо мөргөж, цохиж бие махбодид халдан хүч хэрэглэж, улмаар гар утсыг авч идэвхтэй үйлдэл хийж довтолсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, довтолсон” гэх “Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Х-Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-Э  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Н.Х-Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Б.Б нь “... Миний дээрэмдүүлсэн гар утсыг удалгүй Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нэг байцаагч өгч байсан... надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй(хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас) гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Х-Э-ийг хохирогч Б.Б-д  төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Н.Х-Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах саналыг танилцуулж, Н.Х-Э  уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Н.Х-Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

           

            Шүүгдэгч Н.Х-Э д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн 1806 09242 0155 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Х-Э  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Н.Х-Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Н Х-Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-Э-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Х-Э д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 1806 09242 0155 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Х-Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Х-Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Х-Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                     М.ТҮМЭННАСТ