| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0259/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/298 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/298
2021 3 10 2021/ШЦТ/298
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтлөн,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх,
Шүүгдэгч Г.В нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ................................... холбогдох 2106 00020 0049 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
.............................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.В нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнүүн хотхоны 25 дугаар байрны 59 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Ц-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед халдан хамар ясны зөрүүгүй хугарал, баруун мөр, шуу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.В шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (Хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Хохирогч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би... тоотод өөрийн нөхөр Г.В-тай хүүхэд авах, авахгүйгээс болж маргалдсан... би уурандаа Г.В-ийн гар луу цохисон чинь... өөрөөсөө холдуулах гэж намайг түлхээд миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон... миний хамарт учирсан гэмтлийг нөхөр гараараа нэг удаа цохисон. Харин баруун мөр, шуу, баруун шилбэнд учирсан цус хуралт нь нөхөр бид хоёр хоорондоо цохилцоод зодолдсон тэр үед учирсан байх. Мөн хэрэг гарах үед нөхөр бид хоёр, манай хүү 2 настай В.Хаш-Эрдэнэ бид гурав байсан... Манай нөхөр 2018 онд намайг зодож гэр бүлийн хүчирхийллээр Баянзүрх дүүргийн шүүхээр орж албадан ажил хийх ял авч байсан” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас),
“... гараараа нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь би чи яагаад байгаа юм бэ гээд хоорондоо барьцалдаж авсан чинь миний баруун хөл рүү өшиглөсөн... хацар луу алгадсан... хамар хөхөрч амьсгалж болохгүй байна.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №24 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруунд аравчин боолт тавьсан. Хамрын хянганы дээд хэсэг, баруун зүүн нүдний доод зовхиор бага зэрэг хавагнаж хавдсан. Баруун мөрөнд 2.0х3.0 см, баруун шуунд 2.0х1.0 см, 2.0х2.0 см, баруун шилбэний өмнөд дээд хэсэгт 6.0х5.0 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай.
2020.12.10. ГССҮТ-н Толгойн КТГ-н шинжилгээнд: Хамрын зүүн дээвэр өмнөд хэсгээр зөрүүгүй хугаралтай. Тархины бор цагаан бодис хэвийн.
2020.12.11-ны АШУИС: Хамрын шинэ хугарал засах ажилбар хийлгэсэн...ДҮГНЭЛТ
1. Г.Ц -н биед хамар ясны зөрүүгүй хугарал, баруун мөр, шуу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),
Шүүгдэгч Г.В-ийн мөрлөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр... өөрийн гэртээ эхнэр Г.Ц-той маргалдан... зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Прокурорт хандаж гаргасан хүсэлтүүд, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын санал ( Хавтаст хэргийн 59, 60, 66 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар (Хавтаст хэргийн 21, 29 дүгээр хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1634 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (Хавтаст хэргийн 26-28, 65 дугаар хуудас),
Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),
Төрсний гэрчилгээний хуулбар (Хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
АСАП сангийн лавлагаа (Хавтаст хэргийн 33, 35-47 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.В нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнүүн хотхоны 25 дугаар байрны 59 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Ц-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед халдан хамар ясны зөрүүгүй хугарал, баруун мөр, шуу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (Хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Хохирогч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би... тоотод өөрийн нөхөр Г.В-тай хүүхэд авах, авахгүйгээс болж маргалдсан... би уурандаа Г.В-ийн гар луу цохисон чинь... өөрөөсөө холдуулах гэж намайг түлхээд миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон... миний хамарт учирсан гэмтлийг нөхөр гараараа нэг удаа цохисон. Харин баруун мөр, шуу, баруун шилбэнд учирсан цус хуралт нь нөхөр бид хоёр хоорондоо цохилцоод зодолдсон тэр үед учирсан байх. Мөн хэрэг гарах үед нөхөр бид хоёр, манай хүү 2 настай В.Хаш-Эрдэнэ бид гурав байсан... Манай нөхөр 2018 онд намайг зодож гэр бүлийн хүчирхийллээр Баянзүрх дүүргийн шүүхээр орж албадан ажил хийх ял авч байсан” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас),
“... гараараа нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь би чи яагаад байгаа юм бэ гээд хоорондоо барьцалдаж авсан чинь миний баруун хөл рүү өшиглөсөн... хацар луу алгадсан... хамар хөхөрч амьсгалж болохгүй байна.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №24 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруунд аравчин боолт тавьсан. Хамрын хянганы дээд хэсэг, баруун зүүн нүдний доод зовхиор бага зэрэг хавагнаж хавдсан. Баруун мөрөнд 2.0х3.0 см, баруун шуунд 2.0х1.0 см, 2.0х2.0 см, баруун шилбэний өмнөд дээд хэсэгт 6.0х5.0 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай.
2020.12.10. ГССҮТ-н Толгойн КТГ-н шинжилгээнд: Хамрын зүүн дээвэр өмнөд хэсгээр зөрүүгүй хугаралтай. Тархины бор цагаан бодис хэвийн.
2020.12.11-ны АШУИС: Хамрын шинэ хугарал засах ажилбар хийлгэсэн...ДҮГНЭЛТ
1. Г.Ц -н биед хамар ясны зөрүүгүй хугарал, баруун мөр, шуу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),
Шүүгдэгч Г.В-ийн мөрлөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр... өөрийн гэртээ эхнэр Г.Ц-той маргалдан... зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Г.В нь хохирогч Г.Ц-ийн эрүүл мэндэд халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Г.Ц д Шүүхийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №24 дугаар дүгнэлтээр “хамар ясны зөрүүгүй хугарал, баруун мөр, шуу, баруун шилбэнд цус хуралт” гэмтлүүд тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.В нь хохирогч Г.Ц г зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан байдаг.
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг; мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгодог.
Шүүгдэгч Г.В нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Г.Ц г зодож буюу цохих, алгадах, өшиглөх зэргээр хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл нь бие махбодын хүчирхийлэл бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.В-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.В нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Г.Вандансангийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Г.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Г.В уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Г.В-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.В нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2106 00020 0049 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.В нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.В-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г В Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.В-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.В нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.В нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Ц д төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.В-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ