Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/0341

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00344 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 960 дугаар магадлалтай,

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Л, Н.О, О.Энарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 96.306.192 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Лгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Л, Н.О, О.Энар 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус банктай 363 тоот зээлийн гэрээ байгуулж, 86.800.000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 88 дугаар байр 10 тоот хаягт байршилтай 61,77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар үндсэн зээл 83.292.716,22 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 10.844.563,79 төгрөгийг төлөөгүй 560 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээг зөрчсөн.

Иймд Б.Л, Н.О нараас үндсэн зээл 83.292.716,22 төгрөг, зээлийн үндсэн хүү 10.844.563,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.168.912,76 төгрөг, нийт 96.306.192,77 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч 2.166.940,99 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 94.139.251,78 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204030749 тоот дугаартай эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч О.Эрдэнэбулганд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Б.Л шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус банктай 363 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 86.800.000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь өнөөдрийн байдлаар цуцлагдаагүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд гэрээг цуцлах тухай мэдэгдлийг аль нэг талдаа хүргүүлж байгаагүй. Харин Т.Ганзориг захирал 2-3 удаа зээлээ төлөхийг мэдэгдсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, цуцлагдаагүй байхад зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хүү Б.Л нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус банктай 363 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 86..800.000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авсан. Би тус гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. Кнаас нэг ч төгрөгийн зээлийг аваагүй ба миний нэр дээр зээлийн данс нээгдээгүй, зээл олгогдоогүй атал намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00344 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.,453 дугаар зүйлийн 453.1дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Л, Н.О нараас 94,139,251.78 /ерэн дөрвөн сая, нэг зуун гучин есөн мянга, хоёр зуун тавин нэгэн мянга далан найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,166,940.99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Улсын бүртгэлийн Ү-2204030719 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000324588 тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13341/ Энхтайвны өргөн чөлөө гудамж 88 дугаар байр 10 тоот хаягт байрлах 61,77 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч О.Эрдэнэбулганд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709,680.96 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Б.Л, Н.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 698,846 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 960 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00344 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “698.846” гэснийг “628.646” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628.650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Л хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон зээлийн тооцоолол гэх баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн ба уг баримтыг шүүхийн зүгээс тооцоолоогүй гаргаж өгсөн баримтыг хуулбарлаж, хэрэгт хавсаргасан тооцоололд нь үндэслэж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрийн байдлаар 83,292,716 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зээлийн хүүний үлдэгдэлд тооцоолол хийгээгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрийн байдлаар хүүний үлдэгдэл төлбөр 10,771,540 төгрөг гэж хариуцагч тал үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүүний төлбөрийн үнийн дүнгээс 1,000,000 төгрөгийг илүү тооцоолж нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд илүү тооцсон нэг сая төгрөгийг төлөх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч О.Эрдэнэбулганд холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.Л, Н.О нарт  холбогдуулан үндсэн зээл 83.292.716 төгрөг, хүү 10.844.563 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.168.912 төгрөг нийт 96.306.192 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэхдээ зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэжээ. Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч Н.О зээл аваагүй гэж, Б.Л гэрээний хугацаа дуусаагүй гэсэн тайлбарыг тус тус гаргаж, маргажээ.

Зохигчийн хооронд 2014 оны 05  дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нар нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 88 дугаар байр 10 тоотод байрлах 61,77 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалан нэхэмжлэгчээс 86.800.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 2034 оны 5 дугаар сарын 30 хүртэл хугацаагаар зээлэхээр харилцан тохиролцжээ /хэргийн 5-14 дүгээр тал/.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн ба зээлийн төлбөрийг гэрээнд заасан график хугацаанд буцаан төлөөгүй болохоо хариуцагч  үгүйсгээгүй байна.

Зээлийн гэрээнд заасан үүргээ хариуцагч хугацаандаа биелүүлээгүйгээс гэрээ цуцлах үндэслэл бий болсон нь тогтоогдсон, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлээс 94.139.251 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.  

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 960 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Лгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ