Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0639/З |
Дугаар | 221/МА/2022/0719 |
Огноо | 2022-11-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 221/МА/2022/0719
Д.П-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Я.Ө нар
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.П
Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга,
Хариуцагч Төрийн албаны зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаар тогтоолын Д.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
2.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Д.П-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд зохих журмын дагуу томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 672 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Я.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2022/0639/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.П-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, Төрийн албаны зөвлөлд тус тус холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаар тогтоолын Д.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Д.П-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд зохих журмын дагуу томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах”-аар тус тус маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 672 дугаар шийдвэрээр:
“...Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 30 дугаар зүйлийн 30.2, 30.3, 33 дугаар зүйлийн 33.1, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.П-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаартай тогтоолын Д.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Д.П-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажилд зохих журмын дагуу томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Я.Ө нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан хяналт, шалгалтын Ажлын хэсэг 2022 оны 3 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажилласан.
Тус ажлын хэсгийн хяналт, шалгалтаар Д.П-ыг 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Нэхэмжлэлийн хяналтын мэргэжилтний албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3-т заасныг зөрчиж томилсныг тогтоосон, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 19 дүгээр хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн, Зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 265 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан хаагчдыг чөлөөлж, томилох тухай” А/04 дүгээр тушаалын Д.П-д холбогдох хэсгийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүчингүй болгох хугацаатай үүрэг, даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн.
Д.П нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д “Энэ хуулийн 33.7-д заасан шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэнэ. Төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гурван жил байна”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын 2.1.2-т “төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэний нөөц”, 4.1-д “Энэ журмын 2.1.2, 2.1.6, 2.1.7-д заасан иргэн, төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн албан хаагчийн нөөцөд байх хугацаа 3 жил байна” гэж тус тус заасны дагуу түүний төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дууссан гэж үзнэ.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 33 дугаар зүйлийн 33.3-т “...тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасны дагуу Д.П-ын нөөцөд байх хугацаа дууссан тул тусгай шалгалт өгөх боломжгүй юм.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.10-т “...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дүгээр тушаал гарах мөчид нэхэмжлэгч нь төрийн албаны нөөцөд байсан /2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 3 жил тоолоход/, Монгол Улсын хэмжээнд цар тахлын нөхцөл байдалтай байсан бөгөөд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2 дахь хэсэг үйлчилж байсан, тус шалтгаанаар төрийн албаны тусгай шалгалтын захиалга өгсөн боловч тухайн албан тушаалд хамаарах тусгай шалгалт зохион байгуулагдаагүй болох нь тогтоогдож байна”, 1.11-д “Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл нь маргаж буй 265 дугаар тогтоолыг гаргахдаа доорх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх ёстой байсан бөгөөд тус тогтоол нь хуулиар бэхжүүлсэн “бодит нөхцөл байдалд тохирсон байх”, “зорилгодоо нийцсэн байх” зарчмын шаардлагуудад нийцсэн гэж үзэх боломжгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалыг буруутгах үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийг төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй гэж шууд буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ”, 1.12-т “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хэлсэн “...Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “сонгох боломж”-ийг олгосон..., өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөл Д.П-ыг чөлөөл гэхгүйгээр эхлээд түүнийг томилоход үүссэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах талаар шийдвэр гаргах боломж байсан...” гэх агуулгатай тайлбарыг шүүх үндэслэл бүхий тайлбар гэж үзсэнийг тэмдэглэж байна” гэж тус тус дүгнэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан.
Харин анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байгаагаас гадна нэгэнт төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацааг сунгах, түдгэлзүүлэх болон нөөцөд бүртгэлгүй иргэнийг тусгай шалгалтад бүртгэж, улмаар оролцуулах хуулийн зохицуулалт байхгүй тул зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах талаар шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Д.П-ыг тусгай шалгалт өгсөн эсэхэд дүгнэлт хийсэн атлаа хяналт, шалгалт хийх тухайн цаг хугацаанд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй эсэх тал дээр дүгнэлт хийгээгүй нь өрөөсгөл болсон гэж үзэж байна.
3.2.Анхан шатны шүүх Д.П-ыг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2 дахь хэсгийг үндэслэн тухайн албан тушаалд томилсон гэж дүгнэжээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтад тус газарт томилогдох албан тушаалтны нэрсийг баталсан байх бөгөөд Д.П-ыг дээрх хуулийн үйлчлэлийн хүрээнд “түр” томилсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тодруулбал уг тушаалд тухайн хуулийн үйлчлэлийн хугацаанд томилогдсон албан тушаалтны нэрсийн ард “түр” гэх тэмдэглэгээтэй байгааг дурдах нь зүйтэй.
Мөн Д.П нь тусгай шалгалт өгөөгүй атлаа 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байгаа нь түүнийг уг хуулийн үйлчлэлийн хугацаанд томилсон гэх дүгнэлтийг үгүйсгэж байна.
Нөгөөтэйгүүр маргаж буй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын А/04 дугаар тушаал гарсан тухайн цаг хугацаанд Д.П нь төрийн жинхэнэ албаны нөөцөд байсан гэдгийг үгүйсгээгүй, харин Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан хяналт, шалгалтын ажлын хэсэг тус газарт 2022 оны 3 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ажилласан тухайн цаг хугацаанд Д.П-ын төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа нэгэнт дууссан байсныг дахин дурдах нь зүйтэй.
Иймд Д.П-ын нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангав.
1.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын нэхэмжлэлийн хяналтын мэргэжилтний албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т зааснаар төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаардаг болохын хувьд уг албанд нэхэмжлэгчийг томилохдоо төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг харгалзан үзэх нь хуулийн шаардлага юм.
Д.П-ын тухайд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн боловч дээрх хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д “…Төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа 3 жил байна” гэж заасны дагуу нөөцөд байх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусжээ.
Иймд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 33 дугаар зүйлийн 33.3-т “...тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасны дагуу Д.П-ын нөөцөд байх хугацаа дууссан тул тусгай шалгалт өгөх боломжгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
2.Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулиар дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварыг бууруулах зорилгоор нийтийн албан тушаалд сонгон шалгаруулалтыг түр хугацаанд зогсоож, энэ хугацаанд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэдээс шаардлагатай орон тоог бүрдүүлэхийг зөвшөөрсөн болохоос бус шууд төрийн жинхэнэ албан тушаалд үргэлжлүүлэн томилох эрхийг олгоогүй.
3.Шийдвэрт Д.П-ыг төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй талаар, ийм шалгалт ч зарлагдаагүй талаар зөв дүгнэсэн атлаа “...Төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилсон нь бодит байдал дээр ямар шалтгаантай байсан, тухайн зөрчлийг засаж залруулах боломжтой эсэх зэрэг объектив нөхцөл байдлуудыг харгалзан үзэх зарчмыг баримтлаагүй…”, мөн Төрийн албаны зөвлөлийн Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхдээ “сонгох боломж”-ийг олгоогүй гэх байдлаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Харин ч Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий тогтоолоор хяналт шалгалтаар илэрсэн зөрчил буюу нэхэмжлэгчийг томилсон шийдвэр Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн болохыг тогтоож, улмаар уг шийдвэрийг хүчингүй болгохыг Эрүүл мэндийн даатгалын газрын даргад үүрэг болгосон нь, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар энэхүү тогтоолыг үндэслэн Д.П-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь тус тус Төрийн албаны тухай хуульд нийцсэн шийдвэрүүд болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 672 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.П-ын гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 265 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Д.П-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд зохих журмын дагуу томилохыг, мөн ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Я.Ө нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН