Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  С.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй иргэний

                                                      хэргийн тухай

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Адъяатогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 298 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Дэлгэрмаад холбогдох

 

 “2.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Гэрэлмаа, хариуцагч Д.Дэлгэрмаа, нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                              

Нэхэмжлэгч С.Гэрэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Гэрэлмаа миний бие 2015 оны 6-р сарын 8-ны өдөр Д.Дэлгэрмаад 3.000.000 төгрөг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлье гэснээр нь зээлүүлсэн. 1.000.000 төгрөгийг нь өгөөд 2.000.000 төгрөгийг нь өгөлгүй маш их чирэгдэл учруулж байна. Иймд энэ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Гэрэлмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.000.000 төгрөгийнхөө 2.300.000 төгрөгийг 9-р сард өгсөн нь үнэн. Сүүлдээ “Эгчээ би хүүгээ 1.000.000 болохоор нь үндсэн мөнгө 1.000.000 дээрээ нэмээд 2.000.000 болгоод өгье” гэж хэлсэн. Үндсэн мөнгөө /1.000.000 төгрөг/, хүү 1.000.000 төгрөгийн 50 хувийг буюу 500.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг гаргуулж өгвөл зөвшөөрч байна. Хариуцагчтай зөвшилцөх санал тавьж байсан. Үндсэн зээл болох 3.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг төлсөн, үлдсэн 1.000.000 төгрөг, зээлийн хүү 1.000.000 төгрөгнөөс 50 хувийг нь хасаад хүүнд 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. 2015 оны 9-р сард надад хүүгийн төлбөрт 100.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо өгч байсан гэжээ.

Хариуцагч Д.Дэлгэрмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шүүх хүралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн миний бие Дувдан овогтой Дэлгэрмаа нь 2015 оны 6-р сард тариалан эрхлэх төслийн зээл бүтэхгүй, ургамлын агротехникийн хугацаа дуусах гээд байхаар нь иргэн С.Гэрэлмаагаас 3.000.000 төгрөг зээл бүтэхээр өгөхөөр харилцан зөвшилцөж авсан болно. Тэгээд 8-р сард гарын үсэг зурсан банк нь зээлийн түүх байхгүй, харилцаж байгаагүй банк байсан учраас зээлээ авч чадаагүй учир үйлдвэрлэл явуулаагүй одоог хүртэл аж ахуйн эрсдэлд орсон, татвар түрээс өгөөд л аргацааж байна. Тэгээд 8-р сард үйлдвэрлэл эрхлээгүй мөнгөний хүүнд хэцүүднэ гэж бодоод 2.300.000 төгрөгийг данс руу нь хийсэн. Миний бие үүнээс 7-р сард үр 300.000 төгрөгөнд авч өгсөн. Намар 9-р сард хүнсний ногоо /байцаа, лууван, төмс, сонгино, манжин/ гэх мэт ногоо өгсөн нь үнэн болно. Иймээс энэ асуудалд энэ зөв хуулийн дагуу шийдвэр гаргаж өгөхийг миний бие хүсч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Гэрэлмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл аваад 1 сарын хугацаатай мөнгө зээлээд “Төрийн банк”-аас зээл гарсны дараа өгөхөөр С.Гэрэлмаагаас зээл авсан боловч  миний зээл бүтээгүй. 3.000.000 төгрөгөө өгөх гэсэн боловч хүнд 1.000.000 төгрөг зээлүүлсэн байсан. 2.300.000 төгрөгийг С.Гэрэлмаагийн данс руу нь шилжүүлсэн. Мөн үр авч С.Гэрэлмаагийн гэрт нь буулгаж өгсөн. Би С.Гэрэлмаагаас зээлсэн мөнгийг сар сард төлөөд хохиролгүй болгосон. Надад одоо үнэхээр мөнгө алга. Би зээлсэн мөнгөө өгсөн гэж үзэж байна гэжээ.

   Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар Д.Дэлгэрмаагаас 1.400.000 төгрөг гаргуулан С.Гэрэлмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дэлгэрмаагаас 37.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Гэрэлмаад олгох; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Хариуцагч Д.Дэлгэрмаа давж заалдах гомдолдоо: Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 298 тоот шүүхийн шийдвэрийг иргэн Д.Дэлгэрмаа миний бие эрс эсэргүүцэж байна. Учир нь С.Гэрэлмаагийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний нэхэмжлэл нь хуулийн дагуу гарын үсэг зурж гэрээ хийгдээгүй тиймээс ч нэхэмжлэл дээр дурьдсантай адил нэр төрд гүтгэж хандсан байна. Үүнийг миний бие эсэргүүцэж байна. Энэ нэхэмжлэл дээр дурьдсантай адил миний нэр төрд маш олон удаа халдсан. Хэрвээ энэ хүн хуулийн дагуу баримтаа үйлдэж харилцан тохиролцож хийсэн бол миний нэр төрд гүтгэж халдахгүй байх байсан. Миний бие нэг сарын хугацаатай авсан мөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулаагүй тэр дор нь данс болон биет зүйлээр тухайн иргэнийг хохиролгүй болгосон гэж үзэж байна. Хэрвээ эдийн засгийн эргэлтэнд оруулж үрж аваад С.Гэрэлмаад данс болон биет зүйлээр барагдуулаагүй бол хуулийн дагуу миний бие нь хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Иймээс миний бие хохирол барагдуулсан гэж үзэж миний бие дээрх нэхэмжлэлд бичсэн баримтанд бичсэн зүйлийн дагуу нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна. Хэрвээ баримт байхгүй байсан бол асуудал өөрөөр эргэх байсан байна. Иймээс 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 298 тоот шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатанд гомдол гаргаж байна гэжээ.   

Нэхэмжлэгч С.Гэрэлмаа давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбартаа:

 Миний бие тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 298 тоот шүүхийн шийдвэрийг хүлээн авсан. Гэтэл Д.Дэлгэрмаа эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргасан энэ үйлдлийг би эсэргүүцэж гомдол гаргаж байна.

1. Өөрөө гуйж 10 хувийн хүүтэй 1 сар болоод өгнө гэж гэрт, гадаагүй гуйж хүүхдээ эмчлүүлнэ бие нь маш муу байна гээд байхад ажил зогсох гээд байна гээд гуйхаар нь итгээд өгсөн.

2. Энэ хүний заль гаргаж худлаа хэлснээс болж хөгшин би маш их эдийн засаг, сэтгэл санаагаар хохирч байна. Эдийн засаг нь жил гаран хугацаанд хүүхдээ эмчилгээнээс нь хоцруулсан. Хоцруулсны улмаас хүүхэд маань эмчлэгдэх боломжгүй болж нөхөж болшгүй сэтгэл санааны хохирол амсаж байна. Өгчихнө гэж хэлсэнд нь найдаж хол ойроос машинаар хичнээн олон удаа явж бензиний, хичнээн олон удаа ярьж утасны хохирол гарсан. Эцэст нь шүүхэд хандаж ирсэн, очсон тэмдэгтийн хураамжийн 200 гаруй мянган төгрөгний алдагдал, аргагүй эрхэнд хүүхдээ явуулах гэж хүнээс хүүтэй мөнгө зээлж 400 гаруй мянган төгрөг зээлээд хүү төлөөд, зээлээ өгөөгүй байна.

3. Гомдолд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хуулийн дагуу гарын үсэ зурж гэрээ хийгээгүй тиймээс ч нэхэмжлэл дээр дурьдсантай адил нэр төрд гүтгэж халдсан гэж бичсэн байна. Өөрт нь хэлээд надад чи яагаад ч өгөхгүй юм байна, би сар зээлэнд орлоо, шүүхэд хандаядаа гэсэн чинь тэгээ тэг гэсэн. Тэгээд тус шүүхийн хүнээс зөвлөгөө авч хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан. Нэр төрд халдсан гэдэг нь зээлсэн хүнээ болон мөнгө зээлүүлээч гэсэн хүмүүст Д.Дэлгэрмаа надад мөнгө өгнө тэгэхээр нь өгнө гэснийг хүнд хэллээ нэр төрд халдлаа гэж яриад байгаа нь буруу зүйл юм. Зээлээгүй ба өгсөн байхад нь худлаа яриагүй хэн ч хүнд ийм тайлбар өгч болно гэж үзэж байна.

4. Хохирол барагдуулсан гэж яагаад үзэж байгаа юм. Өөрөө гуйсан хүүний төлбөрийг 3 сар өгөөд 8 сарын хүүгээ өгөөгүй /800.000 төгрөг/ түүнийг нь 400.000 төгрөг болгон бууруулсан. 3.000.000 төгрөгийнхөө 2.000.000 өгөөд, 1.000.000 өгөөгүй хүүг нь тооцоод яв гэсэн. Тэгээд нэхэхээр хүүгээ 1.000.000 болохоор үндсэн 1.000.000 төгрөгтэй чинь 2.000.000 төгрөг болгоод өгнө гэж гуйсан. Яагаад энэ бүхнийг өөрчилж гомдол гаргаж бие муутай өндөр настай хүнд чирэгдэл учруулаад байгаад маш их гомдож зүйрлэх эхээ санаач гэж гуйж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Гэрэлмаа нь хариуцагч Д.Дэлгэрмаагаас зээлийн гэрээний үүрэг болох 2000000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 500000 төгрөгөөр багасгаж зээлийн үндсэн төлбөрт 1000000 төгрөг, хүү 500000 төгрөг, нийт 1500000 төгрөг болгон өөрчилжээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд зээлийн гэрээний маргаанаас үүссэн харилцааг зөв тодорхойлсон ба хариуцагч үндсэн зээлийн төлбөрт 1000000 төгрөг төлсөн гэдгээ  нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 1000000 төгрөг, зээлийн хүүд 400000 төгрөг, нийт 1400000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Гэрэлмаад олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн байна.

            Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль  ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байх тул давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.       Хариуцагч давж заалдах гомдолдоо нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна гэж байгаа боловч хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргаагүй тул хэлэлцэхгүй орхисон болно.

 

          Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

        1. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Дэлгэрмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

        2. Хариуцагч Д.Дэлгэрмаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар   зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                                              

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ДАВААСҮРЭН

 

              ШҮҮГЧИД                               Л.НЯМДОРЖ

 

                                                                     Г.АДЪЯАТОГТОХ