Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/243

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2021         02            26                                            2021/ШЦТ/243

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтлөн,

Улсын яллагч Б.Чинзориг,   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.А , түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

Шүүгдэгч О.Г , түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Г-д холбогдох эрүүгийн 2003 00435 0367 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

.................................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Г  нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний 03 цаг 11 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэнгэр плаза төвийн урд замд “Тоёота Приус” маркийн 44-33 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчин хурдаа тохируулж яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч Я.Н , Т.Ч нарыг мөргөж, Т.Ч-ийн  эрүүл мэндэд хүндэвтэр, Я.Н амь нас хохирсон Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

                                               

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Г ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Үүрээр хэрэг гарсан. Би тээврийн хэрэгслээ тухайн үед зогсоож чадаагүй. Нэгдүгээр эгнээгээр явж байсан машин зогсож хүн буулгасан. Миний зүүн гар талаар нэг ачааны машин орж ирснийг өнгөрүүлсэн. Нэг мэдэхэд л ийм зүйл болсон. Цагдаа, түргэн гээд бүгдийг нь дуудсан. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. 16.300.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн талаар ярилцсан зүйл байхгүй. Хохирогч Т.Ч-ийн  эмчилгээний зардалтай холбогдуулан цаашид гарах зардлыг барагдуулна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.А  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Юуны түрүүнд маш их харамсаж байгаа гэдгээ илэрхийлмээр байна. Миний дүү маш хөдөлмөрч хүн байсан. Т.Ч одоо 2 нялх хүүхэдтэйгээ үлдсэн. Бага нь 5 настай, том нь 5 дугаар ангид суралцдаг. Хэвтрийн дэглэмд 6 сар хэвтэж байна. 2 удаа түргэний тэргээр авч явж ажлынх нь актыг сунгуулсан. Тархины имрай, сүүжний имрайнд харуулж чадаагүй. Тархины бичлэг, аарцгийн задралт зэргийг дурандуулах хэрэгтэй байгаа бөгөөд холбогдож гарах зардлыг О.Г оос нэхэмжилнэ. Хэрэг гарснаас хойш О.Г той хэл ам, хэрүүл маргаан үүсгэж байгаагүй гэдгийг бодох хэрэгтэй. Бид О.Г ын насыг хүндэлж байгаа. Бид сайхан дүүгээ алдсан хэр нь О.Г той маргаан, хэрүүл хийгээгүй гэдгийг хүний ёсноос бодож үзээрэй. Т.Ч-ийн  биеийн байдал хүнд байгаа ажлаасаа гарчихсан. Түүний цаашид гарах эмчилгээний зардлыг нь нэхэмжилж байна. Одоо баримтаар нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-15 дугаар хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дугаар тал),

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас),

СиДи-д үзлэг хийсэн “...бичлэг нийт 29 минут 33 секунд бичлэг байх бөгөөд бичлэгийн зүүн дээд хэсэгт байрлах хугацаагаар 2020.08.24-ний шөнийн 03 цаг 39 минут 57 секундэд дуусаж байна... 03 цаг 14 минут 59 секундэд бараан өнгийн хувцастай 2 хүн баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй алхаж зүүнээс баруун тийш чиглэлийн зорчих хэсэг рүү орж, 03 цаг 15 минут 02 секундэд 3 дугаар эгнээг өнгөрч 2 дугаар эгнээнд орж 03 цаг 15 минут 03 секундэд цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд мөргүүлэн унаж байгаа бичлэг байв. 03 цаг 15 минут 19 секундэд цагаан өнгийн тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа бууж замын зорчих хэсгийн хойд талд байсан хүмүүстэй уулзаж байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

 

Хохирогч Т.Ч-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би нөхөр болох талийгаач Я.Н хамт... айлд очсон... 03 цаг болж байхад маргааш ажилтай гээд тэднийхээс гарсан. Гараад Тэнгэр Плазагийн урд талд Чулуун овооны Цагдаагийн постын зүүн талын явган хүний гарцтай хэсгээр урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарахаар алхаж байсан. Бид хоёр баруун талаас зүүн тийш явах урсгалыг нэвтэрч гараад дуусах үед бидний араар ачааны том машин өнгөрсөн. Тэгээд зүүнээс баруун тийш явах урсгал руу орохдоо зүүн тийш харахад нилээд хол автобусны буудлын хавьд автомашин ирж байхаар нь хоорондоо урдуур нь гарч амжих юм байна гэж ярилцаад эхний эгнээг хөндлөн гараад хоёр дахь эгнээний голд явж байх үед осол гарсан гэж бодож байна. Би Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Надад баруун гарын тохой хэсэгт маш олон оёо тавьсан байсан. Мөн аарцагны хоёр хугаралтай гэж оношилсон байсан. Би хагалгаанд ороогүй. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үзүүлэхэд шийдвэр гарна гэсэн. Эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Талийгаач миний баруун гар талд явж байсан. Өмнө тэмдэг байгаагүй. Цагаан зураастай байсан. Гэхдээ хүн болгон гарц гэж бодоод түүгээр гардаг. Тэр автомашин хурдтай явж байсан гэж бодож байна. Эмнэлэгт байхад хоёр удаа ууттай чихэр авчирч өгсөн. Өөр ямар ч тусламж үзүүлээгүй. Өнөөдрийг хүртэл 860.000 төгрөг гарсан. Цаашид ямар зардал гарахыг мэдэхгүй байна. Тооцож байгаад нэхэмжлэх хүсэлттэй байна. Маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас),

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн криминалистикийн шинжээчийн 3633 дугаар: “... Хэргийн товч агуулга: БЗД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт 2020-08-24-ны 03:11 минутын орчимд Toyota Prius 20 маркийн 44-33 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөсөн эсэх...Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: DVD диск 1 ширхэг... ДҮГНЭЛТ

1. Шинжилгээнд ирүүлсэн DVD дискэнд хадгалагдаж байх “NVR_ch14_main_20200824031000_20200824034000.asf”, “NVR_ch14_main_20200824031300_20200824034800.asf” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилж буй “NVR_ch14_main_20200824031000_20200824034000.asf”, “NVR_ch14_main_20200824031300_20200824034800.asf” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд дүрслэгдэх автомашины зорчих хэсэг нь хяналтын камерийн тусгалын зайнаас дүрслэгдсэн, хяналтын камерийн өнцөгийн гажилт ихтэй, үл хөдлөх цэгийн байршил тодорхойлж болохгүй байх тул явган зорчигчийг мөргөж буй суудлын автомашины хурдыг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас)

 

Гэрч С.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 23-24-ний өдөр шилжих шөнө 02 цагийн үед Хэнтий аймгийн Жаргалтай сумаас нөхөр Баярмагнайн хамт ирсэн. Цагдаагийн академийн баруун талын автобусны буудал дээр буугаад такси барих гэснээ хол замд гутал бариад хөл өвдөж ирсэн болохоор такси барилгүй жоохон алхаж байгаад гутлаа тайлаад, жоохон суугаад суугаад гутлаа өмсөөд тонгойгоод дээшээ хартал зам дээр хүн гулдайгаад хэвтэж байсан. Тэгээд цааш хартал урд талд нэг цагаан машин харагдсан. Би нөхөртөө хүүе чи гүйгээч. Цаана чинь машин хүн дайрчихлаа. Машин нь явчихна. Дугаарыг нь ч болов харчхаач гээд нөхрийгөө гүйлгэсэн. Тэр үед жолооч нь бууж харагдсан. Намайг яваад очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн замын хоёр дахь эгнээнд  хэвтэж байсан... жолооч нь би хүн алчихлаа. Түргэн тусламж, цагдаа дуудаад өгөөч гээд салганаад чичрээд байсан... манай нөхөр утсаар ярьж тусламж дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дугаар хуудас),

 

Гэрч Б.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 23-24-ний өдөр шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтай сумаас нөхөр Баярмагнайн хамт ирсэн... миний зүүн урд талд нэг такси зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсоод хүн буулгасан... араас нь зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр цагаан жижиг машин ирээд тэр зогсож байсан машины хажуугаар өнгөрөх үед замын урд талаас эрэгтэй эмэгтэй хоёр хүн нилээн дуу шуутай зам хөндлөн гарч ирээд замын голын зураас дээр зогссон. Тэгээд би анзаараагүй. Эргэж хараад эхнэртээ болж байна уу, явах уу гэж хэлэхэд миний ард талд тас хийх чимээ гарсан... эхнэр цаана чинь болохоо болилоо гэж орилсон... эргээд харахад эрэгтэй хүн замын хоёрдугаар эгнээнд хэвтэж байсан. Харин эмэгтэй нь тэр цагаан машины хойд талд байсан. Машин баруун талд нь холгүй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсож байсан. Тэгээд жолооч нь бууж ирээд түргэн тусламж, цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Би өөрийн... дугаараас дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дугаар хуудас),

 

Шүүгдэгч О.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн 44-33 УБС дугаарын автомашиныг жолоодон гэрээсээ 02 цагийн үед гараад “Тэнгэр Плаза”-ийн тэнд очтол Харуул Алтай хотхон орно гээд нэг залуу суулгаад хүргэж өгөөд буцаад Цагдаагийн сургуулийн баруун урд уулзвараар хойноосоо баруун гар тийш эргэж, “Тэнгэр Плаза” төв орох гээд зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байх үед 3 дугаар эгнээнд том оврын ачааны машины автомашин явж байсан. Тэр машины баруун гар талын эгнээгээр хажуугаар нь гараад иртэл гэнэт зорчих хэсгийн урд талаас бараан өнгийн хувцастай 2 хүн маш хурдан яваад ороод ирсэн... тоормос гишгэсэн боловч маш ойрхон тулаад ирчихсэн байсан тул мөргөөд баруун гар тийш зайлуулан дараад 1 дүгээр эгнээнд ороод зогссон. Би машинаас буугаад иртэл эрэгтэй хүн машинаас зүүн тийш нилээд хол зайд, эмэгтэй нь машины архан талд газарт хэвтэж байсан. Би бууж очоод тэнд байсан хүмүүст туслаарай, цагдаа, түргэн дуудаарай гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс түргэн дуудсан. Эмэгтэй хүн нь маш их согтолттой байсан бололтой гуталгүй явж байсан... өөрөө босоод миний автомашины зүүн хойд талын хаалгаар ороод суучихсан байсан... Түргэн ирээд эмэгтэйг аваад явсан. Эрэгтэй нь газар дээрээ нас барчихсан байна гэсэн. Би гэмтэл бэртэл аваагүй, ганцаараа байсан. 1980-аад оноос хойш тасралтгүй автомашин жолоодож байна. Машины урд салхины шил хагарсан бусад нь гайгүй байсан. 2020 оны 6 дугаар сард оношилгоонд орж тэнцсэн. Техникийн хувьд ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан. Би ойролцоогоор 3 метр зайнаас харсан. Тулж ирсэн байсан. Тооромс гишгэсэн боловч энэ хооронд автомашин зогсох ямар ч боломжгүй байсан. Зам гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, замын хөдөлгөөн түгжрэлгүй боловч хөдөлгөөнтэй байсан. Миний зүүн гар талд том оврын ачааны автомашин явж байсан бөгөөд түүнийг өнгөрөх үед гэнэт урд 2 хүн гараад ирсэн. Одоогоор Т.Чанцалсүрэнгээс 795.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч би 1.000.000 төгрөг өгсөн. Одоогоор 3.000.000 төгрөг гаргаж өгөөд байна. Би хүний амь хохирсонд маш их харамсаж байна. Цаашид хэний буруутай үйлдлээс шалтгаалж осол гарсан эсэхээс үл хамааран оршуулгын зардлыг төлж барагдуулна гэж бодож байна.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас).

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр 10-ны өдрийн 1759 дугаар: “... Цогцосны хэсэг газрын үзлэгт: Толгойн үс цусаар бохирлогдсон, баруун нүдний зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай /см Очки/, баруун чамархайн урдаас хацрын доод хэсэг хүрсэн 16,0х4,0см, зүүн мөрөнд 2,5х1,2см хүрэн улаан өнгийн зулгаралттай.

Дотор эрхтний шинжилгээ: Толгойн хуйхны дотор гадаргуу: Дух, баруун чамархай зулайн хуйханд хар хүрэн өнгийн цус хуралттай, баруун чамархайн булчинд хар хүрэн өнгийн цус хуралттай. Гавлын орой, суурь яс: Баруун зулай, чамархайнд сэтэрхий үүсгэсэн, цөмөрсөн, бяцарсан хугаралтай, баруун зулайгаас дух, нүдний ухархайн дээд хана, баруун чамархай хүрсэн хугаралтай, баруун чамархайнаас суурийн дунд хонхор, их далавч, турк эмээл дайрч зүүн чулуулаг, зүүн чамархай хүрсэн нийлмэл хугаралтай... Голомтот эмгэг өөрчлөлт: Хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэн, суурийн хэсгээр, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд тархмал аалзан хальсан доорх цус харвалттай, аалзан хальсан доорх цус харвалтын доор баруун чамархай, чамархайн суурийн хэсэгт тархины эдийн голомтот няцралтай, орчны эд улбайсан. Хоёр талын хажуугийн ховдол, 3-4-р ховдол чөлөөтэй. Тархины хоёр тал бөмбөлгийн далан намссан, ховол нарийссан. Тархины нүүрийн эдэд тархмал цус харвалттай. Бага тархи 153,0 гр мөчирлөг бүтэцтэй, тархинд голомтот эмгэг өөрчлөлт: орой суурийн хэсгээр тархмал аалзан хальсан доорх цус харвалттай. Нүүрний ясыг шалгаж үзэхэд: баруун хацрын нум, хоншоор яс хугаралтай, яс хавирах чимээтэй... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Авто осол: Гавал тархины битүү гэмтэл: баруун чамархай, зулай ясны цөмөрсөн, бяцарсан, сэтэрхий үүсгэсэн хугарал, баруун зулайгаас дух яс, ухархайн дээд хана дайрч баруун чамархай хүрсэн, баруун чамархайгаас суурийн дунд хонхор, их далавч, турк эмээл, зүүн чулуулаг дайрч зүүн чамархай хүрсэн хугарал. Баруун хацрын нум, баруун хоншоор ясны хугарал. Их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, зулай, дагзны дэлбэн, суурийн хэсэг, баруун духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт. Баруун чамархайн суурийн хэсгийн тархины эдийн няцрал. Дух, баруун чамархай, зулайн хуйхны дотор гадар гуу, баруун чамархайн булчингийн цус хуралт. Баруун чамархай, баруун хацар зүүн мөрний зулгаралт. Баруун нүдний зовхины цус хуралт /см Очки/. 3. Хүнд зэргийн согтолт...ДҮГНЭЛТ

1. Талийгаач Я.Н -н цогцост хийсэн шинжилгээгээр баруун чамархай, зулай ясны цөмөрсөн, бяцарсан, сэлтэрхий үүсгэсэн хугарал, баруун зулайгаас дух, яс ухархайн дээп хана дайрч баруун чамархай хүрсэн, баруун чамархайгаас суурийн дунд хонхор, их далавч, турк эмээл зүүн чулуулаг дайрч зүүн чамархай хүрсэн хугарал, баруун хацрын нум, баруун хоншоор ясны хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, зулай, дагзны дэлбэн, суурийн хэсэг, баруун духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархай, чамархайн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, дух, баруун чамархай, зулайн хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархай, баруун хацрын зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн.

3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан. Болно.

5. Нас барсан цагийг талийгаачийн цогцост анх үзлэг хийхэд тогтоодог болно.

6. Талийгаачийн цусанд 3,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 106-115 дугаар хуудас),

 

Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... О.Г ын баруун нүдний хараа -0.5, зүүн нүдний хараа 0.6, шилээр засагдаж -0.9 болно... хэвийн хараа +1.0 харах бусад тухайн хүний нүд нь 90 хувь харах боломжтой гэсэн үг. Тээврийн хэрэгсэл жолоодох нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 144 дүгээр хуудас),

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: “...Явган зорчигч, амь хохирогч Я.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч, хохирогч Т.Ч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Т.Приус маркийн 44-33 УБС дугаарын автомашиныг жолоодон явсан жолооч О.Г  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч нар нь тухайн зорчих хэсгийг урдаас хойшоо чиглэлд 4 эгнээг туулаад 5 дахь эгнээнд хөдөлгөөнтэйгөөр алхаж явж байгаа, осол гарсан зорчих хэсэг нь гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, автомашинд ямар нэгэн осол гарахад нөлөөлөх техникийн эвдрэл гэмтэлгүй байгаа нь жолоочид гэнэтийн үйл явдал болсон гэх үндэслэлгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.” гэх магадалгаа (хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас),

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 155 дугаар хуудас),

 

Шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Хүнд зэргийн согтолттой үед онолын дагуу ухамсарт ухаан алдагдаж, хүн өөртөө шүүмжлэлтэй хандах болон тэнцвэр алдагдаж амьсгал зүрх судасны төв дарангуйлагдах, амьсгал зүрх судасны систем удаашрах зэрэг шинж илэрнэ гэж үздэг. Гэхдээ хувь хүн болгоны архи даах чадвар харилцан адилгүй тул илрэх шинж харилцан адилгүй байдаг. Тухайн хүний онцлогоос шалтгаалан уг хүний архи даах чадвар ямар байсныг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 188 дугаар хуудас),

 

Хохирлын тооцоо болон хохирлын баримтууд (хавтаст хэргийн 46-60, 79-83 дугаар хуудас),

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Гэрч Я.Туяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 24-нд би гэртээ унтаж байсан. Осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй... О.Г ын эхнэр нь байгаа юм. 1981 онд гэр бүл болоод 4 хүүхдийн эцэг, эх болсон. Одоо хүүхдүүд бүгд тусдаа гарч бид хоёр амьдарч байгаа. Эцэг эхээс арвуулаа бөгөөд айлын хоёр дахь хүүхэд бөгөөд жаахан эрх. Бага боловсролтой, уншиж бичиж чаддаггүй. Гэхдээ амьдралын ухаан сайтай, халамжтай, гэр амьтай, ямар нэг муу зуршилгүй, амьдралын төлөө ажилладаг. Хүнтэй нөхөрсөг харьцаатай. Хамт олонтой хүн. Бид хоёр анх Дорнод аймагт амьдарч байгаад 2018 оны 4 дүгээр сараас Улаанбаатарт амьдарч байгаа. Ганболд залуудаа Мах Комбинатад зах зээл эхлэхээс өмнө ажиллаж байгаад 1997 оноос хойш хувийн авто машинтай болоод хувиараа хүн тээврийн ажил эрхэлж байсан. Приус маркийн тээврийн хэрэгслийг аваад 3 жилийн турш унаж, ашиглаж байгаа... энэ автомашинаар зүүн аймгийн шууданг тосож хүн хүргэж өгч ажиллаж байгаа. Дорнод аймаг руу пургоно, истана зэрэг автомашинаар хүн тээвэрлэж байсан. Маш их туршлагатай хүн юм. Ер нь манай хүн техникийн мэдлэг сайтай, нямбай хүн. Бид нар ослын дараа сүү, шар тос, ааруул, буяны мөнгө өгөх гээд очиход одоо юм авахгүй гэж хэлээд биднийг оруулаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас),

 

Гэрч Д.Далайбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ байсан. Өглөө нь манай хадам ээж Я.Туяа утсаар надад осол гарч хүн нас барж, эмэгтэй хүн гэмтсэн талаар хэлсэн. Би О.Г ын төрсөн охин Г.Болортунгалагийн нөхөр юм... 2016 оноос хойш амьдарч байгаа. О.Г ... их тусархуу, найрсаг харилцаатай хүн юм... ямар тусламж хүсэхэд ямар ч асуудалгүй биелүүлж өгдөг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дугаар хуудас),

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 154 дүгээр хуудас),

Жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 155 дугаар хуудас),

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 156 дугаар хуудас),

Оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 157 дугаар хуудас),

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 158 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 159 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 160 дугаар хуудас),

Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 170-174 дүгээр хуудас),

 

Шүүхэд шинээр гаргаж өгсөн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн огноотой “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримтууд, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн огноотой “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримтууд мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Өвчний түүхийн хуулбар зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Чинзориг “Шүүгдэгч О.Г  нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний 03 цаг 11 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэнгэр плаза төвийн урд замд Тоёота Приус маркийн 44-33 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчин хурдаа тохируулж яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч Я.Н , Т.Ч нарыг мөргөж, Т.Ч-ийн  эрүүл мэндэд хүндэвтэр, Я.Н амь нас хохирсон Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Харин хохирогч Т.Ч цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч О.Г , түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч О.Г  нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний 03 цаг 11 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэнгэр плаза төвийн урд замд Тоёота Приус маркийн 44-33 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчин хурдаа тохируулж яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч Я.Н , Т.Ч нарыг мөргөж, Т.Ч-ийн  эрүүл мэндэд хүндэвтэр, Я.Н амь нас хохирсон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч О.Г ын шүүх хуралдаанд өгсөн: “Үүрээр хэрэг гарсан. Би тээврийн хэрэгслээ тухайн үед зогсоож чадаагүй. Нэгдүгээр эгнээгээр явж байсан машин зогсож хүн буулгасан. Миний зүүн гар талаар нэг ачааны машин орж ирснийг өнгөрүүлсэн. Нэг мэдэхэд л ийм зүйл болсон. Цагдаа, түргэн гээд бүгдийг нь дуудсан. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-15 дугаар хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дугаар тал),

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас),

СиДи-д үзлэг хийсэн “...бичлэг нийт 29 минут 33 секунд бичлэг байх бөгөөд бичлэгийн зүүн дээд хэсэгт байрлах хугацаагаар 2020.08.24-ний шөнийн 03 цаг 39 минут 57 секундэд дуусаж байна... 03 цаг 14 минут 59 секундэд бараан өнгийн хувцастай 2 хүн баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй алхаж зүүнээс баруун тийш чиглэлийн зорчих хэсэг рүү орж, 03 цаг 15 минут 02 секундэд 3 дугаар эгнээг өнгөрч 2 дугаар эгнээнд орж 03 цаг 15 минут 03 секундэд цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд мөргүүлэн унаж байгаа бичлэг байв. 03 цаг 15 минут 19 секундэд цагаан өнгийн тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа бууж замын зорчих хэсгийн хойд талд байсан хүмүүстэй уулзаж байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Хохирогч Т.Ч-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би нөхөр болох талийгаач Я.Н хамт... айлд очсон... 03 цаг болж байхад маргааш ажилтай гээд тэднийхээс гарсан. Гараад Тэнгэр Плазагийн урд талд Чулуун овооны Цагдаагийн постын зүүн талын явган хүний гарцтай хэсгээр урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарахаар алхаж байсан. Бид хоёр баруун талаас зүүн тийш явах урсгалыг нэвтэрч гараад дуусах үед бидний араар ачааны том машин өнгөрсөн. Тэгээд зүүнээс баруун тийш явах урсгал руу орохдоо зүүн тийш харахад нилээд хол автобусны буудлын хавьд автомашин ирж байхаар нь хоорондоо урдуур нь гарч амжих юм байна гэж ярилцаад эхний эгнээг хөндлөн гараад хоёр дахь эгнээний голд явж байх үед осол гарсан гэж бодож байна. Би Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Надад баруун гарын тохой хэсэгт маш олон оёо тавьсан байсан. Мөн аарцгны хоёр хугаралтай гэж оношилсон байсан. Би хагалгаанд ороогүй. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үзүүлэхэд шийдвэр гарна гэсэн. Эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Талийгаач миний баруун гар талд явж байсан. Өмнө тэмдэг байгаагүй. Цагаан зураастай байсан. Гэхдээ хүн болгон гарц гэж бодоод түүгээр гардаг. Тэр автомашин хурдтай явж байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас),

Гэрч С.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Цагдаагийн академийн баруун талын автобусны буудал дээр буугаад такси барих гэснээ хол замд гутал бариад хөл өвдөж ирсэн болохоор такси барилгүй жоохон алхаж байгаад гутлаа тайлаад, жоохон суугаад гутлаа өмсөөд тонгойгоод дээшээ хартал зам дээр хүн гулдайгаад хэвтэж байсан. Тэгээд цааш хартал урд талд нэг цагаан машин харагдсан. Би нөхөртөө хүүе чи гүйгээч. Цаана чинь машин хүн дайрчихлаа. Машин нь явчихна. Дугаарыг нь ч болов харчхаач гээд нөхрийгөө гүйлгэсэн. Тэр үед жолооч нь бууж харагдсан. Намайг яваад очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн замын хоёр дахь эгнээнд  хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дугаар хуудас),

Гэрч Б.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...араас нь зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр цагаан жижиг машин ирээд тэр зогсож байсан машины хажуугаар өнгөрөх үед замын урд талаас эрэгтэй эмэгтэй хоёр хүн нилээн дуу шуутай зам хөндлөн гарч ирээд замын голын зураас дээр зогссон. Тэгээд би анзаараагүй. Эргэж хараад эхнэртээ болж байна уу, явах уу гэж хэлэхэд миний ард талд тас хийх чимээ гарсан... эхнэр цаана чинь болохоо болилоо гэж орилсон... эргээд харахад эрэгтэй хүн замын хоёрдугаар эгнээнд хэвтэж байсан. Харин эмэгтэй нь тэр цагаан машины хойд талд байсан. Машин баруун талд нь холгүй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90 дугаар хуудас),

Шүүгдэгч О.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн 44-33 УБС дугаарын автомашиныг жолоодон гэрээсээ 02 цагийн үед гараад “Тэнгэр Плаза”-ийн тэнд очтол Харуул Алтай хотхон орно гээд нэг залуу суулгаад хүргэж өгөөд буцаад Цагдаагийн сургуулийн баруун урд уулзвараар хойноосоо баруун гар тийш эргэж, “Тэнгэр Плаза” төв орох гээд зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байх үед 3 дугаар эгнээнд том оврын ачааны машины автомашин явж байсан. Тэр машины баруун гар талын эгнээгээр хажуугаар нь гараад иртэл гэнэт зорчих хэсгийн урд талаас бараан өнгийн хувцастай 2 хүн маш хурдан яваад ороод ирсэн... тоормос гишгэсэн боловч маш ойрхон тулаад ирчихсэн байсан тул мөргөөд баруун гар тийш зайлуулан дараад 1 дүгээр эгнээнд ороод зогссон. Би машинаас буугаад иртэл эрэгтэй хүн машинаас зүүн тийш нилээд хол зайд, эмэгтэй нь машины архан талд газарт хэвтэж байсан. Би бууж очоод тэнд байсан хүмүүст туслаарай, цагдаа, түргэн дуудаарай гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс түргэн дуудсан. Эмэгтэй хүн нь маш их согтолттой байсан бололтой гуталгүй явж байсан. ...Тооромс гишгэсэн боловч энэ хооронд автомашин зогсох ямар ч боломжгүй байсан. Зам гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, замын хөдөлгөөн түгжрэлгүй боловч хөдөлгөөнтэй байсан. Миний зүүн гар талд том оврын ачааны автомашин явж байсан бөгөөд түүнийг өнгөрөх үед гэнэт урд 2 хүн гараад ирсэн...” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас).

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр 10-ны өдрийн 1759 дугаар ДҮГНЭЛТ:

“1. Талийгаач Я.Н -н цогцост хийсэн шинжилгээгээр баруун чамархай, зулай ясны цөмөрсөн, бяцарсан, сэлтэрхий үүсгэсэн хугарал, баруун зулайгаас дух, яс ухархайн дээп хана дайрч баруун чамархай хүрсэн, баруун чамархайгаас суурийн дунд хонхор, их далавч, турк эмээл зүүн чулуулаг дайрч зүүн чамархай хүрсэн хугарал, баруун хацрын нум, баруун хоншоор ясны хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн чамархай, зулай, дагзны дэлбэн, суурийн хэсэг, баруун духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархай, чамархайн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, дух, баруун чамархай, зулайн хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чамархай, баруун хацрын зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн.

3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас барсан. Болно.

5. Нас барсан цагийг талийгаачийн цогцост анх үзлэг хийхэд тогтоодог болно.

6. Талийгаачийн цусанд 3,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 106-115 дугаар хуудас),

Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... О.Г ын баруун нүдний хараа -0.5, зүүн нүдний хараа 0.6, шилээр засагдаж -0.9 болно... хэвийн хараа +1.0 харах бусад тухайн хүний нүд нь 90 хувь харах боломжтой гэсэн үг. Тээврийн хэрэгсэл жолоодох нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 144 дүгээр хуудас),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: “...Явган зорчигч, амь хохирогч Я.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч, хохирогч Т.Ч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Т.Приус маркийн 44-33 УБС дугаарын автомашиныг жолоодон явсан жолооч О.Г  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч нар нь тухайн зорчих хэсгийг урдаас хойшоо чиглэлд 4 эгнээг туулаад 5 дахь эгнээнд хөдөлгөөнтэйгөөр алхаж явж байгаа, осол гарсан зорчих хэсэг нь гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, автомашинд ямар нэгэн осол гарахад нөлөөлөх техникийн эвдрэл гэмтэлгүй байгаа нь жолоочид гэнэтийн үйл явдал болсон гэх үндэслэлгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.” гэх магадалгаа (хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас),

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 155 дугаар хуудас) нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн болгоомжгүй болон холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

 

Шүүгдэгч О.Г  нь Тоёота Приус маркийн 44-33 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч О.Г  нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монголын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-д заасныг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч Я.Н амь нас хохирогч, Т.Ч-ийн  эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч О.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч О.Г  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.А д 15.000.000 төгрөгийг, хохирогч Т.Ч-д 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.А , хохирогч Т.Ч нар нь хохирол, хор уршигтай холбогдуулан цаашид гарах зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Б.Чинзориг дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. О.Г  нь энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх саналтай” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа: “Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Шөнийн цагаар гарсан хэрэг бөгөөд шүүгдэгч маш хурдтай явснаас ийм хор уршигт хүрсэн гэж үзэж байгаа. Энэхүү үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг залуухан эмэгтэй хохирч, хөдөлмөрийн чадваргүй болж хүний гарт орсон. Маш хүнд хор уршигтай гэмт хэрэг. Бид хохирлын баримтаа гаргаж өгсөн. Хэрэг шүүхэд шилжихээс өмнө хохирол барагдуулсан. Түүний өндөр насны байдал зэргийг харгалзаж заавал хуульд зааснаар хорих ял оногдуулах санал, хүсэлтгүй байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн шүүгдэгч О.Г од анхааруулж хэлэхэд Т.Ч-ийн  эмчилгээнд хойрго хандалгүй туслаарай гэдгийг хэлмээр байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.А  “Хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Т.Ч-д цаашид гарах эмчилгээний зардлыг шүүхээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх байх. О.Г од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд… учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.

                     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж зааснаар уг гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгч О.Г од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, гэмт хэргийн ангилал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын талаарх санал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Г од тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Г  тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн В,C,D,E ангилалын 134942 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэхийг даалгав.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч О.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Шүүгдэгч О.Г од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч О.Г од тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Г  тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Г од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн В,C,D,E ангилалын 134942 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэхийг даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

                             

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.А , хохирогч Т.Ч нар нь хохирол, хор уршигтай холбогдуулан цаашид гарах зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ