Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/338

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

  2021            3           15                                         2021/ШЦТ/338

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

 

нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Б.Тулга,

шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т-д холбогдох эрүүгийн 2006 03284 0157 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

..........................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.М маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу дээр маргах зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Хэргийн үйл баримтын талаар

 

            Зөрчлийн талаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

           

            Хохирогч Б.М-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 7 дугаар  сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын Сод монголын бензин колонкоос урагшаа 200 метрт байх ногоон дэлгүүрийн урд талын гудамжинд зүс таних Ганзориг гэгч нь эхнэртэйгээ нийлж миний гэдсэн дээр өвдөглөж суугаад хоёр гар бариад байсан. Гэтэл эхнэр нь том чулуугаар миний толгой руу нилээд хэдэн удаа цохисон. Миний толгой хагарч оёо тавиулсан. Эмнэлэгт хэд хоног хэвтсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-16 дугаар хуудас),

           

            Шүүгдэгч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нөхөр Ганзоригтой гэртээ байж байтал Мандахнаран манай хашааны хаалгыг цохиод нөхөр Ганзориг хаалга онгойлгож өгнө гэж гарчхаад орж ирэхгүй болохоор нь би араас нь гартал Мандахнаран манай нөхрийг дагуулаад явж байхаар нь би араас нь очоод Мандахнарантай маргалдсан. Мандахнаран намайг гичий, жингэр гэх мэтээр хэл амаар доромжилсон. Нөхөр Ганзориг хаачих нь чамд хамаагүй шүү гээд миний цээжин тус газар түлхэж, үснээс зулгаахаар нь би газраас чулуу аваад Мандахнарангийн толгойн тус газарт нь 1 удаа цохисон. Мандахнарангийн толгой хагарсан. Мандахнаранг надаас өөр цохиж зодсон хүн байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас),

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний эцэг Бадамзул овогтой Мандахнаран нь элэгний хорт  хавдартай, цөсний чулуутай гэх мэтчилэн архаг хууч өвчтэй байсан. 2020 оны 12 дугаар сарын эхээр эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирээд бие нь дээрдэхгүй байсаар байгаад 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас),

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №8952 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулай ар дээд хэсэгт 1,6 см урт мэс заслын оёдол авагдсан, аньж эдгэрсэн цайвар ягаан өнгийн шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. ДҮГНЭЛТ

  1. Б.М -н биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

 

Хохирогч Б.М-ийн  нас барсны гэрчилгээ (хавтаст хэргийн 86 дугаар хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 87 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

           

Иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 34, 103 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

“ШШГЕГ торгох ялын төлбөр” гэх агуулга бүхий мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас), шүүхэд шинээр өгсөн Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (1 хуудас) зэрэг болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Тулга “Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.М маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-т төлөх төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Э.Т гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

                                         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.М маргалдаж улмаар түүний толгойн хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Зөрчлийн талаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

            Хохирогч Б.М-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 7 дугаар  сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын Сод монголын бензин колонкоос урагшаа 200 метрт байх ногоон дэлгүүрийн урд талын гудамжинд зүс таних Ганзориг гэгч нь эхнэртэйгээ нийлж миний гэдсэн дээр өвдөглөж суугаад хоёр гар бариад байсан. Гэтэл эхнэр нь том чулуугаар миний толгой руу нилээд хэдэн удаа цохисон. Миний толгой хагарч оёо тавиулсан. Эмнэлэгт хэд хоног хэвтсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-16 дугаар хуудас),

            Шүүгдэгч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нөхөр Ганзоригтой гэртээ байж байтал Мандахнаран манай хашааны хаалгыг цохиод нөхөр Ганзориг хаалга онгойлгож өгнө гэж гарчхаад орж ирэхгүй болохоор нь би араас нь гартал Мандахнаран манай нөхрийг дагуулаад явж байхаар нь би араас нь очоод Мандахнарантай маргалдсан. Мандахнаран намайг гичий, жингэр гэх мэтээр хэл амаар доромжилсон. Нөхөр Ганзориг хаачих нь чамд хамаагүй шүү гээд миний цээжин тус газар түлхэж, үснээс зулгаахаар нь би газраас чулуу аваад Мандахнарангийн толгойн тус газарт нь 1 удаа цохисон. Мандахнарангийн толгой хагарсан. Мандахнаранг надаас өөр цохиж зодсон хүн байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №8952 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулай ар дээд хэсэгт 1,6 см урт мэс заслын оёдол авагдсан, аньж эдгэрсэн цайвар ягаан өнгийн шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. ДҮГНЭЛТ

  1. Б.М -н биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Э.Т нь хохирогч Б.М-ийн  эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Б.М д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №8952 дугаар дүгнэлтээр “зулайн хуйханд шарх” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Т нь хохирогч Б.М-ийн  эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Э.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.М нь өвчнөөр нас барсан (хавтаст хэргийн 86 дугаар хуудас) байх бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон М.Э “Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас) тул шүүгдэгч Э.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Т гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Э.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч Б.Тулга шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Т “Ажилд орох гэж байгаа болохоор торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

                       

Шүүгдэгч Э.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учруулсан, түүний хувийн байдал болох ам бүл 4, эрхэлсэн тодорхой ажилгүй мөн түүний нөхөр Ш.Ганзориг нь группт байдаг, урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн боловч дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Э.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э Т-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

           

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ