Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/349

 

                                                                                                                        

 

 

 

 

 

 

  2021            3           16                                         2021/ШЦТ/349

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

 

нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Ц.Ганцэцэг,   

шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, 

шүүгдэгч/хохирогч Б.Б , түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн  нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ......................... , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ............................................. тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01852 1504 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

................................................................

 

...............................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э  нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40и байрны 44 тоотод хамтран амьдрагч Б.Б тай “гадуур явж оройтлоо. Архи улаа. Удаан хүлээлээ” гэх асуудлаар маргалдаж улмаар цохих, зууралдах, түлхэх зэргээр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэхээ илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэг гарсан өдөр би ажлаа тараад гэртээ харьсан. Эхнэр надад найзуудтайгаа сууна гэдгээ хэлсэн байсан. Гэртээ хоолоо хийгээд түүнийг хүлээж байхад над руу залгаад намайг ирээд аваач гэж хэлэхээр нь би Энхтайваны гүүрний доод талд байдаг хотхоноос очиж авсан. Эхнэрээ гарч ирэхийг хүлээсэн. Бага зэрэг бухимдсан. Эхнэр халамцуу гарч ирсэн. Би эхнэртээ архинаас холуур амьдарна шүү гэж хэлсэн. Үүнээс болж маргаан үүссэн. Би янз бүрийн үйлдэл гаргаагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэлгүй гэрээс яваад Нисэхэд байдаг ээжийндээ очиж унтаж амарсан. Ийм зүйл болсон. Би ямар нэг байдлаар Б.Б д  гар хүрээгүй. Манай эхнэр хэт уурлах, эсхүл уухаараа ухаан алдчихдаг юм. Ухаан алдсаныхаа дараа болсон зүйлээ санадаггүй юм. Тэгэхээр би ваннд унасан гэж бодож байна. Өмнө нь ухаан алдаж унаад тархиндаа гэмтэл авч байсан. Түүнчлэн бас бусад хөл, гар зэргээ гэмтээж байсан. Б.Б г авахад согтуу байснаас бэртэж гэмтсэн зүйлгүй байсан. Ганцаараа гарч ирсэн. Бид хоёр архи уухгүй, зөв амьдаръя гээд маргалдсан. Маргаан улам хурцдахаас сэргийлж би гарч явсан. Би Б.Б г диван дээр байсныг өргөөд орон дээр хэвтүүлэх гэж байхад эсэргүүцсэн. Намайг явсны дараа над руу 2, 3 удаа залгасан. Би аваагүй. Маргааш өглөө нь Б.Б гийн найз залгасан байсан. Би Б.Б гийн толгойн хэсэгт цохиогүй. Унтуулах гээд очихоор урдаас эсэргүүцэх маягтай, тэврүүлэхгүй байх үед үүссэн байх магадлалтай. Зулгаралт, улайлт үүссэн байх боломжтой. Б.Б г яаж унасан талаар тодруул гэж шүүхээс прокурорт үүрэг болгосон гэж ойлгосон боловч тийм ажиллагаа хийгдээгүй. Манай гэрт очиж нөхцөл байдлыг харсангүй. Манай гэрт хурц ирмэгтэй угаалтуур, тосгуур байдаг. Нойлд суухад тосгуур таардаг. Үнэхээр хүнийг буруутгах гэж байгаа бол бодит байдалд тулгуурлах хэрэгтэй. Намайг цагдаагийн байгууллагаас хэзээ дуудсаныг санахгүй байна. Эхлээд 7-14 хоногийн дараа, дараа нь хэдэн сарын дараа дуудсан санагдаж байна.” гэв.

 

Шүүгдэгч/хохирогч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хоёр найз эмэгтэйтэйгээ тэр өдөр архи уусан. Би байнга хэрэглэдэггүй. Тэр өдөр тэгж уусан байсан. Би цагдаагийн байгууллагад ирээд мэдүүлэг өгснөө, гэмтлийн эмнэлэгт ах эгч хоёр дагуулж ирснийг санахгүй байсан. Би ГССҮТ-д очоод томографикийн шинжилгээ өгөх гээд сууж байхдаа хаана байна вэ гэдгээ анзаарч ухаан орж, миний архи бага ч гэсэн гарч, хаана байгаагаа анзаарч эхэлсэн. Тэгээд надад бэр эгч болсон процесс гэж ярьж өгсөн. Би үнэхээр л тийм зүйл болсон гэж бодсон. Бид хоёрыг маргалдахад гэрт өөр хүн байгаагүй. Би ганцаараа үлдсэний дараа манай ах, эгч хоёр ирж авсан юм байна лээ. Тэр өдөр намайг согтуу байхад ах, эгч нарыг маань байлцуулалгүйгээр мэдүүлэг авсан байсан. Маргааш нөхөр ирээд бүх болсон процессыг ярьсан. Намайг худлаа ярьсан гээд байгаа юм. Би эрүүл болсныхоо дараа юу болсон гэдгийг хүнээс буюу ах, эгч, нөхрөөсөө сонсож байгаа юм. Би дунд нь хальт юм санасан. Юу вэ гэхээр ванн өрөөнд нүрээ угаах гэтэл дотор давчдаад крантаа нээж чадахгүй хий татаад байж байснаа санадаг. Өөр зүйл санахгүй байгаа юм. Би өөрийгөө ванны өрөөнд унасан гэж бодож байгаа. Манай нөхрийн надад хэлсэн үнэн гэж бодож байгаа.  Би өмнөх мэдүүлгээсээ буцах худлаа ярих гэсэн юм байхгүй. Би сүүлд өгсөн мэдүүлэгтээ үнэнээр ярьсан. Би маш тодорхой мэдүүлэг өгсөн. Би мэдүүлэхдээ дандаа тэгсэн байна лээ, ингэсэн байна лээ гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь намайг буруутгах үндэслэл болохгүй. Энхсайхан гэх мөрдөгч анх хэргийг 4 дүгээр сарын 16-ны өдөр авч байсан. Дараа нь Буяндэлгэр гэх мөрдөгч дуудсан. Энхсайхан мөрдөгч Прокурорт хэргийг хаах санал гаргасан байсан. Харин Буяндэлгэр мөрдөгч “Гантулга прокурор 2, 3 хүүхэдтэй амьдрал угаасаа ойлгоно. Чи Гантулга прокурортой уулзаарай. Чи надад одоо эдгээр материалууд аваад ир, энэ дээр гарын үсэг зурчих” гэж намайг төөрөгдүүлж байгаа юм. Надад ямар нэг хуулийн заалт тайлбарлаагүй. Юу болох ч гэж байгааг надад тайлбарлаагүй. Одоо эргээд бодоход манай нөхрийн ажил албатай хавсарч, намайг худлаа ярьсан болгож, нөхрийг маань буруутгах гэж заавал ингэсэн мэт харагддаг. Би хардаж байгаа. Хууль бол улсын сүр хүчийг харуулсан зүйл шүү дээ. 4 дүгээр сарын 08-ны өдөр надад эрх, үүрэг тайлбарласан эсэх, юу болсон гэдгийг би үнэхээр санадаггүй. Нөхрийгөө миний нүүр лүү цохиогүй гэдгийг яаж мэдэж байна вэ гэвэл намайг гэрт ганцаараа байхад найз нар, ах, эгч нар орж ирсэн. Надад зүрхний төрөлхийн эмгэг байдаг. Согтсон байхад зүрхэнд ачаалал өгсөн байх гэж бодож байна. Би крантаа онгойлгоод нүүрээ угаая гээд чадахгүй байсан. Үнэхээр бүдэг, бадаг санагддаг. Би ванны өрөөнд унасан гэж бодсон. Орж ирэхэд нь хамар, амнаас цус гарсан байсан гэсэн. Тийм болохоор би ванны өрөөнд унаж гэмтсэн гэж бодсон. 4 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш цагдаагийн алба хаагч нар манай гэрт ирээгүй. Б.Э  бид хоёр хамт амьдраад 5 жил болж байна. 2015 онд Америкт хамт байдаг байсан. Б.Э  өмнө надад гар хүрч байгаагүй. Өөрөө архи уудаггүй. Намайг архи уухаар бухимддаг. Гурван эмэгтэй нийлж том савтай пиво уусан. Нэг эмэгтэй найз маань түрүүлээд явсан. Тэгээд хоёул үлдээд 3 том савтай пиво уусан. Над руу Б.Э  залгасан. Намайг Болорбайгаль лифтэнд суулгаад үүднээс нөхөр тосож авсан. Би Адьяатөмөр гэх хүнтэй юу ярьснаа үнэхээр санахгүй байна. Дараа ах, эгч нар маань тайлбарлаж өгсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Б.Б гийн хохирогчоор өгсөн: “Би өнөөдөр 21 цагийн үед Хан Уул дүүрэгт Шинэ өглөө хотхонд найзындаа очоод 2 пиво уугаад байж байхад манай хамтран амьдрагч Б.Э  намайг ирээд авсан. Гэртээ ирээд манай хамтран амьдрагч намайг гадуур явж оройтлоо гээд бид хоёрын дунд маргаан үүссэн ба үүнээс болж Б.Э  намайг цохих үед би ухаан алдсан байсан ба хэсэг хугацааны дараа сэрээд ухаан ороход би гэртээ ганцаараа байсан ба Б.Э  гарч явсан байсан. Би өөрийнхөө гар утсаар ах Б.Батжаргал руу залгаж зодуулсан тухайгаа хэлсэн байгаа. Бид хоёр сүүлийн 1 жил 6 сар хамтран амьдарч байгаа. Анх улаа Б.Э ад зодуулж байна. Миний зүүн талын шанаа хавдаж зүүн талын нүд хөхөрч хавдсан байна. Цээжний хэсэгт хөхөрч, хавдаад хөндүүрлээд өвдөөд байна. Гэрт Б.Э  бид хоёр л байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас) 

Шүүгдэгч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин хохирогчоор өгсөн: “Нөхөр бид хоёр 2015 оноос хойш амьдарч байгаа гэрлэлтийн баталгаа байхгүй. Би өөрөө 12 настай нэг хүүтэй юм. 2020 оны 4 сарын 8-ны өдөр ажил тараад найз Болормаа бид хоёр Болорбайгалын шинэ байрыг үзэхээр тэднийд очиж би 3 ширхэг лаазтай пиво уугаад нилээн согтсон байсан.Тэгээд 21 цаг өнгөрч нөхөр ирж аваад явсан гэртээ хариад юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн чинь нөхөр явсан. Төрсөн ах Батжаргал эхнэртэйгээ ирсэн. Хамт байсан хоёр найз ирсэн байсан бөгөөд миний нүд хавдсан байсан тул ах цагдаа дуудсанаар цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Би тухайн үедээ согтуу байсан учраас юу гэж ярьснаа нарийн сайн мэдэхгүй байна, гэмтлийн эмнэлэг дээр байхад уусан архи гарч бүрэн ухаан орсон. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа уг гэмтлүүд юунаас болж учирсныг санахгүй байна. Тэр өдрийн маргааш нь нөхөртэйгөө ярилцсан чинь би согтуу гэртээ ирээд нөхөртөө агсам согтуу тавиад байхаар нь намайг унтуулах гэж бугалгаас татаж өрөөнд оруулсан, тэгээд би хэл амаар доромжилж агсраад байхаар нь цээжний дээд хэсэгт нэг удаа цохиж хөхрүүлсэн, зүүн нүдний хоншоор ясны хугарал гэмтэл нь ариун цэврийн өрөөнд ганцаараа байж байхдаа угаалтуур мөргөж унасан байх, нөхөр миний нүд рүү цохиогүй гэсэн. Би өөрөө согтуу тасарсан байсан учраас юу ч санахгүй байна, мөн надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудас),

 

Гэрч Ц.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхөр Батжаргалын төрсөн дүү Б.Б  юм. Одоогоор Батжаргал Өмнөговь аймагт ажилтай учраас утсаа авахгүй, ирж уулзах боломжгүй байна. 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр нөхөр бид 2 гэртээ байж байхад 23 цагийн үед хадам дүү Б.Б  над руу залгаж “зүрх дэлсээд үхэх гээд байна надад туслаач” гэж утасны цаанаас хашхираад байсан ер нь жоохон зүрх муутай учраас зүрх нь өвдсөн гэж бодоод нөхөр бид хоёр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Бгийн гэрт очиход архи уусан байдалтай нүд нь хөхөрч хавдсан, цээж бачуураад байна, үхлээ гэсэн байдалтай хоёр найз эмэгтэй нь ирсэн байсан. Тэгээд долоогоны ханд уулгаж жоохон гайгүй болгож нөхөр Батжаргал цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа ирэхээс өмнө өөрсдөө цагдаа дээр очиж мэдүүлэг өгчхөөд гэмтлийн эмнэлэгт үзүүлээд гэртээ харьсан. Нөхөр бид хоёр Бгаас юу болсныг асуухад ямар нэг зүйл санахгүй байна гэж хэлсэн бөгөөд нөхөртөө зодуулсан эсэх, яагаад гэмтсэн талаар ямар нэг зүйл хэлээгүй. Нөхөр бид хоёр тусдаа амьдардаг учраас Бгийн амьдралыг сайн мэдэхгүй байна нөхөртөө зодуулсан гэж ярьж байгаагүй. Одоо хамт амьдарч байгаа хүнтэй суугаад жил орчим болж байгаа байна. Нөхөр бид хоёр байгаагүй учраас Б.Б г юунаас болж гэмтсэнийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

 

Гэрч С.Болорбайгалийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ ирээд байж байхад манай найз Б.Б , Болор хоёр цувраад манайд ирсэн. Манайд багцаагаар 19 цагийн орчим ирсэн шиг санагдаж байна. Тэгээд бид гурав “Сэнгүүр” нэртэй 2,5 литрийн пиво 1 ширхэг мөн талтай хувааж уусан. Б.Б  бараг уудаггүй тухай үед машингүй явж байсан учраас жаахан уучих гээд уулгасан. Манайд сууж байхдаа Б.Б , Б.Э  хоёр чатаар хоорондоо мессеж бичээд байсан бид хоёр хэлэхдээ ирж авах юм шиг байна гэж хэлж байсан. Ингээд 21 цаг 40 минут орчим Б.Э  ирчихлээ гэсэн нөхрийг нь ороод ир гэсэн чинь орж ирээгүй тэгээд Б.Б  гэр лүүгээ харьлаа гээд гараад явсан. Тэр хоёрыг явсны дараа үлдэгдэл пиво уучхаад 22 цагаас өмнө дахиж пиво авахаар гарсан. Дэлгүүр орчхоод буцаад гэр лүүгээ орж байсан Б.Б  явснаас хойш багцаагаар 30-аад минутын дараа Б.Б  над руу залгасан утсаа авсан чинь найз нь үхлээ гээд амьсгаа хурааж байгаа хүн шиг сонин дугарсан хаана байна гэсэн чинь хаана байгаагаа хэлээгүй бид хоёр авсан юмаа гэртээ оруулж тавьчхаад Б.Б гийн гэрт нь очсон. Тухайн үед бид хоёрыг ирэхэд Б.Б  ах, бэр эгч хоёр нь ирчихсэн Б.Б  гэрийнхээ буйдан дээр сууж байсан. Нүүрний зүүн талын хэсэг нь хөхөрчихсөн байдалтай байсан. Юу болсон талаар нь асуусан чинь ямар нэг юм ярихгүй ухаан нь орж гараад байгаа бололтой байсан бид нар тайвшруулсан, тухайн үед ус ч ууж чадахгүй байсан. Тэгээд төрсөн ах нь цагдаад дуудлага өгсөн дуудлага өгчхөөд бөөнөөрөө Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирчхээд хэсэг байж байгаад гэр лүүгээ харьсан. Б.Б  ахтайгаа Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр үлдсэн. Б.Э ын утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас),

 

Гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Б гийн төрсөн ах нь байгаа юм. Б намайг архи уусан. Хамтран амьдрагч Э  нь зодчихлоо гэж дуудсан. Тухайн үед гэрт нь яваад очиход Б нь ганцаараа гэртээ том нойлын өрөө нь цус болсон, зүүн шүд нь язарсан цус гарсан байдалтай байдалтай байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед би дуудлага өгөөд Баянзүрх дүүргийн цагдаад хүргэж өгсөн. Дүү ганцаараа орж мэдүүлэг өгсөн. Юу ярьсан талаар би мэдэхгүй. Гарч ирээд манай эхнэртэй хамт ГССҮТ-рүү явсан. Үүнээс цааш би мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),

 

Гэрч Б.Адъяатөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хэлтсийн нэмэгдэл жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Батаагийн Б гэх эмэгтэй хүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан. Б.Б  мэдүүлэг өгөх гэж орж ирэх үедээ өөрийн ах гээд нэгэн эрэгтэй хүнтэй хамт өрөөнд орж ирсэн ба тэр хүн нь “манай дүүг хамтран амьдрагч нь гэрт нь зодсон байна” гэж хэлж байсан. Б.Б гийн биеийн байдал нь шанааны хэсэг нь хавдаж, улайсан, бага зэргийн хөхөрсөн байгааг эс тооцвол гаднаасаа харагдах байдал нь хэвийн байсан ба харин мэдүүлэг авч байх үед сэтгэл санаа нь бага зэргийн цочролд орсон байдалтай байсан. Энэ нь зодуулснаас болоод ийм байдалтай байсан гэж би бодож байна. ...Гэртээ зодуулсан гэж хэлсэн гэрийнхээ яг хаана зодулснааа хэлээгүй. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

 

Гэрч Г.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Б  Болорбайгалийнхаас байхдаа нөхөртэйгөө утсаар ярьсан Болорбайгалийнд Болормаатай байна гэж хэлсэн. Миний хонгорын ажил хэзээ дуусахын хамт гэртээ харъя гээд жаахан эрхэлсэн байдалтай ярьсан. Удалгүй Б.Э  хүрээд ирсэн нөхрийгөө оруулаад ир гэсэн боловч өөрөө гарлаа гээд гараад яваад өгсөн. Гараад удаагүй 30-аад минутын дараа шиг санагдаж байна Б.Б   Болорбайгаль руу утсаар залгаад та хоёр манайд хүрээд ир гэж би утсаар яриагүй учраас ямар учиртай дуудсан гэдгийг мэдээгүй би бодохдоо Б.Б гийнд очиж үргэлжлүүлэх байх гэж бодсон. Заримдаа явж байхдаа Болорбайгалиас юу болсон талаар асуусан чинь гялс хоёулаа очъё гэж хэлсэн би бол гэрээс нь аваад гарах юм байна л гэж бодсон. Гэрт нь ирэхэд ах бэр эгч хоёр нь ирчихсэн байсан Б.Б  том өрөөний буйдан дээр сууж байсан зүүн талын нүд хэсэг нь хөхөрчихсөн байсан миний толгой өвдөөд байна ухаан алдах гээд байна гэсэн утгатай зүйл яриад байсан. Тухайн өдөр ярьж чадахгүй байсан архи уучихсан байсан учраас үнэртчихэв дээ гэж бодоод айхтар юм ярьж асуугаагүй. Гэрт нь ирэхэд дунд зэргийн согтолттой байсан ямар ч байсан ухаан алдах гээд байна гээд яриад байсан миний харснаар бол өөрийгөө хянах чадвар багатай байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

 

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020.04.09-нд Б.Б гийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан дүгнэлтээр зүүн хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, тархины доргилт, зүүн зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зовхинд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал, 2 бугалга, нуруу баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Б.Б гийн биед тогтоогдсон зүүн хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, тархины доргилт, үүсгэгдэнэ  хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зовхинд зулгаралт, гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цохих, цохигдох, унах, ойчих аль алинд нь үүсэх боломжтой гэмтэл юм. Гэхдээ гэмтлийн шинж байдлаас харахад унаснаас цохих үед үүсэх магадлал ихтэй байна. Олон удаагийн үйлчлэл гэж Б.Б гийн биед тогтоогдсон нийт гэмтлүүд олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Олон удаа гэж хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлийг ойлгоно. Үзлэгийн тэмдэглэлд хамтран амьдрагчид зодуулсан гэж өгүүлсэн байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “Би Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн өдөр эхнэрээ ямар нэгэн байдлаар зодож гэмтээсэн зүйл байхгүй. Өмнөх мэдүүлэг дээрээ цагийг нь тодорхой хэлсэн цагийг нь одоо санахгүй байна. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны орой гадаа харанхуй болсон байсан ажлаасаа буугаад гэртээ ирээд байж байхад манай эхнэр Б.Б  над руу утсаар залгаад Хан Уул дүүрэгт Шинэ өглөө хотхонд найзындаа байна ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад найзынх нь гадаа ирсэн гэрийн нь гадаа цаг гаруй хүлээж байгаад эхнэрээ аваад гэр лүүгээ харьсан. Замдаа явж байхдаа эхнэрт архи уулаа тайван амгалан амьдармаар байна гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр тэрийг эмзгээр хүлээж авсан бололтой уурлаад байсан. Тэгээд бид хоёр гэртээ орж ирсэн эхнэрээ тайвшруулсан. Бид хоёр тайвширч хэсэг гаагүй болсон ингээд би хоол хийсэн эхнэр хоолноос идээгүй. Зурагт үзээд том өрөөнд сууж байсан тэгсэн Б.Б гийн зүрх нь савлаад ер нь хоёулаа ярьсан дээрээ нэг мөсөн яриад дуусгана гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би хоёр гараараа тэврээд унтлагын өрөөний орон дээр авчирч тавьсан тэгж байхдаа түлхсэн үйлдэл байгаа гэхдээ түлхээд ямар нэгэн байдлаар газар болон юм мөргөөгүй хоёрын дунд контакт л үүссэн. Тэгээд би гэрээсээ гараад ээжийнд очоод амарсан. Тэр хооронд манай эхнэр ухаан алдаж унасан юм шиг байна лээ. Манай эхнэр согтуу байсан учраас ухаан алдаж босож ирээд намайг зодчихлоо гэж бодсон байх ах руугаа утсаар залгасан байсан. Би эхнэртэйгээ танилцаад 5 жил болж байна энэ хугацаанд гар хүрч байгаагүй. Манай эхнэр эрүүл мэндийн хувьд зүрх өвддөг зүрх өвдсөнөөс болж ухаан алдаж унадаг зарим ухаан алдах үедээ гаагүй заримдаа хоёр гурав хоногийн үйл явдлыг санахаа больчихдог ийм эрүүл мэндийн асуудалтай хүн байгаа юм. Иймд худал мэдүүлэг өгсөн асуудал дээр нь дахин бодолцож өгнө үү гэж хүсэж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас)

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4506 дугаартай:

“1. Б.Б гийн биед зүүн хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цус хуралт, хоёр бугалга нуруу, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 586 дугаартай:

            “1. Б.Б гийн биед тогтоогдсон зүүн хоншоор, ясны хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, нуруу, баруун ташаанд цус хуралт гэмтэл тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Унах үед үүсэх боломж багатай.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70, 91 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72, 92 дугаар хуудас),

Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 74, 94 дүгээр хуудас),

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 75, 95 дугаар хуудас)

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 76, 96, 105-107 дугаар хуудас)

Жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 77, 97 дугаар хуудас),

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Э ын боловсролын байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 84-90 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Э ын боловсролын байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 98-102 дугаар хуудас)  зэрэг нотлох баримтууд болно.

 

2020 оны  04 дүгээр сарын 08-ны өдөр Б.Б гийн хохирогчоор анх удаа өгсөн мэдүүлгийг шүүхээс үнэлээгүй болно.

 

Харин бусад хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Ганцэцэг “Шүүгдэгч Б.Э  нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40и байрны 44 тоотод хамтран амьдрагч Б.Б тай “гадуур явж оройтлоо. Архи улаа. Удаан хүлээлээ” гэх асуудлаар маргалдаж улмаар цохих, зууралдах, түлхэх зэргээр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэхээ илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Хохирогч Б.Б  нэхэмжилсэн зүйлгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ “Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан баримтыг дүгнээд дараах дүгнэлтийг гаргаж байна. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт Б.Э  Б.Б г цохисон нь тогтоогдсон тул Б.Б  худал мэдүүлэг өгсөн гэдэг нь тогтоогдсон гэж хэллээ. Нотлох баримтуудыг харвал Б.Б гийн 4 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэг нь түүний 4 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлгийг үгүйсгэж байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр хэрэг учрал гарсан байх үед үүссэн байх боломжтой, унах үед үүсэх боломж бага гэж гарсан. Хэдэн хувь гэдэг нь тогтоогдоогүй болохоор уг дүгнэлтээр үгүйсгэгдэж болно. Гэрч нарын мэдүүлгээр хэн Б.Э  Б.Б г цохисон гэх мэдүүлэг өгөгдөөгүй. Тухайн үед хэн хэн нь Б.Э ,  Б.Б г цохисон байж магадгүй л гэж мэдүүлсэн буюу өөрсдийн бодлоо хэлсэн байдаг. Энэ нь бас үгүйсгэгдэж байна. Мөрдөгч Адьяатөмөрийн мэдүүлгээр Бгийн мэдүүлгийг үнэн гэж нотлогддог. Тийм ч учраас Б.Э ыг буруутай гэж үзээд байна. Гэтэл хэн хэн нь маскгүй байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл үнэртээгүй гэдэг нь тухайн хүн ухаан санаа эрүүл байсан үгүйг нотолж чадахгүй. Өмгөөлөгчийн зүгээс хардаж байгаа нэг үндэслэл нь тухайн мөрдөгч, цагдаа өөрийнхөө хийсэн ажлыг үгүйсгүүлэхгүй байх гэсэн ашиг сонирхол байж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ийн нэг нь ч тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Өнөөдөр бид ямар нэг хөдөлбөргүй нотлох баримтын үндсэн дээр хүнийг буруутай үгүй юу гэдгийг шийдэх ёстой. Б.Э , Б.Б г цохисон гэх хөдөлбөргүй баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй. Ядаж л цохиж байгааг нь би харсан юм гэх хүн ч алга байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “гэмт хэрэг гарсан байдал, хэзээ хаана, яаж үйлдсэн, сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр нь ямар вэ” гэж заасны аль нь ч тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд Б.Э ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б гийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн “Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар миний үйлчлүүлэгчийг худал мэдүүлэг өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Улсын яллагчийн зүгээс Б.Б г худал мэдүүлэг өгсөн гэдгийг гэрч Адьяатөмөр гэх хүний мэдүүлгийг үндэслэж худал мэдүүлэг өгсөн гэж үзээд байгаа нь буруу. Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгсөн байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, тайлбар мэдүүлэг авсан, дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дахин мэдүүлэг авсан. Ингэхдээ буюу 04 дүгээр сарын 16-ны өдөр та худал мэдүүлэг өгчихлөө гэсэн байгаа юм. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн гэдэг нь нотлогдоогүй.  Тодруулах юм бол 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр анх мэдүүлэг өгөхдөө Б.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээ хэлсэн. Дараа нь 04 дүгээр сарын 16-ны өдөр дахин мэдүүлэг өгөхдөө “Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд гэмтэл согог судлалын эмнэлэг дээр очиж ухаан орсон” гэсэн байдаг. Бгийн өгсөн мэдүүлгийг харж үзэхээр Адьяабаяр гэх хүн шөнийн 00 цаг 14 минутын үед мэдүүлгийг дуусгасан байдаг бөгөөд үүнээс хойш миний үйлчлүүлэгч ГССҮТ-д байсан. Миний үйлчлүүлэгчийг тухайн өдөр согтуу байсан гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч гэмт хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөгчийн хувьд хийх ёстой ажиллагааг хийгээгүй. Ямар ажиллагаа вэ гэвэл 4 дүгээр сарын 08-ны өдөр Б гэх хүн согтуу байхад яагаад мэдүүлэг авсан юм бэ, энэ нь өөрөө шууд хууль зөрчиж байгаа асуудал. Харин жижүүрийн мөрдөгч Адьяатөмөр гэх хүн яах ёстой байсан бэ гэвэл Б.Б гийн согтолтын зэргийг тогтоох ёстой байсан. Мөн эрх үүрэг тайлбарлаж өгөхөд энэ хүн ойлгох чадвартай байсан эсэхийг шалгаж, үнэхээр согтолтын зэрэг байсан бол эрүүл болсных нь дараа мэдүүлэг авах ёстой байсан. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн талаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокуророос Б.Б г 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажилгааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө “...Нэг сэрсэн чинь нөхөр явсан. Төрсөн ах Батжаргал эхнэртэйгээ ирсэн. Хамт байсан хоёр найз ирсэн байсан бөгөөд миний нүд хавдсан байсан тул ах цагдаа дуудсанаар цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Би тухайн үедээ согтуу байсан учраас юу гэж ярьснаа нарийн сайн мэдэхгүй байна, гэмтлийн эмнэлэг дээр байхад уусан архи гарч бүрэн ухаан орсон. ... Тэр өдрийн маргааш нь нөхөртэйгөө ярилцсан чинь би согтуу гэртээ ирээд нөхөртөө агсам согтуу тавиад байхаар нь намайг унтуулах гэж бугалгаас татаж өрөөнд оруулсан, тэгээд би хэл амаар доромжилж агсраад байхаар нь цээжний дээд хэсэгт нэг удаа цохиж хөхрүүлсэн, зүүн нүдний хоншоор ясны хугарал гэмтэл нь ариун цэврийн өрөөнд ганцаараа байж байхдаа угаалтуур мөргөж унасан байх, нөхөр миний нүд рүү цохиогүй гэсэн. ...Би өөрөө юу болсныг санахгүй байгаа учраас нөхрийнхөө хэлж яриснаар тиймэрхүү үйл явдал болон байна гэж бодож байна” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Б д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ямар нотлох баримтуудаар нотлогдож байгааг тухайлан зааж бичээгүй тодорхойгүй байх бөгөөд шүүгдэгч Б.Б , Б.Э  нарын холбогдсон “Худал мэдүүлэг өгөх”, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн талаарх нотлох баримтуудыг хамтад нь бичиж, яллах дүгнэлтийг үйлдсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалвал Б.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус тус хохирогчоор мэдүүлэг өгсөн байна.

 

Б.Б гийн өөрийн өгсөн, гэрч Ц.Гэрэлмаа, Б.Батжаргал, С.Болорбайгаль, Г.Болормаа, шүүгдэгч Б.Э  нарын өгсөн мэдүүлгүүдээр 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Б.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд түүнээс анх удаа хохирогчоор 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 23 цаг 40 минутаас 00 цаг 10 минутын хугацаанд мэдүүлэг авсан байх ба уг мэдүүлгийг дараа дахин өгсөн мэдүүлэгтэй харьцуулж худал мэдүүлэг өгсөн гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Мэдүүлгэн нотлох баримт нь мэдүүлэг өгч буй хүний эрүүл мэнд, биеийн байдал, сэтгэцийн байдал, болсон үйл явдалд хандах түүний хандлага, мэдүүлэгч өгч буй этгээд болсон үйл явдлыг яаж мэдэрч тусгаж авсан, түүнийг хэрхэн ойлгосон, зөв тусган авах, ойлгох, илэрхийлэх чадвартай байсан зэрэг биологи, сэтгэл зүйн олон хүчин зүйлээс хамаарч уг нотлох баримтын нотолгооны ач холбогдол, нотлох чадвар харилцан адилгүй байдаг.

Б.Б  нь анх удаа хохирогчоор 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр мэдүүлэг өгөхдөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь сэтгэл зүй сэтгэцийн байдлын хувьд болсон үйл баримтыг үнэн зөвөөр илэрхийлсэн эсэхэд эргэлзээ бий болгож байгаа тул уг нотлох баримтыг шүүхээс үнэлээгүй болно.

 

Түүнчлэн Б.Б гийн хохирогчоор зориуд худал өгсөн гэх мэдүүлгийг шинжлэн судалвал 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгт ““...Нэг сэрсэн чинь нөхөр явсан. Төрсөн ах Батжаргал эхнэртэйгээ ирсэн. Хамт байсан хоёр найз ирсэн байсан бөгөөд миний нүд хавдсан байсан тул ах цагдаа дуудсанаар цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Би тухайн үедээ согтуу байсан учраас юу гэж ярьснаа нарийн сайн мэдэхгүй байна, гэмтлийн эмнэлэг дээр байхад уусан архи гарч бүрэн ухаан орсон. ... Тэр өдрийн маргааш нь нөхөртэйгөө ярилцсан чинь би согтуу гэртээ ирээд нөхөртөө агсам согтуу тавиад байхаар нь намайг унтуулах гэж бугалгаас татаж өрөөнд оруулсан, тэгээд би хэл амаар доромжилж агсраад байхаар нь цээжний дээд хэсэгт нэг удаа цохиж хөхрүүлсэн, зүүн нүдний хоншоор ясны хугарал гэмтэл нь ариун цэврийн өрөөнд ганцаараа байж байхдаа угаалтуур мөргөж унасан байх, нөхөр миний нүд рүү цохиогүй гэсэн. ...Би өөрөө юу болсныг санахгүй байгаа учраас нөхрийнхөө хэлж яриснаар тиймэрхүү үйл явдал болсон байна гэж бодож байна” гэсэн байх ба уг мэдүүлэгт Б.Б  нь маргааш өдөр хамтран амьдарч болох Б.Э аас юу болсон талаар асууж, түүний хэлсэн зүйлийг дамжуулан хэлж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг нь хохирогч, гэрч нь зориудаар худал мэдүүлснийг буюу болсон үйл явдлыг болоогүй мэтээр, эсхүл болоогүй үйл явдлыг болсон мэтээр өөрийн зүгээс шууд санаатай хэлбэрээр, хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд саад болох зорилгоор өгсөн мэдүүлгийг гэмт хэрэгт тооцдог.

 

Гэтэл шүүгдэгч Б.Б  нь согтуу байсан учраас болсон үйл явдлыг санахгүй байна гэсэн байх ба хамтран амьдарч Б.Э ын хэлсэн зүйлийг дамжуулан хэлсэн мэдүүлгийг шууд санаатайгаар зориудаар худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэргийн шинж хангагдахгүй байна.

 

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б  нь худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Э  нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40и байрны 44 тоотод хамтран амьдрагч Б.Б тай “гадуур явж оройтлоо. Архи улаа. Удаан хүлээлээ” гэх асуудлаар маргалдаж улмаар цохих, зууралдах, түлхэх зэргээр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Гэрч Ц.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр нөхөр бид 2 гэртээ байж байхад 23 цагийн үед хадам дүү Б.Б  над руу залгаж “зүрх дэлсээд үхэх гээд байна надад туслаач” гэж утасны цаанаас хашхираад байсан ер нь жоохон зүрх муутай учраас зүрх нь өвдсөн гэж бодоод нөхөр бид хоёр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Бгийн гэрт очиход архи уусан байдалтай нүд нь хөхөрч хавдсан, цээж бачуураад байна, үхлээ гэсэн байдалтай хоёр найз эмэгтэй нь ирсэн байсан. Тэгээд долоогоны ханд уулгаж жоохон гайгүй болгож нөхөр Батжаргал цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа ирэхээс өмнө өөрсдөө цагдаа дээр очиж мэдүүлэг өгчхөөд гэмтлийн эмнэлэгт үзүүлээд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

Гэрч С.Болорбайгалийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ингээд 21 цаг 40 минут орчим Б.Э  ирчихлээ гэсэн нөхрийг нь ороод ир гэсэн чинь орж ирээгүй тэгээд Б.Б  гэр лүүгээ харьлаа гээд гараад явсан. Тэр хоёрыг явсны дараа үлдэгдэл пиво уучхаад 22 цагаас өмнө дахиж пиво авахаар гарсан. Дэлгүүр орчхоод буцаад гэр лүүгээ орж байсан Б.Б  явснаас хойш багцаагаар 30-аад минутын дараа Б.Б  над руу залгасан утсаа авсан чинь найз нь үхлээ гээд амьсгаа хурааж байгаа хүн шиг сонин дугарсан хаана байна гэсэн чинь хаана байгаагаа хэлээгүй бид хоёр авсан юмаа гэртээ оруулж тавьчхаад Б.Б гийн гэрт нь очсон. Тухайн үед бид хоёрыг ирэхэд Б.Б  ах, бэр эгч хоёр нь ирчихсэн Б.Б  гэрийнхээ буйдан дээр сууж байсан. Нүүрний зүүн талын хэсэг нь хөхөрчихсөн байдалтай байсан. Юу болсон талаар нь асуусан чинь ямар нэг юм ярихгүй ухаан нь орж гараад байгаа бололтой байсан бид нар тайвшруулсан тухайн үед ус ч ууж чадахгүй байсан. Тэгээд төрсөн ах нь цагдаад дуудлага өгсөн дуудлага өгчхөөд бөөнөөрөө Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирчхээд хэсэг байж байгаад гэр лүүгээ харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас),

Гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б намайг архи уусан. Хамтран амьдрагч Э  нь зодчихлоо гэж дуудсан. Тухайн үед гэрт нь яваад очиход Б нь ганцаараа гэртээ том нойлын өрөө нь цус болсон, зүүн шүд нь язарсан цус гарсан байдалтай байдалтай байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед би дуудлага өгөөд Баянзүрх дүүргийн цагдаад хүргэж өгсөн. Дүү ганцаараа орж мэдүүлэг өгсөн. Юу ярьсан талаар би мэдэхгүй. Гарч ирээд манай эхнэртэй хамт ГССҮТ-рүү явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020.04.09-нд Б.Б гийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан дүгнэлтээр зүүн хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, тархины доргилт, зүүн зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зовхинд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал, 2 бугалга, нуруу баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Б.Б гийн биед тогтоогдсон зүүн хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, тархины доргилт, үүсгэгдэнэ  хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зовхинд зулгаралт, гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цохих, цохигдох, унах, ойчих аль алинд нь үүсэх боломжтой гэмтэл юм. Гэхдээ гэмтлийн шинж байдлаас харахад унаснаас цохих үед үүсэх магадлал ихтэй байна. Олон удаагийн үйлчлэл гэж Б.Б гийн биед тогтоогдсон нийт гэмтлүүд олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Олон удаа гэж хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлийг ойлгоно. Үзлэгийн тэмдэглэлд хамтран амьдрагчид зодуулсан гэж өгүүлсэн байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4506 дугаартай:

“1. Б.Б гийн биед зүүн хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цус хуралт, хоёр бугалга нуруу, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 586 дугаартай:

            “1. Б.Б гийн биед тогтоогдсон зүүн хоншоор, ясны хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр бугалга, нуруу, баруун ташаанд цус хуралт гэмтэл тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Унах үед үүсэх боломж багатай.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б.Э  нь хохирогч Б.Б гийн биед халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Б.Б д Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4506 дугаартай дүгнэлтээр “зүүн хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цус хуралт, хоёр бугалга нуруу, баруун ташаанд цус хуралт” гэмтэл тогтоогдсон бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Э  нь хохирогч Б.Б гийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Э  болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчид гэмтэл учруулаагүй, угаалгын өрөөнд унаснаас уг гэмт учирсан, нотолбол зохих байдал нотлогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулга бүхий санал дүгнэлтийг гаргасан.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э  нь цохих, зууралдах, түлхэх үед хохирогч Б.Б д шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цус хуралт, хоёр бугалга нуруу, баруун ташаанд цус хуралт” гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд уг учирсан гэмтэл унах үед үүсэх боломж бага, цохих үед үүсэх магадлал ихтэй талаар шинжээчийн дүгнэлт гаргасан, мөн шинжээч өгсөн мэдүүлэгтээ дэлгэрүүлэн тайлбарласан байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Э  болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан санал дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

           

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Б.Б  баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Э  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.Э ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э ад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх санал,

Шүүгдэгч Б.Э ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн бага торгуулийн ялаар буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” саналыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Э ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох гэр бүлийн хүрээнд харилцан үл ойлголцлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч хохирогч нар нь харилцан эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Э ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Э  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Элжигэн овогт Батаа Э ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 4. Шүүгдэгч Б.Э  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Э  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ