Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
Хэргийн индекс | 105/2016/0263/Э |
Дугаар | 418 |
Огноо | 2018-05-03 |
Зүйл хэсэг | 17.2.2., |
Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 418
Г.Б-, Б.М-, Д.О-,
Б.Ц-, Э.Л- нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор М.Хэрлэнчимэг,
шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Г.Цагаан,
шүүгдэгч Б.М-,
шүүгдэгч Д.О-, Б.Ц-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
шүүгдэгч Э.Л-, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,
хохирогч Д.Ганцоож, Л.Лхагва нарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох 201625010760 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Унзадшарав овогт Г-ын Б-, 1997 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч нарын хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,
2. Түмэд овогт Б-ын М-, 1995 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух бүртгэлтэй,
- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан /РД: /,
3. Боржигон овогт Д-ийн О-, 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Гурванбаян суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,
4. Их мэргэд овогт Б-ны Ц-, 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Гурванбаян суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,
5. Сартуул овогт Э-ын Л-, 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 9, эцэг, эх, ах, эгч нарын хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,
Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвийн хажууд хохирогч Д.Ганцоож, Л.Лхагва нарын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Г.Б-, Э.Л- нар нь Л.Лхагвыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан, “Sky” загварын цагаан өнгийн гар утас, бэлэн 100.000 төгрөг зэргийг дээрэмдэн авч 270.000 төгрөгийн, Б.М-, Д.О-, Б.Ц- нар нь Д.Ганцоожийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан, “IPhone 5s” загварын цагаан өнгийн гар утас, бугуйн цаг, түрийвч, савхин бээлий зэргийг дээрэмдэн авч 585.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, тэднийг бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Г.Б-ийн цагдан хоригдсон 216 хоног, Б.М-, Д.О-, Б.Ц- нарын тус бүр цагдан хоригдсон 220 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, Э.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үүндээ маш их гэмшиж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Би эхнэр болон 7 сартай охиныхоо хамт амьдардаг. Мөн цусны өвчтэй тул биеийн дархлаа маань сул байгаа. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үүндээ маш их гэмшиж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үүндээ маш их гэмшиж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Би эхийнхээ хамт ажил хөдөлмөр хийж, группд байдаг эцэг, ахлах ангийн 3 сурагч дүү нараа тэжээн тэтгэдэг байсан. Цаашид өөрийн гаргасан алдаандаа дүгнэлт хийж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, нийгэмд зөв төлөвшиж амьдрах болно. Иймд надад боломж олгож ял шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Ц- давж заадах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үүндээ маш их гэмшиж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй болно. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг бага ч болов хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Э.Л- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүндээ маш их гэмшиж байна. Бид нар хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Би уг гэмт хэрэгт холбогдох үедээ 16 нас 11 сартай байсан. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Би дахин ийм хэрэг зөрчил гаргахгүй, архи пиво хэрэглэхгүй амьдрах болно. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Г.Цагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хууль бус явагдсан. Тухайлбал эрүүгийн төлөөлөгч нь миний үйлчлүүлэгчийн эрх чөлөөнд халдаж зодох, дарамтлах, үг зааж өгөх байдлаар мэдүүлэг авсан байдаг. Энэ талаарх гомдлоо холбогдох субъектэд гаргасан бөгөөд тухайн эрүүгийн төлөөлөгч нь зохих хариуцлагыг хүлээсэн байгаа. Шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр удаа дараа буцаасан боловч миний үйлчлүүлэгчийн гэм буруу тогтоогддоггүй. Түүнчлэн шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог үл харгалзан тэдэнд хавтгайруулж ижилхэн ял шийтгэл оногдуулсан байна. Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарч чадаагүй тул Г.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Д.О-, Б.Ц- нарын өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өөрийн үйлчлүүлэгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдал болон ар гэр, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсье...” гэв.
Шүүгдэгч Э.Л-ын өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Э.Л-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үүндээ гэмшсэн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсье...” гэв.
Хохирогч Д.Ганцоож, Л.Лхагва нарын өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарын зүгээс хохирол төлбөрийг нөхөн төлсөн бөгөөд тэд гаргасан давж заалдах гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ. Давж заалдах шатны шүүхээс тэдэнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломж байгаа...” гэв.
Прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвийн хажууд хохирогч Д.Ганцоож, Л.Лхагва нарын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Г.Б-, Э.Л- нар нь Л.Лхагвыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан, “Sky” загварын гар утас, бэлэн 100.000 төгрөг зэргийг дээрэмдэн авч 270.000 төгрөгийн, Б.М-, Д.О-, Б.Ц- нар нь Д.Ганцоожийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан, “IPhone 5s” загварын гар утас, бугуйн цаг, түрийвч, савхин бээлий зэргийг дээрэмдэн авч 585.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- хохирогч Д.Ганцоожийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ... 02 цагийн үед найз Лхагватай хамт гэр лүүгээ харих гээд Сансарын колонк руу алхаж байтал хар урт куртик өмссөн 173-175 см өндөртэй залуу араас ирээд мөрлөж маргаан үүсгэсэн... хойноос нь 4 залуу ирээд урт хоолойтой цамцтай залуу нь намайг заамдаж, нүүр лүү цохисон, дараа нь намайг мөрлөсөн залуу цохисон... ард байсан нэг залуу нь намайг цохиж газар унагаасан... тэр залуучуудын 3 нь нийлж намайг зодсон. Намайг газар унасан байхад нүүр лүү хоёр талд өшиглөөд байсан. Энэ үед нэг нь миний халаасыг ухаж эд зүйлийг авсан... харин Лхагвааг 2 залуу зодож байсан... Би “Болиочээ” гээд тусламж гуйж орилсон. Тэгээд тэр залуучууд зугтаасан бөгөөд босоод ирэхэд миний түрүүвч, “IPhone-5” загварын гар утас, “Контас” загварын бугуйн цаг, савхин бээлий зэргийг аваад явсан байсан... манай найз миний хажууд ухаангүй хэвтэж байсан бөгөөд би найзыгаа сэрээгээд ... цагдаад очиж болсон явдлыг хэлэхэд алаг тэргэнд суулгаад биднийг аваад явсан. Ардаас нь хөөсөөр байгаад тухайн залуусыг барьж авсан... миний зүүн нүд хавдсан, толгой хөдөлсөн, уруул сэтэрсэн, урд дээд хоёр шүд хөдөлсөн...” /1хх-ийн 46-48, 2хх-ийн 8, 3хх-ийн 119/,
- хохирогч Л.Лхагвын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Д.Ганцоож бид хоёр Сансарын Колонк руу алхаж байтал ардаас 20-21 орчим насны хар урт куртик өмссөн залуу ирээд намайг шууд мөрлөсөн. Би тэр залуугаас “Уучлаарай” гэхэд хамт явж байсан 20-21 орчим насны 170-175 см өндөртэй залуу ирээд миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохиод авсан... Ганцоожийг 3 залуу, намайг 2 залуу зодсон. Намайг зодож байхдаа миний гар утсыг халааснаас авсан. Би хэсэг хугацаанд ухаан алдсан... ухаан алдахаасаа өмнө зодуулж байхад “Наадах чинь утсаа энгэрийнхээ халаасанд хийчихээд тавихгүй байна шүү” гэж нэгэндээ хэлж байсан... нэг сэрэхэд миний “Sky” загварын гар утас, бэлэн 100.000 төгрөг алдагдсан байсан...” /1хх-ийн 51-53, 2хх-ийн 228, 3хх-ийн 121/,
- шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...замд үл таних 2 залуутай М-, Ц-, О- нар маргалдаад зууралдаж байхаар нь очоод салгасан... газар “Sky” загварын гар утас унасан байхаар нь манайхны нэг “Наад гар утсаа аваадах” гэж хэлэхээр нь аваад цааш явсан...” /1хх-ийн 120, 2хх-ийн 184, 231, 3хх-ийн 116, 232/,
- шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...замдаа би хохирогч нартай мөрлөлцөөд маргалдаж байх байхад манай найз нар ирээд санамсаргүй зодоон болсон. “Sky” загварын гар утсыг Б- надад өгөхөөр нь авсан... Лхагвыг Б-, Л- хоёр зодсон. Харин Ганцоожийг Ц-, О- хоёр зодсон...” /1хх-127, 2хх-ийн 184, 232, 3хх-ийн 116, 233/,
- шүүгдэгч Д.О-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...М- Ганцоожтой маргалдаад байхаар нь би очсон... Ганцоож намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо нэлээд ноцолдсон... босч ирэхдээ газарт оосор нь тасарсан бугуйн цаг унасан байхаар нь авсан...” /1хх-ийн 236, 2хх-ийн 184, 3хх-ийн 116, 234/,
- шүүгдэгч Б.Ц-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...О- Ганцоожтой барилцаад авахад нь би салгасан. Тэгэхэд газарт “IPhone” загварын гар утас унасан байхаар нь би О-ынх гэж бодоод авсан...” /2хх-ийн 15, 185, 233, 3хх-ийн 117, 234/,
- шүүгдэгч Э.Л-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...М- “Хүн дээрэмдэж мөнгө олъё” гэж О-, Ц- нарт хэлэхэд Б- бид хоёр сонсоод зогсож байсан. Тэр гурав урд алхаж яваад М- үл таних 2 залуугийн хажуугаар гарахдаа мөрлөж маргаан үүсгэн зодоон болсон. Тэгэхэд Б- бид хоёр араас нь очсон. М-, Ц-, О- нар нь Ганцоожийг зодсон... Харин Б- Лхагватай барилцаж аваад зодолдохоор нь би Б-ийг түүнээс салгах гэж зууралдсан...” /1хх-ийн 144, 148, 2хх-ийн 230, 3хх-ийн 117, 235/ гэсэн мэдүүлгүүд,
- шүүгдэгч Б.М-ас “Sky” загварын гар утас, Б.Ц-эс “IPhone-5s” загварын гар утас, Д.О-аас бугуйн цаг зэргийг тус тус хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 5, 13-15/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /1хх-ийн 16-17/, шүүгдэгч нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн үед өмсөж явсан хувцасны гаднах байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 22-42/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн №3076 дугаартай “Д.Ганцоожийн биед уруулын салст, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх, №3078 дугаартай “Л.Лхагвын биед нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх /1хх-ийн 65, 70/ дүгнэлтүүд зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
Шүүгдэгч Г.Б-, Э.Л- нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ дээрх гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцооны талаар өөр өөрөөр тайлбарлаж мэдүүлсэн байх боловч гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгч нарын оролцсон оролцооны талаар мэдүүлсэн хохирогч Д.Ганцоож, Л.Лхагва нарын мэдүүлэг нь шүүгдэгч Б.М-, Д.О-, Б.Ц- нарын өгсөн мэдүүлгүүдтэй зөрчилдөхгүй байна.
Шүүгдэгч Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.
Буцаан хэрэглэгдэх болсон хөнгөн хууль гэдэг нь гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.
Прокуророос Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэргийн шинжид нийцэж тохирч байх ба уг гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг оногдуулах хорих ялын хэмжээнээс багассан байна.
Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон хэмээн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болсны гадна, шүүхээс тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ялыг тус тус оногдуулсан нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцжээ.
Харин шүүгдэгч Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нар нь давж заалдсан гомдолдоо дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа тус тус илэрхийлсэн бөгөөд тэдний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон хувийн байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хорих ялыг тус бүрт оногдуулах боломжтой байна.
Түүнчлэн шүүгдэгч Э.Л- нь 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн байх ба энэ гэмт хэргийг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн, 18 насанд хүрээгүй байсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журмыг баримтлан, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 6 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нарын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:
- 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б-, Б.М-, Д.О-, Б.Ц-, Э.Л- нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Л-од оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.МЯГМАРЖАВ
Н.БАТСАЙХАН