Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 05

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч:  иргэн П.А-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох, “Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2018.06.05-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож байгаль орчин, аялал жуулчлалын газрын Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.А түүний өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.А миний бие нь 1992 онд төрсөн, 26 настай, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 2013 онд МУИС-ийн Геологийн анги төгссөн. Би 2017 оны 10 сарын 01-нд Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр анх ажилд орсон бөгөөд 2017 оны 12 сарын 11-ний өдөр Төрийн албаны шалгалтанд орж тэнцсэн. Би тухайн ажлаа мэргэжлийн түвшинд ямар нэг алдаа дутагдалгүй хуулийн дагуу гүйцэтгэж байсан. Тэгтэл тус байгууллагын дарга Б.Б нь 2018.05.21-нд мэдэгдэх хуудас өгөөд намайг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр 2018.06.05-ны өдөр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

     Б дарга: Мэдэгдэх хуудсанд бичсэнээр: 2018.04.18-ны өдрийн Б/07 тоот тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн нь худлаа. Хэрэв тухайн үед сахилгын шийтгэл ногдуулсан бол надад мэдэгдэх ёстой байх. Тэгтэл надад ердөө мэдэгдээгүй бөгөөд шийтгэл ногдуулахгүйгээр 3 өдрийн цалин хассан байсан. Би 2018 оны 04-ний өдөр Улаанбаатар хотод Байгаль орчны яам, төсөлтэй хамтарсан сургалт 5 дахь өдөр дууссан бөгөөд томилолтын зардал өгөөгүйгээс би зардлаа авахаар 1 дэх өдөр хүртэл хүлээгээд зардал өгөхгүй болохоор өөрийнхөө зардлаар 1 дэх өдрөө шууд Улаангом руу явсан. Надтай цуг сургалтанд хүний нөөцийн мэргэжилтэн Хүрэлбаатар явсан. Тэр хүн надыг ажил тасалсан эсэх, сургалтанд явсан эсэхийг бүгдийг гэрчилнэ. Намайг дахин 2018.05.17-18-ны өдрүүдэд ажил тасалсан гээд мэдэгдэх хуудсыг нэгтгэн гаргаад шууд 2018.06.05-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулаад шууд ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл:

     1.2018.04.18-ны өдрийн Б/07 тоот тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулаагүй. Зөвхөн 3 өдрийн цалин ямар ч үндэслэлгүйгээр хассан байгаа.

      2.2018.05.17-ны өдөр ажил таслаагүй би ажилдаа очсон байгаа, харин 2018.05.18-нд даргаас өөрөөс нь чөлөө авсан. Тэгтэл намайг ажил тасалсан гээд буйн үндэслэлгүй юм. Иймд надад 20181.05.21-нд мэдэгдэх хуудсаар 2 удаа арга хэмжээ авсан мэтээр худал баримт бүрдүүлсэн байна. Яагаад гэвэл 2018 оны 4 сар, 2018 оны 5 саруудад ажил тасалсан бол тус тус нь эрх зүйн баримт бичиг гарах ёстой гэж үзэж байна. Миний бие нь 2018.06.05-ны өдөр даргын тушаал хүлээн авч 2018.06.13-ны өдөр Аймгийн Төрийн албаны зөвлөлд хандаж, Төрийн албаны зөвлөлөөс 2018.10.22-ны өдөр хариуг хүлээн авсан болно. Иймд ямар ч хууль зүйн үндэслэлгүй гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018.06.05-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Уул уурхай, Байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “БОАЖГ-ын Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр 2017.09.28-2018.06.05-ны өдрийг хүртэл ажиллаж байсан П.А нь БОАЖГ-ын даргын 2018 оны 6 сарын 05-ны өдрийн Б/13 тоот тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халагдсан болно. Уг шийдвэртэй холбогдуулан П.А-ийн гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж банйа.

      1.П.А нь 2018.04.04, 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн байгаль орчны хамгаалал, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын тооллого” сэдэвт сургалтад оролцохоор 2018.04.03-ны өдөр яваад 2018.04.12-ны өдөр ирсэн болно. Тэрээр сургалтад оролцоод 2018.04.09-ний өдрийн даваа гарагт албан ажилдаа ирэх ёстой байсан боловч 2018 оны 4 сарын 09, 10, 11-ний өдрүүдэд 3 хоног албан томилолтын хугацааг хэтрүүлсэн. Түүнд Захиргааны ерөнхий хуулийн 43.1, 27.4.2, 27.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан албан томилолтын хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа бичгээр тайлбарлах, гаргасан үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулсан бөгөөд түүний бичгээр гаргасан тайлбар нь 3 хоног албан томилолтын хугацаа хэтрүүлж, ажил тасалсныг зөвтгөхүйц хүндэтгэн үзэх шалтгаан биш байсан тул байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.4.8 “Албан томилолтоор явсан ажилтан томилолтын хугацааг чанд баримтлах бөгөөд явах, ирэх хугацааг Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд тэмдэглүүлнэ. Албан томилолтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэсэн заалт, ТАтХуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн БОАЖГ-ын даргын 2018.04.18-ны өдрийн Б/07 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж, өөрт нь танилцуулсан болно. Тэрээр шийдвэр гаргах үед албан томилолтын хугацааг 3 хоног хэтрүүлсэнээ хүлээн зөвшөөрч “БОАЖГ-ын мэргэжилтнүүд сургалтад хамрагдсан бүртгэл”-д гарын үсгээ зурсан байдаг /Сургалтад хамрагдсан байдлын бүртгэлийг хавсаргав/ П.А тухайн үед өөрт нь сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай танилцаад, 3 хоногийн цалин хасах болон сануулах шийтгэлийг давхардуулж оноолоо, хууль бус байна гэсэн тайлбарыг ня-бо, хүний нөөцийн мэргэжилтэнд гаргасан.

     2.П.А нь 2018.05.17, 18, 21-ний өдрүүдэд байгууллагын удирдлагад мэдэгдэж, чөлөө зөвшөөрөл авалгүйгээр 3 өдрийн ажил тасалсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27.4.2, 27.4.3, 43.1 дэх хэсэгт заасны дагуу 2018.05.21-ний өдрийн мэдэгдэх хуудсаар П.А-нд түүний гаргасан зөрчил, эрх зүйн үр дагаварын талаар мэдэгдэж, бичгээр хариу тайлбарыг авсан болно. Тэрээр бичгээр гаргасан тайлбартаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ажил тасалсан болохоо хүлээн зөвшөөрсөн тул байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10.2, 10.2.2 дахь заалт болон ТАтХуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсныг өөрт нь мэдэгдэж, 2018.06.07-ны өдөр тушаалыг гардуулж өгсөн болно. Нэхэмжлэгч П.А нь төрийн албанд ажиллаж байх хугацаандаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчсөний улмаас төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан бөгөөд түүний гомдолд дурдагдсан зүйлс нь эрх зүйн үндэслэлгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Т.Ц нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын уул уурхай хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 9 сарын 03-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. П.А шүүхэд гомдол гаргаснаар миний эрх ашиг хөндөгдөж болзошгүй тул гуравдагч этгээдээр татагдаж холбогдох тайлбарыг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2019.01.21-ний өдөр болох шүүх хуралд өөрийн биеэр оролцох шаардлагагүй тул хүсэлтийг минь хүлээн авна уу” гэжээ.

     Нэхэмжлэгч П.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож байгаль орчин, аялал жуулчлалын газрын Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд орсон. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрийн албаны шалгалтад орж тэнцсэн. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ амжилттай сайн, алдаа дутагдалгүй биелүүлж ирсэн. Гэтэл тус байгууллагын дарга Б нь 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэх хуудас өгч хууль зүйн үндэслэлгүйгээр 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна” гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч П.А нь Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Уул уурхай, Байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа 2 удаа сахилгын шийтгэл хүлээсэн. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/07 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл мөн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 тоот тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах сахилгын шийтгэл тус тус хүлээсэн. Уг сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь: Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хөдөлмөрийн дотоод журмын 10.2 дугаар зүйлийн 10.2.2 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан бол сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна” гэж тодорхой заасан байгаа тул энэ заалтыг баримтлан П.А-нд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

      П.А нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн пүрэв гариг, 2018 оны 5 дугаар сарын 18-ны баасан гариг, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн даваа гариг гээд нийт ажлын 3 өдөр ажил тасалсан тул 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа ирэхэд “Ажлын 3 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан учраас таны гаргасан үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байгаа тул тайлбараа бичгээр гаргаж өгнө үү” гэсэн агуулгатай мэдэгдэх хуудсыг өгсөн. П.А бичгээр гаргасан тайлбартаа: “2018 оны 5 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ар гэрт асуудал гарч, ажил байдлаа мэдэгдэхгүй ажил тасалсан буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин ийм асуудал гаргахгүй” гэсэн агуулгатай буруугаа ухамсарлаж хүлээсэн тайлбарыг бичиж өгсөн байдаг.

     Иймд П.А-ийн бичгээр гаргасан тайлбар нь тухайн ажилтанг 3 өдөр ажил тасалсан шалтгаан хүндэтгэн үзэх шалтгаан биш байсан учир байгууллагын дотоод журмын 10.2 дугаар зүйлийн 10.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан” гэх шалтгаанаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан” гэжээ.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч П.А нь Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 10 дугаар сард ажилд орсон. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төрийн албаны шалгалтад орж тэнцсэн боловч ажлаас чөлөөлөгдөх хүртэл П.А тухайн албан тушаал дээр жинхлээгүй байсан учир түр орон тоон дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/7 тоот тушаалаар П.А-нд сануулах сахилгын шийтгэл оногдуулаагүй. Тухайн үед П.А-нд эрх зүйн акт өгч гарын үсэг зуруулаагүй байтлаа ажил тасалсан гэх үндэслэлээр 3 өдрийн цалин хассан байсан. Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас  Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2018 оны 4 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод сургалт зохион байгуулагдах гэж байна гэсэн албан бичиг ирсэн тул Уул уурхай, Байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн П.А, хүний нөөцийн мэргэжилтэн Хүрэлбаатар нар сургалтад явсан. Тухайн үед байгууллагаас томилолтын зардал гаргаагүй учир өөрсдийн зардлаар сургалтад явсан. Сургалт 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дуусаж, сургалтад хамрагдсан хүмүүсийн буцах зардлыг яамнаас өгнө гэсэн боловч араас нь хэд хоногийн дараа дансаар шилжүүлэхээр болсон гэх хариу өгсөн. Нэхэмжлэгч П.А-нд буцах зардал байхгүй байсан учир хамт явсан Хүрэлбаатар мэргэжилтнээс мөнгө зээлж билет бичүүлэх гэж байтал драгон дээр П.А-ийн найз таарч түүний машинтай зардал өгөхгүйгээр Увс руу гарахаар болсон. Замд найзынх нь машин эвдэрч 1 хоног саатсаны улмаас 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа очсон. Хүрэлбаатар мэргэжилтэн гэрчийн мэдүүлэгтээ “2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр би драгон дээрээс автобусанд суугаад П.А найзынхаа машинтай хамт Увс руу гарцгаасан. Архангай аймаг орж байтал П.А-ийн сууж явсан машин эвдрээд үлдсэн” гэж мэдүүлсэн” Тухайн үед П.А даргатайгаа утсаар ярьж болсон үйл явдлын талаар тайлбарласан байдаг. Ингээд машин эвдэрсний улмаас 1 өдөр ажилдаа хоцорч 2 дахь өдөр ажилдаа очиход томилолтын хугацаандаа ирээгүй гэх шалтгаанаар ажил тасалсан гэж 3 өдрийн цалин хассан байсан.

      Нэхэмжлэгч П.А нь 2 нялх хүүхэдтэй, амьдралын шаардлагаар  2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр даргаасаа хэд хоногийн чөлөө гуйсан боловч дарга “мэдэгдэх хуудсаа ирж ав” гэсэн хариуг өгсөн байсан. Нэхэмжлэгч П.А-нд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэх хуудас гардуулж, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

      П.А-г ноцтой гэмт хэрэг үйлдсэн юм шиг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орохгүйгээр мэдэгдэх хуудсаар ажлаас чөлөөлснийг өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

    Эхлээд сануулах арга хэмжээ авсан гэдэг боловч П.А-нд мэдэгдэж, эрх зүйн акт өгч гарын үсэг зуруулаагүй. Харин гэрч болох тухайн байгууллагын нягтлан П.А-ийн 3 өдрийн цалин хассан гэдгийг гэрчилсэн байсан. Хөдөлмөрийн хуульд зааснаар сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулах боломжгүй. Тухайн үед П.А-ийн цалингаас 2018 оны 4 дүгээр сард 3 өдөр, 2018 оны 5 дугаар сард 3 өдрийн цалин хассан байсан. Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга мэдэгдэх хуудсаар тушаал гаргаж ажлаас чөлөөлж байгаа үйлдлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

     Гэрч Н.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Байгаль хамгаалагчдын сургалт болсон. Тухайн сургалтад хуулийн зөвлөх Я.У хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг дэлгэцээр танилцуулсан. Мөн хөдөлмөрийн дотоод журмыг хэвлэж байгаль хамгаалагч нарт тарааж өгч санал асуулга явуулсан. Уг хурлын тэмдэглэлийг би гараар хөтөлж байгаад амжихгүй болохоор нь дуу хураагуур дээр хөтөлсөн. Байгууллагын даргын зүгээс хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал гарсан. Өнгөрсөн намар манай байгууллага дээр Төрийн албаны зөвлөлөөс шалгалт ирээд хөдөлмөрийн дотоод журмыг тушаалтай нь хамт эх хувиар нь авч явсан байсан. Тухайн тушаалын ард нь хурлын тэмдэглэлийг хавсаргасан байсан. Тухайн үед авч явсныг мэдээгүй байж байгаад сүүлд мэдээд тушаалыг нөхөж гаргаад үдсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч П.А тус шүүхэд хандан “Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2018.06.05-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож байгаль орчин, аялал жуулчлалын газрын Уул уурхай, Байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

     Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

       Шүүх хуралдаанд гуравдагч этгээд Т.Ц өөрийг нь оролцуулахгүйгээр хуралдааныг явуулж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан болохыг тэмдэглэв.

    П.А нь 2018 оны 06 сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хандаж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай гомдлыг гаргажээ.

     Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл уг гомдолд 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 73 дугаартай албан бичгээр ”...томилолтын хугацаа хэтрүүлсэн, ажил тасалсан зөрчлийг гаргаснаар таныг Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан гомдол гаргаж, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой “ гэсэн хариуг өгчээ. Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна.

    Нэхэмжлэгч П.А нь “2018.04.18-ны өдрийн аймгийн БОАЖГазрын даргын “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг надад мэдэгдээгүй, 04 сард 3 өдрийн цалинг ямар ч үндэслэлгүйгээр хассан, 2018.05.17-ны өдөр ажил таслаагүй би ажилдаа очсон,  2018.05.18-ны өдөр  даргад өөрт нь мэдэгдэж чөлөө хүссэн,  мөн байгууллагын дотоод журмын нэмэлт өөрчлөлтийг батлаагүй“ гэж маргасан байна.

     Хариуцагч татгалзлын үндэслэлээ “Нэхэмжлэгч П.А нь төрийн албанд ажиллаж байх хугацаандаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчсөний улмаас төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан бөгөөд түүний нэхэмжлэлд дурдагдсан зүйлс нь эрх зүйн үндэслэлгүй” гэж тайлбарлажээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хөдөлмөрийн дотоод журмын 10.2 дугаар зүйлийн 10.2.2 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан бол сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна” гэж тодорхой заасан байгаа тул энэ заалтыг баримтлан П.А-нд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлд өмнөх сахилгын шийтгэлийг хамааруулаагүй” гэсэн тайлбарыг гаргажээ.

       2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын Б/28 тоот тушаалаар нэхэмжлэгч П.А-г Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан байна.

     2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр түүнд “сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусгавар болоогүй байхад давтан зөрчил гаргасан тул төрийн албанд нэг жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах” болсныг мэдэгдэж, мэдэгдэх хуудас гардуулсан ба улмаар  2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/13 тоот тушаалаар 2018 оны 5 сарын 17, 18, 21-ний өдрүүдэд байгууллагын удирдлагад мэдэгдэж, чөлөө зөвшөөрөл авалгүйгээр 3 өдрийн ажил тасалсан гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2 дахь заалтыг баримтлан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

      Урьд нь 2018 оны 4 сарын 09, 10, 11-ний өдрүүдэд 3 хоног албан томилолтын хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр түүнд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 4 сарын 18-ны өдрийн Б/07 тоот тушаалаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

       П.А нь 2018 оны 4 сарын 04, 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн байгаль орчны хамгаалал, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын тооллого” сэдэвт сургалтад оролцохоор 2018.04.03-ны өдөр яваад 2018.04.12-ны өдөр ажилдаа иржээ.

     Гэрч Ж.Х, Ж.М нарын мэдүүлгээс үзэхэд уг сургалтыг НҮБ-ын хөгжлийн газрын байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал төслийн санхүүжилтээр зохион байгуулсан учраас П.А-д байгууллагаас нь томилолтын хуудас олгоогүй байна. 

      Сургалтанд суугаад буцаж ирэх замд түүний дайгдаж явсан автомашин Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт эвдэрч замд саатсанаа хамт сургалтанд суусан аялал жуулчлал, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Ж.Х-т гар утсаар мэдэгдсэн ба Ж.Х нь уг асуудлыг даргадаа 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулсан байна. Мөн П.А нь  бичгээр гаргасан тайлбартаа ажилдаа хоцорч ирсэн шалтгаанаа   тодорхой тайлбарлан бичжээ.

       Үүнээс үзэхэд автомашин эвдэрсний улмаас замдаа саатсан байгаа ба өөрөөр хэлбэл  гадны хүчин зүйлийн нөлөөллөөс болж түүнийг ажилдаа 3 хоног хоцорч ирсэн гэж үзэхээр байгаа ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног томилолтын хугацаа хэтрүүлсэн гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

      Нэхэмжлэгчийн “надад сануулах сахилгын шийтгэл ногдуулаагүй, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/07 тоот даргын тушаалыг надад мэдэгдээгүй, танилцуулаагүй” гэх  тайлбарыг шүүх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын “Сануулах сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/07 тоот тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, гардуулсан баримтыг хариуцагчийн зүгээс шүүхэд ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр уг тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, гардуулсан талаарх баримт байхгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

       Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2018 оны 05 дугаар сарын цалингийн цэсээс үзэхэд П.А-г 05 дугаар сарын 17,18, 21-ний өдөр ажил тасалснаар бүртгэсэн байна. Мөн тэрээр 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгууллагадаа “2018.05.17, 2018.05.18-ны өдрүүдэд ар гэрт асуудал гарч ажил байдлаа мэдэгдэхгүй ажил тасалсан буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг гарган өгчээ. П.А нэхэмжлэлдээ 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа очсон гэж тайлбарласан боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Харин 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ар гэрт асуудал гарснаа даргадаа facebook хаягнаасаа мэдэгдсэн боловч түүнд чөлөө олгоогүй байна.

       П. А нь 3 өдөр ажилдаа очоогүй, ажлаа тасалсан байгаа боловч хөдөлмөрийн  дотоод журмыг удаа дараа зөрчсөн, давтан зөрчил гаргасан нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

      2002 оны Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар буруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах”-аар заасан байна.

      Мөн хуулийн  13 дугаар зүйлийн 13.1.5-д зааснаар Төрийн албан хаагч нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй.

      Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ” гэж заажээ.

     Дээрхи хуулиудын зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагч нь хууль тогтоомжид нийцсэн, ажилчдын төлөөлөгчдийн саналыг харгалзан  хэлэлцэгдэн батлагдсан байгууллагын дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрвээ зөрчсөн тохиолдолд дээр дурдсан  сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар зохицуулсан байна.

       Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот тушаалаар батлагдсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.2.2-д “хоёр буюу түүнээс дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан /45 хоногийн дотор/ бол ноцтой зөрчил гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах” тухай асуудлыг зохицуулсан байна.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ажилчдын хурлаар байгууллагын дотоод журмын  нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсан, уг өөрчлөлтөөр энэхүү заалт шинээр орсон” гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох бичмэл баримт болох уг хурлын тэмдэглэлийг шүүхэд ирүүлээгүй болно.

      Архив, бичиг хэргийн ажилтан гэрч Н.Ц “Өнгөрсөн намар манай байгууллага дээр Төрийн албаны зөвлөлөөс шалгалт ирээд хөдөлмөрийн дотоод журмыг тушаалтай нь хамт эх хувиар нь авч явсан байсан. Тухайн тушаалын ард нь хурлын тэмдэглэлийг хавсаргасан байсан” гэж мэдүүлсэн. Гэвч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон уг журмыг баталсан тушаал, хурлын тэмдэглэлийн эх хувийг Төрийн албаны зөвлөл аваад явсныг нотлох бичмэл нотлох баримт бас байхгүй байна.

      Маргаан бүхий захиргааны акт болох ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг гаргахдаа баримталсан Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар баталсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын “хөдөлмөрийн дотоод журам” нь тухайн байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэгдэн батлагдсан, хуулийн хүчин төгөлдөр хөдөлмөрийн дотоод журам болох нь бичмэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 6 сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.А-г урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 70200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 6 сарын 05-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Уул уурхай, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.  

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ОЮУНГЭРЭЛ