Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

                                 Ш.Даваадуламын нэхэмжлэлтэй иргэний

                                                        хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Адъяатогтох нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн  287 дугаар шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Шаравсамбуугийн Даваадуламын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдох

 

            16.925.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ш.Даваадулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 06 сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Даваадулам, түүний өмгөөлөгч Ө.Алтангадас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Даваадулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн б/84 дугаартай “...Аймгийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг барагдуулах талаар арга хэмжээ аваагүй Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн захирал Ш.Даваадуламын сарын цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай...” гэсэн захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2014 оны 8-р сарын 4-ний өдрөөр Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх /хуучин нэрээр/-д гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг 2015 оны 11-р сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 543 дугаартай магадлалыг гаргасан бөгөөд 2016 оны 1-р сарын 4-ний өдрөөр шүүхийн “Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10-р сарын 8-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.2, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай б/84 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай” гэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон билээ. Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн өдүүлсэн хууль бус үйлдлийн улмаас Ш.Даваадулам миний сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд маань ихээхэн хэмжээний гэм хор учирлаа. Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд 2016 оны 2-р сарын 5-ны өдрөөр эцэслэгдсэн захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөллийн хөлсөнд 3 500 000 төгрөг, Улаанбаатар хотод 2015 оны 11-р сарын 27-ны өдөр хийгдсэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч В.Удвалын албан томилолтын зардалд 200 000 төгрөг, нэхэмжлэгч Ш.Даваадуламын замын зардалд 150 000 төгрөг, өмгөөлөгч Ө.Алтангадасын 2016 оны 1-р сарын 20-ны өдрийн Б-1/16-012 дугаартай Гомдол гаргах тухай албан бичгийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн шуудангийн зардалд 8 000 төгрөг, энэхүү нэхэмжлэлийг гаргахтай холбогдсон ажиллагааны явцад өмгөөллийн хөлсөнд 3 000 000 төгрөг, нэхэмжлэлд хавсаргах баримт бичиг болон өмгөөлөгч В.Удвалтай 2014 оны 10-р сарын 15-ны өдрөөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн үйлчилгээний зардалд 15 000 төгрөг зарцуулагдсан байна. Иймд Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнээс нийт 6 919 800 төгрөгийг гаргуулж, Ш.Даваадулам миний эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулж өгнө үү гэжээ.

2016 ны 4-р сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ:

Архангай аймгийн засаг дарга Д.Бат-Эрдэнийн 2014 оны 7-р сарын 4-ний б/84 дугаартай захирамжийн улмаас зөрчигдсөн хууль ёсны эрхээ хамгаалахаар 1.6 жил гаруйн хугацаанд шат шатны захиргааны хэргийн шүүхээр явсны эцэст аймгийн Засаг даргын хууль бус шийдвэр хүчингүй болсон. Энэхүү 1.6 жил гаруйн хугацааг Шаравсамбуугийн Даваадулам миний бие сэтгэл санааны хувьд маш хүнд дарамтанд өнгөрүүлснээс нойргүйдэх, амархан уурлах, уцаарлах, уйлах зэргээр тавгүйдэж, толгой тархи болон ходоодонд маань өвчний хүнд зовиур илэрч улмаар байнгын зүрх дэлсдэг, хатгуулдаг, гар хөл салганадаг, цусны даралт ихэсдэг болж, толгойн үсний минь ихэнх нь бууралтаж, туг тугаараа шалтгаангүй унах зэргээр эрүүл мэнд маань хохирч байна. Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн б/84 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай хууль бус захирамж нь Ш.Даваадулам миний нэр төр, алдар хүндэд ихээхэн хохирол учруулсан. Архангай аймгийн ерөнхий боловсролын 34 сургуулийн 1 000 багш нарын дунд бодит байдалд нийцэхгүй мэдээ тархсан байдаг. Дээр дурдагдсан үнэдслэлээр хариуцагч болох Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнээс 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Өмгөөлөгч Ө.Алтангадасын 2016 оны 1-р сарын 20-ны өдрийн Б-1/16-012 дугаартай гомдол гаргах тухай албан бичгийг Архангай аймаг дах шүүхийн Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогтод хүргүүлэхэд 2 800 төгрөг, мөн өмгөөлөгч Ө.Алтангадасын 2016 оны 4-р сарын 4-ний өдрийн Б-1/16-019 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичгийг Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэд хүргүүлэхэд 2 640 төгрөг зарцуулагдсан эдгээр болно. Иймд хариуцагч болох Архангай аймгийн Засаг дарга Довдоннямын Бат-Эрдэнээс нийт 16 925 300 төгрөгийг гаргуулж, Алтангэрэл овогтой Шаравсамбуугийн Даваадулам миний нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, эд хөрөнгөд маань учруулсан гэм хорыг арилгуулах шийдвэрийг гаргана уу гэжээ.

            Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Ш.Даваадулам  нь өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалуулж, Захиргааны хэрэгт 2 өмгөөлөгч сонгон ажиллуулжээ. Өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс нь ямар итгэлцүүр шалгуурт үндэслэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 6 500 000 төгрөгийг төлөх боломжгүй. Мөн өөрийн эрхийг хамгаалж явсан зардал нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Даваадулам нь 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн б/84 дугаартай захирамжаас шалтгаалан эрүүл мэнд нь хохирсон гэдгийг тогтоох боломжгүй юм. Мөн өөрийн эрхийг хамгаалж явсан зардал нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

          2016 оны 5-р сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          Ш.Даваадулам нь 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн б/84 дугаартай захирамжаас шалтгаалан эрүүл мэнд нь хохирсон гэдгийг тогтоох боломжгүй юм. Ш.Даваадуламын тухайд дээрхи хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсантай холбоогүйгээр өөрөөс нь шалтгаалсан өөр бусад сэтгэл санааны хямрал үүсэхүйц нөхцлүүд байсан. Мөн дээрхи захирамж гарснаар Ш.Даваадуламын нэр төр, алдар хүндэд ихээхэн хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Иймд 10 000 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн үүнтэй холбоотойгоор гарсан бичиг хэргийн болон бусад зардлыг зөвшөөрөх боломжгүй. Эдгээр шалтгаанаар Ш.Даваадуламын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна  гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Даваадулам анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2014 оны 7-р сарын 4-ний өдөр Б/84 дугаартай Архангай аймгийн Засаг даргын сахилгын шийтгэл оногдуулсан тухай захирамж гарсан. Засаг даргын арга хэмжээ авсан үндэслэл нь хууль бус юм гэдэг нь шүүхээр батлагдсан байгаа. Яагаад нэр төр алдар хүндтэй холбогдоод байна, сэтгэл санаагаар яагаад хохироод байна гэхээр 2012 оноос хойш  Архангай аймгийн Засаг дарга удаа дараа ажлаа өг гэсэн шаардлагыг байнга тавьдаг байсан. Миний ажлын байран дээр хүртэл сонгон шалгаруулалт зарлаж байсан нь шүүхээр ороод шийдэгдсэн байгаа. Мөн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Боловсролын газрын дарга нар өрөөндөө удаа дараа дуудаж ажлаа өг гэсэн дарамт шахалтыг үзүүлж байсан. Би 2012 оноос хойш ажилгүй болвол яах бол гэж сэтгэл санааны  хүнд дарамтанд орсон. Захирлаар ажиллаж байхдаа алдаа гаргасан гэж захирал болон ажилчид буруутгасан байдлаар намайг харж байсан. Үүнтэй холбоотой шүүмжүүдийг би бас сонсож байсан. Миний бие энэ олон жил ажиллахдаа маш олон шавь нар төгсгөсөн. Одоо энэ шавь нар минь намайг харахдаа алдаа гаргасан захирал гэж харж байгаа. Үүнийгээ ч гэсэн илэрхийлж байгаа хүүхдүүд байгаа. Миний хувьд Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын захирлын холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан. Энэ олон хүнийг хариуцаж ажиллаж байсан учраас алдаа гаргасан гэдэг нь том цохилт гэж ойлгож байгаа. Намайг эрүүгийн хэргээс болж сэтгэл санаа, нэр хүндээрээ хохирлоо гэж байгаа бол энэ тийм биш гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Архангай аймаг жижиг учраас Архангай аймгийн бүх хүн энэ захирал яагаад ажлаа хийхгүй байна гээд хоорондоо ярихад хэцүү  санагддаг байсан гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Удаа дараа ажлаа өг гэж шахалт үзүүлж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй зүйлийг ярьж байна. Энэ хүн  2015 оны 6-р сарын 8-ны өдөр хүртэл ажлаа хийгээд явж байсан. Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч ахлах дэслэгч Б.Баттогтохын 2015 оны 6-р сарын 5-ны өдрийн 201503000120 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Ш.Даваадуламыг албан үүргээс нь түр түдгэлзүүлж хариу мэдэгдэхийг даалгасан албан бичиг ирсэн байдаг. Үүний дагуу албан үүргээс нь чөлөөлсөн байдаг.  Удаа дараа дарамт шахалт үзүүлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Архангай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 34 сургууль 1000 багш нарын дунд нэр төр, алдар хүндэд нь халдаж сөрөг мэдээлэл тараасан гэж ярьж байна. Энэ мэдээллийг хэн, ямар хэлбэрээр тараасан юм бэ? гэдэг нь тодорхойгүй байна. 2014  оны 7-р сарын 4-ний өдрийн Б/84 дугаартай Засаг даргын  захирамжаас болж энэ хүний сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд ихээхэн хохирол учирсан гэж үзэхгүй байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.4-т хууль зүйн үйлчилгээний хөлс зардал гэж заасан байна. Үүнд хууль үйлчилгээний хөлс зардлыг үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцож тогтооно, хуульч нь үндэслэлгүй хөлс зардал тогтоож авахыг хориглоно гэсэн байна. Үйлчилгээний хөлсийг тохирохдоо дараах хүчин зүйлсийг харгалзана гэсэн байна. Мөн дүрмийн 2.5-д үйлчлүүлэгчийн төлбөрийн чадвар гэсэн байна. Өмнө нь Архангай аймгийн өмгөөлөгчдийн хөлс иргэний хэрэг болон захиргааны хэргийг өмгөөлөхдөө  800 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийн хооронд байдаг байсан. Харин одоо захиргааны хэрэг дээр 1 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийн үйлчилгээний хөлстэй байдаг юм байна. Иргэний хэрэг дээр нэхэмжилсэн үнийн дүнгийн 15%-20% гэсэн үйлчилгээний хөлстэй байдаг юм байна. Гэтэл нэхэмжлэгч Ш.Даваадулам яагаад Улаанбаатар хотоос өндөр үнэтэй хууль зүйн туслалцаа авч, тэр хөлсөө манай талаас гаргуулна гэж шаардаад байна гэдэг нь маш сонин байна. Ийм асуудал байж болохгүй гэж ойлгож байна. Мөн яг энэ хэрэг дээр эрхзүйн туслалцаа аваад байна уу, эсвэл өөр асуудлаар  эрх зүйн туслалцаа  аваад байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Өмгөөлөгч Ө.Алтангадас яг хэзээнээс  хууль зүйн туслалцаа үзүүлж хамтарч ажиллах болсон гэдэг нь ойлгомжгүй байна гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас 6 862 640 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Даваадуламд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 062 660 төгрөгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 705 төгрөгөөс орон нутгийн орлогод 242 577 төгрөгийг хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 58 128 төгрөг, Архангай аймгийн Засаг даргаас 124 752 төгрөгийг тус тус гаргуулж Ш.Даваадуламд олгох; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

           Нэхэмжлэгч Ш.Даваадулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Архангай аймаг дах Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын19-ний өдрийн 287 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч Алтангэрэл овогт Шаравсамбуугийн Даваадулам 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гардан аваад анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим зүйл, заалтыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Шаравсамбуугийн Даваадулам нь 2016 оны 03 дугаар сарын 09- ний өдөр Архангай аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өмгөөлөгч В.Удвалтай 2014 оны 10 дугаар сарын 15-1.Ы өдрөөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргасан бөгөөд тухайн нотариатын үйлчилгээний хөлсөнд 5.000,00 /таван мянган/төгрөгийг төлсөн. Энэ талаархи мэдээлэл гэрээний хуулбар дээрх нотариатчийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг.

2. Өмгөөлөгч Ө.Алтангадас нь 2016 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн Б-1/16- 012 дугаартай албан бичгээрээ Архангай аймаг дах Шүүхийн Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогтод гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлоор тогтоогдсон нөхцөл байдлууд нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр бүхий захиргааны хэрэг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэхгүй буцаагдах үндэслэл болсон юм. Дээр дурдагдсан гомдлыг Архангай аймаг дах Шүүхийн тамгын газарт, хувийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхэд нийт 10.860,00 /арван мянга найман зуун жаран/ төгрөг зарцуулагдсан болно.

3. Нэхэмжлэгч Ш.Даваадулам нь Улаанбаатар хотод байрлаж, үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч Ө.Алтангадастай уулзахаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хот руу очих болон буцах замын зардалд нийт 46.800,00 /дөчин зургаан мянга найман зуун/ төгрөгийг зарцуулсан, холбогдох баримтуудыг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ хавсаргасан. Энэхүү уулзалтаар 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16/02-02 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгууллагдсан билээ.

4. Нэхэмжлэгч талаасанхан шатны шүүхийн “... Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 7-р сарын 4-ний өдрийн 6/84 дугаартай захирамжийн үр дагавраар нэр төр, алдар хүнд нь яаж гутаагдсан, сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт нь олон нийтийн дунд ямар байдлаар тархсан, түүнчлэн эрүүл мэндийн асуудлаар ямар өртөг, үнэлгээ бүхий эмчилгээ, оношлогоо хийлгэсэн болохоо нэхэмжлэгч нотлоогүй тул нэр төр, алдар хүнд, эрүүл мэндэд учирсан хохирол 10 000 000 төрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй... “ гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа боловч тодорхой хугацааны дараа нэр төр, алдар хүнд болон эрүүл мэндэд холбогдох шаардлага бүхий нэхэмжлэлийгшүүхэд дахин гаргах болно. ИймдАрхангай аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны.05 дугаар сарын19-ний өдрийн 287 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон нотариатын үйлчилгээний хураамж болох 5.000,00 /таван мянган/ төгрөг, шуудангийн төлбөр болох 10.860,00 /арван мянга найман зуун жаран/ төгрөг, замын зардал болох 46.800,00 /дөчин зургаан мянга найман зуун/ төгрөг, нийт 62.660,00 /жаран хоёр мянга зургаан зуун жаран/ төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Довдоннямын Бат-Эрдэнээс гаргуулах шийдвэрийг гаргана уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 19-ний өдрийн 287 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч Ш.Даваадулам нь өөрөө өөрийнхөө эрхийг хамгаалуулахаар 6.700.000 төгрөгийг өмгөөлөгчид төлжээ. Энэ нь Архангай аймгийн өмгөөлөгчдийн жишиг үнэ тарифаас хэт өндөр байх ба шүүх энэ зардлыг хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь Хуульчийн мэргэжпийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Хуульч нь үндэслэлгүй хөлс, зардал тогтоох, авахыг хориглоно. Үйлчилгээний хөлсийг тодорхойлохдоо дараах хүчин зүйлийг харгалзана”. Мөн 2.4 дүгээр зүйлийн 2.2-т “Үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хугацаа, ажил, ур чадвар болон холбогдох асуудлын онцлог, хүндрэл”, 2.4 дүгээр зүйлийн 2.5-д “Үйлчлүүлэгчийн төлбөрийн чадвар” зэргийг харгалзан үзнэ гэжээ. Иймд Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж чадсангүй.

2. Нэхэмжлэгч Ш.Даваадуламд түүний өмгөөлөгч Ө.Алтангадас нь 2015 оноос хойш эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа, мөн оноос шалгагдаж одоогоор эцэслэн шийдэгдээгүй байгаа эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа гэдгээ нэхэмжлэгч өмгөөлөгч аль аль нь шүүх хуралдааны явцад тайлбарласан. Иймд нэхэмжлэгч Ш.Даваадулам нь Эрүүгийн хэрэг, Захиргааны хэрэг, Иргэний хэрэгтээ авсан эрх зүйн туслалцааны нийт зардлаа биднээр гаргуулж байна гэж үзэж байна. Энэ байдлыг тодруулахаар Ш.Даваадуламд холбогдох эрүүгийн хэргийн материалд үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг татгалзсан болно. Иймд Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 19-ний өдрийн 287 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Даваадулам Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнээс хохирол гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх иргэн Д.Бат-Эрдэнэд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд Архангай аймгийн Засаг даргаас 6862640 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Эндээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих хариуцагчийг зөв тодорхойлоогүй, улмаар шүүх хариуцагчийг зөв тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ аймгийн Боловсрол соёлын газрын дарга А.Амгаланбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон боловч А.Амгаланбаатар татгалзсан тул 2016 оны 4 сарын 26-нд Ц.Мөнх-Эрдэнэд хуульд заасан бүх эрхийг олгож итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу  тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа   этгээд  хамаарна.” гэж заасан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэлийн бүх шаардлагатай танилцах эрхтэй. Гэтэл Ц.Мөнх-Эрдэнэд үндсэн нэхэмжлэлийг гардуулаагүй, мөн эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй тул эсрэг талын шаардлагад хариу тайлбар өгөх, нотлох баримт гаргах зэргээр мэтгэлцэх  боломжийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шийдвэрт өөрчлөлт оруулах, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон зохигчийн эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй ба давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжуудыг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 ,168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 287 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанд бэлтгэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

           2. Нэхэмжлэгч Ш.Даваадуламаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45550 төгрөг, хариуцагч Архангай аймгийн ЗДТГ-аас төлсөн 124752 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар   зүйлийн 167.5-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

              ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                       Г.АДЪЯАТОГТОХ