| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0001/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/02 |
| Огноо | 2020-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/02
2020 12 25 2021/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг
Улсын яллагч: Д.Даваадорж,
Шүүгдэгч Б.М (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Б.М-д холбогдох эрүүгийн 2009 00000 ..75 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын ..-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн ... суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хадам эцэг, эхнэр, 3 хүүхдийн нарын хамтаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суудаг, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Жаргалантын .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,
Урьд Булган аймгийн шүүхийн /хуучнаар/ 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдаж байсан,
Мөн Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 04- ний өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдаж байсан, Х овогт Б.М
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоот буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.С-г үл ялих зүйлээр шалтаглан хамран тус газар нь хөлөөрөө өшиглөж, улмаар биед нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Д.С-гийн “...Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажлынхаа газрын хамт олонтой байрны найранд явсан. Тэгээд 21 цагийн үед гэртээ харьсан. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлынхаа газрын хүнтэй хамт 2 пиво уучхаад хамт уусан хүнээрээ гэртээ хүргүүлээд ороход манай нөхөр М надаас “хаана явж байгаад ирж байгаа юм бэ" гэж асуухаар нь би түүнд хандан “чамд хамаагүй” гэж хэлээд гутлаа тайлах гээд тонгойход нөхөр маань миний хамар хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, улмаар миний хамрыг хугалсан. М над руу өшиглөсний дараа миний хамраас цус гарсан. Тухайн үедээ цагдаад хандаагүй бөгөөд маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд миний хамар хугарсан байсан. Би нөхөртэйгөө 1994 оноос хойш 27 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд М намайг зодож, цохиж байгаагүй. Би урьд өмнө М-тэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй. Гэхдээ сүүлийн үед нөхөр М бид хоёрын хооронд гэр бүлээс гадуурх харилцааны талаар хэрүүл маргаантай байсан. Түүнээс болоод М намайг зодож цохисон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хэргийн 8-9 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 12562 дугаартай дүгнэлт:
1. Д.С-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 11-12 дугаар хуудас/,
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоот буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.С-г үл ялих зүйлээр шалтаглан хамран тус газар нь хөлөөрөө өшиглөж, улмаар биед нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.М-гийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Хохирогч Д.С-гийн “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлынхаа газрын хүнтэй хамт 2 пиво уучхаад хамт уусан хүнээрээ гэртээ хүргүүлээд ороход манай нөхөр М надаас “хаана явж байгаад ирж байгаа юм бэ" гэж асуухаар нь би түүнд хандан “чамд хамаагүй” гэж хэлээд гутлаа тайлах гээд тонгойход нөхөр маань миний хамар хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, улмаар миний хамрыг хугалсан....” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 12562 дугаартай дүгнэлт, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.М-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хх-ийн 52 /-аар тогтоогдсон ба энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Монгол улсад COVID-19 вирус илэрсэн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж хохирогч Д.С нь гомдол саналгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Б.М-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш .. хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН