| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0774/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/80 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.4., |
| Улсын яллагч | Д.Агар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/80
2021 01 29 2021/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Д.Агар,
хохирогч Ш.Б, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,
Иргэний хариуцагч Д.А,
шүүгдэгч Б.С /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Н овогт Б.С-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009 00938 0246 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Заан” авто угаалгад угаагч ажилтай, ам бүл 5, Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо 7- 216 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай. Н овгийн Б.С,
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “World market” худалдааны төвийн доод давхарт байрлах “Заан” авто угаалгын газарт угаалгахаар байршуулсан Ш.Б-н эзэмшлийн 'Тоуоtа” маркийн “land cruiser100” загварын 48-88 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-т заасан “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө;" 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас угаалгахаар байрлуулсан Э.Б-гийн эзэмшлийн “lexus” маркийн “LX 570” загварын 10-26 улсын дугаартай, Ш.Б-н эзэмшлийн “Тоуоtа" маркийн “land cruiser100” загварын 48-88 улсын дугаартай, Улаанбаатар хотын цагдаагийн газрын эзэмшлийн “Hyundai” маркийн “Еlentra” загварын 51-29 улсын дугаартай, “Их Хонгор Трейд“ ХХК-ний эзэмшлийн “Nissan” маркийн “Sunny” загварын 92-18 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, нийт 62.281.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Машины эвдрэл 20.180.000 төгрөг болсон. Би С-ээс 17.000.000 гаруй төгрөг авсан, одоо 2.100.100 төгрөгийн үлдэгдэлтэй. Банк бус санхүүгийн байгууллагад 7.794.101 төгрөгийн зээлийн хүү төлсөн, энэ хүүгийн төлбөрт гомдолтой байна. Машинд осол гараагүй бол ийм зээлийн хүү төлөхгүй байсан. нийт 9.794.101 төгрөг нэхэмжилж байна. гэв
Иргэний хариуцагч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Манай компанийг иргэний хариуцагчаар оролцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. С ажилд ороод удаагүй, өөрөө ажлаас гарч магадгүй гэж хэлж байсан учраас түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулж байсан. Хохирогч нарт учирсан хохирол төлбөрөөс төлсөн. Хохирлоо төлчихвөл нэмж юм нэхэмжлэхгүй гэж эвлэрлийн гэрээгээр тохиролцсон байж нэмж нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
Эрүүгийн 2009 00938 0246 дугаартай хэргээс:
Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-16 дугаар хуудас /,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17 дугаар хуудас /,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас /,
Иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч Д.А-ын Б.С нь 2019 оны 10 дугаар сарын дундуур угаагчаар ажилд орсон. Туршилтын хугацаандаа ажиллаж байсан. Сийн хувьд туршилтын хугацаа дөхөж байгаа гэхдээ өөрөө ажлаас гарч магадгүй гэсэн яриатай байсан учраас гэрээ байгуулаагүй юм. “Ниссан Санни” маркийн 92-18 улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд, хойд хаалга хонхойсон байсныг засварын газарт өгч 400.000 төгрөгөөр засуулсан. Угаалгын газрын баруун ханын хавтанг сольсон. Бетонон баганыг өөрсдөө засаж янзалсан. Энэ бүгдийгээ үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхгүй. Компанид учирсан 1 сая орчим төгрөгийн хохирол төлбөрийг С-ээс нэхэмжлэх шаардлагагүй гэж бодож байна. “Hyundai Elentra” маркийн 51-29 улсын дугаартай автомашинд учирсан хохирол болох 500 орчим мянган төгрөгийг хувиасаа гаргаж өгсөн. Мөн Ланд-100 маркийн автомашины ачилт, үнэлгээний төлбөрт 900 орчиж мянган төгрөг хувиасаа гаргасан. Осол гаргасан Б.С нь өөрийнхөө ажил үүргийн хуваариас өөр зүйл гүйцэтгэж байгаад осол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Хохирогч Т.Б-гийн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 10 цаг 40 минутын үед захирал ажилд дээр ирээд Лексус 570 маркийн 10-26 улсын дугаартай тээврийн хэрэгслийг угаалгад өгөх гээд байгууллагын хажуу талын Заан авто угаалгад машиныг нь аваачиж өгсөн. Машиныг угаалгахыг хараад зогсож байсан. Цуваа 3 машин зогсож байсан. Миний угаалгаж байсан машин угаалгаж байгаа 2 машиныг голд байсан. Тэгээд ар талд нь угаалгаж байсан Ландкрузер-100 маркийн 48-88 улсын дугаартай автомашин гарах гээд машин угааж байсан залуу машиныг хөдөлгөхдөө урд талдаа зогсож байсан автомашиныг мөргөөд хойшоо ухарч хана мөргөөд буцаж урагшлахдаа багана манай машин 2-ыг мөргөж зогссон. Манай машиныг мөргөж байхад би машин дотроо сууж байсан. Ослын улмаас бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Үнэлгээгээр 41.589.400 төгрөг гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/
Хохирогч Ш.Б-ын: “2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 10 өнгөрч байхад би өөрийн эзэмшлийн 48-88 улсын дугаартай Ланд-100 маркийн авто машинаа угаалгахаар Заан авто угаалга руу оруулахад угаагч С хүлээж авсан. Би түлхүүрээ өөрөө аваад явах гэж байтал угаагч С та ажил руугаа орох гэж байгаа бол машиныхаа түлхүүрийг үлдээчих гэж хэлэхээр нь би машиныхаа түлхүүрийг угаагч С-д өгөөд ажил руугаа орсон. Тэгтэл 11 цагийн үед угаалга хариуцдаг залуу нь утсаар яриад ороод ирээч жижигхэн асуудал гарчихлаа гэхээр нь яваад ортол миний Ланд-100 маркийн авто машинаар урд талд зогсож байсан Лексус 570 маркийн авто машиныг мөргөөд урд талд байсан 2 суудлын машиныг мөргөж хохирол учруулсан байсан. Үнэлгээгээр тогтоогдсон 20.180 000 төгрөг нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.З-н: “...Би 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 11 цагийн орчим би албаны хэрэгцээнд унаж ашигладаг Хюньдай Элентра маркийн 51-29 улсын дугаартай тээврийн хэрэгслийн угаалгахаар Заан авто угаалга руу оруулж өгсөн. Би машины түлхүүр өлгөдөг өлгүүрт нь түлхүүрхээ өлгөөд угааж дуусаад хэлээрэй гэж хэлээд гараад явсан. Тэгтэл 11 цагийн үед угаалга хариуцдаг залуу нь утсаар яриад ороод ирээч жижигхэн асуудал гарчихлаа гэхээр нь яваад ортол угаалгаж байсан Ланд-100 маркийн авто машин хөдлөөд урд талынхаа машиныг мөргөөд уг машин нь урагшаа болж миний машины араас мөргөөд зогсоолд зогсож байсан машины баруун хаалга руу нь миний машин мөргөсөн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг угаалгын газрын захирал нь бүрэн төлж барагдуулсан. Учраас миний зүгээс болон манай байгууллагын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/
Хохирогч О.Ч-н: “...Би 2020 оны 03 дугаар сарын 04-ны өглөө 10 цаг өнгөрч байхад өөрийн машин болох Ниссан Санни маркийн 92-18 дугаартай тээврийн хэрэгслийг Заан авто угаалгын газар угаалгах гээд оруулж тавьсан. Цагийн дараа машинаа авах гээд ирэхэд мөргүүлж цагдаа нар ирсэн байсан. Бид хоорондоо тохирч гомдол саналгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/
Хохирогч Э.Б-гийн “...Миний зүгээс авто угаалгын газарт ажиллаж байсан буюу зам тээврийн осол гаргасан залуугаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 206 дугаар хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ний гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “Тоуоtа Ланд-Крузер” маркийн 48-88 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 20.180.000 / хорин сая нэг зуун наян мянга / төгрөг” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-57 дугаар хуудас /“Кости- Эстимэйт” ХХК-ний гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгэр “Lexus LХ-570” маркийн 10-26 улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 41.589.400 / дөчин нэгэн сая таван зуун наян ес дөрвөн зуу / төгрөг” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-58- 61 дүгээр хуудас/
“Хас Үнэлгээ” ХХК-ний гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “Хюдай Элентра" маркийн 51-29 улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 512.000 / таван зуун арван хоёр мянга /төгрөг” гэх тайлан /хх-ийн 65-66 дугаар хуудас /
Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 70 дугаар хуудас /
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/
Мөрдөгчийн 80 дугаартай магадлагаанд “...Жолооч Бердхаан С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18 “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө. Мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна /хх-ийн 106 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “World market” худалдааны төвийн доод давхарт байрлах “Заан” авто угаалгын газарт угаалгахаар байршуулсан Ш.Б- эзэмшлийн “Тоуоtа” маркийн “land cruiser100” загварын 48-88 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас угаалгахаар байрлуулсан Э.Б-гийн эзэмшлийн “lexus” маркийн “LX 570” загварын 10-26 улсын дугаартай, Ш.Б-н эзэмшлийн “Тоуоtа" маркийн “land cruiser100” загварын 48-88 улсын дугаартай, Улаанбаатар хотын цагдаагийн газрын эзэмшлийн “Hyundai” маркийн “Еlentra” загварын 51-29 улсын дугаартай, “Их Хонгор Трейд“ ХХК-ний эзэмшлийн “Nissan” маркийн “Sunny” загварын 92-18 улсын дугаартай тээврийн хэрэгслүудийг мөргөж, нийт 62.281.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ш.Б-н “ ... Тэгтэл 11 цагийн үед угаалга хариуцдаг залуу нь утсаар яриад ороод ирээч жижигхэн асуудал гарчихлаа гэхээр нь яваад ортол миний Ланд-100 маркийн авто машинаар урд талд зогсож байсан Лексус 570 маркийн авто машиныг мөргөөд урд талд байсан 2 суудлын машиныг мөргөж хохирол учруулсан байсан... гэх мэдүүлэг, О.Ч-ийн “... Би 2020 оны 03 дугаар сарын 04-ны өглөө 10 цаг өнгөрч байхад өөрийн машин болох Ниссан Санни маркийн 92-18 дугаартай тээврийн хэрэгслийг Заан авто угаалгын газар угаалгах гээд оруулж тавьсан. Цагийн дараа машинаа авах гээд ирэхэд мөргүүлж цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 80 дугаартай магадалгаа, камерын бичлэгт үзлэг хийсэн “... хар өнгийн жийп машины зүүн урд талын хаалга онгойж жолооч нь сууж машин урагшаа хөдлөх үед ...эхний хөдөлсөн хар өнгийн жийп машины араас мөргөж урдаа зогсож байгаа хар өнгийн суудлын автомашины араас мөргөж байгаа нь ...хар өнгийн суудлын автомашины урдаа хөндлөн зогсож байсан цагаан өнгийн суудлын автомашиныг мөргөж байгаа нь тус тус бичигдсэн байлаа ” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д заасан “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг хэлнэ. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө гэж зааснаас үзэхэд “ World market ” ХХК-ны доод давхарт байрлах Заан авто угаалгын газар нь тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарч байх тул Замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг мөрдөх үүрэгтэй байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.1-т “ их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний, түүнээс дээш хэмжээг”, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус зааснаас үзэхэд хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК болон “Кости-Эстимэйт” ХХК-ын дүгнэлтүүдээр тогтоогдсон дүнг үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирол төлбөр бусад асуудлын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.С-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хохирлын тодорхой хэсгийг төлж барагдуулсан байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Б-д 20.180.000 төгрөгийн, хохирогч Э.Б-д 41.589.400 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.З-д 512.000 төгрөгийн хохирол учирснаас хохирогч О.Ч, Э.Б нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Б.З-н хохирлыг иргэний хариуцагч Д.А бүрэн төлж барагдуулсан талаар дээрх хохирогч нар мэдүүлжээ.
Хохирогч Ш.Б-д төлөх ёстой 20.180.000 төгрөгөөс 5.500.000 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас төлсөн ба үлдэх 14.680.000 төгрөгийг төлж барагдуулах талаар 2020 оны 12 сарын 21-ны өдрийн 1471 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж, тухайн өдрөө иргэний хариуцагч Д.А-оос 6000.000 төгрөгийг, шүүгдэгч Б.С-ээс 4300.000 төгрөгийг хохирогч Ш.Б-н дансанд шилжүүлж, үлдэх төлбөрөөс 2490.000 төгрөг төлөгдөөгүй талаар оролцогч нар маргаагүй тул дээрх мөнгийг эвлэрлийн гэрээгээр тохиролцсоны дагуу иргэний хариуцагч, шүүгдэгч нараас гаргуулан хохирогч Ш.Б-д олгох нь зүйтэй байна.
Хохирогч Ш.Б болон түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал нь шүүхийн хэлэлцүүлэгт тээврийн хэрэгсэлд хохирол учирснаас олох ёстой байсан орлогод 7.794.101 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөгийг нэхэмжилснээс гэм хорын хохиролд хамаарахгүй тул өмгөөлөгчид хөлс төлсөн 2.000.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, олох ёстой байсан орлого нэхэмжилсэн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Учир нь: 2020 оны 12 сарын 21-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээний 3.3 дахь хэсэгт “ Хуваарийн дагуу төлбөл өөр нэхэмжлэх зүйлгүй” гэж талууд харилцан тохиролцсон талаар иргэний хариуцагч Д.А мэдүүлж байна. Иймд гэрээний үүрэгтэй холбоотой дээрх асуудлаар талууд холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар “Их хонгор трейд” ХХК-ны Заан авто угаалгын захирал Д.А-ыг иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл / эс үйлдэхүй/ ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ.
Хэдийгээр шүүгдэгч Б.С нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээр ажил үүрэг гүйцэтгэж байсан болох нь талуудын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч ажил олгогчийн зүгээс хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй нь түүнийг гэм хорыг хариуцан төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.
Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т ” Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, мөн хуулийн 24.3.-т “хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж тус тус зааснаас үзэхэд хөдөлмөрийн гэрээг ажилтантай байгуулах нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.С-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн Ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “Оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй байна.
Хэрэв шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй байна.
Шүүгдэгч Б.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассантай холбогдуулан түүний В ангиллын 1317333 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1.5.6.8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н овогт Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.С-д шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.С-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Их хонгор трейд” ХХК -иас 2490.000 / хоёр сая дөрвөн зуун ерэн мянга / төгрөг гаргуулж хохирогч П.А-д олгон, хохирогчийн нэхэмжлэлээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, 7.794.101 /долоон сая долоон зуун ерэн дөрвөн мянга нэг зуун нэг/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.С-ийн В ангиллын 1317333 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.А-д даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН