Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/05

 

 

 

 

 

 

 

2020         12          30                                      2021/ШЦТ/05

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Номинзул,

            улсын яллагч М.Отгонбаатар,

            шүүгдэгч Ц.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Ц.Ц-т холбогдох эрүүгийн 2009000001078 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Ц.Ц- нь:

 

- 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дондогдуламын рашааны орчимд У.Батжаргалтай “утас авсан гэж хэллээ” гэж хэллээх гэж маргалдан түүнийг зодож, биед нь дээд үүдэн 11 дүгээр шүдний сулрал, баруун суганд шарх, баруун суга, бугалга, дагзны хуйханд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч У.Батжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дондогдуламын рашаан дээр таньдаг ах Баяраагийн хамтаар очсон. Баяраа ах яваад өгөхөөр нь би үлдээд хоёр эрэгтэй хүнтэй танилцаж, хамт архи уусан. Гэтэл нэг нь миний гар утсыг авчихсан. Хажуу талаас Ц.Ц- гэх залуу “гар утсыг чинь аваагүй, зүгээр байгаарай би бокс тоглодог хүн шүү” гэж хэлээд миний үүдэн шүд рүү 1 удаа болон дагз руу нэг удаа цохьсон гэжээ. / хх 14-16 /

           

            Яллагдагч Ц.Ц- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийгөө Батжаргал гэж танилцуулсан залуу ирээд тамхи гуйхаар нь өгсөн. Тухайн үед Батжаргал архи уучихсан байсан. Батжаргал надтай сууж байсан Энхбаатар ахаас “миний утсыг өг гээд” маргаан болсон. Тэгэхээр нь би Батжаргалын уруул шүд хэсэг рүү нэг удаа цохьсон гэжээ. / хх 3-4 /

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8521 дугаартай дүгнэлтэд:

            1. У.Батжаргалын биед дээд үүдэн 11-р шүдний сулрал, баруун суганд шарх, баруун суга, бугалга, дагзны хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд шинэ гэмтлүүд байна гэжээ. / хх 29-30 /

 

Шүүгдэгч Ц.Ц-ыг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-4 /

 

            Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 77 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэв.

 

Шүүгдэгч Ц.Ц- нь 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дондогдуламын рашааны орчимд У.Батжаргалтай “утас авсан гэж хэллээ” гэж маргалдан түүнийг зодож, биед нь дээд үүдэн 11 дүгээр шүдний сулрал, баруун суганд шарх, баруун суга, бугалга, дагзны хуйханд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Хажуу талаас Ц.Ц- гэх залуу “гар утсыг чинь аваагүй, зүгээр байгаарай. Би бокс тоглодог хүн шүү” гэж хэлээд миний үүдэн шүд рүү 1 удаа болон дагз руу нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч У.Батжаргалын мэдүүлэг / хх 14-16 /, ... У.Батжаргалын биед дээд үүдэн 11-р шүдний сулрал, баруун суганд шарх, баруун суга, бугалга, дагзны хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 8521 дугаартай дүгнэлт / хх 29-30 /, ... Би У.Батжаргалын уруул шүд хэсэг рүү нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ц.Ц-ын мэдүүлэг / хх 3-4 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ц-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Ц-т нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Ц- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Хохирогч У.Батжаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй болохоо мэдэгдэж шүд эмчлүүлэх болон гар утасны мөнгийг нэхэмжилжээ.

Гэтэл дээрх хэрэгт У.Батжаргал нь цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа “...Хүн зодоод шүд хугалчихлаа” гэсэн гомдол гаргасан / хх 9 /, түүнд хууль сануулж хохирогчоор байцаахад “...Шүдээ л эмчлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байсан / хх 16, 21 / байна.

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Харин У.Батжаргал нь шүдний эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Ц-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Ц.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Ц- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч У.Батжаргал нь эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Ц.Ц- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ц.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ