Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/11

 

 

 

 

 

 

 

2021         01           05                                   2021/ШЦТ/11

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                       

улсын яллагч Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овогт Л.Б-д холбогдох эрүүгийн 1909042701369 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “..” амралтын газарт харуул ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ... тоотод оршин суух, Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих,

Хэнтий аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2, 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сар 1 хоног хорих,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны .. дугаар сарын 15-ны өдөр суллагдсан, бие эрүүл, у.. бүрэн / РД: ... / ... овогт Л.Б- нь:

 

- 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..” банкны АТМ-с хохирогч М.Мийн картыг уншуулж түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бусаар 400.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо .. тоотод дүү нарын хамт амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр найз Отгоогийн хамтран амьдардаг зүс мэдэх Л.Б- нь Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Жоби төв орчимд таараад надаас “.. банкны карт чинь байна уу. Дансанд чинь мөнгө хийчихээд авах гэсэн юм” гэхээр нь картаа өгөөд явуулсан. Тэгтэл тэр хүн ирэхгүй байхаар нь очтол .. банкны данснаас 400.000 төгрөг авсан байсан гэжээ. / хх 15-17 /

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 42-43 /

 

Хохирогч М.Мийн .. банкны .. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 21 /

 

Яллагдагч Л.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...М намайг “Чи карт аваад нэг шил архи аваад ир” гээд надад картаа өгөөд нууц кодыг нь хэлсэн. Тэгээд би 100 айлын .. банкны АТМ ороод данснаас нь 400.000 төгрөг аваад явж байтал танил Хүрэлээтэй таараад “Нэг шил архи уух уу” гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд нэг сэрэхэд 100 айлын нэг байрны орцонд унтаж байсан. Тухайн үед надад ямар ч мөнгө байхгүй байсан болохоор нь гэр лүүгээ явсан. Маргааш нь М залгаад “Мөнгө байхгүй байна өг” гэж хэлсэн гэжээ. / хх 18-20 /

 

Шүүгдэгч Л.Б-ыг 2020 оны .. дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх  35 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 46 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Л.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..” банкны АТМ-с хохирогч М.Мийн картыг уншуулж түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бусаар 400.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Л.Б- нь Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Жоби төв орчимд таараад надаас “.. банкны карт чинь байна уу. Дансанд чинь мөнгө хийчихээд авах гэсэн юм” гэхээр нь картаа өгөөд явуулсан. Тэгтэл тэр хүн ирэхгүй байхаар нь очтол .. банкны данснаас 400.000 төгрөг авсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Мийн мэдүүлэг / хх 15-17 /, ... Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 42-43 /, ...Хохирогч М.Мийн .. банкны .. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 21 /, ...Би 100 айлын .. банкны АТМ ороод М.Мийн данснаас нь 400.000 төгрөг авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Л.Б мэдүүлэг / хх 18-20 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Б-д ял шийтгэл оногдуулахдаа хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан прокурорын санал болгосон 700 / долоон зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Л.Б- нь хохирогч М.Мт 400.000 төгрөгийг нөхөн төлсөн / хх 94 / тул түүнийг төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ... овогт Л.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 / долоон зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2ш сидиг хэрэгт хавсаргаж, Л.Б- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Л.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Б-д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ