Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/12

 

 

 

 

 

 

 

2021          01        05                                    2021/ШЦТ/12

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                     

улсын яллагч А.Нямсүрэн,

хохирогч Н.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

шүүгдэгч М.И- түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт М.И-д холбогдох эрүүгийн 1902000000371 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, одоо ....-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, ах эгч нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй одоо .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: .../ ... овогт М.И-нь:

 

1. Солонгос улсын виз гаргаж өгнө гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж хохирогч А.Удвалаас 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Худалдаа хөгжлийн банкны салбараас 3.500.000 төгрөгийг, мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх гэрт нь 500.000 төгрөг бэлнээр авч, нийт 4.000.000 төгрөгийг,

2. П.Мягмарсүрэнгээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Барилгачдын талбайн Хаан банкны АТМ-с шилжүүлсэн 3.500.000 төгрөгийг,

3. Г.Болорцэцэгээс 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицеруудын ордон орчимд байх Хаан банкны АТМ-с шилжүүлсэн 500.000 төгрөгийг,

4. Г.Гантуяагаас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул худалдааны төвөөс Хаан банкны АТМ-с шилжүүлсэн 500.000 төгрөгийг,

5. И.Түмэнжаргалаас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхон Натур 97-2 дугаар байрны 25 тоот өөрийн гэртээ 2.000.000 төгрөгийг,

6. Н.Алтангэрэлээс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Халдвартын эмнэлгийн ойролцоох АТМ-с шилжүүлсэн 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Багшийн дээдийн ойролцоох АТМ-с шилжүүлсэн 4.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг,

7. С.Бадраагаас 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төгөлдөр төвийн нотариат дээр 2.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөн Төгөлдөр төвийн ойролцоох АТМ-с шилжүүлсэн 2.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг,

8. Ч.Нарантуулаас 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Гүүд прайс дэлгүүрт 500.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 19.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Удвал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 09 дүгээр сард Солонгос дахь Монголчууд гэх групп рүү орж сонирхож байхад “Солонгосын виз найдвартай гаргана” гэсэн зар байсан. Тэгэхээр нь утасны дугаарыг нь аваад залгахад нэг эмэгтэй хүн утсыг аваад уулзаад ярилцъя гээд бид хоёр цаг тохироод Улсын Их дэлгүүрийн урд машины зогсоол дээр найз Буяннэмэхийн машинд уулзсан. Эхний удаа уулзаад үнэ нь арай өндөр санагдаад хаячихсан. 2017 оны 10 дугаар сарын эхээр би дахин нөгөө эмэгтэй рүү залгаад “Солонгос улс руу 3 сараар виз гаргаж байгаа хэвээрээ юу “гэхэд “Хэвээрээ. Удахгүй хэдэн хүн явуулах гэж байгаа. Тэр материал дунд хамт материалыг чинь өгчихье, найдвартай. Мөнгөө банкаар шилжүүлээд нотариатаар гэрээ хийгээд баталгаажуулчих” гэж хэлсэн. Ингээд 2 хоногийн дараа бичиг баримтаа бүрдүүлээд Барилгачдын талбайн хойно байрлах нотариатын газар М.И- хамт орж,  зээлийн гэрээ байгуулсан. М.И- Хаан банкны 5890529894 дансанд мөнгөө шилжүүлсэн. Удалгүй мөн над руу залгаад “500.000 төгрөг нэмж өгөх шаардлагатай болчихлоо” гээд нэхэхээр нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Натурын урд гэрт нь аваачиж өгсөн. Түүнээс хойш залгаж асуухад хүлээж бай гээд сүүлдээ бүүр бүтэхгүй Болормаа гэж хүнд чиний мөнгийг өгсөн гэж хэлсэн. Би 2017 оны 08 дугаар сарын сүүлээр виз мэдүүлээд татгалзсан хариу авч байсан. Үүнээс хойш 3 сарын хугацаанд дахин виз мэдүүлэх эрхгүй байдаг. Тэгэхэд М.И-нь “Хамаагүй. 1 сарын дотор виз гаргаж өгнө” гэж хэлсэн.

...Би М.И-д 4.000.000 төгрөгөө залилуулсан. Үүнээс 3.450.000 төгрөгөө буцааж авсан. Одоо үлдсэн 550.000 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх мөнгийг надаас М.И-авсан. Болормаа гэдэг хүн аваагүй учир хамааралгүй гэжээ. / 1хх 17-19, 20-21, 3хх 213 /

 

Хохирогч Г.Болорцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 10 дугаар сараас эхлэн өөрийн төрсөн ахыг Солонгос улс руу явуулахаар хөөцөлдөж эхэлсэн. Тэгээд үеэл эгч Гангантуяатай уулзахад энэ талаар фэйсбүүк дээр “Солонгос явуулна гээд зар байсан” гэхээр нь 88028221 дугаар руу залгаад очиж уулзахад өөрийгөө Ичко гэж танилцуулсан 30 орчим насны эмэгтэй “Нэг сарын дотор визийг чинь гаргана” гэж хэлсэн. Та хоёр гадаад паспортоо урьдчилгаа 500.000 төгрөгтэй өгчих гэсэн. Сарын дараа М.И-той холбогдоход Солонгос Улсад олимп болж байгаа болохоор хүмүүсийн виз удааширч байна гэж хэлсэн.

...М.И-хэлэхдээ “ Манайх өмнө нь олон хүний виз гаргаж байсан” гэж хэлсэн. Гангантуяа бид хоёр бодохдоо компани гэж бодсон. “Нийт 5.000.000 төгрөгөөр виз гаргана. Урьдчилгаа 500.000 төгрөг “ гэж хэлээд авсан. Мөнгө авсныхаа дараа та хоёрын мөнгийг жинхэнэ виз гаргадаг хүмүүст өгчихсөн байгаа гэж хэлсэн.

...Би *******д визний урьдчилгаа 500.000 төгрөг өгсөн. Мөнгө өгөх үед тэрээр ганцаараа байсан. Надаас түрүүлээд эгч Гангантуяа түүнтэй холбогдчихсон байсан. М.И-надад учруулсан хохирлоо төлөөгүй гэжээ. / 1хх 201-202, 204-205, 3хх 215 /

 

Хохирогч Г.Гангантуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Фэйсбүүк үзэж байхад Солонгосын виз найдвартай гаргаж өгнө гээд 88028221 дугаарыг тавьсан байсан. Би уг дугаараар холбогдож асуухад “Найдвартай виз гарсны дараа мөнгөө бэлнээр авна. Эхний ээлжид гадаад паспорт, 2 хувь цээж зураг 500.000 төгрөгтэй өгөхөд болно” гэж хэлсэн. Энэ талаар Болорцэцэгт хэлэхэд тэрээр ахыгаа явуулбал зүгээр юм байна гээд бид хоёр М.И-той уулзсан. Манайх найдвартай олон хүн гаргадаг гээд бичиг баримт үзүүлсэн. “Солонгос улс руу явуулах нийт хөлс нь 5.500.000 төгрөг болно. Виз гарсны дараа 5.000.000 төгрөгийг авна” гэж хэлсэн. М.И -гоос хэрхэн явуулдаг талаар асуухад БНСУ-ын элчин сайдын яаманд таньдаг хүнтэй гэсэн. Тэгээд эргэлзэж байгаад явахаар болсон. Болорцэцэг надад Болдсайханы урьдчилгаа 500.000 төгрөгийг өгсөн. Үүнийг би аваад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сэлбэ хотхоны гадна М.И -той уулзаад Болдсайхан бид хоёр гадаад паспортаа цээж зургийн хамт өгсөн өдөртөө буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Офицерт байх АТМ-ээс М.М.И- 5890529894 тоот данс руу Болдсайханы 500.000 төгрөгийг өгсөн. Харин би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нарантуул захад байх АТМ-ээс М.М.И- 5890529894 тоот данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд виз гарахыг хүлээж асуухад удахгүй гарна, болно, бүтнэ гээд сүүлдээ худлаа болчихсон. 2018 оны 01, 02 дугаар сард *******гоос мөнгөө удаа дараа нэхэхэд таны 500.000 төгрөгийг Болормаа гэх хүнд өгсөн. Энэ хүн удахгүй визийг чинь гаргаж өгнө гэж хэлээд Болормаагийн 95058223 дугаарыг өгсөн. Уг дугаар руу залгаж асуухад “Санаа зоволтгүй. Миний дүү виз чинь удахгүй гарчихна. Жаахан асуудал гараад удаашраад байна” гэж хэлсэн. Тэгээд Болормаа гэх хүн Урангоо гээд БНСУ-ын элчин сайдын яаманд ажилладаг гэх хүнтэй танилцуулсан. Урангоо нь “Нэг нүх байгаа. Би чамайг цагаан сарын өмнө 7 хоногийн дотор л явуулж өгнө. Чи 4.000.000 төгрөг шууд өгчихвөл маргаашнаас орчуулгыг нь хийгээд буудлыг нь захиалаад 7 хоногийн дотор явуулна” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь би өөрийн материалыг орчуулаад уулзахад “Таны буудлыг чинь захиалсан. Захиалгын хөлс 590.000 төгрөг одоо өгчих. Виз гарахаар 4.000.000 төгрөгөө авъя” гэхэд надад тухайн үед мөнгө байгаагүй учир өгч чадаагүй. Маргааш нь “Их Монгол хороолол дээр хүрээд ир. Виз чинь бараг бүтчихлээ “ гээд дуудсан бөгөөд “2.000.000 төгрөг өгчих, виз гарсны дараа үлдэгдлийг өгчих “гэхэд надад сонин санагдаад өгөөгүй. Иймд  500.000 төгрөг  нэхэмжилж байна.

...Мөнгө аваад сар гаруй хугацааны дараа Болормаа гэх хүн мөнгийг өгөх ёстой гээд М.И-өөрөө ярихгүй, утсаараа блок хийгээд хариу хэлээгүй. Би сүүлдээ аргаа бараад Болормаатай хэд хэдэн удаа уулзсан боловч мөнгө өгөөгүй. Надаас мөнгө авсан асуудалд Болормаа хамааралгүй. М.И-надтай уулзахаараа “ Мөнгийг чинь удахгүй өгнө. Би сайн хэлээд өгье “ гэдэг байсан гэжээ. /1хх 211-214, 3хх-218 /

 

Хохирогч И.Түмэнжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 09 дүгээр сард төрсөн дүү Бямбацогт нь “Манай Акуа фитнест цуг ажиллаж байсан М.И-гэх эмэгтэй Солонгос улс руу виз хурдан гаргаж байгаа. Намайг явах уу гэж асуусан” гэж хэлэхэд бид хоёр ярилцаад материалаа өгч зуучлуулахаар шийдсэн. М.И-той уулзахад “Солонгосын элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа. Та хоёрын виз асуудалгүй. Зуучлалын хөлс нь нэг хүний 6.000.000 төгрөг, онгоцны тийзээ өөрсдөө бичүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд нэг хүний 1.000.000 төгрөг өгөөд виз гарсны дараа тус бүр 5.000.000 төгрөг нэмж өгнө гэсэн. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхон Натур 97-2 дугаар байрны 5 давхрын 25 тоот гэрт нь дүү Бямбацогтын хамтаар очиж тус бүр 1.000.000 төгрөгөө бэлнээр өгсөн. Үүнээс хойш залгаж асуухад хүлээж бай хэд хоногоос хариу өгнө гэсээр 3 сарыг хүргэсэн. Тэгээд би тэвчилгүй гэрт нь дүүтэйгээ цуг уулзахад надад миний нэртэй “Green basic Mongolia” Co., LTD-ийн ажлын газрын тодорхойлолт, миний нэртэй нийгмийн даатгалын татвар төлөлтийн бичвэр, тамгатай дэвтэр, Нийгмийн даатгалын лавлагаа гаргаж үзүүлсэн. Тэдгээр бичиг баримт нь бүгд хуурамч байсан. М.И-хэлэхдээ энэ бүгдийг хийлгэх гэж удлаа. Одоо эдгээр бичиг баримтуудаар виз хүсэхэд асуудалгүй гэхээр нь би хуурамч бичиг баримтаар виз хүсэх юм бол сүүлд нь асуудалтай гэж үзээд би энэ бүгдийг нэг шалгаж үзье гэж хэлээд бүх бичиг баримтаа өөртөө авсан. Дараа нь өөрт нь утсаар “Хуурамч баримтаар виз хүсээд элчингийн газарт баригдаж асуудалд орсон хүмүүс зурагтаар яригдсан. Би болилоо мөнгөө авъя. Зөндөө удлаа” гэхэд элчин дээр таньдаг хүн байгаа учир таны бичиг баримтыг харахгүйгээр асуудалгүй гэхээр нь дургүйцэж мөнгөө авахаар болтол мөнгийг чинь удаахгүй өгнө гэж өдийг хүргэлээ. Одоо утас руу нь залгахаар болохгүй намайг блоклосон байна.  ... М.И -той би 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр холбогдоод 23-ны өдөр надад 5890529894 дугаартай данснаас надад 400.000 төгрөг шилжүүлж өгсөн. Одоо 1.600.000 төгрөгийн хохиролтой байна.

...Би М.И -д 2.000.000 төгрөг өгсөн асуудлаа иргэний шүүхээр шийдвэрлүүлж, түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан зүйл байхгүй гэжээ. / 2хх 30-31, 33, 3хх 175 /

 

Хохирогч Н.Алтангэрэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 10 дугаар сарын сүүлээр фэйсбүүкээр Солонгос Улс руу 2 хүн найдвартай гаргана гэх зарын дагуу Ичко Ичкоо хаяг руу чат бичихэд 2 хүн найдвартай гаргана ирж уулзаарай гээд 88028221 гэх дугаараа өгсөн. Эхнэр Сарангоотой ярилцаад 11 дүгээр сард уулзахад баттай гаргаж өгнө. Материалыг чинь бэлдэхэд 500.000 төгрөг хэрэгтэй гэхэд би АТМ-ээс М.И- данс руу 1.000.000 төгрөг шилжүүлэхэд материалыг чинь гаргахад 7-10 хононо. Та хоёрын материалыг элчингээр оруулахдаа утсаар яръя бэлдэж байгаарай гэж хэлсэн бөгөөд М.И- натурын урд талд байрлах 97 дугаар байрны коридорт уулзсан. Тэгж уулзахдаа гадаад паспортоо 2, 2 хувь цээж зурагтай, цагдаагийн тодорхойлолттой өгсөн. Ингээд 10 гаруй хоног хүлээж байгаад залгаж материал болсон уу гэхэд нэг асуудал гарсан. Ирээд уулзаач гэхээр нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн орой би ганцаараа гэрт нь очиж уулзахад та хоёр урьдчилгаа өгөхгүй бол гаргаж болохгүй байна. Хүн тус бүрийн 2.500.000 буюу 5.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш өглөө 10 цагийн үед М.И -той утсаар яриад уулзаж мөнгийг чинь өгье гээд 12 цагт багшийн дээдийн ард талд байрлах нэг кафед уулзаад хажуу талын АТМ-ээс 4.000.000 төгрөг М.И-данс руу шилжүүлсэн.

Би М.И -д виз гаргуулахаар нийт 5.000.000 төгрөг өгсөн. Үүнээс надад хохирол төлж  барагдуулаагүй.

Манай эхнэр ажилд ороод удаагүй байсан тул нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй байсан.” Та хоёрыг хамт гаргахын тулд нийгмийн даатгалын дэвтэр болон дансны хуулга, ажлын газрын тодорхойлолт зэргийг хуурамчаар хийсэн” гээд үзүүлж байсан. Тэр үед “ Хуурамчаар хийж болох юм уу” гэхэд “ Ямар ч асуудалгүй, бичиг баримтны асуудлыг би зохицуулна” гэж хэлсэн гэжээ. / 2хх  107-109, 110-111, 3хх 170, 194 /

 

Гэрч Ж.Сарангоо мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Алтангэрэлтэй 2016 оноос хойш хамтран амьдарч байгаа. Алтангэрэл бид хоёр Солонгос улс руу явах бодолтой байсан бөгөөд 2017 оны 10 дугаар сард фэйсбүүк дээр Солонгос Улс руу найдвартай гаргана гэсэн зар байхаар нь чатаар холбогдоод утсыг нь аваад 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Алтангэрэл бид хоёр Натурын тэнд байдаг “Hard rock”-ын урд М.И той уулзсан. Тэгэхэд бичиг баримтын 1.000.000 төгрөг болно гэхээр нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг Их Ордны худалдааны төвийн АТМ-ээс 5890529894 дугаарын данс руу шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М.И-дахиж яриад “ Материал чинь болчихсон. Урьдчилгаа 4.000.000 төгрөг хэрэгтэй байна “ гэхээр нь Багшийн дээдийн хажуу талд байдаг Төгөлдөр төвийн экспресс банкнаас 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд удахгүй 21 хоногийн дотор виз гарна гэсэн боловч одоог хүртэл гараагүй байна. М.И д өгсөн бүх мөнгө миний хамтран амьдрагч Алтангэрэлийн мөнгө байсан гэжээ. / 2хх 114-115 /

 

Гэрч Д.Найдансүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Түвшинжаргал, Болормаа нартай уулзаад хүүхдүүдийн виз яагаад гарахгүй байгаа талаар асуухад “3 сарын виз гарахгүй болсон. 14 хоногийн виз гаргаж өгье “гэж хэлсэн. Би “Он дамжсан тул 14 хоногийн визийг зөвшөөрөхгүй. Та нарт өгсөн мөнгөө авъя” гэж хэлсэн. Тэд нар “ Түр хүлээчих. Маргааш мөнгийг чинь өгье “ гэж хэлэхээр нь хүлээсэн боловч виз ч гараагүй, мөнгөө ч буцааж аваагүй гэжээ. / 2хх 136 /

 

Гэрч Д.Болормаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр М.И-над руу залгаад “ Би хоёр хүний визний материал авчихсан. Тэгээд виз гаргадаг нэг хүнд өгөх гэсэн чинь тэр хүн бүтэлгүйтээд байна. Танд виз гаргаж өгөх хүн байна уу “ гэхээр нь би сайн мэдэхгүй байна. Асууж өгье гэж хэлсэн. Тэгээд би Түвшин гээд танил эгчээсээ виз гаргаж өгөх хүн байна уу гэж хэлээд Түвшин М.И-бид 3 Бөхийн өргөөний тэнд уулзаад М.И-г Түвшинтэй танилцуулсан. Түвшин М.И-бид хоёрын дэргэд Сувдаа гэх хүнтэй яриад виз гаргаж болох эсэх талаар асуухад болно гэж хэлсэн. Ингээд тухайн үед яриа дууссан бөгөөд мөнгө төгрөг авсан эсэх талаар мэдээгүй. Сүүлд нь М.И-4.000.000 төгрөг Сувдаа руу шилжүүлж өгсөн гэж ярьсан. Би тэр мөнгөний асуудалд оролцоогүй. Тухайн үед виз гаргаж өгнө гэх Сувдаа Орос руу ажлаар явсан бөгөөд энэ хооронд виз гаргуулна гэсэн хүмүүс мөнгөө нэхээд байсан. Тэгэхээр нь Түвшин бид хоёр виз гаргуулна гэсэн 2 хүнтэй уулзаад Женко тур аяллын визээр явах уу гэж асуухад явахгүй гэж хэлсэн. Тэгээд Сувдааг иртэл хүлээе гээд тохирсон. Ингээд цагдаад хандсан.

 ...Би Гангантуяа, Болорцэцэг, Удвал, Алтангэрэл, Бадраа гэх хүмүүсийг танихгүй. Тэд нараас мөнгө авч байгаагүй. Харин М.И-намайг “Энэ хүмүүстэй яриад намайг удахгүй мөнгийг нь өгнө гэж байна гэж хэлээд өгөөч” гэсэн. Би М.И- өмнөөс хүмүүстэй ярилцаж өгдөг байсан. Гэхдээ би Гангантуяа, Удвал гэх хоёр хүнтэй л ярьж байсан гэжээ.  / 2хх 125-126, 3хх 195 /

 

Гэрч Т.Түвшинжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны сүүлээр миний танил Болороо над руу залгаад “Та Сувдаа эгчид хэлээд 2 хүний виз гаргаж өгч чадах уу” гэхээр нь “ Юу ч гэсэн аваад ир “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сувдаад “ Чи Солонгосын 2 хүний виз гаргаж чадах уу” гэхэд материалуудыг нь аваад ир гэж хэлсэн. Ингээд би Болороод “Сувдаатай ярьсан болох байх гэж байна. Материалыг нь аваад ир. Урьдчилгаа хүн тус бүр 2.000.000 төгрөг өг гэнэ” гэж хэлэхэд Болороо “Энэ 2 хүнээс гадна дахиад 2-3 хүн байна гэхээр нь” Өөр хүнийг хэлж чадахгүй. Сувдаад хоёр хүн гэж хэлсэн. Наад 2 хүнийхээ материалыг өг” гэж хэлсэн. Тэгээд М.И-гэх хүн Болороогийн ярьсан 2 хүнд 2.000.000 төгрөгөөс илүү мөнгө байхгүй гэсэн гээд 2.000.000 төгрөгийг данс руу хийж материалыг нь өгсөн. Болороо Түвшин эгчтэй ярих зүйл байна гээд *******г явуулаад Сувдаа эгч байргүй юм чинь 1.000.000 төгрөгийг нь зээлүүлчих, дүү нь 2, 3 хоногоос мөнгөтэй болохоороо өгчихнө гээд авсан. Сувдаа ирээд 1.000.000 төгрөгийг нь өгөөд найдвартай хүүхэд гаргаад өгчих гэтэл над руу утасдаад “Энэ 2 хүүхдийн өгсөн бичиг баримт дотор нийгмийн даатгалын дэвтэр, лавлагаа нь хуурамч байна. Би ийм юм өгч, шоронд ороод яахав. Баримт мөнгөө буцаагаад ав” гэхээр нь Болороо руу ярьтал “Бичиг баримтыг нь авчих. Мөнгө нь байж байг. Өөр найдвартай 2 хүн олоод өгье” гэсэн. Би баримт бичгийг нь Сувдаагаас аваад Болороод хүргэж өгсөн. Сувдаа нь төмөр замын коллежид оюутан солилцуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Төрийн бус байгууллагын журмаар эмэгтэйчүүдийг гадаад руу явуулдаг.

...Би Солонгос Улс руу явах виз гаргаж өгнө гэж хэлээгүй. Манай найз Сувдаа ТББ-ийн нэр дээр гадаад руу хүмүүс явуулдаг болохыг Болормаа мэдэж байсан. Болормаа намайг гадаад явуулаад өгөөч гэхээр нь Сувдаад хэлтэл “ Материалаа бүрдүүлээд өгчих. Урьдчилгаа 1.500.000 төгрөг авна” гэсэн. Болороо надтай уулзаад “ Би явахаа больсон. Энэ хүний 2 дүүг гаргаад өгчих” гэхээр нь урьдчилгаа хэлтэл 2.000.000 төгрөг байна гээд М.И-миний дансанд хийсэн. Сувдаа ирээд материал мөнгөө аваад удалгүй бичиг баримт хуурамч байна гээд Солонгосын визэнд хандаагүй гэсэн. Сувдаа, Болормаа тус тус авсан 1.000.000 төгрөгөө буцааж өгөөгүй гэжээ. / 2хх 128-129, 131 /

 

Гэрч П.Сувд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Түвшинжаргал манай ажил дээр ирээд Алтангэрэл, Сарангоо гэх 2 хүний гадаад паспортыг үзүүлээд Солонгос улс руу явуулах гэсэн юм гэж хэлсэн. Би хурлаар оруулна. Манай журмаар үйлчилгээний хөлс, урилгын үнэ урьдчилгаа төлбөр авдаг гэж хэлсэн. Түвшинжаргал 2-3 хоногийн дараа над дээр ирэхдээ энэ 2 урьдчилгаа мөнгийг өгөхөөр зөвшөөрсөн. Надаар 1.000.000 төгрөг өгч явуулсан гэж хэлсэн. Алтангэрэл, Сарангоо нарын паспортоор урилга захиалж явуулсан. Урилга захиалсны дараа Алтангэрэл, Сарангоо нарын материалыг өг гэж хэлэхэд Түвшинжаргал нийгмийн даатгалын дэвтэр, ажил байдлын тодорхойлолт, банкны хуулга зэргийг авчирч өгсөн. Би Солонгос улсын визний захиалга авдаг газарт очиход ТҮЦ машины нийгмийн даатгал төлсөн лавлагаа байхгүй байна. Нийгмийн даатгалын дэвтэр нь хуурамч уншигдахгүй байна гэхээр нь би Алтангэрэл, Сарангоо нартай холбоотой материалыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шуудангаар явуулсан. Түвшинжаргалд наад 2 хүний чинь материал хуурамч байна гэдгийг хэлсэн. Би Болороо, М.И-нарыг танихгүй.

...Би Түвшинжаргалаас 2017 оны 12 дугаар сард Алтангэрэл, Сарангоо гэх хүмүүсийг Солонгос улс руу гаргаж өгнө гээд 1.000.000 төгрөг авсан. Биднээс биш өөрсдөөс нь шалтгаалсан асуудал болохоор үйлчилгээ үзүүлсний төлбөрийн мөнгийг төлбөрт үлдээсэн. Хэрэв материал нь үнэн зөв байсан бол виз асуудалгүй бүтэх байсан. Хуурамч бичиг баримтыг хэн үйлдсэнийг мэдэхгүй. М.И-гэх хүнийг танихгүй. Тухайн баримтуудыг Түвшинжаргалыг авчирч өгсөн гэжээ. / 3хх 133, 200-202 /

 

Иргэний хариуцагч Д.Болормаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний хувьд С.Бадраа гэдэг хүнийг танихгүй. М.И-энэ хүнээс мөнгө аваад Доржоо гэх хүн рүү өгсөн. С.Бадраагийн мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. А.Удвалаас мөнгө төгрөг аваагүй. Н.Алтангэрэлийн мөнгөнөөс 500.000 төгрөг аваад Түвшинжаргалд өгсөн. Би дээрх хүмүүсээс нийт 7.000.000 төгрөг авсан асуудал байхгүй гэжээ. / 3хх 111 /

 

Иргэний хариуцагч Т.Түвшинжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...М.И-надтай уулзаад та 2.000.000 төгрөг авах уу гэхэд нь Сувдаа байхгүй учир мөнгийг бэлнээр аваад яахав гээд Хаан банкны 50313361307 дугаарын дансаар мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн. Ингээд М.И-миний Хаан банкны данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Би гэр бүлийн хоёр хүний бичиг баримтыг авсан. Нэрийг нь санахгүй байна. Би дансаар авсан 2.000.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг Сувдаад өгсөн. Үлдсэн 1.000.000 төгрөгийг Д.Болормаа надад хандан зээлүүлчих гээд надаас авсан. Сувдаа бичиг баримтыг аваад эдгээр бичиг баримт хуурамч байна гээд буцаагаад өгсөн. Над руу дансаар шилжүүлсэн мөнгийг авсан хүмүүсээсээ аваад төлж барагдуулна гэжээ. / 3хх 117 /

 

Хохирогч С.Бадраа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 10 дугаар сард Солонгос улс руу явах виз найдвартай гаргаж өгнө гэх М.И -той холбогдож урьдчилгаа 2.500.000 төгрөг, гадаад паспортын хамт өгсөн. Удалгүй эргэж холбогдож виз чинь гарсангүй. Яамнаас татгалзсан хариу өгсөн. Ирж паспортоо ав, хэд хоногоос мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн. Мөнгө өгнө гэсээр 4 сар хүргэсэн. Тэгээд 2018 оны 05 дугаар сард М.И-над руу яриад визийг чинь найдвартай гаргахаар болсон. Үлдэгдэл 2.000.000 төгрөгөө нэмээд өг гэхээр нь данс руу нь мөнгө шилжүүлсэн. Ингээд би нийт 2.500.000 төгрөг өгсөн. Удалгүй М.И-гар утсаа таслаад алга болсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би Сувдаа, Болормаа, Урангоо, Түвшинжаргал нарыг танихгүй гэжээ. / 3хх 42-43, 171 /

 

Хохирогч Ч.Нарантуул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай бэр дүү Янжинлхам надад Солонгосын виз гаргана гэсэн зар фэйсбүүкт тавигдсан байна гээд Мэндсайханы М.И-88028221 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Гүүд прайс дэлгүүрт байрлах кафед уулзаад урьдчилгаа 500.000 төгрөг өгсөн. Тэгээд хэлсэн хугацаанд виз гарахгүй хойшлогдсоор байхаар нь асуухад “Элчинд таних хүн байхгүй болчихлоо. “Бид гаргаж чадахгүй болчихлоо” гээд миний гадаад паспортыг өгсөн. Мөн намайг билетээ захиал гээд захиалаад 2 удаа хойшлуулсан. Би хойшлуулахдаа 204.000 төгрөг өгч билетээ буцаалгасан. Ингээд нийт намайг 704.000 төгрөгөөр хохироосон. Анх бид ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Надад гараараа мөнгө хүлээн авлаа гэсэн бичиг үйлдэж өгсөн.

...Би ганцхан М.И-гэдэг хүнтэй уулзаж, ярилцаад мөнгөө өгсөн. Бусад хүмүүсийг танихгүй гэжээ. / 3хх 69-71, 169 /

 

Гэрч Ж.Янжинлхам мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 12 дугаар сарын сүүлээр Нарантуул эгч Солонгос улс руу явах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд би өмнө нь Солонгост ажиллаж, амьдарч байсан болохоор Солонгос явах групп хайж үзээд нэг зар олсон. Урьдчилгаа 500.000 төгрөг төлөөд виз гарсны дараа үлдэгдэл мөнгөө өгдөг гэж байсан. Би энэ талаар Нарантуул эгчид хэлээд утасны дугаарыг нь өгсөн. М.И-гэдэг хүнийг танихгүй бөгөөд өмнө нь харж байгаагүй гэжээ. / 3хх 77 /

 

Хохирогч П.Мягмарсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 онд М.И -той найз Түвшинтөгсөөр дамжуулан танилцсан бөгөөд М.И-хэлэхдээ “ Би өмнө нь олон хүний виз гаргаж өгч байсан. Чиний визийг 14 хоногт гаргаж өгнө” гэж хэлэхээр нь итгэсэн. М.И-“Солонгос улсын виз 3 сарын хугацаатайгаар гаргаж өгнө” гээд “Эхний ээлжинд 3.500.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлийн гэрээгээр өгөөд, нотариатаар баталгаажуулчих. Би энэ хугацаанд чиний визний материалыг бүрдүүлээд өгье” гэхээр нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайн Хаан банкны АТМ-ээс өөрийн 5035240797 тоот данснаас М.И- 5090529894 тоот данс руу 3.500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 14 хоногийн дараа залгахад материалыг чинь хамт элчин сайдын яаманд ажилладаг Болормаа эгчид өгчихсөн гэж хэлсэн. Удалгүй утсаа солиод алга болсон. 2019 оны 03 дугаар сард мөрдөн байцаах алба дээр М.И-шалгагдаж байхдаа “Их хэцүү байна. Намайг битгий цагдаад өгөөрэй” гэхээр нь би өрөвдөөд цагдаад өгөөгүй. Солонгосын виз гаргаж өгөх талаар ярихад Болормаа гэх хүний талаар огт яриагүй гэжээ. / 3хх 244-245 /

 

Яллагдагч М.И-мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Н.Алтангэрэлээс нийт 5.000.000 төгрөг авсан бөгөөд үүнээс 2.000.000 төгрөгийг Болормаагийн Ариг банкны данс руу шилжүүлсэн. Мөн 2.000.000 төгрөгийг Болормаад өгсөн бөгөөд Болормаа нь Түвшинжаргалын дансанд шилжүүлсэн. Түмэнжаргалаас бэлнээр 2.000.000 төгрөгийг авч тухайн материалыг хуурамчаар бүрдүүлэхээр зарын дагуу холбогдсон хүнд өгсөн. Иймд Алтангэрэлээс авсан мөнгөнөөс Болормаа болон Түвшинжаргал нарт өгсөн учир хамт төлөлцөх ёстой. Би өөрийн авсан 1.000.000 төгрөгөө төлж барагдуулна.

Би өөрөө эдгээр хүмүүсээс мөнгийг нь авсан гэжээ. / 2хх 151-153, 159-163, 3хх 81-85, 86-90, 4хх 2-3, 21-25, 45-46 /

 

М.М.И- Хаан банкны 5890529894 дугаартай дансны хуулга / 1хх 87-148, 3хх 43-44 /

 

Шүүгдэгч М.И –г 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 2хх 151-153, 159-163, 3хх 81-85, 86-90, 4хх 2-3, 21-25, 45-46 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / 1хх 65 / зэрэг болно.

 

Шүүгдэгч М.И-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хайхрамжгүй үйлдлээсээ болж гэмт хэрэгт холбогдон зогсож байгаадаа үнэхээр харамсаж байна.

Би хохирогч А.Удвалд 4.000.000 төгрөг, С.Бадраад 4.500.000 төгрөг, П.Мягмарсүрэнд 3.500.000 төгрөг, И.Түмэнжаргалд 2.000.000 төгрөг, Ч.Нарантуулд 500.000 төгрөг, Г.Болорцэцэгт 500.000 төгрөг, Н.Алтангэрэлд 5.000.000 төгрөг тус тус төлж барагдуулсан.

Мөн хохирогч Г.Гангантуяагаас авсан 500.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005406 тоот барьцааны дансанд тушаасан. Учир нь түүнтэй холбогдож уулзаж чадаагүй. Би дээрх хохирлыг тайлан бланс гаргах, барилга дээр ажиллах, зөөгч хийх, хүүхэд харах зэрэг ажил хийж төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Н.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 11 дүгээр сард М.И оор виз гаргуулах гээд 1.000.000 төгрөг өгсөн. Удалгүй сарын дараа “Визийг чинь найдвартай гаргана” гээд 4.000.000 төгрөгийг нэмээд өгчих гэсэн. Ингээд М.И д нийтдээ 5.000.000 төгрөг өгсөн. Үүнээс шүүх хурал зарлагдахын өмнөх орой миний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 4.000.000 төгрөгөө авсан. Өөр санал, гомдол байхгүй гэв.

 

Шүүгдэгч М.И-нь Солонгос улсын виз гаргаж өгнө гэж  хуурч, виз гаргах эрхгүй атлаа найдвартай гаргадаг мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 

1. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хохирогч А.Удвалаас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Худалдаа хөгжлийн банкны салбараас 3.500.000 төгрөгийг, мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх гэрт нь 500.000 төгрөг бэлнээр авч, нийт 4.000.000 төгрөгийг,

2. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч П.Мягмарсүрэнгээс Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Барилгачдын талбайн Хаан банкны АТМ-с шилжүүлсэн 3.500.000 төгрөгийг,

3.  2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхон Натур 97-2 дугаар байрны 25 тоот өөрийн гэртээ хохирогч И.Түмэнжаргалаас 2.000.000 төгрөгийг,

4.  2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Г.Болорцэцэгээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицеруудын ордон орчимд байх Хаан банкны АТМ-с шилжүүлсэн 500.000 төгрөгийг,

5. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  хохирогч Н.Алтангэрэлээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Халдвартын эмнэлгийн ойролцоох АТМ-с шилжүүлсэн 1.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Багшийн дээдийн ойролцоох АТМ-с шилжүүлсэн 4.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг,

6. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  хохирогч С.Бадраагаас Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төгөлдөр төвийн нотариат дээр 2.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөн Төгөлдөр төвийн ойролцоох АТМ-с шилжүүлсэн 2.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг,

7.  2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Г.Гантуяагаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул худалдааны төвөөс Хаан банкны АТМ-с шилжүүлсэн 500.000 төгрөгийг,

8.  2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Ч.Нарантуулаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Гүүд прайс дэлгүүрт 500.000 төгрөгийг тус тус авч, бусдад нийт 20.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Үүнд: ...2017 оны 09 дүгээр сард Солонгос дахь Монголчууд гэх групп рүү орж, Солонгосын виз найдвартай гаргана гэсэн зарын дагуу холбогдож, *******той танилцан түүний Хаан банкны 5890529894 данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Удвалын мэдүүлэг / 1хх 17-19, 1хх 20-21, 3хх 213 /,  ...Фэйсбүүк дээрээс Солонгос явуулна гэх зарын дагуу 88028221 дугаарын утсаар ярьж виз гаргуулахаар 500.000 төгрөг өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Болорцэцэгийн мэдүүлэг / 1хх 201-202, 204-205, 3хх 215 /,   ...Фэйсбүүк дээр Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө гэх зарын дагуу 88028221 дугаараар холбогдож М.И той танилцсан бөгөөд визний урьдчилгаа 500.000 төгрөгийг М.М.И- 5890529894 тоот данс руу шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Гангантуяагийн мэдүүлэг / 1хх 211-214, 3хх-218 /,   ... М.И той уулзахад “Солонгосын элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа. Та хоёрын виз асуудалгүй. Зуучлалын хөлс нь нэг хүний 6.000.000 төгрөг, онгоцны тийзээ өөрсдөө бичүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд гэрт нь дүү Бямбацогтын хамтаар очиж тус бүр 1.000.000 төгрөгөө бэлнээр өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч И.Түмэнжаргалын мэдүүлэг / 2хх 30-31, 33, 3хх 175 /,   ... 2017 оны 10 дугаар сарын сүүлээр фэйсбүүкээр Солонгос Улс руу 2 хүн найдвартай гаргана гэх зарын дагуу М.И той холбогдож виз гаргуулахаар 4.000.000 төгрөгийг М.И-данс руу шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Алтангэрэлийн мэдүүлэг / 2хх 107-109, 110-111, 3хх 170, 194  /,   ...Фэйсбүүк дээр Солонгос Улс руу найдвартай гаргана гэсэн зар байхаар нь чатаар холбогдоод М.И той уулзсан. Тэгэхэд бичиг баримтын 1.000.000 төгрөг болно гэхээр нь 5890529894 дугаарын данс руу шилжүүлсэн. М.И-материал чинь болчихсон. Урьдчилгаа 4.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь 4.000.000 төгрөг шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Сарангоогийн мэдүүлэг / 2хх 114-115 /,    ...Түвшинжаргал, Болормаа нартай уулзаад “ Та нарт өгсөн мөнгөө авъя “ гэж хэлсэн. Тэд нар “ Түр хүлээчих. Маргааш мөнгийг чинь өгье “ гэж хэлэхээр нь хүлээсэн боловч виз ч гараагүй, мөнгөө ч буцааж аваагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Найдансүрэнгийн мэдүүлэг / 2хх 136 /,   ...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр М.И-над руу залгаад “Танд виз гаргаж өгөх хүн байна уу” гэхээр нь “ Би сайн мэдэхгүй байна. Асууж өгье” гэж хэлсэн. Тэгээд М.И г Түвшинтэй танилцуулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Болормаагийн мэдүүлэг / 2хх 125-126, 3хх 195 /,    ...М.И-гэх хүн Болороогийн ярьсан 2 хүнд 2.000.000 төгрөгөөс илүү мөнгө байхгүй гэсэн гээд 2.000.000 төгрөгийг данс руу хийж материалыг нь өгсөн. Сувдаа ирээд материал мөнгөө аваад удалгүй бичиг баримт хуурамч байна гээд Солонгосын визэнд хандаагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Түвшинжаргалын мэдүүлэг / 2хх 128-129, 131 /,    ...Би Солонгос улсын визний захиалга авдаг газарт очиход ТҮЦ машины Нийгмийн даатгалын дэвтэр нь хуурамч уншигдахгүй байна гэхээр нь би Алтангэрэл, Сарангоо нартай холбоотой материалыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шуудангаар явуулсан. Түвшинжаргалд наад 2 хүний чинь материал хуурамч байна гэдгийг хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Сувдын мэдүүлэг / 2хх 133 /,   ...Н.Алтангэрэлийн мөнгөнөөс 500.000 төгрөг аваад Түвшинжаргалд өгсөн. Би дээрх хүмүүсээс нийт 7.000.000 төгрөг авсан асуудал байхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний хариуцагч Д.Болормаагийн мэдүүлэг / 3хх 111 /,     ...Ингээд М.И-миний Хаан банкны данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Би дансаар авсан 2.000.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг Сувдаад өгсөн. Үлдсэн 1.000.000 төгрөгийг Болормаа надад хандан зээлүүлчих гээд надаас авсан. Сувдаа бичиг баримтыг аваад эдгээр бичиг баримт хуурамч байна гээд буцаагаад өгсөн. Над руу дансаар шилжүүлсэн мөнгийг авсан хүмүүсээс аваад төлж барагдуулна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний хариуцагч Т.Түвшинжаргалын  мэдүүлэг / 3хх 117 /,  ...Би 2017 оны 10 дугаар сард Солонгос улс руу явах виз найдвартай гаргаж өгнө гэх М.И той холбогдож урьдчилгаа 2.500.000 төгрөг, гадаад паспортын хамт өгсөн. М.И-над руу яриад визийг чинь найдвартай гаргахаар болсон. Үлдэгдэл 2.000.000 төгрөгөө нэмээд өг гэхээр нь данс руу нь мөнгө шилжүүлсэн. Би Сувдаа, Болормаа, Урангоо, Түвшинжаргал нарыг танихгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Бадраагийн мэдүүлэг / 3хх 42-43, 171 /,   ...Манай бэр дүү Янжинлхам надад Солонгосын виз гаргана гэсэн зар фэйсбүүкт тавигдсан байна гээд Мэндсайханы М.И-88028221 гэсэн дугаар өгсөн. Би М.И-гэдэг хүнтэй уулзаж, ярилцаад мөнгөө өгсөн. Бусад хүмүүсийг танихгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ч.Нарантуулын мэдүүлэг / 3хх 69-71, 169 /, ...Нарантуул эгч Солонгос явах шаардлагатай гэхээр нь Солонгос явах групп хайж үзээд зар олоод М.И- дугаарыг өгсөн. Би М.И-гэдэг хүнийг танихгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Янжинлхамын мэдүүлэг / 3хх 77 /,   ...2017 онд М.И той найз Түвшинтөгсөөр дамжуулан танилцсан бөгөөд М.И-хэлэхдээ “ Өмнө нь олон хүний виз гаргаж өгч байсан. Чиний визийг 14 хоногт гаргаж өгнө” гэж хэлэхээр нь итгээд М.И- 5090529894 тоот данс руу 3.500.000 төгрөг шилжүүлсэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч П.Мягмарсүрэнгийн мэдүүлэг / 3хх 244-245 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.И-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.И-д ял шийтгэл оногдуулахдаа хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.И-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тул түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд гэм буруут зан үйлээ засах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн И.Түмэнжаргал, Н.Алтангэрэл, Ж.Сарангоо нарын нэр бүхий хуурамч бичиглэл хийсэн 3 ширхэг нийгмийн даатгалын дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч М.И-41 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хохирогч А.Удвалд 4.000.000 төгрөг, С.Бадраад 4.500.000 төгрөг, П.Мягмарсүрэнд 3.500.000 төгрөг, И.Түмэнжаргалд 2.000.000 төгрөг, Ч.Нарантуулд 500.000 төгрөг, Г.Болорцэцэгт 500.000 төгрөг, Н.Алтангэрэлд 5.000.000 төгрөг, хохирогч Г.Гангантуяад 500.000 төгрөг тус тус төлсөн тул төлөх төлбөргүйг дурьдав.

 

 Прокуророос хохирогч Н.Алтангэрэлийн 5.000.000 төгрөгнөөс  Д.Болормаа, Т.Түвшинжаргал нар тус бүр 2.000.000 төгрөгийг М.И-гоос авсан учир тэдгээрийг иргэний хариуцагчаар татаж, Д.Болормаа, Т.Түвшинжаргал нараар төлүүлэх саналыг шүүхэд гаргасан болно.

Гэтэл хохирогч Н.Алтангэрэл нь өөрийн 5.000.000 төгрөгийг М.И-д өгсөн байх ба М.И-нь өөрөө зар тавьж, хохирогч нартай уулзаж, тэдгээрийн мөнгийг өөрийн дансандаа шилжүүлэн авч, мөнгийг захиран зарцуулсан тул хохирогч Н.Алтангэрэлийн хохирлоос үлдсэн 4.000.000 төгрөгийг М.И-с гаргуулж Н.Алтангэрэлд олгохоор шүүх шийдвэрлэсний дагуу М.И-нь хохирлоо нөхөн төлсөн байна.

Иргэний хариуцагч Т.Түвшинжаргал нь М.И-с 2017 оны 11 сарын 29-ний өдөр дансаар 2.000.000 төгрөгийг авсан болох нь түүний “Хаан банк”-ны дансны хуулгаар нотлогдсон / 2хх 229 / тул түүнийг мөрдөн шалгалтын явцад иргэний хариуцагчаар татсан / 3хх 117 / ба Т.Түвшинжаргал нь дээрх мөнгийг төлж барагдуулахаа / 3хх 164 / мэдүүлсэн байна.

Мөн Д.Болормаа нь өөрийн “Ариг банк”-ны дансаар 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр М.И-оос 2.000.000 төгрөгийг хүлээн авсан болох нь түүний “ Ариг банк “-ны дансны хуулгаар / 4хх 36 / нотлогдож байх ба түүнийг мөрдөн шалгалтын явцад иргэний хариуцагчаар татсан / 3хх 109 / байна.

Иймд Д.Болормаа, Т.Түвшинжаргал нарын үндэслэлгүйгээр олж авсан мөнгийг М.И-нь хохирогч нарт төлсөн тул тэдгээрээс 4.000.000 төгрөгийг гаргуулан М.И-д олгож, үүнтэй холбоотойгоор Д.Болормаа /РД: ..../-гийн нэр дээрх арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хязгаарласан 3011 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хариуцагч Д.Болормаа, Т.Түвшинжаргал нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудсаны дагуу Т.Түвшинжаргал нь 2020 оны 12 сарын 18-ны өдөр хурлын товыг мэдэж гарын үсгээ зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Д.Болормаад хурлын товыг мэдэгдсэн боловч мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдгээрийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

 

Хохирогч Г.Гангантуяад олгох 500.000 төгрөгийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн Төрийн сангийн ..... тоот дансанд тушаасан тул уг данснаас гаргуулж хохирогч Боржигон Ганбаатарын Гангантуяа / РД: ... /-д олгох нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.И-  гэм буруут үйлдлийн улмаас бусдад 19.500.000 төгрөгний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч нийт хохирол нь 20.500.000 төгрөг бөгөөд хохирлын хэмжээ нь зүйлчлэлд нөлөөлөхгүй, техникийн шинжтэй алдаа тул залруулан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт М-н И-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.И-д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн И.Түмэнжаргал, Н.Алтангэрэл, Ж.Сарангоо нарын нэр бүхий хуурамч бичиглэл хийсэн 3 ширхэг нийгмийн даатгалын дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, М.И-нь 41 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Д.Болормаа, Т.Түвшинжаргал нараас тус бүр 2.000.000 төгрөг гаргуулан М.И-д олгож, шүүгдэгч М.И-нь төлөх төлбөргүйг дурьдаж, М.М.И- Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн Төрийн сангийн .... тоот дансанд тушаасан 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Боржигон Ганбаатарын Гангантуяа / РД: .... /-д олгосугай.

 

5. Иргэний хариуцагч Д.Болормаа /РД: .../-гийн нэр дээрх арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хязгаарласан 3011 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.И-нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ял оногдуулахыг дурьдсугай.

 

7. М.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ