| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2021/0019/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/20 |
| Огноо | 2021-01-06 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овогт Д.М-т холбогдох эрүүгийн 2009000001413 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1958 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, "...” нэвтрүүлгийн сэтгүүлч ажилтай, ам бүл 1, ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 652 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2-д зааснаар 2 жил хорих,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 600 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Д.М нь:
- 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Гадаад харилцааны яам /..................../-ны Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яаманд хандсан “Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дэмжлэгтэйгээр 2020-2025 оны хооронд “Хүрэх оргил” нийгэмд хандсан танин мэдэхүйн “Нүд үнэнч-Чих худалч” цуврал нэвтрүүлгийг бэлтгэх зорилгоор АНУ-д зорчих тул сэтгүүлч, продуйсар, хөтлөгч ... овогтой Д.М /Е2......../ covid-19-тэй холбогдсон зохих ангиллын виз олгохыг хүсэх завшаан тохиолдов” гэх утга бүхий хэвлэмэл хуудас, тамгыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.С мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Д.М нь төрийн байгууллагын нэрийг барьж хуурамч баримт бичиг үйлдсэн. Нийгэмд үнэн зөвийг мэдээлэх сэтгүүлч хүн байж ёс зүйгүй үйлдэл гаргасан гэжээ. / хх 12-13 /
Гэрч Ж.С мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...БНСУ-ын элчин сайдын яаманд Д ийн Д.М нь “баталгаажуулсан тодорхойлолт” гэсэн толгойтой албан бичгийг манай газрын нэрээр хуурамчаар үйлдэж өгсөн. Гадаад харилцааны яамнаас гадагшаа явж буй албан бичиг нь стандартын дагуу батлагдсан бланк дээр тодорхой дугаартайгаар үйлдэгдэж, тамга, тэмдэг болон гарын үсгээр баталгаажсан бичиг хэргийн бүртгэлээр дамжин явдаг. Сэтгүүлч Д.М нь БНСУ-ын элчин сайдын яаманд хандахдаа манай газрын нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тул түүнд зохих хариуцлага тооцуулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэжээ. / хх 18 /
Гэрч Л.Мг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ерөнхий сайдын зөвлөх бөгөөд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Г нь гар утасны вайбер апплекшнаар Монгол Улсын Гадаад харилцааны яаманд гэж толгойлсон, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэх огноотой, “Нүд үнэн-чих худалч” нэвтрүүлгийн хөтлөгч Дийн Д.М гэдэг хүн нь 2010-2025 он хүртэл хамтран ажилладаг гэсэн утгатай бичгийг явуулаад энэ хүн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сөүл явах гэж байгаа юм байна гэж бичсэн. Би уг бичгийг харахад манай яаманд ашигладаггүй бланк байсан бөгөөд газар хэлтсийн нэр буруу бичсэнийг хараад илт хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсэн. Уг мэдээллийг авсан даруйдаа Гадаад харилцааны яамны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.С гэдэг хүнд мэдэгдсэн гэжээ. / хх 19 /
Гэрч Ц.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай туслах М.Хс миний мэддэг Д.М албан бичиг гаргаж өгөөч гэсэн хүсэлт файлаар ирсэн. Тухайн үед миний бие ямар албан бичиг хүсэж байгаа талаар өрөөндөө Д.Мтэй уулзаж асуухад тэрээр гадаад харилцааны яамнаас гаргаж өгч байсан гэх бичгийг яриад манай туслах М.Х руу фэйсбүүкийн чатаар хэд хэдэн албан бичгийн загвар явуулсан. Түүний дотор Монгол Улсын Гадаад харилцааны яаманд гэж толгойлсон, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэсэн огноотой, Нүд үнэнч-чих худалч нэвтрүүлгийн хөтлөгч Д овогтой Д.М гэдэг хүн нь 2010-2025 он хүртэл хамтран ажилладаг гэсэн утгатай албан бичиг явуулсан. Би үүнийг М.Хгийн файлаар аваад нягтлах үүргийн хүрээнд Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.Мг рүү вайбераар явуулсан гэжээ. / хх 20-21 /
Гэрч М.Х мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ц.Г даргад Д.М нь над руу тодорхойлолт явуулсан гэж хэлэхэд Ц.Г дарга нь бас над руу явуулсан байсан гэж хэлсэн. Тухайн үед Ц.Г дарга Д.М нь Гадаад яамнаас тодорхойлолт авчихсан байсан. Боломжтой бол манайхаас тодорхойлолт гаргаад өгье гэж хэлсэн. Түүний дараа Ц.Г дарга Д.Мийн явуулсан албан бичгийг гадаад яамнаас лавлаж асуухад наадах чинь хуурамч юм байна. Манайхаас тодорхойлолт олгохгүй шүү гэж хэлсэн гэжээ. / хх 22-23 /
Г.Хы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 14 /
Баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх 40 /
Шүүгдэгч Д.М-ийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 28-31 /
Шүүгдэгч Д.М урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 39 / зэрэг болно.
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Гадаад харилцааны яам /..................../-ны Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яаманд хандсан “Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дэмжлэгтэйгээр 2020-2025 оны хооронд “Хүрэх оргил” нийгэмд хандсан танин мэдэхүйн “Нүд үнэнч-Чих худалч” цуврал нэвтрүүлгийг бэлтгэх зорилгоор АНУ-д зорчих тул сэтгүүлч, продуйсар, хөтлөгч Д овогтой Д.М /Е2....../ covid-19-тэй холбогдсон зохих ангиллын виз олгохыг хүсэх завшаан тохиолдов” гэх утга бүхий хэвлэмэл хуудас, тамгыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Д.М нь төрийн байгууллагын нэрийг барьж хуурамч баримт бичиг үйлдсэн. Нийгэмд үнэн зөвийг мэдээлэх сэтгүүлч хүн байж ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ж.Сын мэдүүлэг / хх 12-13 /, ...БНСУ-ын элчин сайдын яаманд Дийн Д.М нь “баталгаажуулсан тодорхойлолт” гэсэн толгойтой албан бичгийг манай газрын нэрээр хуурамчаар үйлдэж өгсөн. Сэтгүүлч Д.М нь БНСУ-ын элчин сайдын яаманд хандахдаа манай газрын нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Сын мэдүүлэг / хх 18 /, ...Ц.Г нь гар утасны вайбер апплекшнаар Монгол Улсын Гадаад харилцааны яаманд гэж толгойлсон, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэх огноотой, “Нүд үнэн-чих худалч” нэвтрүүлгийн хөтлөгч Дийн Д.М гэдэг хүн нь 2010-2025 он хүртэл хамтран ажилладаг гэсэн утгатай бичгийг явуулаад энэ хүн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сөүл явах гэж байгаа юм байна гэж бичсэн. Би уг бичгийг харахад манай яаманд ашигладаггүй бланк байсан бөгөөд газар хэлтсийн нэр буруу бичсэнийг хараад илт хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Мгийн мэдүүлэг / хх 19 /, ...Д.Мээс явуулсан файл дотор Монгол Улсын Гадаад харилцааны яаманд гэж толгойлсон, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэсэн огноотой, Нүд үнэнч-чих худалч нэвтрүүлгийн хөтлөгч Д овогтой Д.М гэдэг хүн нь 2010-2025 он хүртэл хамтран ажилладаг гэсэн утгатай албан бичиг явуулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Гийн мэдүүлэг / хх 20-21 /, ...Д.Мийн явуулсан албан бичгийг гадаад яамнаас лавлаж асуухад наадах чинь хуурамч юм байна. Манайхаас тодорхойлолт олгохгүй шүү гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Хы мэдүүлэг / хх 22-23 /, ...Г.Хы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх14 /, ...Баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх 40 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.М-ийг тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хохирогч Ж.С нь нэхэмжлэх зүйлгүй / хх 13 / гэсэн тул Д.Мийг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Д.М-ийг тамга тэмдэгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.М нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ