| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2021/0025/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/76 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/76
2021 01 28 2021/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Н.Уранбайгаль,
шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,
хохирогч У.Отгонжаргалын өмгөөлөгч Р.Оюунбадам
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хангай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Л.Б-д холбогдох эрүүгийн 2003004410374 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/513 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн / хх 169 /, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Л.Б- нь:
- 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10.20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 32 барилгын материалын дэлгүүрийн баруун замд Тоёота маркийн Приус-20 загварын 41-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 1.37 хувь согтолттой үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 51 настай эрэгтэй С.Энхболд, 41 настай эмэгтэй У.Отгонжаргал нарыг мөргөж, С.Энхболдын ам нас хохирч, У.Отгонжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх 31-32 /
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 11-23 /
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хангай мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр 10 цагийн үед манай ах С.Энхболд бохирын ус соруулна гадуур ажилтай гээд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоот 16-210 тоот гэрээсээ гарсан. Тэгээд удалгүй 30-40 минутын дараа танихгүй дугаараас над руу залгаад “Эрэгтэй хүн машинд мөргүүлсэн. Энэ дугаар руу залгаад хэлчих гэсэн. Бид нар яаралтай гэмтлийн эмнэлэг рүү явж байна” гээд утсаа салгасан. Би шууд гэрээсээ гараад гэмтлийн эмнэлэг дээр очиход манай ах С.Энхболдыг сэхээн амьдруулах тасагт оруулсан байхаар нь ороход ах ухаантай байсан. Би “Яаж байна” гэж асуухад юм дуугарахгүй байсан. Тэр үед сувилагч нар намайг гадаа байж бай гээд үүд рүү гаргасан. Гэтэл удалгүй 30 минутын дараа манай ахыг нас барсан гэдгийг хэлсэн гэжээ. / хх 66-68 /
Хохирогч У.Отгонжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн хүүхдийн 2 дугаар эмнэлэгт хүн эргэчихээд гэртээ харихаар 32-ын уулзвараас ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд авто замын зүүн талын явган хүний замаар алхаад явж байхад гэнэт хойноос хүчтэй мөргөсөн. Тухайн үед өөр нэг ахыг мөн хэвтүүлж авч явахад нь надаас гадна өөр хүн мөргөсөн байна гэдгийг мэдсэн. Гэхдээ осол болохын өмнөхөн тэр ах миний хажуугаар зөрөөд урагшаа алхаж байсан хүн мөн байсан гэжээ. / хх 70-74 /
Жолооч Лхам овогт Л.Б-гийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.37 хувийн согтолттой гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 153 /
Гэрч Г.Цогтбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Л.Б- нэгдүгээр эгнээгээр явж байхдаа хоёрдугаар эгнээнд явж байсан улаан хүрэн өнгийн суудлын автомашины хажуугаар гарахдаа жолоодлого алдаж замын хашлага даваад таримал мод дайрч, явган хүний замаар явж байсан эмэгтэйг мөргөхөөр нь айсандаа нүдээ аниад удаагүй шарваад зогссон. Л.Б- Алтан өлгийн тэндээс явахдаа л хурдтай, машин гүйцээд эвгүй яваад байсан. Би архи бага уусан болохоор эрүүл шахуу байсан. Би Л.Б-д хандан зөөлөн яв гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч тоогоогүй гэжээ. / хх 80 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1753 дугаартай дүгнэлтэд:
1. Амь хохирогч Содномдаржаагийн Энхболдын биед цээжний баруун талын 2-8 дугаар хавирга, зүүн талын 2-6 дугаар хавирганы хугарал, сээрний 2-р нугалмын хугарал, элэгний задрал, хэвлийн хөндий дэх сул цус /1000мл/, шанаа, хацар, эрүү, сарвуу, шуу, тохойны арьсны зулгаралт, мөр, шуу, гуяны цус хуралт, зүүн шилбэ ясны хугарал, хүнд зэргийн согтолт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3.Амь хохирогч С.Энхболдод үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Амь хохирогч С.Энхболд нь хэвлийн хөндийд хурц цус алдаж цус алдалтын шоконд орж нас баржээ.
5. Амь хохирогч С.Энхболд нас бараад 24 цаг болжээ.
6. Амь хохирогч С.Энхболдын цус нь ВIII бүлэгтэй байна.
7. Амь хохирогч С.Энхболд нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ гэжээ. / хх 104-110/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 9697 дугаартай дүгнэлтэд:
1. У.Отгонжаргалын биед сээрний 12-р нугалмын арын сэртэн зөрүүгүй хугарал, бүсэлхийн 2-р нугалмын их бие шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн дал, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зулайн хуйханд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. / хх 87-88 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4661 дугаартай дүгнэлтэд:
1. Ирүүлсэн цус нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна.
2. “31 эр Л.Б-” гэсэн хаягтай цуснаас 2.7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.7 промилли спиртийн агууламж согтолтын хүнд зэрэгт хамаарна гэжээ. / хх 97-98 /
Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн магадлагаанд:
Тоёота приус-20 маркийн 41-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Л.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд / эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”. Мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна гэжээ. / хх 132-133 /
Яллагдагч Л.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...32-н уулзвараар буцаж эргээд замын 1-р эгнээнд явж байгаад жолоодлого алдаж хашлага давж явган хүний замаар явж байсан 2 хүнийг мөргөж осол гаргасан. Тухайн 2 хүний нэг нь гэмтлийн эмнэлэгт дээр нас барсан.
...Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон. Мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан өөрийн гэм буруугаа маш сайн ойлгож ухамсарлаж байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа гэжээ. / хх 139-140 /
Шүүгдэгч Л.Б-г 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 139-140 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 160 / зэрэг болно.
Шүүгдэгч Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бүгд миний буруу, харамсаж байна. Хохирогч нарт тус бүр 1.000.000 төгрөг төлсөн. Үлдэх хохирлыг нөхөн төлнө. Эхнэр маань ажилгүй, 1 нас 8 сартай хүүхдээ хардаг. Ар гэртээ үнэхээр санаа зовж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хангай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач сэтгэцийн өвчтэй, 30 настай хүүтэйгээ амьдардаг байсан. Би хүүг нь өөрийн асрамжиндаа авсан. Гомдолтой байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч санамсар болгоомжгүй гэж байна. Гэтэл машины 4 дугуйг хагартал давхисныг санамсар болгоомжгүй гэж үзэхгүй байна. 4 дугуй хагарсан гэдэг ямар хурдтай явж байсныг харуулж байна. Оршуулгын зардалд 7.900.000 төгрөг нэхэмжилснээс 1.000.000 төгрөг авсан гэв.
Шүүгдэгч Л.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10.20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 32 барилгын материалын дэлгүүрийн баруун замд Тоёота маркийн Приус-20 загварын 41-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2.7 хувь согтолттой үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 51 настай эрэгтэй С.Энхболд, 41 настай эмэгтэй У.Отгонжаргал нарыг мөргөж, С.Энхболдын ам насыг хохироож, У.Отгонжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх 31-32 /, ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 11-23 /, ...Танихгүй дугаараас над руу залгаад “Эрэгтэй хүн машинд мөргүүлсэн “ гэхээр нь гэмтлийн эмнэлэг дээр очиход манай ах С.Энхболд сэхээн амьдруулах тасагт байсан ба удалгүй 30 минутын дараа нас барсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хангайн мэдүүлэг / хх 66-68 /, ...32-ын уулзвараас ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд автозамын зүүн талын явган хүний замаар алхаад явж байхад гэнэт хойноос хүчтэй мөргөсөн. Тухайн үед надаас гадна өөр хүн мөргөсөн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч У.Отгонжаргалын мэдүүлэг / хх 70-74 /, ...жолооч Лхам овогт Л.Б-гийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.37 хувийн согтолттой гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 153 /, ...Л.Б- нэгдүгээр эгнээгээр явж байхдаа хоёрдугаар эгнээнд явж байсан улаан хүрэн өнгийн суудлын автомашины хажуугаар гарахдаа жолоодлого алдаж замын хашлага даваад таримал мод дайрч явган хүний замаар явж байсан эмэгтэйг мөргөсөн. Л.Б- алтан өлгийн тэндээс явахдаа л хурдтай, машин гүйцээд эвгүй яваад байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Цогтбаярын мэдүүлэг / хх 80 /, ...Амь хохирогч С.Энхболдын биед цээжний баруун талын 2-8 дугаар хавирга, зүүн талын 2-6 дугаар хавирганы хугарал, сээрний 2-р нугалмын хугарал, элэгний задрал, хэвлийн хөндий дэх сул цус /1000мл/, шанаа, хацар, эрүү, сарвуу, шуу, тохойны арьсны зулгаралт, мөр, шуу, гуяны цус хуралт, зүүн шилбэ ясны хугарал зэрэг гэмтлүүдийн улмаас хэвлийн хөндийд хурц цус алдаж цус алдалтын шоконд орж нас баржээ гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1753 дугаартай дүгнэлт / хх 104-110/, ...У.Отгонжаргалын биед сээрний 12-р нугалмын арын сэртэн зөрүүгүй хугарал, бүсэлхийн 2-р нугалмын их бие шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн дал, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн зулайн хуйханд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 9697 дугаартай дүгнэлт / хх 87-88 /, ...“31 эр Л.Б-” гэсэн хаягтай цуснаас 2.7 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.7 промилли спиртийн агууламж согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4661 дугаартай дүгнэлт / хх 97-98 /, ...Тоёота приус-20 маркийн 41-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Л.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд / эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”. Мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн магадлагаа / хх 132-133 /, ...32-н уулзвараар буцаж эргээд замын 1-р эгнээнд явж байгаад жолоодлого алдаж хашлага давж явган хүний замаар явж байсан 2 хүнийг мөргөсний нэг нь гэмтлийн эмнэлэгт дээр нас барсан, нэгд нь хүндэвтэр гэмтэл учруулсан Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Л.Б-гийн мэдүүлэг / хх 139-140 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Л.Б-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Б-д ял шийтгэл оногдуулахдаа хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Б- нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч У.Отгонжаргалд 1.000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хангайд 1.000.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, Л.Б-гийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.37 хувийн согтолттой / хх 153 / гарсан боловч шинжээчийн дүгнэлтээр түүний цуснаас 2.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарч байгаа / хх 97-98 /, түүний гэм буруут үйлдлийн улмаас нэг хүн нас барж, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан түүний гэм буруут үйлдлийн улмаас хүнд хор уршиг учирсан зэргийг харгалзан хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч У.Отгонжаргал нь эмчилгээний зардал, ажилгүй хугацааны цалин, цалингийн зээл, нөхрийн 1 сарын цалин зэрэгт нийт 12.416.589 төгрөг нэхэмжилснээс баримтаар нотлогдсон / хх 35-39 / 3.356.589 төгрөгөөс шүүгдэгч 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн тул үлдэх 2.356.589 төгрөгийг Л.Б-гоос гаргуулан хохирогч У.Отгонжаргалд олгож, цаашдын эмчилгээний зардал болон цалин, зээл, бусад хохирлоо баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Хохирогчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн “Шинэ Эрин” медикал ХХК-ний 950.000 төгрөгийн баримт нь он сар өдөргүй боловч У.Отгонжаргал нь дээрх гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд нурууны хагалгаанд орсон, уг хагалгаанд хэрэглэсэн нь нотлогдож байх тул нотлох баримтаар тооцсон болно.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хангай нь оршуулгын зардалд нийт 7.900.000 төгрөг нэхэмжилснээс баримтаар нотлогдсон / хх 54-65 / 4.896.501 төгрөгнөөс шүүгдэгч 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн тул үлдэх 3.896.501 төгрөгийг Л.Б-гоос гаргуулж, нэхэмжлэлээс баримтгүй 3.003.499 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Л.Б-гийн В ангиллын №730119 дугаарын жолооны түр зөвшөөрлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харъяа Лицензийн төвд хүргүүлж, Л.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Л.Б-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 / зургаа / жилийн хугацаагаар хасаж, 4 / дөрөв / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Б-гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Л.Б-гийн В ангиллын №730119 дугаарын жолооны түр зөвшөөрлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харъяа Лицензийн төвд хүргүүлж, Л.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Б-гоос 6.253.090 төгрөгийг гаргуулан хохирогч У.Отгонжаргалд 2.356.589 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хангайд 3.896.501 төгрөгийг тус тус олгож, Ц.Хангайн нэхэмжлэлээс 3.003.499 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч У.Отгонжаргал нь цаашдын эмчилгээний зардал болон бусад хохирлоо баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч, нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ