Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА/2022/0734

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б, Б.М нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч, шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Б, Б.М

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд Ж.С, О.У, О.Б, Ж.О

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Ж.О-д 390 м.кв-аар газрын гэрчилгээ олгуулсан нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, анхны амьдарч байсан байдлаар буюу иргэн Н.Б-д 522 м.кв-аар, иргэн Ж.О-д 300 м.кв-аар газрын кадастрын зургийг шинээр гаргуулан тус бүрийн гэрчилгээг олгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 670 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, өмгөөлөгч М.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2021/0180/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Б, Б.М нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Иргэн Ж.О-д 390 м.кв-аар газрын гэрчилгээ олгуулсан нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, анхны амьдарч байсан байдлаар буюу иргэн Н.Б-д 522 м.кв-аар, иргэн Ж.О-д 300 м.кв-аар газрын кадастрын зургийг шинээр гаргуулан тус бүрийн гэрчилгээг олгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 670 дугаар шийдвэрээр:

“...Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б, Б.М нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “иргэн Ж.О-д 390 м.кв-аар газрын гэрчилгээ олгуулсан Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, иргэн Н.Б-д 522 м.кв, Ж.О-д 300 м.кв газрын кадастрын зургийг шинээр гаргуулан тус бүрийн гэрчилгээг олгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1.“...Шүүх “Гуравдагч этгээд Ж.О-д олгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 0101002554 дугаар гэрчилгээ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Цагдаагийн ахмад Ж.П-ийн дүгнэлтээр 300 гэж байсныг 390 м.кв болгон засварласан байна гэсээр байтал хэрэгт авагдсан тухайн нотлох баримтыг үнэлэлгүй, илтэд хуурамч засвартай гэрчилгээг үндэслэн олгосон нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 389 дүгээр захирамжаар өмчлүүлэхээр олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар батлагдаж байна” гэж дүгнэсэн.

3.2....Хэрэгт авагдсан Ж.О-ын кадастрын зураг дээр манай байшингийн зургийг хашааны нөгөө талд оруулан зурж манай байшинг таллан газраас 90 м.кв газрыг авсан нь харагдаж байна. Үүнийг шүүхээс ирж үзэхэд нь хүртэл хэлж тайлбарлаж байсан боловч огт хайхарч дүгнээгүй.

3.3.Мөн тухайн үед буюу 2001 оны 6 дугаар сард олгож байсан дурын иргэний газар эзэмшүүлэх гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар ирүүлэхэд загвар нь хүртэл зөрж байна.

“Шинжилгээний байгууллага нь газар эзэмшүүлэх гэрчилгээний тоог заасан байна” гэсээр байтал шүүх үүнийг нь дүгнэж үзээгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 670 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй  орхиж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Н.Б, Б.М нар хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “иргэн Ж.О-д 390 м.кв-аар газрын гэрчилгээ олгуулсан Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах, иргэн Н.Б-д 522 м.кв, Ж.О-д 300 м.кв газрын кадастрын зургийг шинээр гаргуулан тус бүрийн гэрчилгээ олгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүх иргэн, хуулийн этгээдийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй байвал түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэдэг.

3.Анх нийслэлийн Засаг дарга 2004 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 492.58 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Н.Б, Б.Э, Б.М, Б.М нарт өмчлүүлж, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/868 дугаар захирамжаар хамтран өмчлөгчөөс Б.Э, Б.М нарыг хасч тус тус шийдвэрлэсэн бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2205001114 дугаарт бүртгэгдэж, 000659164 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна.

4.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “гэр бүлийн хэрэгцээний”, 5 дугаар зүйлийн 5.1.5-д “иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ”, 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэж тус тус зааснаас үзвэл гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшдэг иргэний газар нь иргэдэд өмчлүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан бол тухайн иргэний гаргасан хүсэлтийн дагуу түүнд уг газрыг өмчлүүлж болохоор зохицуулжээ.

5.Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч нар нь газраа Б.Ч-аас худалдан авч, газар өмчлүүлэх шийдвэр гаргуулахдаа газрын кадастрын зурагт хэмжээг 492.58 м.кв-аар тодорхойлон өгч, өнөөдрийг хүртэл уг газрын хэмжээ өөрчлөгдөөгүй, хариуцагчаас гуравдагч этгээд нарт газар өмчлүүлэхдээ түүний гаргасан хүсэлт, гар зургийг үндэслэн 2003 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 389 дүгээр захирамжаар 390 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1/1632 дугаар албан бичгээр 2006 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18638311554334 дугаар бүхий 492 м.кв талбайтай газар Н.Б-ын, нэгж талбарын 18638311566338 дугаарт бүхий 372 м.кв газар нь Ж.О-ын нэр дээр тус тус бүртгэгдсэн, уг хоёр газар нь давхцалгүй болох нь тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй гэж үзэхээргүй байна.  

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Ж.О-д олгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2001 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0101002554 дугаартай гэрчилгээ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Цагдаагийн ахмад Ж.П-ийн дүгнэлтээр 300 гэж байсныг 390 м.кв болгон засварласан байна гэсээр байтал тухайн нотлох баримтыг үнэлээгүй, ...манай газраас 90 м.кв газрыг авсан” гэж дурдсан бөгөөд нэхэмжлэгч нь газар өмчлөх хүсэлт, кадастрын зурагт газрын хэмжээг 492.58 м.кв тодорхойлон өгч, Нийслэлийн Засаг даргын 2004 ны 122 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг авсан атлаа манай газраас 90 м.кв газрыг авсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2243 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...2001.06.26-ны огноотой 0101002554 дугаартай “Газар эзэмших гэрчилгээ” гэсэн баримтын нөхөх хэсэгт “5” гэсний доор “ам дөрвөлжин метр” гэсний урд бичсэн “300” гэсэн тоо бичвэрийг “390” болгон засварласан байна” дурдсан бөгөөд хариуцагч гуравдагч этгээдээс гаргасан хүсэлт, холбогдох баримтыг шинжлэн судлаад  нэгж талбарын 18638311566338 дугаар бүхий 372 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгохооргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                            Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН