Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

2021          03           02                                    2021/ШЦТ/144

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                     

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

хохирогч Д.Төмөрбаатар,

шүүгдэгч Т.Г-,, Ч.С-, нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.С-, Т.Г-, нарт холбогдох эрүүгийн 2009026610115 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1948 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 73 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, ачийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан  бүрэн, / РД: ... / ... Т.Г-,,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1955 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн дулааны инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан  бүрэн, / РД: ... / ... Ч.С-, нар нь: 

 

- 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүлэглэн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх зуслангийн уулнаас зөвшөөрөлгүйгээр 0.3824 куб.м мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ... УБГ улсын дугаартай Мазда маркийн автомашинаар тээвэрлэж, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газарт 392.490 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 16 /

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 17-18 /

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 29 /

Хураагдсан модонд хэмжилт хийсэн тэмдэглэл / хх 80-82 /

Модны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 0.3824 куб.м модыг 392.490 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ / хх 69 /

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 22-25 /

           

            Хохирогч Д.Төмөрбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Нийслэлийн Байгаль орчны газарт улсын байцаагчаар 7 жил ажиллаж байна. Миний хариуцаж байгаа Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зуслангийн газрын орчимд нойтон мод тайрсан хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Тухайн тайрсан мод нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хашаанд хураалттай байгаа. Хууль бусаар бэлтгэсэн нойтон модыг 15 хэсэгт тайрч бэлтгэсэн байсан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хэсэгт “иргэн аж, ахуй нэгж, байгууллага нь ойн сан түүний нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг гэжээ. / хх 41-42 /

 

Гэрч Р.Ганшагай мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2014 оноос Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн эрүүгийн офицероор ажиллаж байна. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дэд ахлах Буянбаатарын хамт гадаа үүрэг гүйцэтгэж байхад 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх зусланд мод бэлтгээд байна гэсэн дуудлагын дагуу очиход 60-70 насны хоёр өвгөн мод тайрч унагаад, жижиглээд цагаан өнгийн машинд хийгээд бэлдчихсэн дуудлага руу явж байхад зөрөхөөр нь зогсоож шалгасан. Ингээд бичиг баримтыг шалгахад Т.Г-,, Ч.С-, гээд хоёр хүн байсан бөгөөд гэмт хэргийн шинжтэй болохоор нь жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн дуудаж хүлээлгэн өгсөн гэжээ. / хх 51-52 /

 

Гэрч С.Буянбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолоочоор 2017 оноос хойш ажиллаж байна.

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 08 цаг 30 минутаас 23-ны өдрийн 08 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс Бэлх 114 дүгээр чиглэлд ахмад Р.Ганшагайн хамтаар үүрэг гүйцэтгэж байхад 17, 18, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан дуудлага мэдээллийг шийдвэрлэхээр ажилласан.

Тухайн өдөр гадаа нар шингэх үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлх зуслангийн ам, модон дунд хүн мод бэлтгээд байна гэсэн дуудлагын дагуу Ганшагайн хамтаар тухайн чиглэл рүү явсан. Дуудлага өгсөн газарт очих үед цагаан өнгийн машинд 60-70 насны 2 өвөө мод хөрөөдөөд жижиглэн машиндаа бараг ачаад дуусаж байхад нь очсон. Бид хоёрыг очих үед ганц нэг модоо арай ачиж дуусаагүй хөдлөөгүй зогсож байсан. Тэгээд яагаад мод хөрөөдөж унагаасан талаар асуухад “Амьд мод бишээ. Үхсэн мод байхаар нь тайрсан” гэх тайлбар хэлсэн. Мод тайрсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул жижүүрт мэдэгдэж гэмт хэргийн бүрэлдэхүүнийг дуудсан гэжээ. / хх 54 /

 

Гэрч Л.Амгалан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Сэлх орчимд зусланд айлд очихоод уулын амаар доошоо уруудаад явж байхад замын хажуу талд уулын бэлд цагаан өнгийн машинтай 2 эрэгтэй хүн мод тайрсан байдалтай машиндаа зөөгөөд ачиж байсан. Тэгээд би иргэний үүргээ биелүүлээд “Та 2 уулнаас ингэж мод огтлоод авч явж болохгүй. Газар унасан модыг авч түүж хэрэглэ” гэхэд “Үхчихсэн мод байна. Чи юу ч мэдэхгүй байна” гээд өөдөөс маргаад байхаар нь цагдаагийн 102 дугаарын гар утсанд дуудлага өгсөн гэжээ. / хх 56 /

 

Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 94 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            2. Модны чийглэгийг хэрчим тус бүрийн ёзоорын тайрц хэсэгт Япон улсын HM-52 маркийн чийг хэмжигчээр хэмжиж тодорхойлоход эдгээр тайрсан модны дундаж чийг Wg=47.7% байлаа. Энэ нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох залуу мод болохыг илтгэж байв.

            3. Туршилтад өгсөн модны жилийн үеийн цагирагыг тооцоход 85 настай залуу мод болох нь батлагдав гэжээ. / хх 117-118 /

 

Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын тогтоол / хх 116 /

            Яллагдагч Т.Г-, мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр найз Ч.С-, рүү залгаад “Гал түлэх түлээгүй болоод гэр сэрүү оргиод байна. Чи жоохон түлшний мод дөхүүлээд өгөөч” гэхэд Ч.С-, үдээс хойш манайд өөрийн 63-72 УБГ улсын дугаартай машинтайгаа ирсэн. Бид хоёр ярилцаад уулнаас мод ачаад ирье гээд би хоёр талаас нь татдаг төмөр хөрөөгөө машинд хийгээд модтой уул руу явсан. Сэлхийн эцсээс дээшээ уулын ам руу ороод машин явахгүй байхаар нь машинаас бууж явган мод руу ороод энэ мод болох юм шиг байна гээд холтос нь хууларсан модыг төмөр хөрөөгөөрөө хоёр талаас нь хөрөөдөж унагаасан. Нэг мод унагаагаад машинд таарах хэмжээгээр огтолж тайраад машинд хийж эхлэхэд цагдаа нар ирсэн гэжээ. / хх 5-6 /

 

            Яллагдагч Ч.С-, мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Т.Г-,тай гэр зэргэлдээ байсан учраас эртнээс таньдаг байсан. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Т.Г-, залгахаар нь тэдний гэрт очоод “Түлээний юм бэлдээд өгье хоёулаа уул руу явъя” гээд миний машинаар явсан. Сэлхээс дээшээ өгсөөд уулын ам руу ороод босоогоороо хорхойд идэгдсэн 1 ш мод байхаар нь хоёр талаас нь хөрөөдөж модыг унагаасан. Ингээд машинд багтах хэмжээгээр хөрөөдөж машин руу зөөж байхад цагдаа нар ирсэн гэжээ. / хх 10-11 /

 

Шүүгдэгч Т.Г-,ыг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 5-6 /

 

Шүүгдэгч Ч.С-,ийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 10-11 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 92, 96 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Г-, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 10 сарын эхээр гэр хүйтэн оргиод гал түлэх мод юм байхгүй байсан учраас Ч.С-,ийг гуйгаад хойд уулнаас мод авахаар түүний машинтай явсан. Ууланд хорхой идсэн, холтос нь хуулраад унасан, оройгоороо хатсан, мөчир, гишүүгүй ганц мод байсан. Бид хоёр модоо жижиглэж машиндаа ачиж байхад 1 хүн ирээд түүнтэй маргалдсан. Тэгээд цагдаа ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлсөн гэв.

 

Шүүгдэгч Ч.С-, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Т.Г-, бид хоёр хорхой идсэн мод гэж хэсэг газраа буюу эх бие, холтос хоёрынхоо завсар хорхой яваад идсэн мөртэй, нэг ч мөчиргүй модыг хөрөөдөж унагаасан. Лабораторийн шинжилгээнд сорьц авахдаа хамгийн доод талаас буюу хамгийн чийгтэй газраас авсан. Тэгэхэд 47 хувийн чийглэгтэй гэсэн бөгөөд яг амьд мод гэсэн дүгнэлт гараагүй. Барилгын зориулалттай ашиглаж болох мод гэж дүгнэлт гарсан. Бид хоёр хуульд заасан шууд хохирлоо 3 нугалаад төлбөрийг Нийслэлийн байгаль орчны газарт төлж барагдуулсан. Зөвшөөрөл аваагүй. Машин гражид хадгалаатай байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Д.Төмөрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч нар нь Нийслэлийн ногоон бүсээс зохих зөвшөөрөлгүйгээр мод авсан. Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн төлсөн гэсэн тул нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Ч.С-,, Т.Г-, нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх зуслангийн уулнаас зөвшөөрөлгүйгээр 0.3824 куб.м мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 63-72 УБГ улсын дугаартай Мазда маркийн автомашинаар тээвэрлэхийг завдаж, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газарт 392.490 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ...Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 16 /,   ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 17-18 /,   ...Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 29 /, ...Хураагдсан модонд хэмжилт хийсэн тэмдэглэл / хх 80-82 /,    ...Модны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 0.3824 куб.м модыг 392.490 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ / хх 69 /, ...Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 22-25 /,   ...Хууль бусаар бэлтгэсэн нойтон модыг 15 хэсэгт тайрч бэлтгэсэн байсан. Тухайн тайрсан мод нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хашаанд хураалттай байгаа гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Төмөрбаатарын мэдүүлэг / хх 41-42 /,    ...Сэлх зусланд мод бэлтгээд байна гэсэн дуудлагын дагуу очиход 60-70 насны хоёр өвгөн мод тайрч унагаад, жижиглээд цагаан өнгийн машинд хийгээд бэлдчихсэн байхаар нь бичиг баримтыг шалгахад Т.Г-,, Ч.С-, гээд хоёр хүн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Р.Ганшагайн мэдүүлэг / хх 51-52 /,     ...Дуудлага өгсөн газарт очих үед цагаан өнгийн машинд 60-70 насны 2 өвөө мод хөрөөдөөд жижиглэн машиндаа бараг ачаад дуусаж байхад нь очсон. Бид хоёрыг очих үед ганц нэг модоо арай ачиж дуусаагүй хөдлөөгүй зогсож байсан. Тэгээд яагаад мод хөрөөдөж унагаасан талаар асуухад “Амьд мод бишээ. Үхсэн мод байхаар нь тайрсан” гэх тайлбар хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Буянбаатарын мэдүүлэг / хх 54 /,     ...Сэлх орчимд зусланд айлд очихоод уулын амаар доошоо уруудаад явж байхад замын хажуу талд уулын бэлд цагаан өнгийн машинтай 2 эрэгтэй хүн мод тайрсан байдалтай машиндаа зөөгөөд ачиж байхаар нь иргэний үүргээ биелүүлээд цагдаагийн 102 дугаарын гар утсанд дуудлага өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Амгалангийн мэдүүлэг / хх 56 /,  ...Тайрсан модны дундаж чийг Wg=47.7% байлаа. Энэ нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болох залуу мод болохыг илтгэж байв. Туршилтад өгсөн модны жилийн үеийн цагирагыг тооцоход 85 настай залуу мод болох нь батлагдсан гэсэн Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 94 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх 117-118 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.С-,, Т.Г-, нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.С-,, Т.Г-, нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.С-,, Т.Г-, нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тэдгээр нь өндөр настай, Т.Г-,ын хүсэлтээр Ч.С-, нь түүнд туслахаар гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн гэм буруут үйлдлийн улмаас 392.490 төгрөгний бодит хохирол учирсан зэргийг харгалзан тус бүрийг хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр  зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино “ гэжээ. Мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д “ Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж ... албадлын арга хэмжээг хэрэглэж болно “ гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Т.Г-,, Ч.С-, нарын хувьд өндөр настай, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж,  хор уршгийг бүрэн ухамсарласан, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч Т.Г-,, Ч.С-, нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ч.С-,ийн эзэмшлийн .... УБГ “MAZDA” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ч.С-,ийн эзэмшилд үлдээж, дээрх тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай зөвшөөрөл гаргасан бөгөөд дээрх зөвшөөрлийн хугацаа 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дууссан, мөн тэдгээрийн гэмт хэрэг үйлдэж, хөрөөдсөн 0.3824 куб.м мод нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хашаанд хадгалагдаж байгаа болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авахаар хуульчилсан тул 0.3824 куб м мод болон Ч.С-,ийн эзэмшилд хадгалагдаж байгаа, түүний эзэмшлийн  ...  УБГ “MAZDA” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,  дээрх тээврийн хэрэгслийг улсын орлого болгох хүртэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Авто тээврийн үндэсний төвд тус тус даалгав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ш хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Т.Г-,, Ч.С-, нар нь цагдан хоригдсон хоноггүй, Байгаль орчны газарт учирсан хохиролд 1.180.000 төгрөгийг нөхөн төлсөн / хх 133 / тул тэдгээрийг төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

Прокуророос шүүгдэгч Т.Г-,, Ч.С-, нарыг бүлэглэн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх зуслангийн ууланд Ч.С-,ийн эзэмшлийн  ....  УБГ “MAZDA” маркийн тээврийн хэрэгслээр очиж, өөрсдийн сүх болон хөрөөгөөр 0.3824 куб.м модыг хөрөөдөж, 15 хэсэг болгон бэлтгэж, улмаар дээрх машинд ачсан үед нь цагдаагийн ажилтнууд очиж, тэдгээрийн үйлдлийг таслан зогсоосон болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 17-18 /, гэрэл зургийн үзүүлэлт  / 20-21 /,  тээврийн хэрэгсэлд үзлэг хий сэн тэмдэглэл / хх 22-25 /, хэрэгт авагдсан гэрч С.Буянбаатар / хх 54 /, Л.Амгалан / хх 56 /, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон, тэдгээрийг прокуророос  зөвшөөрөлгүйгээр 0.3824 куб.м мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 63-72 УБГ улсын дугаартай Мазда маркийн автомашинаар тээвэрлэхийг завдсан гэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан нь / хх 114-115 / үндэслэлтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч Т.Г-,, Ч.С-, нарыг ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ тээвэрлэхийг завдсанаар ялласныг шүүх хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй учир  төгссөн үйлдлээр нь шийдвэрлэв.

 

            Гэрч Р.Ганшагай нь шүүгдэгч нарыг модоо бэлтгээд машиндаа хийгээд бэлдчихсэн зөрөхөөр нь зогсоогоод шалгасан / хх 51-52 / гэж мэдүүлсэн нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Г-,, Ч.С-, нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.6 дугаар 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Тагарын Т.Г-,, Чойжилын Ч.С-, нарт тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ш хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Т.Г-,, Ч.С-, нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Т.Г-,, Ч.С-, нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-т зааснаар Ч.С-,ийн эзэмшлийн .... УБГ “MAZDA” маркийн тээврийн хэрэгсэл / Ч.С-, хадгалагдаж байгаа / болон хууль бусаар бэлтгэсэн 15 хэсэг буюу 0.3824 куб м модыг / Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хашаанд хураалттай байгаа / тус тус улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, дээрх тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгох хүртэл хязгаарлахыг Авто тээврийн үндэсний төвд тус тус даалгасугай.

 

6. Т.Г-,, Ч.С-, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Г-,, Ч.С-, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ