Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/156

 

 

 

 

 

 

 

   2021       03          05                                    2021/ШЦТ/156

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                       

улсын яллагч Д.Даваадорж,

шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Ч-т холбогдох эрүүгийн 2109000000209 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... гэх газарт бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих,

Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн /РД: ... / ... Ч.Ч нь:

 

- 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.О-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний биед халдаж хохирогчийн биед “дух, зүүн булганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын угалзны зулгаралт” гэмтэл бүхий хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх 8 /

 

Аюулын зэргийн үнэлгээ “Дунд” гэх тэмдэглэл / хх 12-13 /

 

Хохирогч Д.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нөхөр хүүхдийн хамт гэртээ байхад нөхрийн дүү Удвал өөрийн нөхөр Ууганаагийн хамт 19 цагийн үед ирсэн. Манайд анх удаа ирсэн болохоор нь би хоол унд хийж өгөөд бид хэд хөзөр тоглосон. Хөзөр тоглож байхад манай нөхөр Ч.Ч Ууганаатай 2 ш 2.5 л Сэнгүр пиво уусан. Удвал надад “Надтай хамт ажилладаг танай нутгийн эгч намайг хэл амаар доромжлоод” гэхээр нь би гар утсаараа өөрийн таньдаг нутгийн эгчийн зургийг үзүүлээд энэ мөн үү гэхэд Удвал биш гэж хэлсэн. Хажуунаас Ч.Ч ярианд орж ирээд мөн байлгүй яадаг юм гээд утас авч шидсэн. Утас шидснээс хойш Ч.Ч агсараад над руу дайраад миний дух руу гараа зангидаж байгаад хоёр удаа цохьсон. Духны хавдар нүд, хамар руу орсон. Тэгээд Удвал нөхрийн хамт Ч.Чыг болиулсан. Ч.Ч-тай 2019 оноос хойш хамт амьдарсан. 10 сартай нэг хүүхэдтэй гэжээ. / хх 16-17 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 197 дугаартай дүгнэлтэд:

1. Д.О-ийн биед дух, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын угалзны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 27-28 /

 

Яллагдагч Ч.Ч мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би О-тэй 2 жил хамт амьдарч байна. Тухайн өдөр 2.5 л пивоноос 2 ш уусан. Би Отгонцэцэгт учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 4-5 /

 

Шүүгдэгч Ч.Ч-ыг 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 4-5 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 35 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Ч.Ч нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.О-ийг зодож, түүний биед “дух, зүүн булганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын угалзны зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх 8 /,   ...Аюулын зэргийн үнэлгээ “Дунд” гэх тэмдэглэл / хх 12-13 /, ...Ч.Ч над руу агсарч дайраад миний дух руу гараа зангидаж байгаад хоёр удаа цохьсон. Духны хавдар нүд, хамар руу орсон. Тэгээд Удвал нөхрийн хамт Ч.Чыг болиулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.О-гийн мэдүүлэг / хх 16-17 /,   ...Д.О-ийн биед дух, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын угалзны зулгаралт гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 197 дугаартай дүгнэлт / хх 27-28 /,  ... Тухайн өдөр 2.5 л пивоноос 2 ш уусан. Би О-т учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ч.Чын мэдүүлэг / хх 4-5 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Ч-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Ч-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан, прокурорын санал болгосон 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Д.О-г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 74 / гэсэн тул Ч.Ч нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Ч-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Ч-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Ч нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Ч нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ч.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ