Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/166

 

 

 

 

 

 

 

  2021         03         09                                    2021/ШЦТ/166

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,                                              

улсын яллагч М.Отгонбаатар,

шүүгдэгч З.О-, нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.О-,д холбогдох эрүүгийн 2109000000151 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, “...” ХХК-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт ... гэх газарт бүртгэлтэй, одоо ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, РД: .../ ... З.О-, нь:

 

- 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дашчойлин хийдийн урд талын байрны үүдэнд иргэн М.Норов-Эрдэнэд такси үйлчилгээ үзүүлэхдээ “Тухайн байрны орцны хаалгыг дахиад чанга тат. Онгойдог юм” гэж хэлээд автомашинаас хуурч буулган, улмаар машинд цэнэглэж байсан 871.920 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-51 маркийн гар утсыг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч М.Норов-Эрдэнээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  / хх 2 /

 

Хохирогч М.Норов-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шөнийн 05 цагийн үед найз Дөкийнх буюу Жуковоос гараад зам дагуу такси барихаар зогсож байтал үл таних залуу Приус-10 маркийн машинаа асаагаад зогсож байсан. Түүнээс гал асуугаад утас цэнэггүй байсан учраас найзтайгаа ярих гээд утсыг нь гуйж аваад ярьсан. Тэгээд би тэр залуугаас “Таксинд явах уу” гэж асуухад “Явна” гэж хэлэхээр нь эгч Мөнхцэцэгийн гэр буюу Дашчойлин хийдийн урд талын байранд ирээд орох гэтэл орц нь кодтой хаалга онгойхгүй байсан. Тэгээд би буцаж суугаад 7 буудал хүргээд өгчих гэхэд намайг дахиж буугаад “Хаалгыг нь чанга татчих. Онгойчихдог юм” гээд машинаас буулгасан. Гэтэл машин хөдлөөд ертөнцийн зүгээр зүүн зүг рүү явсан. Тэгээд би араас нь гүйхэд гүйцэгдэхгүй хөдлөөд явсан гэжээ. / хх 10 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр Самсунг А51 маркийн утсыг 871.920 төгрөгөөр үнэлсэн тайлан / хх 13-14 /

 

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл / хх 32 /

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 33 /

 

            Яллагдагч З.О-, мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 05 цагийн үед Приус-10 маркын автомашинаа Жуков худалдааны төвийн Хаан банкны зогсоол дээрээс аваад хөдлөх гэхэд нэг үл таних хүн гал асуугаад “Танай найз утсаа авдаггүй. Таксинд явах уу” гэхээр нь аваад Дашчойлин хийдийн урд талын улаан тоосгон байрны гадаа буулгасан. Тэрээр эгчээсээ таксины мөнгө аваад ирье гээд 2-3 удаа буусан. Машинд гар утсаа цэнэглээд үлдээсэн байсан. Тэгээд би гар утас нь Самсунг А51 маркын утас байхаар нь гар утсыг нь зарж үрэх зорилгоор аваад явсан гэжээ. / хх 23-24 /

 

Шүүгдэгч З.О-,г 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 23-24 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 31 / зэрэг болно.

 

Шүүгдэгч З.О-, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Хохирогчид гар утсыг буцааж өгсөн. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч З.О-, нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дашчойлин хийдийн урд талын байрны үүдэнд хохирогч М.Норов-Эрдэнэд такси үйлчилгээ үзүүлэхдээ “Орцны хаалгыг дахиад чанга тат. Онгойдог юм” гэж хэлээд автомашинаас хуурч буулган, машинд нь цэнэглэж байсан 871.920 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-51 маркийн гар утсыг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:   ...Хохирогч М.Норов-Эрдэнээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  / хх 2 /,     ...Дашчойлин хийдийн урд талын байранд ирээд орох гэтэл орц нь кодтой хаалга онгойхгүй байсан. Тэгтэл хаалгыг нь чанга татчих. Онгойчихдог юм гээд машинаас буулгаад машин хөдлөөд ертөнцийн зүгээр зүүн зүг рүү явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Норов-Эрдэнийн мэдүүлэг / хх 10 /,    ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр Самсунг А51 маркийн утсыг 871.920 төгрөгөөр үнэлсэн тайлан / хх 13-14 /,    ...Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл / хх 32 /,     ...Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 33 /,   ...Тэр залуу Дашчойлин хийдийн урд талын улаан тоосгон байрны гадаа буулгаад эгчээсээ таксины мөнгө аваад ирье гээд 2-3 удаа буусан. Машинд гар утсаа цэнэглээд үлдээсэн байхаар нь гар утсыг нь зарж үрэх зорилгоор аваад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч З.О-,гийн мэдүүлэг / хх 23-24 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч З.О-,г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.О-,д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.О-, нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчид гар утсыг буцаан өгч хохиролгүй болгосон, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан, прокурорын санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч М.Норов-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 37 / гэсэн тул шүүгдэгч З.О-, нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-, нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч З.О-,г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.О-,г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч З.О-,г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, З.О-, нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.О-, нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. З.О-,д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.О-,д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ