| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2021/0104/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/167 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/167
2021 03 09 2021/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
иргэдийн төлөөлөгч Б.Халиунаа,
шүүгдэгч Ё.Л-,, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.Л-,д холбогдох эрүүгийн 2009017721536 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоот нийтийн байранд амьдардаг, ял шийтгэлгүй, хөдөлмөрийн чадвар 60 хувиар алдсан, ухаан бүрэн / РД: ... / ... Ё.Л-, нь:
- 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны ... тоот гэрт хохирогч М.Болорчулууныг шалтгаангүйгээр хэвлий тус газарт нь хутгалж буюу зэвсэг хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Болорчулуун мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 6-328 тоотод байхад найз Жаргал утсаар яриад “2 боодол хар цаас дээвэр дээр хадаад өг” гэхээр нь би хашааны эзэн Цогбаярыг дагуулаад 17-ын автобусны буудлаас хойшоо явдаг автобусны буудал дээр зогсож байхад Жаргал залгаад хүний хэрэггүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь Цогтбаяр бид 2 явахаа болиод Жаргалаар 1 шил архи, 1 хайрцаг тамхи авахуулж талыг нь уучихаад Цогбаяр гэртээ үлдээд би ганцаараа Гүрдоржийн гэрт очиж үлдсэн архиа уусан. Орой 18 цаг 30 минутын үед кино үзэхээр хэвтэж байтал Гүрдоржийн дүү Ё.Л-, /сэтгэцийн өвчтэй/ гаднаас тогоотой хоол нохойд өгөөд орж ирээд “Ална аа” гээд амандаа үглээд нааш цааш алхаж байснаа гэнэт нарийн хар иштэй хутгыг бариад над руу дайраад миний хэвлий хэсэг рүү хутгалсан. Би хутгыг нь булааж аваад гэрт шидчихээд гарч яваад жорлон ороод гарч ирэхэд Алтандухын эхнэр Эрдэнэцэцэг цамц сөхөж үзсэнээ “Наана чинь хутга орсон байна. Эмнэлэг яв” гэж хэлэхээр нь би цус гарахгүй болохоор нь эмнэлэг явахгүй гэр рүүгээ харьлаа гээд явсан. Гэтэл Эрдэнэцэцэг эмнэлэг явахгүй бол болохгүй гээд хүргэнээ дуудаад эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед би Гүрдорж 2 удаа харвасан өвчтэй. Ё.Л-, нь сэтгэцийн өвчтэй болохоор өрөвдөөд тэгж мэдүүлэг өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. Ё.Л-, надад эмчилгээний зардалд 1.250.000 төгрөг төлсөн гэжээ. / хх 25-26 /
Гэрч Д.Эрдэнэцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр сонгуулийн ажлаа тараад гэртээ ирээд жорлон орох гээд гарахад урдаас Болорын цамц нь цус болчихсон гарч ирэхээр нь асуухад “Лхагва намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би цамцыг нь сөхөж үзээд түргэн дуудъя гэхэд хэрэггүй ээ гэхээр нь би утсаа авах гээд гэр рүүгээ гүйж ороод буцаад гараад ирэхэд Болор байхгүй явчихсан байсан. Гэр рүү буцаж ороод гадуур хувцсаа өмсөөд гарахад манай хүү ирж таарсан. Хүүд болсон явдлын тухай хэлээд түргэн дуудъя гэхэд гадуур их түгжрэлтэй түргэн мөд ирэхгүй шууд эмнэлэг аваад явъя гэхээр нь Болорынд очиж Болорыг аваад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Гэртээ ирээд Ё.Л-,гийн дүү Мягмарсүрэн рүү утсаар ярьж Болорыг хутгалсан талаар нь хэлсэн гэжээ. / хх 36-37 /
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1059 дугаартай дүгнэлтэд:
1. М.Болорчулууны биед цээжний урд талд 7,8-р хавирганы түвшинд цээж, хэвлий хөндий рүү нэвтэрсэн, хутгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд хий хуралдалт, зүүн уушигны уналт, өрц, бүдүүний гэдэсний чацархайн шарх, хэвлий хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь унах аливаа зүйлд цохигдох, мөргөх, шүргэх явцад үүсгэгдэхгүй гэжээ. / хх 38-40 /
Шүүх сэтгэц эмгэг судлалын 937 дугаартай дүгнэлтэд
1. Ё.Л-, нь өөрийн үйлдлийн бодит шинж чанар аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадвартай байна.
2. Ё.Л-, нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Ё.Л-, нь гэмт хэрэг үйлдэх үедээ дээрх чадвартай байсан.
4. Цаашид Ё.Л-,гийн өөртөө болон эсвэл бусдад аюул учруулах эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна.
5. Ё.Л-, нь сэтгэцийн хувьд архины хэтрүүлэн хэрэглээ эмгэгтэй байна. Ё.Л-,гийн дээрх эмгэгээс болж оюун ухаан нь өөрчлөгдсөн гэх шинж тэмдэг илрэхгүй байна.
6. Ё.Л-, нь цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. / хх 54-55 /
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 23490 дугаартай өвчний түүх / хх 43-51 /
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт / хх 62-63 /
Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5798 дугаартай лавлагаа / хх 71 /
Яллагдагч Ё.Л-, мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би гэртээ хоёр удаа цус харвасан явж, алхах, ярьж чадахгүй ахын хамт амьдардаг. Гэтэл Болорчулуун нь манайд байнга архи уучихсан орж ирээд орон дээр хэвтчихдэг. Би яв гэж хэлэхээр явахгүй байгаад байхаар нь хутгалсан. Би өнгөрсөн намар толгой хуйхалж байгаад тухайн хутгыг гадаа мартаад үлдээхэд алга болсон байсан гэжээ. / хх 4-7 /
Шүүгдэгч Ё.Л-,гээс 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 4-7 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 65 / зэрэг болно.
Шүүгдэгч Ё.Л-, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 1.250.000 төгрөг төлсөн. Би цус харавсан ахыгаа асардаг тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ё.Л-, нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны ... тоотод хохирогч М.Болорчулууныг шалтгаангүйгээр хэвлий тус газарт нь хутгалж, зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Гүрдоржийн гэрт үлдсэн архиа уучихаад хэвтэж байтал Гүрдоржийн дүү Ё.Л-, /сэтгэцийн өвчтэй/ гаднаас тогоотой хоол нохойд өгөөд орж ирээд “Ална аа” гээд амандаа үглээд нааш цааш алхаж байснаа гэнэт нарийн хар иштэй хутгыг бариад над руу дайраад миний хэвлий хэсэг рүү хутгалсан. Ё.Л-, надад эмчилгээний зардалд 1.250.000 төгрөг төлсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Болорчулууны мэдүүлэг / хх 25-26 /, ...Жорлон орох гээд гарахад урдаас Болорын цамц нь цус болчихсон гарч ирэхээр нь асуухад “Лхагва намайг хутгалчихлаа” гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг / хх 36-37 /, ...М.Болорчулууны биед цээжний урд талд 7,8-р хавирганы түвшинд цээж, хэвлий хөндий рүү нэвтэрсэн, хутгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд хий хуралдалт, зүүн уушигны уналт, өрц, бүдүүний гэдэсний чацархайн шарх, хэвлий хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1059 дугаартай дүгнэлт / хх 38-40 /, ...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 23490 дугаартай өвчний түүх / хх 43-51 /, ...Ё.Л-, нь өөрийн үйлдлийн бодит шинж чанар аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадвартай, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд архины хэтрүүлэн хэрэглээ эмгэгтэй байна. Ё.Л-,гийн дээрх эмгэгээс болж оюун ухаан нь өөрчлөгдсөн гэх шинж тэмдэг илрэхгүй байна. Ё.Л-, нь цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 937 дугаартай дүгнэлт / хх 54-55 /, ...Болорчулуун нь манайд байнга архи уучихсан орж ирээд орон дээр хэвтчихдэг. Би яв гэж хэлэхээр явахгүй байгаад байхаар нь хутгалсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ё.Л-,гийн мэдүүлэг / хх 4-7 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ё.Л-,г зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь хохирогч М.Болорчулууны биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байх тул гэм буруутай байна. Ё.Л-, нь хөдөлмөрийн чадвараа алдсан, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй, хохирол мөнгө төлсөн зэргийг харгалзан хуульд заасан үндэслэлээр ялыг хөнгөрүүлэх боломжтой байна гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ё.Л-,д ял шийтгэл оногдуулахдаа эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ё.Л-, нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний зардалд 1.250.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч М.Болорчулуун нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эрүүгийн хариулага тооцохгүй байхыг / хх 97 / хүссэн, түүний цаашдын ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, Ё.Л-, нь хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ё.Л-, нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Болорчулуун нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй / хх 97 / гэсэн тул төлөх төлбөргүйг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ё.Л-,гийн асрамжид хөгжлийн бэрхшээлтэй түүний ах Ё.Г байдаг болох нь хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх тул Ё.Г-г түүний төрсөн дүү ... асрамжинд үлдээж, шаардлагатай тохиолдолд Ё.М-н нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр томилуулах тухай асуудлаа харъяа дүүргийн Засаг даргад хандах шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ё.Л-,г зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ё.Л-,г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 / гурав / жил 4 / дөрөв / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ё.Л-,гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ё.Л-, нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдсугай.
5. Ё.Л-,д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Ё.Л-,гийн асрамжид байх төрсөн ах Ё.Г түүний төрсөн дүү Ё.Масран хамгаалуулахаар үлдээж, Ё.М нь шаардлагатай гэж үзвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр томилуулах асуудлаа харъяа дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ё.Л-,д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ
ШҮҮГЧИД Д.ДАРЬСҮРЭН
Б.МӨНХ-ЭРДЭНЭ