Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

2021          03           09                                   2021/ШЦТ/170

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                     

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяа,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа,

шүүгдэгч Ц.Г-,, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-,од холбогдох эрүүгийн 1809043891230 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, шаазан ваарны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо оршин суух тодорхой хаяггүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: .... / ... Ц.Г-, нь: 

 

- 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангрила молл” худалдааны төвийн “Байгал” дэлгүүрээс Валентино брэндийн цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 4.697.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 15 /

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 17-20 /

 

Хохирогч П.Энхцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлын байран дээрээ 14 цаг 20 минутын үед бараа бүтээгдэхүүнээ шалгаад явж байгаад шилэн тавиур дээр байсан хар өнгийн төмөр тоноглолтой Валентино брендийн 4.697.000 төгрөгний үнэтэй эмэгтэй хүний жижиг гар цүнх байхгүй байгааг мэдээд камерын бичлэг шүүсэн. Тэгэхэд 50 орчим насны хар өнгийн саравчтай малгайтай, жинсэн як, өмдтэй хүн зүүн гартаа цагаан өнгийн тор барьчихсан орж ирээд 13 цаг 25 минутын үед аваад гарч байгаа бичлэг байсан. Тэр хүн цүнхийг аваад якныхаа суганд хавчуулаад гараад явж байсан гэжээ. / хх 23 /

 

Гэрч П.Санчир мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 онд “Шангрила малл” худалдааны төвийн 1 давхарт байрлах Байгал дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхад Валентино брендийн цүнх хулгайд алдагдсан асуудал гарсан. Тухайн үед манай дэлгүүр үйлчлүүлэгч ихтэй байсан болохоор анзаараагүй. Би тэр хүнийг орж ирэхэд нь хальт харсан. Намхан биетэй, уут барьсан, 40 орчим насны эрэгтэй хүн байсан. Одоо харвал сайн танихгүй гэжээ. / хх 25 /

 

Гэрч М.Мөнхтуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би тус компанид 2017 оноос одоог хүртэл Хүний нөөцийн менежерээр ажиллаж байна. Тухайн үед манай компанийн дэлгүүрт хулгай орж, 4.697.000 төгрөгний үнэтэй Валентино брендийн эмэгтэй хүний гар цүнх хулгайд алдагдаж байсан. Тэгээд манай Миг даатгалаас алдагдсан эд зүйлийн нөхөн олговор болгож 1.455.874 төгрөг авсан. Тухайн үед яагаад ийм бага хэмжээний нөхөн олговор авснаа мэдэхгүй байна гэжээ. / хх 26 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан гэх цүнхийг 4.697.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / хх 31-32 /

 

Яллагдагч Ц.Г-, мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хэрэг болох үед нэг хэсэг гадуур гэр оронгүй амьдарч байсан. Тэгээд өдөр бүр архи уудаг. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би архи уучихсан согтуу явж байх үедээ Шангрила молл дэлгүүрт ороод Байгал нэртэй дэлгүүр рүү орсон. Дэлгүүрийн лангуун дээр шаргал, сааралдуу өнгөтэй эмэгтэй хүний жижигхэн цүнх байхаар нь аваад сугандаа хавчуулаад гарсан. Тэгээд Баянгол зочид буудлын ойролцоо явж байгаад хамт цэрэгт явж байсан Сахиатай тааралдаад нэг шил архи хувааж уучихаад салаад явсны дараа би гудамжинд тасраад унасан. Би тэр дэлгүүрээс хулгайлсан эмэгтэй хүний цүнхээ, өөрийн үүрч явсан хар өнгийн цүнхэн дотор хийчихсэн байсан боловч хоёуланг нь алга болгочихсон. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад гомдол санал байхгүй гэжээ. / хх 42-43 /

 

Шүүгдэгч Ц.Г-,оос 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 42-43 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 59 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Г-, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Байгал дэлгүүрээс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Валентино брендийн цүнх хулгайд алдагдсан. Миг даатгалаас 1.455.874 төгрөгийг авсан учир үлдэх 3.241.126 төгрөгийг нэхэмжилж байна. Манай компани нь барааны улирлын захиалгаа 3-6 сарын өмнө өгдөг. Өндөр үнэтэй зээлийн эх үүсвэрээс захиалдаг. Гааль, татвар, зээлийн хүү, захиалах үнэ, ажилчдын цалин, түрээс зэргээс хамаарч бараа бүтээгдэхүүн үнэтэй байдаг гэв.

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Манай даатгалын компани нь “Байгал хаус” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай “Бараа материалын даатгалын гэрээ” байгуулсан. Уг хулгайд алдагдсан гэх цүнхтэй холбогдох материалыг судалж үзээд цэвэр захиалгын үнээр нь бид бодит хохирлыг тооцсон. Хэрвээ ирээдүйд олох байсан орлогоор тооцсон бол энэ талаараа даатгалын гэрээнд зааж, өөр гэрээ байгуулах байсан. Ийм болохоор бид уг цүнхийг анх үйлдвэрээс захиалж байгаа бодит үнээс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага буюу гэрээнд заасны дагуу 20 хувиар тооцоод  360.968 төгрөгийг хасаж, 1.455.874 төгрөгийг нөхөн төлбөрт даатгуулагчид олгосон. Бодит хохирол нь 1.816.842 төгрөг болсон.

Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар 1.455.874 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна гэв.

 

Прокуророос шүүгдэгч Ц.Г-,ыг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангрила молл” худалдааны төвийн “Байгал” дэлгүүрээс Валентино брэндийн цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 4.697.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан гэх цүнхийг зах зээлийн үнэлгээгээр 4.697.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт “Миг даатгал” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа мэдүүлэхдээ “...Манай компани нь гэрээний дагуу “Байгал хаус” дэлгүүрт учирсан хохирлыг тооцож, даатгалаас нөхөн олговрыг олгохдоо уг цүнхийг анх үйлдвэрээс захиалсан гэрээний үнэ буюу 1.816.842 төгрөгөөр бодит хохирлыг тооцож, үүнээс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын 20 хувийг хасаад үлдэх 1.455.874 төгрөгийг  нөхөн олговорт өгсөн” гэж мэдүүлсэн нь “Миг даатгал” ХХК-ний бараа материалын даатгалын гэрээний хуулбар болон бусад баримтуудаар нотлогдож байх тул бодит хохирлыг 1.816.842 төгрөгөөр тооцов.  

 

Иймд шүүгдэгч Ц.Г-,ыг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангрила молл” худалдааны төвийн “Байгал” дэлгүүрээс Валентино брэндийн цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 1.816.842 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 15 /,   ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 17-20 /,   ...Тухайн өдөр Валентино брендийн 4.697.000 төгрөгний үнэтэй эмэгтэй хүний жижиг гар цүнх байхгүй байгааг мэдээд камерын бичлэг шүүсэн. Тэгэхэд 50 орчим насны хар өнгийн саравчтай малгайтай, жинсэн як, өмдтэй хүн зүүн гартаа цагаан өнгийн тор барьчихсан орж ирээд 13 цаг 25 минутын үед аваад гарч байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч П.Энхцэцэгийн мэдүүлэг / хх 23 /,   ...Байгал дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхад цүнх хулгайд алдагдсан. Би тэр хүнийг орж ирэхэд нь хальт харахад намхан биетэй, эрэгтэй хүн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Санчирын мэдүүлэг / хх 25 /,   .... “Миг” даатгалаас манайд нөхөн олговор болгож 1.455.874 төгрөгийг төлсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Мөнхтуяагийн мэдүүлэг / хх 26 /,   ...Дэлгүүрийн лангуун дээр шаргал, сааралдуу өнгөтэй эмэгтэй хүний жижигхэн цүнх байхаар нь аваад сугандаа хавчуулаад гарсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ц.Г-,ын мэдүүлэг / хх 42-43 /, ....“Миг даатгал” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй холбоотой баримтууд зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Г-,ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Г-,од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Г-, нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд согтуурсан үедээ шунахай зорилгоор гэмт хэрэг үйлдсэн, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад 1.816.842 төгрөгийн хохирол учирсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Г-,ын гэм буруут үйлдлийн улмаас “Байгал хаус” дэлгүүрт 1.816.842 төгрөгний хохирол учирснаас “Миг даатгал” ХХК нь 1.455.874 төгрөгийг нөхөн төлсөн байна. Иймд Ц.Г-,оос 1.816.842 төгрөгийг гаргуулан 360.968 төгрөгийг “Байгал хаус” ХХК-д, 1.455.874 төгрөгийг  “Миг даатгал” ХХК-д тус тус олгож, Ц.Г-,ын цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

            “Байгал хаус” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 021/17 тоот албан бичигт П.Энхцэцэг нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралттай байх тул “Байгал хаус” ХХК-ний Хүний нөөцийн менежер М.Мөнхтуяаг шүүх хуралдаанд төлөөлж оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч оролцуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Г-,ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Г-,ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Г-,ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар Ц.Г-,оос 1.816.842 төгрөгийг гаргуулан “Байгал хаус” ХХК-д 360.968 төгрөг, “Миг даатгал” ХХК-д 1.455.874 төгрөгийг тус тус олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Г-,ын цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Ц.Г-,од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Г-,од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ