Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/171

 

 

 

 

 

 

 

    2021       03         09                                      2021/ШЦТ/171

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

            нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

            улсын яллагч Я.Мөнхзаяа,

            хохирогч М.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг,

            гэрч Р.Саруултамир,

            шинжээч Г.Энхбаатар,

            шүүгдэгч Н.Э-,, түүний өмгөөлөгч Г.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-,т холбогдох эрүүгийн 2009016851393 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-ний гүйцэтгэх захирал, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / .... Н.Э-, нь:

 

- 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Согоотын амны задгай тоотод “зуслангийн байшингаас зурагт хулгайллаа” гэж хохирогч М.Эрдэнэбаатарын толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч Н.Эрдэнэбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн модон байшингийн хажууд байх манаачийн өрөөнд байхад 3 залуу орж ирээд нэг махлагдуу биетэй залуу нь “Сайн байна уу” гэж мэндлээд “Миний юмнууд хаана байна” гэж асуусан. Тэгэхээр нь шавар зуурдаг сав руу заагаад тэр байна гэж хэлсэн. Би тэр хүмүүсийг барилгачид ирж байна гэж ойлгосон. Учир нь манай дүү Р.Саруултамир байшин бариулж байгаа юм. Тэгсэн нөгөө залуу “Энэ бишээ. Өөрийн чинь хулгайлсан зурагт хаана байна” гээд зурагтаа хайгаад байгаа бололтой миний унтдаг орон дээр гуталтайгаа гишгээд явахаар нь миний уур хүрээд “Миний орон дээрээс буу. Би юм хулгай хийгээгүй” гэж хэлэхэд миний баруун шанаа руу цохьчихоор нь би зугатаж гаргахад араас гарч ирээд намайг барьж аваад “Чи гаргаж өг” гээд миний баруун шанаа руу дахиад цохиход би унасан.

...Намайг манаачийн континер дотор эхлээд орж ирээд 1 удаа, гадаа 1 удаа гараараа баруун шанаа руу цохьсон.

...Намайг цохьсон залуу өөр 2 залуутай цуг ирсэн. Тэгэхдээ нөгөө цуг ирсэн 2 залуу нь намайг эхлээд цохиход гараад явсан. Сүүлд 2 дахь удаагаа намайг цохиход тэр 2 байгаагүй. Зөвхөн намайг цохьсон залуу бид хоёр байсан.

...Тэгээд зугатаад хойд айл руу ороод утсыг нь гуйгаад дүү Р.Саруултамир руу “Намайг зодчихлоо” гэж ярьсан. Тэгээд манай дүү ирэх замдаа цагдаа дуудсан юм шиг байсан гэжээ. / хх 14-16 /

 

Гэрч Р.Саруултамир мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Юнителын дугаараас над руу нэг эмэгтэй хүн залгаад энэ манаачийг чинь 3 залуу зодоод байна. Байшиндаа хурдан хүрээд ирээч. Дагуулаад явчихлаа. Манаачийнхаа утсанд нэгж хийхэд яадаг юм. Энэ хүн чинь тусламж хүсэж байна” гэж хэлэхэд би ойрхон байвал яриулаад өгөөч гэхэд харагдахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би 12 цаг өнгөрч байхад ирэхэд манай хадам аав, ээж хоёрт хэлсэн. Намайг ирэхэд Эрдэнэбаатар ах ил харагдах гэмтэлгүй. Нэг талын шанаа нь улаачихсан байсан. Эрдэнэбаатар ахаас асуухад 3 хүн ирлээ. Цохиж зодчихоод явлаа гэж хэлсэн. Тэгээд орой нь бөөлжөөд толгой өвдөөд байна гэхээр нь шүүх эмнэлэгт үзүүлсэн гэжээ. / хх 17-18 /

 

Гэрч Г.Баасанмөнх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байшингаа бариулж байсан Н.Э-, ах намайг болон цуг ажиллаж байсан Тэмүүлэн гэх залуу бид хоёрыг дуудаад “Ойрхон очиж хүн шалгачихаад ирье. Манай гражид хулгай хулгай орсон байна” гэж хэлээд дагуулаад урагшаа баригдаж байсан барилгын тийшээ очсон. Барилга баригдаж байсан болохоор олуулаа байж магадгүй гэж бодоод бид хоёрыг дагуулж явсан байх. Тэгээд тэнд очоод харуулын байр руу Н.Э-, ганцаараа орсон. Харуулын байран дотор юу болсныг мэдэхгүй байна. Тэмүүлэн бид хоёр хашааны гадаа хүлээж байсан гэжээ. /хх 19-21 /

 

Шинжээч Г.Энхбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Толгой болон биеийн аль нэг хэсэгт хүч үйлчилснээс доргих үйлчлэлээр үүсдэг. Түлхэх үед арагш савж унах, юманд цохьсон тохиолдолд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. / хх 22-23, 36 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 6785 дугаартай дүгнэлтэд:

  1. М.Эрдэнэбаатарын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. / хх 29-30 /

 

Шүүгдэгч Н.Э-,ыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 49-51 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Э-, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед энэ хэрэг болсон. Хохирогчтой уулзаж мэнд мэдээд алдагдсан зүйл маань хаана байгааг асуухад хохирогч байхгүй, би танайхаас хулгай хийгээгүй гэдэг тайлбар өгсөн. Авсан зүйлээ гаргаад өгчих гэхэд өөдөөс би танайхаас хулгай хийгээгүй гээд орилоод хүрээд ирсэн. Би биеэ хамгаалах зорилгоор түлхсэн. Гэхдээ баруун шанаанд биш мөр, эгэм цээжний хэсэгт нь түлхсэн. Намайг түлхэхэд хохирогч цаашаа ухарсан болохоос газарт унаагүй. Хохирогч гарч гүйгээд намайг зодоод байна гэж хажуу талын байрны хүмүүсийн утсаар ярьсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн байсан. Би сэжиглэгдэж байгаа хүн маань ойрхон байна, та бүхэн ирээд хурууны хээг нь аваад шалгаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Цагдаагийн байгууллага ирэхдээ миний биш хохирогчийн дуудлагаар ирсэн байсан. Хохирогчийг хардах болсон үндэслэл нь: 

1. Хохирогчийг хөндлөнгийн хүн харсан байсан. Тэр хөндлөнгийн хүн “Танайхаас бараан өнгийн хувцастай, дунджаас намхан нуруутай хүн гараад алхаж явахыг харсан “гэсэн. Хаашаа орсон бэ гэхэд урагшаа чиглээд явж байсан гэсэн. Ингээд зүг чиг нь таарсан. Тэр хохирогчийг гудамжинд харсан хүнийг гэрчээр асуух гээд цагдаатай хамт хайгаад олоогүй.

2. Бид нар бүгд тодорхой шашинтай, итгэл үнэмшилтэй хүмүүс. Хаана, ямар хүмүүс хулгай хийснийг мэдэж өгч болох уу гэхэд тэнд ажиллаж байгаа хүмүүс хулгай хийсэн байна гэдэг чиглэлийг өгсөн. Ийм учраас энэ хүн дээр очиж уулзсан гэв.

 

Хохирогч М.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед миний өрөөнд 3 хүн орж ирээд намайг цохьсны дараа нөгөө хоёр нь гараад явсан. Эхлээд баруун талын шанаа руу цохьсон. Гадаа гараад намайг дахиад цохьсон. Би айлын хүний утсаар ярих гээд гарсан.” 2 зурагт авч явсныг чинь мэдэж байна. Чи хулгай хийсэн “ гээд намайг 2 удаа цохьсон. Гадаа гараад намайг хаа хамаагүй цохьсон. Намайг цохьсны дараа би цасан дээр унасан. Гадаа гараад намайг барьж аваад цээж хэсэг, мөр, нуруу руу цохьсон. Дотор байхад нэг удаа, гадаа 2 удаа цохьсон. Дараа нь би дүүтэйгээ байгаа газар нь очиж уулзсан. Намайг хулгай хийсэн гэж цохьсон. Тэр орой нь бөөлжөөд хоол идэхгүй байсан тул маргааш нь толгойгоо бариулсан. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй  гэв.

 

Гэрч Р.Саруултамир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Над руу залгасан юнителийн дугаар руу залгатал өөдөөс нэг эмэгтэй шууд уурласан. Тэр эмэгтэй “Мэдэхгүй ойр хавьд харагдахгүй байна. Тусламж гуйгаад над дээр орж ирсэн. 3 залуу зодоод үүдэнд нь байж байсан” гэж надад хэлсэн. Би нөхөртэйгөө хамт шууд гарч явахдаа “Согоотын задгайд хүн зодоод байна. Бид нар ямар асуудал болсныг мэдэхгүй байна” гээд 102-т дуудлага өгсөн. Түгжрэлгүй байсан тул 15-20 минутын дараа шууд очиход ах маань манай хадам аавтай хамт гадаа зогсож байсан. Ахаасаа “Юу болсон бэ” гэхэд “Намайг юм авсан гээд хүрч ирээд цохиод авсан” гэсэн. Хадам ааваас юу болсон талаар асуутал “Тэр залуутай нь сая уулзлаа. Энд байдаг гэж байна. Эрүүгийн цагдаагийн газар гэр бүлээрээ ажилладаг гэж байна” гэсэн. Яагаад шалтгаангүй хүн зодсон юм бол тэрийг нь асууя гэсэн чинь намайг очоод уулзчих гэсэн. Тэгээд яваад очтол зүс таньдаг залуу байсан. Тэгээд би Н.Э-,оос юу болсон бэ гэтэл өөдөөс баримттай билүү гэрчтэй ч гэл үү гэж хэлсэн.”Юу болсон бэ. Яагаад өөрийнхөө аав шиг хүнийг цохьдог юм бэ “гэж хэлсэн чинь “Надад нотлох баримт байгаа“ гэж Н.Э-, хэлсэн. Цагдаа нар бид нарыг очсоноос хойш 30 минутын дараа удаж байж ирсэн. Цагдаа нар ирээд шууд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтэс дээр очингуутаа хулгайн хэрэг гэхээр нь би шууд ахынхаа гарын хээг нь авахуулаад, драгерь үлээлгүүлсэн. Дараа нь бид нар дээшээ гарч мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгч байхдаа “Хэзээ болсон хулгайн хэрэг вэ. Энэ хүн дуудлага өгсөн үү” гэж асуухад Н.Э-,ыг дуудлага өгөөгүй гэсэн.

Манай ах худлаа ярих хүн биш. Надад 2 талын шанаа руу цохьсон гэж хэлсэн. Манай ах 60 орчим настай хүн бөгөөд өмссөн хувцсыг нь хараад энэ хүнийг ингэж болох юм байна гэсэн бодол төрсөн юм шиг байна. Очиж харахад зүүн шанаанд цохьсон гэдэг нь илт байсан. Зүүн талын шанаа нь улайгаад хавдсан байдалтай байсан. Надад хэлэхдээ гурвуулаа орж ирсэн. 2 залуу нь гараад явсан. Нэг залуу нь үлдээд үгийн зөрүүгүй 2 тийшээ цохьсон. Гадаа гараад бас цохьсон гэж хэлсэн гэв.

 

Шинжээч эмч Г.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тархины доргилт нь толгой, нүүрний хэсэгт цохигдох болон унах үед биеийн ерөнхий доргилтын улмаас үүсэх боломжтой гэмтэл юм. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хохирогчийн шанаа руу цохих үед цохилтын хүчнээс хамаараад тархи доргиж болно. Тархи доргилтын ерөнхий шинж тэмдэг байгаа эсэхийг мэдрэлийн шинжүүдээр оношилдог. Би толгойны зураг авахуулахыг санал болгосон. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэхэд мэдрэлийн эмчид үзүүлсэн. Мэдрэлийн эмч тархины доргилт гэсэн онош тавьсан байсан.

Тархи доргилтын үед бөөлжинө, гүйлгэнэ, дотор муухайрна, толгой өвдөнө, тэнцвэр алдагдах зэрэг олон шинж илэрч болно. Хүний эгэм, мөр хэсэг рүү зүгээр түлхэхэд тархи доргилт үүсэхгүй, хүчтэй түлхэгдээд унах үедээ биеийн ерөнхий доргилтоос үүсэх боломжтой. Үзлэгээр хохиргогчийн баруун шанааны хэсэгт дарахад хөндүүртэй байсан. Үзлэг хийж байх үед хохирогч жоохон огиод байсан. гэв.

 

Шүүгдэгч Н.Э-, нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Согоотын амын задгай тоотод “зуслангийн байшингаас зурагт хулгайллаа” гэх шалтгаанаар хохирогч М.Эрдэнэбаатарын толгойн тус газар нь гараараа 2 удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:      ...Өөрийн чинь хулгайлсан зурагт хаана байна” гээд миний унтдаг орон дээр гуталтайгаа гишгээд явахаар нь миний уур хүрээд “Миний орон дээрээс буу. Би юм хулгай хийгээгүй” гэж хэлэхэд миний баруун шанаа руу цохьчихоор нь би зугтаж гаргахад араас гарч ирээд намайг барьж аваад “Чи гаргаж өг” гээд миний баруун шанаа руу дахиад цохиход би унасан.   ...Намайг цохьсон залуу өөр 2 залуутай цуг ирсэн. Тэгэхдээ нөгөө цуг ирсэн 2 залуу нь намайг эхлээд цохиход гараад явсан. Сүүлд 2 дахь удаагаа намайг цохиход тэр 2 байгаагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Эрдэнэбаатарын мэдүүлэг / хх 14-16 /,      ... Намайг ирэхэд Эрдэнэбаатар ах ил харагдах гэмтэлгүй. Нэг талын шанаа нь улайчихсан байсан. Эрдэнэбаатар ахаас асуухад “3 хүн ирлээ. Цохиж зодчихоод явлаа “ гэж хэлсэн. Тэгээд орой нь бөөлжөөд толгой өвдөөд байна гэхээр нь шүүх эмнэлэгт үзүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Р.Саруултамирын мэдүүлэг  / хх 17-18 /,       ...Н.Э-, ах намайг болон цуг ажиллаж байсан Тэмүүлэн гэх залуу бид хоёрыг дуудаад “Ойрхон очиж хүн шалгачихаад ирье. Манай гражид хулгай хулгай орсон байна” гэж хэлээд дагуулаад урагшаа баригдаж байсан барилгын тийшээ очоод харуулын байр руу Н.Э-, орсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Баасанмөнхийн мэдүүлэг / хх 19-21 /,       ...Тархи доргилт нь толгой болон биеийн аль нэг хэсэгт хүч үйлчилснээс доргих үйлчлэлээр үүсдэг. Түлхэх үед арагш савж унах, юманд цохьсон тохиолдолд үүсэх боломжтой гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч Г.Энхбаатарын мэдүүлэг / хх 22-23, 36 /,     ...М.Эрдэнэбаатарын биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 6785 дугаартай дүгнэлт / хх 29-30 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Э-,ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Э-,т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Э-, нь өөрийн эд хөрөнгийг авсан гэх шалтгаанаар хөгшин настай хүнийг цохиж, бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч М.Эрдэнэбаатар нь боловсрол мэргэжилгүй, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай, бие бялдрын хувьд шүүгдэгчээс харьцангуй жижиг биетэй бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийн хор уршгийг мэдсээр байж, санаатай гэмт хэрэг үйлдсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Н.Э-,т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч М.Эрдэнэбаатар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Н.Э-,ыг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-, нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Э-, нь хохирогчийг цохиогүй, гэмт хэрэг үйлдээгүй гэснийг дараах үндэслэлээр няцааж байна. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Э-, нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг хөндлөнгийн хүн харсан байсан. “Танайхаас бараан өнгийн хувцастай, дунджаас намхан нуруутай хүн гараад урагшаа чиглээд явж байсан” гэсэн. Зүг чиг нь таарсан. Тэр хохирогчийг гудамжинд харсан хүнийг гэрчээр асуух гээд цагдаатай хамт хайгаад олоогүй.

Бид нар бүгд тодорхой шашинтай, итгэл үнэмшилтэй хүмүүс. Хаана, ямар хүмүүс хулгай хийснийг мэдэж өгч болох уу гэхэд “Тэнд ажиллаж байгаа хүмүүс хулгай хийсэн байна” гэдэг чиглэлийг өгсөн. Ийм учраас энэ хүн дээр очиж уулзсан гэж мэдүүлсэн болно.

Гэтэл дээрх хөндлөнгийн хүн гэдэг нь нотлогдоогүй, хохирогч М.Эрдэнэбаатар хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон ямар ч баримт байхгүй байна.

2. Хохирогч М.Эрдэнэбаатарт мөрдөн шалгалтын явцад хууль сануулан хохирогчоор мэдүүлэг авахад “...Хулгайлсан юмаа өг” гээд манаачийн өрөөнд 1 удаа баруун шанаанд цохьсон. Би зугтаад гарч ирэхэд араас гарч ирээд барьж аваад баруун шанаанд дахин цохиход би унасан. Дотор намайг цохиход 2 залуу гараад явсан. Сүүлд 2 дахь удаагаа цохиход тэр 2 залуу байхгүй, бид 2 байсан“ гэж / хх 15-16 / мэдүүлсэн. Гэрч Г.Баасанмөнх / хх 19-21 / нь хохирогчийг цохих үед байгаагүй болохоо мэдүүлсэн, түүнийг шүүх хуралд оролцуулах талаар хэн аль нь хүсэлт гаргаагүй болно.

3. Тухайн асуудал болсон даруйд хохирогч хойд айл руугаа орж утсаар нь “ Хүн намайг зодчихлоо “ гэж хэлсэн талаараа мэдүүлдэг ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э-, нь үүнийг үгүйсгээгүй, гэрч Г.Саруултамирт хойд айлын эмэгтэй “Ах чинь хүнд зодуулсан “ гэж хэлсэн болохыг / хх 17-18 / мэдүүлжээ.

4. Хохирогч М.Эрдэнэбаатар нь хэрэг гарсны маргааш шүүх эмнэлэгт үзүүлсэн байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.06.09-ний өдрийн 6785 дугаартай дүгнэлтээр М.Эрдэнэбаатарын биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан нь гэмт хэрэг гарах цаг хугацаанд үүссэн болохыг тогтоосон / хх 29-30, 36 /, үзлэгээр баруун шанааны хэсгээр тэмтрэхэд хөндүүр эмзэглэлтэй байсан талаар дурьдсан, Шүүгдэгч нь хохирогчийг өмнө нь хүнд зодуулсан байдалтай нүүр нь нилээд хавдсан нүд нь хөхөрсөн байсан гэснийг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэрч Г.Саруултамирын мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж байна.

5. Шинжээч Г.Энхбаатар нь мөрдөн шалгалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “ ...Тархи доргилт нь толгой болон биеийн аль нэг хэсэгт хүч үйлчилснээс доргих үйлчлэлээр үүсдэг. Шанаанд цохих, түлхэх үед арагш савж унах, юманд цохих зэрэгт үүсэх боломжтой. Мэдрэлийн эмч тархины доргилт гэсэн онош тавьсан байсан” гэж мэдүүлсэн болно.

6. Хохирогч нь өөрийнхөө зодуулсан талаар зөрүүтэй мэдүүлсэн нь боловсрол мэргэжилгүй, өөрийгөө илэрхийлэх чадвар муу, хэл яриа муутай зэрэгтэй холбоотой болох нь цагдаагийн ажилтны тэмдэглэл / хх 07 / шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон ба шүүгдэгч нь түүнийг цохиогүй шүлсээ үсчүүлээд урдаас ирэхээр нь өөрөөсөө холдуулж, мөр эгэм хавьцаа нь түлхсэн гэж мэдүүлсэн нь хүч үйлчилснийг нотолж байгаа бөгөөд хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид тархи доргилт үүссэн нь үндэслэлтэй байна.

7. Мөрдөн шалгалтын явцад хохирогчийг утсаараа яриулсан гэх хойд айлын эмэгтэй болон Тэмүүлэн нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй байна. Хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр зодуулсныхаа дараа хохирогч нь уг айлд очиж тусламж гуйсан байдаг. Мөн шүүгдэгч нь хохирогчийг зодох үед хэн аль нь байгаагүй талаараа гэрч Г.Баасанмөнх, хохирогч нар тус тус мэдүүлсэн. Цагдаад дуудлага өгсөн хүн нь гэрч Г.Саруултамир болох нь “Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл” / хх 07 /-д бичигдсэн тул тэдгээрийг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзэж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг шийдвэрлэв.

 

Мөн хохирогчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хохирогч нь прокурорын шатанд өөр өмгөөлөгчтэй байсан бөгөөд тэр өмгөөлөгч нь нас барсан учраас намайг өмгөөлөгчөөрөө авсан. Иймд 2 өмгөөлөгчийн зардал, бариачид бариулсан баримтаа гаргаад иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь дээрх хэрэг шалгагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хугацаанд өмгөөлөгч хохирлын баримтыг бүрдүүлэх боломжтой байхад бариачид 3 удаа бариулсан гэсэн бичигнээс өөр баримт байхгүй, хохирогч шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... Н.Э-,ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ... Н.Э-,ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Э-, нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Э-, нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Н.Э-,т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Э-,т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ