Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01343

 

Т.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дүгээр шийдвэр,            

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр магадлалтай,

Т.Г-ын нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Би Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанд жолоочийн ажилд орсон. Уг албан тушаалд ажиллах хугацаандаа байгууллагын даргаас өгсөн үүрэг даалгавар биелүүлж үүрэг хариуцлагатай ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 03-р сарын 24-ний өдрийн Б/09 тоот тушаалаар жолоочийн албан тушаалаас гэнэт халагдсан, хууль, хяналтын байгууллагад хандахад миний буруу биш гэдэг нь тогтоогдож улмаар 2017 оны 09 сарын 04-ний байгууллагын даргын Б/40 тоот тушаалаар жолоочийн албан тушаалд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойших хугацаанд машин техник хүлээлгэж өгөөгүй ч гэсэн би ажлын цагийн баримтлан цагаа бүртгүүлж, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж хэвийн ажиллаж байсан. 2017 оны 09 сарын 15-ны өдөр ажилдаа иртэл байгууллагын дарга Шугар халах тушаал гаргасан. 2017 оны 9 сарын 04-нөөс 9 сарын 15 хүртэлх хугацаанд бэлэн мөнгө, эд хөрөнгө, машин техник хүлээж аваагүй, даргын тушаалд үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийг бүрэн бөглүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа шүүхэд гаргасан тайлбартаа: В.Гүндсамбад тухайн үед хүлээлгэж өгөх машин техник байгаагүй. Байгууллагын машин болох 50-49 ЗАН улсын дугаартай пургон энэ хүнээс болоод аккумляторгүй, моторын улаан гэрэл анивчаад явах нөхцөлгүй  гражид тавьсан байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/40 тоот тушаалаар В.Гүндсамбыг ажилд нь буцааж авсан. Тухайн үед буюу 2017 оны 08 дугаар сарын 25-нд В.Гүндсамбад би хөдөө томилолтоор явлаа, 09 дүгээр сарын 04-нд ирээд чиний тушаалыг гаргана гэсэн. Тушаал гаргах өдрийг тодорхой хэлсээр байтал 09 дүгээр сарын 04, 05-нд ажилдаа ирээгүй, 06-нд 9 цаг 50 минутад ирсэн. 2017 оны 09 дүгээр сарын 15-нд ажлаас нь чөлөөлсөн. Мөн ажлаас чөлөөлөх тушаал гараагүй байхад буюу 2017 оны 09 дүгээр сарын 14-нд энэ хүн ажилдаа ирээгүй гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ванчинжав овогг Тунгалагийн Гүндсамбыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас Т.Г-ын ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны олговор 1,733,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Г-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас улсын тэмдэгтийн хураамжид 42.682 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруул шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Шугарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Т.Г-ын хариуцаж байсан Фургон маркын автомашины эд зүйл дутаасан байдлыг тогтоосон, нотолсон баримтуудыг хамгийн анх чөлөөлсөн тушаалтай холбогдуулан 2017 оны 07 сард шийдвэрлэсэн иргэний хэрэгт хавсаргаж өгсөн байдаг. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Шугар нь Т.Г-ын нэхэмжлэлтэй 2 иргэний хэрэг нь шүүгч Т.Балжиннямд хуваарилагдсан тул өмнөх хэргээсээ аваад сүүлийн хэрэгт хавсаргачих боломжтой гэж ойлгосноос баримтаа гаргаж ирүүлээгүй бөгөөд ажил тасалсан талаарх баримт, тайлбараа өгч байсан байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Шугар нь “...машины 4 дугуй, аккумлятор зэргийг үрэгдүүлсэн” гэж хэлж байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж, хэрэгт чухал ач холбогдол бүхий тушаалын гол үндэслэл болсон баримтыг талуудад бүрдүүлэх боломжоор хангах ёстой байсан. Мэтгэлцэх зарчим нь хэргийн үйл баримт гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэрэгждэг. Гэтэл тушаал гарах болсон үндэслэлийг нотлох гол баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Миний хувьд машины 4 дугуй, аккумлятор зэргийг үрэгдүүлсэнтэй холбоотой баримтуудыг 07 сард болсон шүүх хуралдаанд гаргаж өгөөд дараагийн анхан шатны шүүх хуралдаанд баримт болно гэж бодсон учраас учраас дахин гаргаж өгөөгүй талаар, ирцийн талаарх баримтыг гаргаж өгсөн талаар болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой байсан гэж тайлбар гаргасан. Гэтэл ирцийн тайлбартай холбогдуулан өөрт байгаа баримтуудыг 2017 оны 07 сард болсон шүүх хуралдаанд гаргаж өгсөн болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд байхгүй заалтын талаар тайлбар гаргасан мэтээр тодорхойлох хэсэгт бичсэн нь утга найруулгын алдаатай илт хууль бус шийдвэр байна. Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 09 дугаартай магадлал нь өмгөөлөгч, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь тус магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна.” гэж заасан, тус хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан байдлаас харахад зохигчид гэдэгт төлөөлөгч буюу өмгөөлөгч хамаарахгүй байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04- ний өдрийн 14 дугаартай шийдвэр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 09 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч нь Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанд холбогдуулан жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлага гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ.

Ажил олгогч 2017 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр Б/43 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчийг жолоочийн үүрэгт ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. дэх  заалтыг баримталсан байх ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ажил тасалсан гэх тайлбар гаргажээ.

Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй хэдий ч уг зөрчил баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдоогүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусган, нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т  нийцжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дүгээр шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ