Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА/2022/0541

 

 

 

 

 

 

 

                 П.А-ын нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч П.А

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч П.А

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд Т.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “П.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/59 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2022 оны 1 дүгээр сараас хойших нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгуулах, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э,

Гуравдагч этгээд Т.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 109/2022/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.А-оос Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “П.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/59 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2022 оны 1 дүгээр сараас хойших нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгуулах, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах”-аар маргасан байна.

2.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: 

“...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг тус тус үндэслэн П.А-ын Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “П.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/59 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2022 оны 1 дүгээр сараас хойших нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгуулах, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч П.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Маргаан бүхий акт хуульд заасан шаардлагыг хангаагүй. Учир нь хариуцагчаас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад сонсох ажиллагааг утсаар мэдэгдсэн гэх боловч энэ тухай нотлох баримтыг гаргаж өгөөгүй, тэр тусмаа миний хувьд эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргуулахыг шаардсан боловч мөн л гаргаж өгөөгүй.

Дээрх үйл баримтыг шүүхийн шийдвэрт тодорхой дүгнээгүй атлаа “...даргатай утсаар ярьсан” гэснийг “А өөрөө ярьсан тул мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна” хэмээн ямар ч баримтгүйгээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Надад “...чамайг ажлаас чөлөөлнө” гэж хэн ч утсаар ярьж мэдэгдээгүй, харин энэ тухай би бусдаас олж мэдээд даргаас албан ёсны хариу авахаар хүсэлт гаргасан боловч надад хариу өгөөгүй.

Намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудын тодорхой заалтуудад нийцэхгүй байх төдийгүй Нийгмийн даатгалын хэлтсийн даргын гаргасан шийдвэр хууль зөрчсөн болохыг миний бие анхан шатны шүүхэд тайлбарласан бөгөөд нотлох баримтын хамт гаргаж өгсөн, мөн энэ талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдсан болно.

Миний хувьд хүний эрхийг дээдлэх, хуулийг зөв хэрэглэх, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг, эмэгтэйчүүдийн үр хүүхдээ төрүүлэх, өсгөх Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд Монголын хууль тогтоомж ард, иргэддээ хүртээмжтэй үйлчилдэг байхыг хүссэн тул давж заалдах журмаар гомдлыг гаргасан юм.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т зааснаар төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаардаг болохын хувьд уг тушаалд томилогдохыг хүссэн аливаа этгээд төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой.   

Гэтэл тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар П.А-ыг сумын нийгмийн даатгалын байцаагчаар “түр” ажилд томилсон, өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч болоогүй энэ тохиолдолд тэрбээр төрийн албан хаагчийн нийтлэг эрх, үүргийг эдлэхээс бус хуульд заасан бусад баталгаагаар хангагдах боломжгүй.

Учир нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохын тулд төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд орсон, улмаар тусгай шалгалт буюу сонгон шалгаруулалтад өрсөлдөж тэнцсэн, цаашлаад томилогдсон албан тушаалдаа тангараг өргөж баталгаажуулсан байх зэрэг үндсэн шаардлагуудыг бүрэн хангаснаар төрийн жинхэнэ албан хаагчийн болзол шаардлагад тэнцсэн гэж үзэх бөгөөд ингэснээрээ хуульд заасан бусад баталгаагаар хандагдах эрх үүсэхээр байна.

2.Хэрэгт нэхэмжлэгчийн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, Архангай аймгийн төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн тухай нотлох баримт авагдсан байх боловч эрхэлж байсан албан тушаалд зарласан тусгай шалгалт өгсөн, мөн тэнцсэн талаарх ямар ч баримт байхгүй байх тул П.А-ыг төрийн жинхэнэ албан хаагч бус харин хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр түр томилогдон ажиллаж буй алба хаагч гэж үзнэ.

Иймд давж заалдах гомдолд дурдсанчилан “...жирэмсний амралт авсан эмэгтэйн сэтгэл санаа, хүүхдийн эрх зөрчигдөх, цаашлаад эмэгтэйчүүдийн үр хүүхдээ төрүүлэх, өсгөх зэрэг эрхүүд зөрчигдөхөд хүргэсэн” гэх тайлбар нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.  

Нэгэнт төрийн жинхэнэ албан хаагч болоогүй П.А-ын тухайд Төрийн албаны тухай хуулиар олгогдсон эрх, үүргийг эдлэх шаардлага хангагдаагүй, энэ талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй дүгнэжээ.

3.Маргаан бүхий актын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 242 дугаар тогтоолоор “…хяналт шалгалтаар Төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилогдсон нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөлөх”-ийг чиглэл болгосон, Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын хэлтсийн даргын хувьд энэхүү шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрхгүй, иймд Төрийн албаны зөвлөлөөс гаргасан дээрх тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн даатгалын байцаагчийн ажилд “түр” томилогдсон П.А-ыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн нь холбогдох хуульд нийцсэн гэж үзнэ.

Дээрх тогтоолоор нэхэмжлэгчийг анх ажилд түр томилсон тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох тухай, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх зохицуулалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол журам”, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон, түүнчлэн энэхүү тогтоолын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргаагүй энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Мөн хариуцагч өөрийн санаачилгаар бус, харин Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж тушаал гаргасан байх тул энэ талаар мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн эсэх нь уг тушаалыг хүчингүй болгох үр дагаварт хүргэхгүй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                      

 

 

 

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                      О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН