Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/173

 

 

 

 

 

 

 

   2021        03          09                                   2021/ШЦТ/173

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                       

улсын яллагч Я.Мөнхзаяа,

шүүгдэгч Г.З-, нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... Г.З-,од холбогдох эрүүгийн 2109000000158 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1958 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Холбоочин мэргэжилтэй, “...” ХХК-д жижүүр ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Б...тоотод оршин суух, Октъябрийн районы Ардын шүүхийн 1974 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 123 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн /РД: ... / ... Г.З-, нь:

 

- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, ... тоотод эхнэр Ц.Цогзолмаатай маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний толгой, гар хэсэгт зэвсэг буюу заазуураар зүсэж, баруун шуу, дагзны хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Цогзолмаагаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 11 /

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-16 /

 

Хохирогч Ц.Цогзолмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Өчигдөр манай нөхөр Г.З-, ажлаасаа ирэхдээ архи уусан ирэхээр нь гэртээ аваачаад яах юм гэж бодоод дүү Сэмпилмаагийн гэр рүү дагуулж очсон. Араас манай таньдаг дүү Төмөрөө ирсэн. Манай дүү нөхөр хоёр нөгөө залууг архи авч өг гээд загинасан. Үүнээс болж маргалдаж эхэлсэн. Маргаан дуусаад би дүүд ганцаараа амьдарч байхаар бүгдээрээ нийлээд томхон байр түрээслээд амьдаръя гэж хэлсэн. Тэгээд ярьж байтал хажуунаас манай нөхөр орж ирээд агсраад намайг зодсон. Тухайн үед хажуудаа байсан жижиг цэнхэр иштэй заазуураар миний толгой руу цохиод дараа нь баруун гарын бугуй хэсгээр зүссэн. Нөхөр бид хоёр 1992 онд гэр бүл болж, дундаасаа 2 хүүхэдтэй. Одоо гомдол санал байхгүй гэжээ. / хх 27-28 /

 

Гэрч П.Төмөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг өнгөрөөд Сэмпилмаагийнд ирэхэд Зоригоо эхнэртэйгээ ирсэн байсан. Гэрт ороод хоол идээд архи ууж байгаад би дэлгүүр рүү пиво авахаар явсан. Ороод ирэхэд Зоригоо эхнэртэйгээ маргалдаад эхнэрийн гар толгой нь цус болсон сууж байсан. Сэмпилмаа зүүн талд ширээний ард суусан байсан. Зоригоогийн эхнэр “Зоригоо намайг хутгалчихлаа” гэж хэлсэн гэжээ. / хх 21-22 /

 

Гэрч Ц.Сэмпилмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 01 дүгээр сарын үед манай гэрт төрсөн эгч Цогзолмаа нөхөр Г.З-,ын хамт ирээд бид гурав 0.75 л хараа архи хувааж уугаад байж байтал Төмөрөө гаднаас орж ирэхэд Г.З-, ах Төмөрөөгөөс архи нэхэхэд эгч уурласан. Тэгээд маргалдахад Төмөрөө дэлгүүрээс архи авна гээд гараад явсан. Эгч Г.З-, хоёр маргалдаж байгаад нэг харахад эгчийн толгойноос цус гарсан байсан. Тэгээд цагдаа дуудсан гэжээ. / хх 73-74 /

 

Гэрч З.Болор мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Г.З-, нь манай аав байгаа юм. Урьд нь нэг удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. Манай аав эрүүлжүүлэхэд ороод 100.000 төгрөгөөр торгуулж байсан гэжээ. / хх 76-77 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 664 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Цогзолмаагийн биед баруун шуу, дагзны хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 33-34 /

 

Яллагдагч Г.З-, мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр манай эхнэр бид хоёр манай эхнэрийн дүү Сэмпилмаагийн гэрт очиж архи уусан. Уугаад дуусаж байтал Төмөрөө орж ирсэн. Өмнө нь Төмөрөө надад архи авч өгнө гэж хэлсэн учир архи нэхсэн. Гэтэл манай эхнэр Төмөрөөг өмөөрөөд надтай маргалдаад намайг маажсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан жижиг заазуурыг аваад гарт нь нэг удаа, толгой руу нэг удаа цохьсон. Тэгээд манай эхнэр цагдаа дуудсан гэжээ. / хх 6-7 /

 

Шүүгдэгч Г.З-,ыг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 6-7 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 49 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.З-, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Г.З-, нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-268 тоотод эхнэр Ц.Цогзолмаатай маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний толгой, гар хэсэгт зэвсэг буюу заазуураар зүсэж, баруун шуу, дагзны хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:   ...Хохирогч Ц.Цогзолмаагаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 11 /,   ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-16 /, ...Намайг дүүтэй юм ярьж байхад хажуунаас орж ирээд агсраад намайг зодсон. Тухайн үед хажуудаа байсан жижиг цэнхэр иштэй заазуураар миний толгой руу цохиод дараа нь баруун гарын бугуй хэсгээр зүссэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Цогзолмаагийн мэдүүлэг / хх 27-28 /,   ...Дэлгүүр рүү пиво авахаар гарчихаад орж ирэхэд Зоригоо эхнэртэйгээ маргалдаад эхнэрийнх нь гар толгой нь цус болсон сууж байсан. Зоригоогийн эхнэр “Зоригоо намайг хутгалчихлаа” гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Төмөрийн мэдүүлэг / хх 21-22 /,  ... Г.З-, ах Төмөрөөгөөс архи нэхэхэд эгч уурлаад маргалдахад Төмөрөө дэлгүүрээс архи авна гээд гарсан. Эгч Г.З-, хоёр маргалдаж байгаад нэг харахад эгчийн толгойноос цус гарсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Сэмпилмаагийн мэдүүлэг / хх 73-74 /,  ...Манай аав Г.З-, нь урьд нь нэг удаа эрүүлжүүлэхэд ороод 100.000 төгрөгөөр торгуулж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч З.Болорын мэдүүлэг / хх 76-77 /,   ...Ц.Цогзолмаагийн биед баруун шуу, дагзны хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 664 дугаартай дүгнэлт / хх 33-34 /,   ...Манай эхнэр Төмөрөөг өмөөрөөд надтай маргалдаад намайг маажсан учир би ширээн дээр байсан жижиг заазуурыг аваад түүний гарт нь нэг удаа, толгой руу нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Г.З-,ын мэдүүлэг / хх 6-7 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.З-,ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.З-,од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.З-, нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг, өндөр настай, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 800 / найман зуу / нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хохирогч Ц.Цогзолмаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй / хх 81 / гэсэн тул шүүгдэгч Г.З-, нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-, нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.З-,ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... Г.З-,ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  ... Г.З-,ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 / найман зуу / нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Г.З-, нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.З-, нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Г.З-,од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.З-,од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ