Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/180

 

 

 

 

 

 

 

 

2021          03          16                                    2021/ШЦТ/180

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                     

улсын яллагч Г.Түвшинбаяр, 

шүүгдэгч Г.Ө-, нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... Г.Ө-,д холбогдох эрүүгийн 2109000000282 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: .../ ... Г.Ө-, нь:

 

- 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар гудамжны ... тоотод өөрийн үеэл Г.О-ийн хамар хэсэгт нь цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Саппород байрлах зочид буудалд өөрийн найз Хонгорзултай байхад манай аавын дүүгийн хүү болох Г.Ө-, ирээд намайг гэрт эгч Хулангийнхаа Тоёота приус 20 маркийн машинаар хүргэж өгсөн. Ингээд шөнийн 02 цагийн орчимд Хулан эгч Г.Ө-,д “Чи миний машиныг хэлэлгүй авч явлаа” гэж уурлаж Г.Ө-,г загинасан. Гэтэл Г.Ө-, намайг “Чамаас боллоо” гээд над руу дайрч миний нүүр рүү алгадаж унаган толгой, нүүр хэсэг рүү хөлөөрөө хүчтэй өшиглөсөн. Үүний дараа Хулан эгч Г.Ө-,г надаас салгаад гадагшаа авч гарсан гэжээ. / хх 10 /

 

Гэрч Г.Хулан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай төрсөн дүү Г.Ө-, нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шөнө миний машиныг надад хэлэлгүйгээр унаж яваад 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо ...тоотод байрлах гэртээ үеэл дүү Г.О-ийг Цамбагаравт байрлах зочид буудлаас найзаараа машиныг бариулаад авч ирсэн. Тухайн үед манайд би өөрийн охины хамт байсан. Г.Ө-,д “Чи яагаад машин барих эрхгүй байж машин аваад явчихав” гэхэд “Би найз Төгөлдөрөөр машин бариулаад Г.Оюунчимэгийг согтуу буудалд эрэгтэй хүнтэй байхад нь авч ирлээ” гэж хэлсэн. Тэгээд Г.Ө-, “Чамаас боллоо” гээд Оюунчимэгийг алгадаж унагаасан. Мөн хөлөөрөө биеийн хэсэг рүү өшиглөхөөр нь би Г.Ө-,г салгаж гэрээс авч гарсан гэжээ. / хх 22 /

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1560 дугаартай дүгнэлтэд:

1. Г.О-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эмнэлгийн бичиг баримт байхгүй тул дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 29-30 /

 

Яллагдагч Г.Ө-, мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шөнө үеэл эгч Г.О-ийн найз Б.Хонгорзул яриад “Оюунчимэг бид хоёр хамт байна. Намайг явуулахгүй байна” гэж хэлсэн. Би Оюунчимэгийг зочид буудалд байхад нь очиж аваад өөрийн гэрт хүргэж ирсэн. Тухайн үед манай гэрт миний төрсөн эгч Хулан хүүхдийнхээ хамт байсан. Намайг машин авч явлаа гэж уурласан. Тэгээд би Оюунчимэгт хандан “Чи ингэж гадуур дотуур тэнэж явж ээжийгээ зовоодоггүй байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан” гэж хэлээд нүүр рүү нь алгадаж унагааж, толгой хөл хэсэг рүү нь өшиглөсөн. Үүний дараа Г.Оюунчимэг босож ирээд хамраас нь цус гарсан байсан гэжээ. / хх 40 /

 

Шүүгдэгч Г.Ө-,г 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 40 / 

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 39 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Ө-, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Ө-, нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар гудамжны ... тоотод өөрийн үеэл Г.О-гийн хамар хэсэгт нь цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:   ...Хулан эгч Г.Ө-,г машин зөвшөөрөлгүй авч явлаа гээд загинахад надад “Чамаас боллоо” гээд над руу дайрч миний нүүр рүү алгадаж унаган миний толгой, нүүр хэсэг рүү хөлөөрөө хүчтэй өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Оюунчимэгийн мэдүүлэг / хх 10 /,   ...Г.Ө-, Оюунчимэгийг “Чамаас боллоо” гээд алгадаж унагааж хөлөөрөө биеийн хэсэг рүү өшиглөхөөр нь би Г.Ө-,г салгаж гэрээс авч гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Хулангийн мэдүүлэг / хх 22 /,  ...Г.Оюунчимэгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1560 дугаартай дүгнэлт / хх 29-30 /,   ...Оюунчимэгийн нүүр рүү нь алгадаж унагаан, толгой хөл хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд Г.Оюунчимэгийг босож ирэхэд хамраас нь цус гарсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Г.Ө-,н мэдүүлэг / хх 40 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ө-,г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ө-,д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Ө-, нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 450.000 төгрөгийн торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ө-, нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Оюунчимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул түүнийг төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-, нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ө-,г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... Г.Ө-,г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ...Г.Ө-,г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Ө-, нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Ө-, нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Г.Ө-,д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ө-,д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ