Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/224

 

 

 

 

 

 

 

   2021        03          30                                     2021/ШЦТ/224

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

улсын яллагч З.Энхжаргал,

шүүгдэгч Д.А-, нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... Д.А-,т холбогдох эрүүгийн 2009010531124 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүү нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... Д.А-, нь:

 

- 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 28 дугаар байрны хойд талын зогсоол дээр хохирогч Ё.Мэндбаярын автомашинаас буухдаа унагаасан гээгдэл Айфоне 8 маркийн гар утсыг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ё.Мэндбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 28 дугаар байрны хойд талын зогсоол дээр өөрийн автомашинаас буухдаа гар утсаа унагааж гээсэн. Тэр хавиараа хайгаад олдохгүй байхаар нь утасны имей дугаараар шалгуулах гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний гээсэн утас нь цайвар ягаан өнгийн Айфоне 8 маркийн гар утас байсан. Уг утсыг 2017 онд 2.400.000 төгрөгөөр Мобикомоос авсан. Миний гар утасны имей дугаар нь 35676108332419 гэжээ. / хх 18-20 /

 

Яллагдагч Д.А-, мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны

03 дугаар сарын эхээр өглөө 7 цагийн үед ГССҮТ-ийн автобусны буудлаас автобусанд суугаад МУБИС-ын буудал дээр бууж хойш гарцаар гарахад дэлгэц нь хагарсан гар утас байсан. Тухайн гар утасны марк нэрийг нь мэдэхгүй байсан. Цэнэг нь 10-15 хувьтай байхаар нь хажуу талын товч дээр дараад унтраасан. Унтраахаас өмнө тэнд байсан таксины жолоочоос асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Гэртээ хариад дэлгэц нь хагарсан ийм утас оллоо гэж хэлэхэд манай хүүхэд авч үзсэн. Тэрнээс хойш мэдэхгүй гэжээ. / хх 36-38 /

 

Насанд хүрээгүй гэрч А.Тогтохжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 88488311, 88488335 дугаарыг 2020 оны 03 сард 35676108332419 имей дугаартай Айфоне 8 маркийн гар утсанд хийж ашигласан. Тухайн гар утсыг анх ээж гудамжнаас олоод гэртээ авчирсан. Сансрын тунелын зүүн талд СЮ дэлгүүрийн дээд давхарт байрлах утас засварын газар кодыг 15.000 төгрөгөөр гаргуулсан. Гар утсыг би ашиглаж байтал манай хамаатны Гандуулга гэдэг ах надад мөнгө хэрэгтэй байна гээд авч яваад ломбарданд түр тавьчих гээд өөрийнхөө нэр дээр тавьсан. Мөнгийг нь төлөхгүй байж байгаад найз нь худалдаж авсан гэж байсан гэжээ. / хх 26-27 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 47-48 /

 

Шүүгдэгч Д.А-,ийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 36-38 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 39 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.А-, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг бага багаар төлж барагдуулах хүсэлтэй байна. Гар утсыг авсан Г.Гандуулга олдохгүй байгаа. Түүнээс мөнгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.А-, нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 28 дугаар байрны хойд талд зогсоол дээр хохирогч Ё.Мэндбаярын автомашинаас буухдаа унагаасан гээгдэл Айфоне 8 маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:      ...Автомашинаас буухдаа гар утсаа унагааж гээсэн. Тэр хавиараа хайгаад олдохгүй байхаар нь утасны имей дугаараар шалгуулах гээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний гээсэн утас нь цайвар ягаан өнгийн Айфоне 8 маркийн 35676108332419 имей дугаартай байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ё.Мэндбаярын мэдүүлэг / хх 18-20 /,   ...Дэлгэц нь хагарсан гар утас байсан. Тухайн гар утасны марк нэрийг нь мэдэхгүй байсан. Гар утсыг манай хүү утас засварын газарт кодыг гаргуулаад 3 сар барьж байгаад хамаатны залууд өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.А-,ийн мэдүүлэг / хх 36-38 /,      ... 88488311, 88488335 дугаарыг 2020 оны 03 сард 35676108332419 имей дугаартай Айфоне 8 маркийн гар утсанд хийж ашигласан. Ээжийн олсон утасны кодыг 15.000 төгрөгөөр гаргуулсан. Хамаатны Гандуулга гэдэг ах мөнгө хэрэгтэй байна гээд ломбарданд өөрийнхөө нэр дээр тавьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч А.Тогтохжаргалын мэдүүлэг / хх 26-27 /,      ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 47-48 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.А-,ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.А-,т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.А-, нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан  300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.А-, нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, шүүгдэгчээс гар утасны үнэ 705.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ё.Мэндбаярт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.А-,ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.А-, нь тухайн гээгдэл гар утсыг олж авч, өөрийн хүү А.Тогтохжаргалд өгч, тэрээр 3 сар хэрэглээд хамаатан болох Г.Гандуулгад өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс дээрх хэрэгт иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд байгаа эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэжээ.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь тухайн этгээд бусдын гээгдэл хөрөнгийг олж авч өөрийн мэдэлд оруулж, захиран зарцуулах эрх олсноор төгсөх бөгөөд түүнийг хэрхэн захиран зарцуулсан, хэнд өгсөн нь хэрэгт ач холбогдолгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, ... эсвэл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, ... хувьд ноогдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна. Мөн хуулийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон, эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого ... ойлгоно“ гэжээ.

 Эдгээрээс дүгнэхэд Д.А-, нь гэмт хэрэг үйлдэж, өөрийн мэдэлд оруулсан хөрөнгийг бусдад өгсөн асуудал нь түүнийг хохирол нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд түүний хамаатан Г.Гандуулга гэгчийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй байна. Харин Д.А-, нь шаардлагатай гэж үзвэл өөрөө хохирлоо жич нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... Д.А-,ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ... Д.А-,ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.А-, нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.А-,ээс 705.000 төгрөг гаргуулан хохирогч Ё.Мэндбаярт олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нь Д.А-, нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Д.А-,т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.А-,т авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ