| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2021/0018/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/25 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/25
а
2020 12 28 2021/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Л.Галав,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт Б-гийн Бт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг шүүх 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тар *** төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Б*** тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Х овогт Б-гийн Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тоотод иргэн Б.У-тай “Эхнэр Д-г цохих гэлээ” гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохих үйлдлээр зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.У-ын өгсөн мэдүүлэг /хх-6-7/, гэрч З.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-20-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11541 дугаартай дүгнэлт /хх-24-25/, Б.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-9-10/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тоотод иргэн Б.У-тай “Эхнэр Д-г цохих гэлээ” гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохих үйлдлээр зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.У-ын өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед гаднаас манай найз Б эхнэр Б-ийн хамт ирсэн бөгөөд бид хамт 0.75 литрийн “Хараа” нэртэй архинаас 2 шилийг хувааж уусан. ...20 цагийн үед манай найз Б.Б “Миний гар утас алга болчихсон байна” гэх шалтгаанаар манай эхнэр Д-тай маргалдаад, Б гурилын элдүүрээр манай эхнэрийг цохих гээд байхаар нь би эхнэрээ өмөөрсөн чинь манай найз Б.Б “Чи ямар их эхнэрээ өмөөрдөг юм бэ” гэж хэлээд надтай маргалдаад гараараа миний нүүр рүү 3-4 удаа цохиж гэмтээж, мөн духаараа мөргөсөн учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэх мэдүүлэг /хх-6-7/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Б-ийн өгсөн “...Тэр үед манай нөхөр миний миний урьд нь алга болгосон утас тэдний гэрийн пийшингийн агааржуулагчнаас гараад ирэхээр нь уурлаад У-ын нүд рүү нь нэг удаа, ар дагз руу нь 2 удаа алгадаж байсан.” гэх мэдүүлэг /хх-18-19/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын гэрчээр өгсөн “...Тэр үед гаднаас хүмүүс яндан хөөлөхөөр ирсэн. Ханан пийшинг нь үзээд агааржуулагчийг нь татсан чинь тэр хэсгээс манай эхнэр З.Б-ийн Жи-3 загварын гар утас гарч ирсэн. Тэгэхээр нь би тухайн хүмүүсийг явахаар нь Д-д “Эхнэрийн утсыг чи л авсан байна шүү дээ, чамаас өөр хэн авах билээ” гэж хэлэхэд Д орилоод миний баруун чихнээс зулгаагаад, маажаад цамцнаас зуураад байхаар нь би Д-г ор руу түлхсэн. Тэгэхэд нөхөр У- нь орж ирээд миний зүүн талын дагз руу 2-3 удаа цохихоор нь би эргэж хараад У-ын зүүн шанаан хэсэгт 2-3 удаа алгадсан. Тэр үед У- нь газар унаад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-9-10/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11541 дугаартай шинжээчийн:
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 28-нд болсон асуудлын талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй.”гэх мэдүүлэг /хх-33-35/
Шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-50/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тоотод иргэн Б.У-тай “Эхнэр Д-г цохих гэлээ” гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохих үйлдлээр зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Хохирогч Б.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болохоо илэрхийлсэн байна.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС