Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/135

 

 

                                                           

 

 

 

 

 

 

2021          02          26                                 2021/ШЦТ/135

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ,

Хохирогч: А.Сумъяабаатарын өмгөөлөгч Г.Нямсүрэн,

Шүүгдэгч: Н.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайхан овогт Найманхүүгийн Н.Т/РД:КЮ98073115/-т холбогдох эрүүгийн 2011 0195 51151 дугаартай хавтаст хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр  хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан-Түшээ хотхон 204-4-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй. С овогт Н.Т,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан ресортийн ойролцоох зуслангийн байшинд А.Сумьяабазартай найз охиныг янхан гэж хараалаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүр, цээж хэсэгт гараараа 3-4 удаа цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчинд хугарал, мурийлт, хамрын нуруу, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хүзүү цээж, нуруунд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч А.Сумъяабаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би найзуудтайгаа салхинд гаръя гэж тохиролцоод Чингэлтэй дүүргийн 19-р хороонд байрлах шадивлин нэртэй газар найз Дүүрэнбаяртын зуслангийн байшинд очиж амрахаар болсон. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 08-ний 04 цагийн үед шөнө бид хэд 9 үүлээ “Эдэн” нэртэй 0,75-ийн 2 шио архи бөөнөөрөө хувааж уусан. Тэгснээ Мишээл учир зүйгүй над руу дайраад арчаагүй лалар хэдэн төгрөг өгч чадахгүй гээд босож ирээд миний хацар луу 3-4 удаа алгадсан. Тэгэхээр нь манай найзууд салгаад дээд өрөө лүү аваад орсон. Тэгсэн чинь Мишээл чаддаг юм бол буугаад ир лалар минь гээд орилоод байсан. Тэгснээ Мишээл найз залуу Төгөлдөрийг чи арчаагүй найз охиноо өмөөрч чадахгүй очоод Сумъяабазарыг очоод зодолдоо гээд уурлаад орилоод байсан. Удалгүй Н.Т дээд давхарт гарж ирээд битгий ингээд байлдаа гээд бид хоёр ярилцсан. Тэгсэн чинь Мишээл хүрээд ирсэн чинь Н.Т миний зүүн шанаа хэсэгт баруун гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд зүүн шанаа хэсэгт нь баруун гараараа 2 удаа цохисон. Тэгээд бид хоёр зөрүүлээд цохилцоод байж байхад Н.Т миний хамар луу гараа цохиж хугалсан бид хоёр унасан чинь Мишээл нурууны ар хэсэгт хөшиглөөд байсан. Тэгээд найз Дүүрэнбаярт ирээд миний араас тэвэрч аваад салгаж байх хооронд Н.Т миний цээжний гол хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэгээд би амьсгалж чадахгүй газар унаад хэвтэж байхад Мишээл ирээд миний нуруу бөөрний хэсэгт 2-3 удаа хөшиглөсөн. Тэгээд намайг хэвтэж байхад Н.Т Мишээл хоёрын аль нэг нь хүрч ирээд нүүр лүү хөшиглөх шиг болсон удалгүй Анхтуяа ирээд Мишээлийг чи болиоч гээд гараас нь татсан чинь Анхтуяагийн хэвлий хэсэгт нэг удаа хөшиглөхөөр нь зөрүүлээд Анхтуяа шилбэнд нэг удаа өшиглөсөн. Тухайн үед цагдаа дуудаагүй маргааш нь Н.Т Анхтуяа бид гурав гэмтэл явсан. ...тухайн үед зодоон болоход Н.Т анх бид хоёр заамдалцаад миний нүүрний хамар хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Толгойн зүүн шанаа хэсэгт гараараа 3-4 удаа цохиж чихний дээд хэсэгт 1-2 удаа цохисон. Миний цээжний гол хэсэгт гараараа 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/,

Гэрч Н.Мишээл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр бид найзуудаараа салхинд гарая гэж тохиролцоод 9-үүлээ найз Дүүрэнбаяртын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлин ресортийн ойролцоо байх зуслангийн байшинд очсон. Тэгээд бид хэд 9 үүлээ Эдэн нэртэй 0,70-ийн 3-4 шил архи бөөнөөрөө хувааж уусан. Тэгээд Н.Т жижиг өрөөнд унтлаа гээд унтаад өгсөн. Тэгээд бид хэд 11-12 цагийн үед том өрөөнд хоорондоо ярилцаад сууж байсан чинь Сумъяабазар, Анхтуяа учир зүггүй над руу дайраад янхан, гичий гээд байсан. Тэгэхээр нь би намайг янхан явсныг хаана харсан гээд хэлтэл Анхтуяа дайраад байхаар нь би түлхтэл баруун гарын дунд долоовор хуруу нь хугарчихсан юм. Тэгээд найз Дүүрэнбаярт бид гурвыг салгаад Сумъяабазар, Анхтуяа хоёрыг дээд давхар луу гаргасан. Тэгээд би уйлаад байж байтал намайг янхан, гичий гээд дээд давхраас хараагаад чаддаг юм бол дээшээ гараад ир гээд байсан. Тэгсэн чинь Н.Тнад дээр юу болсон гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Сумъяабазар, Анхтуяа хоёр нийлээд намайг дээрэлхэж доромжлоод байна гэсэн чинь Н.Т Дүүрэнбаярт хоёр дээд давхар луу гарсан. Тэгээд би араас нь дээшээ гарахад Н.Т Сумъяабазар хоорондоо заамдалдчихсан зогсож байсан. Удалгүй Сумъяабазар Төгөлдөрийг доош нь унагаагаад дээр нь гарчихсан нүүр лүү нь цохиод байх шиг байсан. Тэгэхээр нь би болиулах гээд очтол Анхтуяа миний зүүн гуя руу өшиглөөд зугтаасан. Тэгэхээр нь миний уур хүрээд ойрхон байсан болохоор нь Сумъяабазарын бөгс рүү нь нэг удаа хөшиглөчихсөн. Тэгээд Н.Тбосож ирээд Сумъяабазарын нүүр гэдэс рүү нь гараараа нэг нэг удаа цохиж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24-р хуудас/,

Гэрч Х.Дүүрэнбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр бид найзуудаараа 9 үүлээ салхинд гаръя гэж тохиролцоод манай лагер болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлин ресортийн ойролцоо байх зуслангийн байшинд очсон. Тэгээд би 19 цагийн үед очиход бид хэд 9 үүлээ “Эдэн" нэртэй 1 литрийн 5 шил архи бөөнөөрөө хувааж уусан. Тэгээд бид хэд 11 12 цагийн үед том өрөөнд бөөнөөрөө ярилцаад сууж байсан чинь Сумъяабазар, Мишээл хоёр хоорондоо хэрэлдээд Сумъяабазар чи янхан, гичий биз дээ Мишээл намайг янхан явахыг хаана харсан гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад Сумъяабазарыг Анхтуяатай хамт дээд өрөөнд оруулаад эндээ амарцгаа гээд үдээсэн. Тэгээд би доод давхар луу буугаад сууж байсан чинь Сумъяабазар чи угаасаа янхан ш дээ гээд орилоод байсан. Тэгээд Н.Т сэрчихсэн дээд давхрын өрөөнд Сумъяабазартай уулзаад манай найз охиныг яагаад янхан гээд байгаа юм бэ гэж асуугаад танай найз охин чинь угаасаа янхан ш дээ гээд хоорондоо ярилцаад байсан. Би хаалганы гадаа нь байсан. Удалгүй газар тэр хоёр унах шиг болохоор нь би хаалгаа онгойлгоод хартал Сумъяабазар Төгөлдрийн дээр нь гарчихсан нүүр лүү нь цохиод байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад босгож байтал Н.Т Сумъяабазарын гэдэс нүүрний хэсэгт нэг нэг удаа гараараа цохичихсон. Тэгээд би тэр хоёрыг салгаад Төгөлдөрийг Мишээлтэй хамт аваад доошоо буусан. Тэгээд би дээшээ Сумъяабазартай уулзтал нүд нь хөхрөөд хавдчихсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27-р хуудас/,

Гэрч Х.Анхтуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:”...Би 2020 оны 11 дүгээр сарын 07-ний өглөө 17 цагийн үед найз залуу Сумъяабазар, Н.ТМишээл бид 4 найз Дүүрэнбаярын лагер болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан ресортын ойролцоо байх зуслангийн байшинд очсон. Тэгээд араас манай 5 найз араас ирсэн. Бид хэд 9 үүлээ “Эдэн” нэртэй 1 литрийн 2 шил архи бөөнөөрөө хувааж уусан. Тэгээд бид хэд уугаад сууж байсан чинь Мишээл Сумъяабазарт чи энэ Энхжин гэдэг охины өмдийг 140 мянган төгрөгөөр тайлж чадахгүй банди биз дээ лалар минь гээд байсан. Тэгэхээр нь Сумъяабазар уурлаад Мишээлийг чи өөрөө янхан биз дээ гэж хэлсэн чинь Мишээл босч ирээд Сумъяабазарын зүүн хацарт нь 2-3 удаа алгадсан. Тэгээд би Мишээлээ одоо болсон боль гээд салгах гэтэл Мишээл чи хэн юм вэ? янхан минь гээд бид хоёр бас маргалдсан. Тэгээд бид хоёр салаад дээд давхрын өрөөнд ороод унтаж байгаад гадаа гарж нойл орчоод ороод ирсэн чинь доод бөөнөөрөө сууж байсан. Тухайн үед Н.Тбайгаагүй. Тэгээд бид хоёр одоо болъё гээд сууж байтал манай найзууд одоо та нар болилдоо өглөө учраа ол гээд хэлтэл Мишээл энэ хоёр лаларыгаа өөрсдөө харалдаа гэснээ над руу хараад би чамайг зодчих юм бол миний маникюрийн мөнгийг өгч чадах юм уу гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь Дүүрэнбаярт бид хоёрыг дээшээ гар гээд өрөөнд оруулаад та хоёр энэ дээ амарчих гэтэл Мишээл Төгөлдөрийг найз залуу ч гэж дээ эрийн сүг хүнийг өмөөрөөд ганц зүйл ч хийж чадахгүй гээд байсан. Удалгүй Н.Т өрөөнд орж ирээд Сумъяабазараас чи яагаад манай найз охиныг янхан гэж хэлсэн юм гээд хэлсэн чинь Сумъяабазар Мишээл Дүүрэнбаяр хоёр чамайг хуурсан чи одоо боль гээд хэлсэн чинь Н.Т Заамдаж аваад нүүр хэвлий аймхай хэсэгт нь нэг нэг удаа цохисон тэгснээ хоорондоо ноцолдож унасан үед Мишээл Сумъяабазарын хэд хэд удаа нуруу луу нь хөшиглөөд байсан. Тэгээд би болиулах гэтэл Мишээл миний хэвлий хэсэгт нэг удаа хөшиглөсөн. Тэгэхээр би зөрүүлээд гуя руу нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн №13031 дугаартай дүгнэлт: “1. А.Сумъяабазарын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүү, цээж, нуруунд цус хуралт, хүзүүнд зулгаралт зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.6.8. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  7.Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-34-р хуудас/,

Шүүгдэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 11 дугаар сарын 07-ны өдөр бид найзуудаараа салхинд гаръя гэж тохиролцоод есүүлээ найз Дүүрэнбаярийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлин ресортийн ойролцоо байх зуслангийн байшинд очсон юм. Тэгээд бид хэд есүүлээ “Эдэн” нэртэй 0,75 литрийн 3-4 шил архи бөөнөөрөө хувааж уусан. Тэгээд би согтоод жижиг өрөөнд ороод унтаад өгсөн нэг сэрсэн чинь Сумъяабазар, Мишээл Анхтуяа гурав хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Мишээлийн дунд долоовор хурууны хумс нь хугарчихсан уйлаад байж байсан. Тэгэхээр нь би тайвшруулаад өрөөнд үлдээгээд 2 давхар луу гараад Сумъяабазартай уулзтал чиний найз охин чинь янхан гичий биз дээ гээд байсан. Тэгэхээр нь чи харсан юм уу гэтэл харсан тэгээд яах гээд байгаа юм гээд маргаан үүссэн. Тэгээд бид хоёр заамдалцалдаад газар унасан юм. Тэгээд Сумъяабазар миний дээр гарчихсан миний зүүн баруун шанаа чиний хэсэгт гараараа цохисон. Удалгүй найз Дүүрэнбаярт, Мишээл хоёр орж ирээд бид хоёрыг салгах гэж байх үед би Сумъяабазарын цээжний гол хэсэг аймхай хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэгээд нүүрний хэсэгт гараараа цохисон яг аль хэсэгт нь цохисон гэдгээ мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-8-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч А.Сумъяабазарын Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 9-10-р хуудас/,

Шүүгдэгч Н.Төгөлдөрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50-р хуудас/

Шүүгдэгч Н.Төгөлдөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43-р хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Шүүгдэгч Н.Тнь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан ресортийн ойролцоох зуслангийн байшинд хохирогч А.Сумьяабазартай найз охиныг янхан гэж хараалаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж түүний нүүр, цээж хэсэгт гараараа цохиж зодсоны улмаас хүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүү, цээж, нуруунд цус хуралт, хүзүүнд зулгаралт зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч А.Сумъяабазар, гэрч Н.Мишээл, Х.Дүүрэнбаяр, Х.Анхтуяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн №13031 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Н.Төгөлдөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлг болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Тнь өөрийн үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос шүүгдэгч Н.Төгөлдөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Төгөлдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч А.Сумъяабазар нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны цалин, түүнтэй адилтгах бусад орлого зэрэг нийт 1.715.520 төгрөг нэхэмжилсэн байна.

 Шүүгдэгч Н.Т нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч А.Сумъяабазарт нь 211.500 төгрөгийн хохирол төлбөр учруулснийг шүүхийн шатанд төлж барагдуулсан, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хүрээнд гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, түүнийг эмчлэх, нөхөн сэргээхэд зарцуулагдсан мөнгөн төлбөрийг хохирол төлбөрт хамааруулан тооцно. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ. Иймд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу А.Сумъяабазар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрлөж чадаагүй хугацааны цалин хөлс, цалингийн зөрүү зэргийг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Н.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Т-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Н.Т-т сануулсугай.

5. Шүүгдэгч Н.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Н.Т нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөрийг төлж барагдуулсан, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу А.Сумъяабазар нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрлөж чадаагүй хугацааны цалин хөлс, цалингийн зөрүү зэргийг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР