Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 08

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ... сумын иргэн Б.Ү гийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ... сумын Засаг даргад холбогдох

            “Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 39 тоот шийдвэрийн дагуу ... сумын ЗДТГазрын даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2019/0002/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ү , хариуцагч  ... Х.У, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б.Ү  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгаруулалт”-д орж тэнцэн салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 39 тоот тогтоолоор ... сумын ЗДТГазрын даргын албан тушаалд нэр дэвшсэн болно. ... Х.У  нь Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр биелүүлээгүй мөн Төрийн албаны салбар зөвлөл нь гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллуулж чадаагүй, төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцон ажиллаж чадаагүй зэргээс үүдэн энэхүү маргаан нь өдийг хүртэл үргэлжилж байна. Миний бие энэхүү асуудлаар удаа дараа Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандсан боловч асуудлыг шийдвэрлэхгүй, ямар ч хариу өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд дээрх байдлыг харгалзан Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 39 тоот шийдвэрийн дагуу ... сумын ЗДТГазрын даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү. Мөн ажилд томилохгүй байсны улмаас өөрт учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэв.

     Хариуцагч Булган аймгийн ... Х.У  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах захиалганд “Тухайн албан тушаалд 3 ба түүнээс дээш жил ажилласан” байна гэж захиалга өгсөн боловч Төрийн албаны салбар зөвлөл захиалгын дагуу шалгалт аваагүй. Мөн Б.Ү  нь шалгалтанд тэнцсэн боловч тухайн ажлын байран дээр ажиллаагүй. Миний бие нэхэмжлэгчтэй уулзаж төрийн албаны хуулийн дагуу намын гишүүн, сумын ИТХурлын төлөөлөгчөөс татгалз гэсэн боловч хэл амаар доромжлон гарч явсан. Засаг даргын тамгын газрын дарга нь улс төрийн намын ямар нэг харьяалал байхгүй, төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төрийн албаны шинэ хуулиар ИТХурлын төлөөлөгч нь уг албан тушаалаасаа татгалзаагүй тохиолдолд төрийн албанд давхар ажиллах боломжгүй гэсэн заалттай тул уг албан тушаалд томилох боломжгүй. Мөн Б.Ү  нь удирдах албан тушаал хийх ёс зүйн чадамжгүй гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Ү  нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр шалгаруулалтад орохоор материалаа өгсөн байдаг. Тухайн үед ажлын байрны шаардлагыг хангаагүй. Төрийн албаны салбар зөвлөлд анх тухайн ажлын байранд 3 жил ажилласан байхыг шаардсан захиалгыг хүргүүлсэн боловч салбар зөвлөлөөс 5,6 сумын Засаг даргын тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг зэрэг явуулна, ажлын байранд тавигдах шаардлагаа өөрчил гэсний дагуу төрийн захиргааны албан тушаалд 3 ба түүнээс дээш жил ажилласан байх шаардлагыг оруулж өгсөн. Нэхэмжлэгч нь хөгжлийн бодлогын мэргэжилтнээр 2 жил гаруй ажилласан байдаг. Үлдсэн хугацаанд нь Засаг даргын орлогчийн албан тушаалд ажилласан. Энэ нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу улс төрийн албан тушаал. Улс төрийн албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалтан гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч нь ... сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Энэ нь улс төрийн албан тушаалтан төрийн захиргааны албан тушаал хаших боломжгүй гэсэн үг. Хэрвээ төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байранд ажиллахаар бол улс төрийн намын харьяалалаас гарч, татгалзах ёстой атал татгалзаагүй өнөөдрийг хүртэл улс төрийн ажил эрхлээд явж байна. Нэхэмжлэгчээс Засаг даргын орлогч төрийн албан хаагч гэж маргаж байгаа боловч төрийн албан хаагч төрийн жинхэнэ албан хаагч хоёр хоорондоо ялгаатай. Төрийн захиргааны албан тушаал нь тусгай шаардлага тавигддаг албан тушаал юм. Үүнээс гадна нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Учир нь Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаа өнгөрсөн. 2017 оны 10 сард төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гарснаас хойш хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Тамгын газрын даргын албан тушаалд томилохоос татгалзсан байхад салбар зөвлөлд хандсаны дараа шүүхэд хандах эрх нээлттэй байсан. Гэтэл 2019 он хүртэл 1 жил гаруй хугацаанд шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс Төрийн албаны салбар зөвлөлд томилохгүй тухай хариугаа хүргүүлсэн байдаг. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэдэг ойлголт байхгүй. Нэхэмжлэгч нь тухайн ажлын байранд томилогдоогүй, уг албан тушаалыг эрхэлж байгаагүй учраас ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм” гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

            Булган аймгийн ... сумын иргэн Б.Ү гоос ... сумын Засаг даргад холбогдуулан “Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 39 тоот шийдвэрийн дагуу ... сумын ЗДТГазрын даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагаа “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” гэж нэмэгдүүлжээ.

            Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримт болсон үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар буюу 2002 оны Төрийн албаны тухай хууль болон уг хуульд нийцүүлэн гаргасан тухайн үед мөрдөгдөж байсан холбогдох дүрэм, журамд заасныг баримтласан болно. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Төрийн албаны салбар зөвлөлөөс хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн байхад ... сумын ЗДТГазрын даргын албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус” гэж тодорхойлсон ба

Хариуцагчаас “Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн хүн нь ... сумын ЗДТГазрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлахад өгсөн захиалганд заагдсан ажилласан байх хугацааны шаардлагыг хангаагүй, сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч учир улс төрийн шалтгаанаар томилох боломжгүй” гэж маргажээ.

Нэг. “... сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах” шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Б.Ү  нь Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулсан “... сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтаны сонгон шалгаруулалт”-д оролцож, 82.3 буюу хамгийн өндөр үнэлгээг авсан байх ба нийт сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдын 1 дүгээрт орсон байна.[1]  Ийнхүү сонгон шалгаруулалтын дүнд зарлагдсан ажлын байранд тэнцсэн Б.Ү , Г.Л нарыг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэн, Б.Ү г ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаар тогтоолоор тогтоогджээ.[2]  

... сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд ажилтан сонгон шалгаруулж авах тухай захиалгыг ... сумын Засаг даргаас 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 02/313 тоот албан бичгээр Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд хүргүүлсэн ба хавсралтаар тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамт хүргүүлсэн байна. Уг захиалгад тухайн албан тушаалд тавигдах шаардлагын “туршлага” хэсэгт “тухайн албан тушаалд 3 ба түүнээс дээш жил ажилласан” байхыг шаардсан байна[3]. Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ... сумын Засаг даргын захиалга, “Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолт”-ын “В.Тавигдах шаардлага” хэсгийн  “1. Ажлын байранд тавигдах шаардлага”-ын “Туршлага” хэсэгт “Төрийн захиргааны албанд 3 ба түүнээс дээш жил ажилласан” байхыг шаардсан байна. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт “захиалга хүргүүлэхэд тавигдах шаардлагыг тухайн албан тушаалд 3 жил гэсэн боловч Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс 5,6 сумын Тамгын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байгаа бөгөөд танайхаас тавьсан шаардлага нь боломжгүй байгаа тул ажилласан жилийн шаардлагыг эргэж харна уу” гэсний дагуу бид Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж ажилласан жилийг “төрийн захиргааны албан тушаалд 3 ба түүнээс дээш” гэж өөрчилсөн гэсэн нь дээрх Төрийн албаны Салбар зөвлөлөөс ирүүлсэн нотлох баримтаар нотлогджээ[4].

Нэхэмжлэгчээс төрийн албанд 3 жил ажилласан, сумын Засаг даргын орлогчийн албан тушаал төрийн албанд ажилласан хугацаанд орж тооцогдоно,  ажлын байрны тодорхойлолтод заасан хугацаа нь шалгалт өгөх үед “төрийн албанд 3 жил” гэсэн байсан гэж маргаж байгаа боловч Салбар зөвлөлөөс ирүүлсэн дээрх нотлох баримтаар няцаагдаж байна. Нэхэмжлэгч Б.Ү  нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 2 жил 8 сар ... сумын Засаг даргын тамгын газарт хөгжлийн бодлогын мэргэжилтнээр, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 сар 5 хоног ... сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан нь түүний ******* дугаарын нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн бичилтээр тогтоогдож байна[5].

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “Бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын орлогч төрийн улс төрийн албан тушаалд хамаарна”, 7 дугаар зүйлийн 7.1.11-т “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал төрийн захиргааны албан тушаалд хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хөгжлийн бодлогын мэргэжилтнээр ажилласан хугацаа /2 жил 8 сар/ төрийн захиргааны албан тушаалд, сумын Засаг даргын орлогчоор ажилласан хугацаа /3 сар 5 хоног/ нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байна. Сумын Засаг даргын орлогчоор ажилласан хугацаа нь төрийн алба хаасан хугацаанд хамаарах боловч төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаанд хамаарахгүй.

Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл нь нэхэмжлэгч Б.Ү гийн ажилласан хугацааг тооцохдоо төрийн захиргааны албан тушаалд бус төрийн албанд ажилласан хугацаагаар тооцож, сонгон шалгаруулалтад оролцуулсан нь салбар зөвлөлөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 24 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбар, сонгон шалгаруулалтад оролцогчдын ерөнхий шаардлагад өгсөн үнэлгээний хуудас, сонгон шалгаруулалтад оролцохоор Салбар зөвлөлд ирүүлсэн Б.Ү гийн төрийн албан хаагчийн анкет зэргээр тогтоогджээ[6]

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.14-т “Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага нь төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд орох иргэний бэлтгэл нөөцийн санг төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу бүрдүүлнэ”, 17.15-т “Төрийн албаны төв байгууллага нь төрийн албаны бэлтгэл нөөцийн нэгдсэн санг эрхэлж, төрийн жинхэнэ албаны сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна”-д заасны дагуу ... сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалыг нөхөх зорилгоор Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа ажил олгогчийн захиалгад заасан шаардлагыг хангаагүй иргэнийг сонгон шалгаруулалтад оролцуулан үнэлгээ хийсэн нь дээрх хуулийн заалтууд болон Монгол улсын Их хурлын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1-ийн 3-т “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлын зорилго нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-...т заасан болон тухайн албан тушаал /ажлын байр/-д тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино” гэснийг зөрчсөн байна.

Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 39 тоот тогтоолоор Б.Ү г ... сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд  томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч ... сумын Засаг дарга нэр дэвшүүлсэн иргэнийг тухайн албан тушаалд томилохоос татгалзсан хариуг хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна[7].

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна”, 33.3-т “Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж Засаг дарга томилно” гэж тус тус заасан ба сумын Засаг даргын тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх эрх нь тухайн сумын Засаг даргад хуулиар олгогдсон байна. Монгол улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралт “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9-ийн 37-д “Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсний дагуу ... сумын Засаг дарга нэр дэвшүүлсэн иргэнийг томилохоос татгалзсан тухай хариугаа 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 01/410 тоот албан бичгээр Төрийн албаны Салбар зөвлөлд хүргүүлжээ. Харин Төрийн албаны Салбар зөвлөл томилох эрх бүхий этгээдийн хариуг хүлээн авсан боловч дээрх журамд заасны дагуу өөр иргэнийг нэр дэвшүүлэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан баримтаас харахад Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл 2002 оны Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд заасныг зөрчсөн нь хариуцагчтай хамааралгүй, хариуцагчийн зүгээс хууль зөрчин нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолыг хөндсөн шийдвэр гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэжээ. Хуулийн заалтаас харахад төрийн албан тушаалд томилогдох иргэн нь ажилласан байдлын туршлага, мэдлэг ур чадварыг хангасан байхыг шаардсан бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан захиалгандаа тавигдах шаардлагыг нарийвчлан зааж, ажлын байрны тодорхойлолтыг хамт хүргүүлсэн тул Төрийн албаны Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг захиалгад заасан ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр томилохоос татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Харин “улс төрийн шалтгаанаар буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч” гэсэн үндэслэлээр татгалзаж байгаа нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасантай нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон боловч төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор улс төрийн намын гишүүнээсээ түдгэлзэх үүрэгтэй байхад томилох шийдвэр гаргаагүй байхдаа түүнийг улс төрийн намын харьяалал болон сонгуульт ажлаасаа татгалзах ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр. “Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Б.Ү  нь Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд ажилтан сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтад орох үедээ эрхэлсэн ажилгүй байсан нь түүний Салбар зөвлөлд ирүүлсэн “Төрийн албан хаагчийн анкет”-д тусгагджээ[8].

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн байх ба нэхэмжлэгч нь ... сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд томилогдоогүй тул түүний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сумын Засаг даргын тамгын газрын даргын цалингийн шатлалаар бодож, томилох эрх бүхий этгээдээс гаргуулах үндэслэлгүй юм.    

Иймд нэхэмжлэгч Б.Ү гийн тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.    

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.14, 17.15,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д заасныг тус тус баримтлан ... сумын иргэн Б.Ү гоос тус сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “... сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЖАРГАЛ