Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 221/МА/2022/0590

 

 

 

 

 

 

 

 

               “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Г” ХХК

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ

Гуравдагч этгээд “А” ХХК, “Ау” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:

-Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 3/209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах,

-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “А” ХХК нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ХХНТ-061/2021 дүгээр “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “А” ХХК нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байгуулсан ХХНТ-104/2021 дүгээр “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах,

-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “А” ХХК-ийн хооронд 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-006/2020 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ”, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Ау” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ХХНТ 005/2020 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “А” ХХК, “Ау” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ХХНТ-016/2020, XXHT-017/2020 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 316 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2020/0420/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Авто тээврийн үндэсний төвд холбогдуулан

-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 3/209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах,

-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, АХХК нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ХХНТ-061/2021 дүгээр “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ау” ХХК нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байгуулсан ХХНТ-104/2021 дүгээр “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах,

-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон АХХК-ийн хооронд 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-006/2020 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ”, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон АуХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ХХНТ 005/2020 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын АХХК, “Ау” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ХХНТ-016/2020, XXHT-017/2020 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 316 дугаар шийдвэрээр: 

“...Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, 9 дүгээр зүйлийн 9.1, 15 дугаар зүйлийн 15.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гаргасан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 3/209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “А” ХХК нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ХХНТ-061/2021 дүгээр “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Ау” ХХК нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байгуулсан ХХНТ-104/2021 дүгээр “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “А” ХХК-ийн хооронд 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-006/2020 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ”, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон “Ау” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ХХНТ 005/2020 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “А” ХХК, “Ау” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ХХНТ-016/2020, XXHT-017/2020 дугаар “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 3/209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуульд үндэслэх тусгай зарчмыг баримталж, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлсэн байна” гэж дүгнэсэн байна.

Хариуцагчийн зүгээс цагийн давтамж нэмэгдүүлэх шийдвэр гаргахдаа хууль  дүрэм, гэрээнд заасны дагуу тооцоо судалгааг гаргаагүй улс орон даяар хөл хорио тогтоосон /Ковид-19/ цар тахалтай үед цагийн давтамж нэмэгдүүлсэн шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохироогүй зорилгодоо нийцээгүй захиргааны акт гэж үзэж байна.

Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.9-д “2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн цагийн давтамж нэмэгдүүлэх асуудлаар баруун гурван аймагт тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй зам тээвэр хөгжлийн сайд Б.Э уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтын үр дүн, шийдвэрлэсэн асуудлыг шүүхээс дүгнэхдээ “Нөхөн олговор авах шаардлагатай эсэхийг судлах” ажлын хэсэг байгуулах асуудалтай хамаатуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй хэмээн хавтаст хэрэгт авагдсан уулзалтын тэмдэглэл болох нотлох баримтыг хариуцагч талд ашигтай байдлаар үнэлж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн.

Тус уулзалтад миний бие биечлэн оролцсон бөгөөд Автотээврийн үндэсний төвөөс гаргасан тооцоо судалгааг гаргаж шинээр тээвэрлэлт хийх хүсэлт гаргасан аж ахуй нэгж байгууллагуудын танилцуулгыг хүргэсний дараа “Автотээврийн үндэсний төв олгогдсон эрхийнхээ дагуу асуудлаа шийдээд яваарай” гэж хэлсэн, үүний дараа эрх ашиг нь зөрчигдөж буй аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд санал хүсэлт тайлбар гаргасан, улмаар сайдаас Автотээврийн үндэсний төв судалгаа тооцоог дахин сайн хийж дүгнэлт гаргах, Автотээврийн Үндэсний төв, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Зам тээвэр хөгжлийн төвтэй нийлээд нөхөн олговор авах шаардлагатай эсэхийг судлах, холбогдох судалгаа тооцоог хийсний эцэст дээрх асуудлуудыг сайдын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн юм.

Гэтэл шүүхээс “зөвхөн нөхөн олговор авах шаардлагатай эсэхийг судлах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

3.2.Нөгөөтэйгүүр зам тээвэр хөгжлийн яамнаас сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Зам тээвэр хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Г-с 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 07\419 дүгээр албан бичгээр “Баруун 3 аймагт цагийн давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал, нөхөн олгох боломжтой эсэхэд санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллах албан тушаалтны нэрийг ирүүлнэ үү” гэсэн албан бичиг ирснийг Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ажлын хэсэгт ажиллах албан тушаалын нэрсийг явуулж байсан.

Гэтэл Автотээврийн үндэсний төв нь сайдын өгсөн үүрэг даалгаврыг зөрчиж, зам тээвэр хөгжлийн яаман дээр ажлыг хэсэг байгуулагдаж амжаагүй байхад цагийн давтамж нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн Зам тээвэр хөгжлийн дэд сайдаас цагийн давтамж нэмэгдүүлэхгүй байх, шинээр аж ахуй нэгж байгууллагуудтай гэрээ байгуулахгүй байхыг үүрэг болгосон бичгийг хариуцагчид хүргүүлсэн байхад ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүдийг гаргаж бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн байдаг.

Хариуцагчаас 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр цагийн давтамж нэмэгдүүлэх эсэх асуудлаар гаргасан тооцоо судалгааг нэхэмжлэгч талд танилцуулаагүй, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр Авто тээврийн хэрэгслээр ачаа зорчигч тээвэрлэх дүрэм батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй зэрэгцэн ашиг сонирхлын зөрчилтэйгөөр цар тахал, хөл хориотой үед цагийн давтамж нэмэгдүүлсэн.

Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн холбогдох заалтыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн албан бичгийг үндэслэж нэхэмжлэгчийн тайлбар хуульд нийцэхгүй байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчаас хууль бус захиргааны акт гаргасантай холбоотойгоор гуравдагч этгээд нартай байгуулсан тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах гэрээнүүд нь хүчингүй болгуулах үндэслэлтэй.

Өнөөдрийн байдлаар хариуцагч нь цагийн давтамж нэмэгдүүлэх шийдвэр гаргахдаа хууль, гэрээ, дүрмийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн, тооцоо судалгаа буруу гаргаж цагийн давтамж нэмэгдүүлсэний улмаас тус чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон, мөн 2022 оны 6 дугаар сараас эхлэн манай аж ахуй нэгжийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг үл ялих шалтаг, шалтгаанаар хариуцагчаас зогсоогоод байгаа болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 316 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй  орхиж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгчийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх “...захиргааны акт мөн, хариуцагч хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Хот хоорондын ХХ17 дугаартай Улаанбаатар-Баян-Өлгий аймгийн Өлгий сум-Улаанбаатарын 10 цагийн давтамж нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагааг явуулсан, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг хэрэгжүүлсэн, журмын холбогдох заалт Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн...” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...тооцоо судалгааг гаргаагүй, улс орон даяар хөл хорио тогтоосон үед цагийн давтамж нэмэгдүүлсэн нь бодит нөхцөл байдалд тохироогүй, зорилгодоо нийцээгүй захиргааны акт юм” гэж дурдсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т зааснаар захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох бөгөөд бодит нөхцөл байдлыг тогтоохдоо ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээхээр хуульчилжээ.

1.2.Тодруулбал Актыг гаргах үндэслэл болсон нөхцөлийг бүрэн тодорхойлж, түүнд хамаарах нотлох баримтыг цуглуулж, тэдгээрийг үндэслэн шийдвэр гаргахыг бодит нөхцөл байдлыг тогтоосон гэж ойлгох ба хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2018 оны А/069 дүгээр албан бичгээр хүргүүлсэн тус аймгийн хот хоорондын нийтийн зорчигч үйлчилгээний өнөөгийн байдал, үйлчилгээний хүртээмж, соёл, цагийн давтамж, тулгамдаж буй асуудлын талаар хийсэн судалгааны танилцуулга, Улаанбаатар  хот-Баян-Өлгий аймгийн Өлгий сум-Улаанбаатар хот чиглэлд зорчиж буй зорчигч нараас авсан судалгаа, 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар хийсэн шинээр цагийн давтамж нэмэх боломжтой эсэх тооцоо судалгаа зэргээс хариуцагчийг дээрх хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж буруутгахааргүй байна. 

1.3.Зам, тээврийн хөгжлийн сайд 2020 оны А/24 дүгээр тушаалын хавсралтаар “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг шинэчлэн баталсан бөгөөд Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаарт бүрэн эхээрээ нийлэгджээ.

1.4.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайдад “...дээрх дүрмийн 3.3.4, 3.3.5, 3.3.7, 4.1.2.7, 4.1.2.8 дахь заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.2, 13.2.3, 13.2.7, 13.2.7 дах заалтыг зөрчиж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийг 60.1, 60.1.1-д зааснаар Өрсөлдөөний тухай хуульд нийцүүлэн аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөх боломжийг бүрдүүлж “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-д өөрчлөлт оруулах” талаарх 01/2066 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байна.

1.5.Хэдийгээр нэхэмжлэгч хариуцагчийг цагийн давтамжийг нэмэгдүүлэхдээ Зам, тээврийн хөгжлийн сайд 2020 оны А/24 дүгээр тушаалын хавсралтаар “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж тайлбарлан маргах боловч уг дүрэм нь цаг хугацааны хувьд маргаж буй актаас сүүлд буюу Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн.

1.6.Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тухайн дүрмийн заалтуудыг Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаарх албан бичгийг хүргүүлснээс үзвэл хууль зөрчсөн дүрмийг баримтлан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захиргааны үйл ажиллагааг буруутгах боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахааргүй байна. 

2.“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “А” ХХК-тай 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-006/2020, “Ау”ХХК-тай 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-005/2020 дугаар бүхий гэрээнүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

2.1.Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 76 дугаар тушаалаар гэрээгээр гүйцэтгэх хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах үйлчилгээг шилжүүлэн авсны дагуу ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны шийдвэр, цагийн давтамжийг нэмэгдүүлсэн 2020 оны 3/209 дүгээр албан бичгийн дагуу Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д заасан бүрэн эрхийн хүрээнд дээрх гэрээг байгуулсан тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

3.“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “А” ХХК болон “Ау” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ХХНТ-016/2020, ХХНТ-017/2020, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ХХНТ-061/2021, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ХХНТ-104/2021 дугаар гэрээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн хувьд:

3.1.Анхан шатны шүүх ХХНТ-016/2020, ХХНТ-017/2020 дугаартай гэрээнүүдийн хувьд ХХНТ-061/2021, ХХНТ-104/2021 дугаартай гэрээнүүд байгуулагдсанаар үйлчлэл дуусгавар болсон, нэгэнт дуусгавар болсон гэрээг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй, хариуцагч Авто тээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 15 дугаар зүйлийн 15.6-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай дээрх маргаж буй гэрээнүүдийг байгуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                      Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН