Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 025/2016/0068/з |
Дугаар | 331 |
Огноо | 2016-10-26 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 331
Х.Баттулгын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Галбадар, М.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баасанжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 025/ШШ2016/0009 дүгээр шийдвэртэй, иргэн Х.Баттулгын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Галбадарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 025/ШШ2016/0009 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 4, 103.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Баттулгын "Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн 9 дүгээр тойрог дахь "сонгогч шилжих журам" зөрчигдсөн (1-5, 7-14, 28-33) хэсгүүдийн санал хураалтыг хүчингүйд тооцохгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох", "Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн 9 дүгээр тойрог дахь "сонгогчид хүч хэрэглэн дарамт үзүүлсэн үйлдэл" гарсан (9, 11, 13) хэсгүүдийн санал хураалтыг хүчингүйд тооцохгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Галбадар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр 02-ны өдрийн 025/ШШ2016/0009 дугаар шийдвэрийг эс зевшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нэгдүгээрт, шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлийн тухайд:
1. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан, шүүх хуралдаан дээр УИХ-ын 2016 оны сонгуулийн 9-р тойргийн (1-5, 7-14, 28-33) хэсгүүдэд 1550 сонгогч Сонгуулийн тухай хуульд заасан "сонгогч шилжих журам зөрчин шилжсэн"-тэй холбогдуулан тухайн хууль бус үйл ажиллагааг хүчингүй болгохгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, үүнтэй холбоотойтойгоор сонгогчийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага болох Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан болно.
Гэтэл давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага болон хүсэлттэй холбоотой асуудлыг огт шийдвэрлээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хариуцан хэрэгжүүлсэн байгууллага болох Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байна. Түүнчлэн шүүхээс үндэслэх хэсэгтээ "... бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг хууль бус буюу сонгогч шилжих журмыг зөрчсөн гэж үзэх эрх Сонгуулийн ерөнхий хороонд олгогдоогүй байна" гэж дүгнэснээс үзэхэд уг маргаан бүхий асуудалд Улсын бүртгэл, статистикийн газрыг хамтран хариуцагчаар татан оруулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байсныг илэрхийлж байна.
2. Нэхэмжлэгчийн зүгээс УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт дахин санал хураалт явуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах шаардлагаасаа татгалзаагүй бөгөөд нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг тодруулан сонгуулийн 9-р тойргийн холбогдох хэсгүүдийн санал хураалтын дүнг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчлөн тухайн хэсгүүдэд санал хураалттай холбоотой даалгах шаардлага хэвээр үлдсэн болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн даалгах шаардлагатай холбоотой асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан зэргээс үзэхэд шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодорхойлоогүй, нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг орхигдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болно.
3. УИХ-ын сонгуулийн 9-р тойргийн 9, 11, 13-р хэсгүүд буюу Галуут сумын 1, 3, 5-р багт шилжин очсон сонгогчдоос 260 сонгогчийг хүч хэрэглэн санал өгүүлээгүй байдаг. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор Баянхонгор аймгийн цагдаа, прокурорын байгууллагад Б.Мягмар нарын нэр бүхий хүмүүсийн зохион байгуулсан хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудал шалгагдаж байхад уг асуудалтай холбоогүй Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баттулга, Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ-ын дарга Л.Батсайхан нартай холбоотой зөрчлийн асуудлыг шийдвэрлэсэн гэх шүүгчийн захирамжийг үндэслэн зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн зөрчилтэй холбоотой асуудлыг тодруулах эх сурвалжийг тодорхой дурдах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч шүүхээс зөрчилтэй холбоотой асуудалд нотлох баримтыг хангалттай цуглуулсаны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх хуульд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т "сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ", 65.4-т "сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх өгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ" гэж тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтаар "сонгогч шилжих буюу шилжин очих үйл ажиллагаа нь сонгогчийн өөрийн үйлдлээр хийгдэх" тухай тодорхой агуулга илэрхийлэгдсэн байдаг.
Энэ нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт хүргүүлсэн "сонгуулийн хууль болон УБСЕГ-ын даргын 2016 оны А/187 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Сонгогчдын нэрсийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журам" зэрэгт итгэмжлэлийн үндсэн дээр сонгогчийн шилжилт хийлгэх тухай зохицуулалт байхгүй тул сонгогчдыг бөөнөөр нь нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжүүлэх хөдөлгөөнийг бусдаар төлөөлүүлэн гүйцэтгүүлэхгүй байх шаардлагатай байна. Иймд уг асуудлаар санал авах байруудад ажиллаж буй улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудад чиглэл өгч ажиллана уу" гэсэн утга бүхий 373 тоот албан бичгээр баталгааждаг.
Сонгуулийн ерөнхий хороо нь иргэний сонгох, сонгогдох эрхийг ханган хэрэгжүүлж, сонгуулийг зохион байгуулж явуулах чиг үүргийг хүлээдэг Үндсэн хуулийн байгуулага бөгөөд "сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, сонгуулийн бүх шатны хороодын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдсон асуудлаар төрийн зохих байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах" зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Сонгуулийн тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу "сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах, хүргүүлэх" чиг үүрэгтэйгээр сонгуулийн харилцаанд оролцдог. Харин сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдсон асуудлаар төрийн зохих байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, сонгуулийн хууль тогтоомжийг нийтзд тайлбарлан таниулах бүрэн эрх нь Сонгуулийн ерөнхий хороонд байдаг. Энэ утгаараа Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн чиглэлийн хүрээнд хуульд заасан үүргээ биелүүлэх ёстой.
Гэтэл Сонгуулийн тухай хуулийн тодорхой заалт, Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн тодорхой чиглэл байсаар байтал давж заалдах шатны шүүх сонгогчийн шилжилтийг төлөөллийн үндсэн дээр хийх нь Сонгуулийн тухай хууль болон холбогдох журмыг зөрчөөгүй гэж тайлбарлан зөвтгөж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойргийн нийт сонгогчдийн 10.4 хувьтай тэнцэх хэмжээний буюу сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх хэмжээний иргэд (сонгогч шилжих) байдлаар зохион байгуулалтайгаар шилжин очиж саналын дүнд нөлөөлж байгаа нь иргэний төрийн удирдлагыг төлөөллийн байгууллагаараа дамжуулан удирдах хэрэгт оролцох эрхийг зөрчсөн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж үзэхээр байна. Энэ үйл ажиллагааг Сонгуулийн тухай хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн гэж үзэж шүүхийн практик тогтсон тохиолдолд дараа дараагийн сонгуульд хэн олон сонгогч тойрогт шилжүүлсэн нь төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын гишүүн болох үүд хаалгыг нээх сөрөг үр дагаврыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй болно.
Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан "сонгогч шилжих" заалт нь иргэдийн сонгох эрхийг баталгаатай эдлүүлэх үүднээс ажлын болоод хувийн зайлшгүй шалтгааны улмаас санал авах өдөр өөр тойрогт байгаа тохиолдолд саналаа өгөх боломжийг олгосон Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг хамгаалсан заалт байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс Сонгуулийн тухай хуулийн энэхүү заалтыг учир холбогдлыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.5-д "сонгогч шилжих ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн" нь сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлөхөөр байвал зөрчил гарсан хэсгийн санал хураалтыг Сонгуулийн ерөнхий хороо хүчингүй болгох бүрэн эрх олгогдсон байдаг.
Гэтэл шүүхээс сонгогч шилжихтэй холбоотой асуудалд Сонгуулийн ерөнхий хороо хяналт тавин шийдвэрлэх эрх хэмжээгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Үүнтэй холбоотойгоор хуулиар зөвшөөрөгдсөн журмыг илтэд зөрчин зохион байгуулалттай саналын дүнд нөлөөлөх байдлаар сонгогчдыг төлөөллөөр шилжүүлэн санал өгүүлсэн нь хууль бус ажиллагаа болох талаар Сонгуулийн ерөнхий хороо болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт санал хураалт явагдахаас өмнө удаа дараа гомдол гаргахад асуудлыг өөрөөсөө холдуулан төрийн байгууллага хооронд бичгээр шилжүүлэх байдлаар шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус үйл ажиллагааг шүүхээс огт анхаарч үзээгүй болно.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 025/ШШ2016/0009 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэн Х.Баттулга 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан хоёр тусдаа нэхэмжлэл гаргасан, “...Баянхонгор аймгийн Галуут сумын 1,3,5 дугаар багууд дахь Сонгуулийн хэсгийн санал хураалтын дүнг бүхэлд нь хүчингүй болгуулах, ...Л.Элдэв-Очирт түр үнэмлэх олгох тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 025/ШЗ2016/0068 дугаар захирамжаар, “...сонгуулийн 9 дүгээр тойргийн Сонгуулийн хэсгийн санал хураалтын дүнг бүхэлд нь хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүгчийн 025/ШЗ2016/0090 дүгээр захирамжаар тус тус захиргааны хэрэг үүсгэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд хандан “... хуульд заасны дагуу Х.Баттулгын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргүүдийг нэгтгэж ... өгнө үү” гэх хүсэлт гаргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 025/ШЗ2016/0092 дугаар захирамжаар хэргүүдийг нэгтгэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунболд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргаж, “УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойргийн сонгуулийн хэсгийн санал хураалтын дүнг бүхэлд нь хүчингүй болгуулах, дахин сонгууль явуулахыг СЕХ-нд даалгах” тухай “хоёр дахь” нэхэмжлэлийн шаардлагаа “...сонгогч шилжих журам зөрчсөн зөрчил нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байхад санал хураалтыг хүчингүйд тооцох өргөдлийг шийдвэрлээгүй, СЕХ-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчлөн, “Баянхонгор аймгийн Галуут сумын 1,3,5 дугаар багууд дахь Сонгуулийн хэсгийн санал хураалтын дүнг бүхэлд нь хүчингүй болгуулах, Л.Элдэв-Очирт түр үнэмлэх олгох тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай “нэг дэх” нэхэмжлэлийн шаардлагаас “...Л.Элдэв-Очирт түр үнэмлэх олгох тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн хэсгийг “... шийдвэрлүүлэхгүй” гээд, нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор аймгийн Галуут сумын 1,3,5 дугаар багууд дахь Сонгуулийн хэсгийн санал хураалтын дүнг хүчингүй болгуулах, сонгогч шилжих журам зөрчсөн зөрчил нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байхад санал хураалтыг хүчингүйд тооцох өргөдлийг шийдвэрлээгүй, СЕХ-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж нэгтгэн тодорхойлжээ.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунболд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа мөн өөрчилж, “...9 дүгээр тойрог дахь сонгогч шилжих журам зөрчигдсөн 1-5, 7-14, 28-33 хэсгүүдийн санал хураалтыг хүчингүйд тооцохгүй байгаа СЕХ-ны эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох, 9 дүгээр тойрог дахь сонгогчид хүч хэрэглэн дарамт үзүүлсэн үйлдэл гарсан 9, 11, 13 хэсгүүдийн санал хураалтыг хүчингүйд тооцохгүй байгаа СЕХ-ны эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох” гэж эцэслэн тодорхойлсон, шүүх эдгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Х.Баттулга 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Н.Ариунболдод “.../уг/ захирааны хэрэгт ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-20.1.7 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8 дахь заалтад заасан эрхийг итгэмжлэн” олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунболд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2-т тус тус заасны дагуу “... нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн тодорхойлсон байх тул шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... нэхэмжлэгчийн зүгээс УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт дахин санал хураалт явуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах шаардлагаасаа татгалзаагүй, ... уг шаардлагыг шүүх шийдэлгүй орхигдуулсан” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд “...9 дүгээр тойрог дахь сонгогч шилжих журам зөрчигдсөн 1-5, 7-14, 28-33 хэсгүүдийн санал хураалтыг хүчингүйд тооцохгүй байгаа СЕХ-ны эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу ... 9 дүгээр тойрогт шилжихээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хандсан сонгогчийн хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллага хүлээн авч, Сонгогчийн нэрсийн жагсаалтад өөрчлөлт оруулан бүртгэл хийснийг сонгогч шилжих журам зөрчсөн гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийж, “сонгогч шилжих журам зөрчигдөөгүй” талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой зааж, хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунболдын “... /9 дүгээр тойрогт шилжин ирсэн/ 1654 иргэний бүртгэлийн хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх шийдвэрлээгүй гэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад, нотлох баримтуудыг шинжлэн судлах, асуулт хариултын үе шатанд нэхэмжлэгч талаас “...бүртгэл хүчингүй болгуулах”-аар шаардлагаа нэмэгдүүлж, үндэслэлээ “... сонгогч шилжих журам зөрчсөн” гэж тайлбарласан, “бүртгэл хүчингүй болох эсэх” нь “журам зөрчсөн эсэх”-ээс шууд хамааралтай байх тул “өөр” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхгүй орхигдуулсан гэх үндэслэлгүй, уг асуудал нь агуулгын хувьд нэхэмжлэгчийн “...9 дүгээр тойрог дахь сонгогч шилжих журам зөрчигдсөн” гэх нэхэмжлэлийн үндэслэлд шууд хамаарч байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... шилжин очсон сонгогчдоос 260 сонгогчийг хүч хэрэглэн санал өгүүлээгүй ... зөрчилтэй холбоотой асуудалд нотлох баримтыг шүүх хангалттай цуглуулаагүй” гэх боловч Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас “... цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, ... сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласан” гэх зөрчилд хариуцлага тооцуулахаар Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн материалыг тус шүүх хянаад, “... зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэн, хариуцлага тооцуулахаар гаргасан гомдол, мэдээллийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2015 оны 52 дугаар захирамж хэрэгт авагдсан, сонгуулийн санал авах өдөр “сонгогчийг хүч хэрэглэн санал өгүүлээгүй” гэх талаар Сонгуулийн хэсгийн хороонд сонгогчоос ямар нэг гомдол гаргаагүй, зөрчил тогтоогдоогүй байх тул “сонгогчид хүч хэрэглэн дарамт үзүүлсэн үйлдэл гарсан 9, 11, 13 хэсгүүдийн санал хураалтыг хүчингүйд тооцохгүй байгаа” гэж Сонгуулийн ерөнхий хороог буруутгах үндэслэлгүй, энэ үндэслэлээр “Сонгуулийн ерөнхий хорооны хууль бус эс үйлдэхүй”-г тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв, “... шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Улсын Их Хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт 1913 сонгогч шилжиж ирсэн, сонгогчийн шилжилтийг Сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заасны дагуу “...санал авах өдрөөс 14 хоногийн өмнө” зогсоосон, шилжин ирсэн 1913 сонгогч нь Сонгуулийн тухай хуулиар “шилжин ирэх”-ийг зөвшөөрсөн хугацаанд шилжсэн, талууд уг үйл баримттай маргаагүй байна.
Аливаа иргэн, ямар нэг шалтгаанаар нэг газраас нөгөөд, бүр болон түр хугацаагаар шилжих нь иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан “үндсэн эрх” бөгөөд шилжилтээ бүртгүүлэхдээ өөрөө шууд хандсан, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгүүлсэн үйл баримт, эдгээртэй холбоотой харилцаа нь Иргэний эрх зүйгээр зохицуулагдах тул сонгогч иргэн шилжих, түүнтэй холбоотой төлөөлөл, итгэмжлэлийн асуудалд холбогдох маргаанд шүүх Иргэний хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь зөв юм.
Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд иргэний “төлөөлүүлэх эрх”-ийг тусгайлан хязгаарлахаар заагаагүй байхад иргэний эрх зүйн харилцаан дахь иргэний “төлөөлөл, итгэмжлэл”, түүнтэй холбоотой эрхийг Сонгуулийн тухай хуулиар “агуулгын хувьд” хязгаарласан гэж шүүх тайлбарлах боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...хуулийн 65.4-т “сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх өгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ" гэж заасан нь ... өөрийн биеэр очих агуулгатай, ... төлөөллийн үндсэн дээр шилжилтийг бүртгэсэн нь ... хуулийн /энэ/ заалтыг зөрчсөн, ... шүүх ... /хуулийг буруу тайлбарласан/” гэх гомдол үндэслэлгүй.
Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.5-д “... сонгогч шилжих ... ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн... /нь сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлөхөөр байвал зөрчил гарсан хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцох/”-оор заасан, сонгогч нь Сонгуулийн тухай хуулиар олгогдсон эрхийн хүрээнд, хуульд заасан хугацаанд шилжиж, өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, өөр бусад байдлаар сонгогч шилжих журам зөрчсөн “зөрчил гарсан” нь эрх бүхий этгээдээс тогтоогдоогүй байхад, Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дээрх заалтыг баримталж, хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэлгүй тул “...санал хураалтыг хүчингүйд тооцохгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны хууль бус эс үйлдэхүй”-г тогтоох боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Галбадарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 025/ШШ2016/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА