| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2021/0016/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/152 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/152
2021 03 04 2021/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,
Улсын яллагч: Г.Ууганбаатар,
Хохирогч: У.Мэндбаяр,
Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б.Д-т холбогдох эрүүгийн 2111 0000 00025 дугаартай хавтаст хэргийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Булган аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, Монголын Алт ХХК-ийн Нарийн сухайтын уурхайд лабораторийн химич, ам бүл 3, эх, ахын хамтСонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 5-30 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, М овогт Б.Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний орой Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын г-н 11-2а тоотод У.Мэндбаярыг найз эмэгтэй хоргоолоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Г.Чулуунсүрэнтэй юм ярьж гараас нь бариад байсан ба биднийг явах болоход У.Мэндбаяр араас гарч ирж, Г.Чулуунсүрэнгээс “Утасны дугаарыг чинь авч болох уу, тантай утсаар ярьж байж болох уу, таксинд суулгаад өгье” гэж асуусан. Тэгэхээр нь би “бид хоёр ингээд явчихна, чи ор” гэхэд тэрээр “Чамд ямар хамаатай юм бэ” гээд миний араас татсан тул би эргэж хараад түүнийг цохисон. ...У.Мэндбаяр надаас эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг амаар нэхэмжилсэн бөгөөд би тухайн үед хүнээс зээлсэн 2.500.000 төгрөгийг түр өгье, би ажилдаа явж ирээд үлдсэнийг нь өгье гэтэл У.Мэндбаяр 3.500.000 төгрөг авна гэсэн тул би хүнээс зээлсэн байсан мөнгөө буцааж өгсөн. Гэтэл прокурорын газраас таны хэрэг шүүхэд шилжсэн гэсэн тул би өмгөөлөгчөөс хуулийн зөвлөгөө авсан. Гэтэл “Та хохирогчийн эмчилгээний зардлыг өмнө нь өгсөн, шүүхээр орсны дараа өгсөн хоёр ялгаагүй. Та өөрийн боломжоороо эмчилгээний зардлыг өг” гэж хэлсэн тул би ажлаа хийж байгаад түүний эмчилгээний зардлыг өгье гэж бодсон” гэв.
Хохирогч У.Мэндбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 21-ний орой би ажлаасаа тарж гэртээ ирээд хажуу айлын н.Бямбаа гэх мужаан хийдэг залуугийн гэрт мужааны ойр зуурын зүйл асуухаар орсон. Гэтэл тэднийд хажуу айлын залуу, түүний эхнэр, Г.Чулуунсүрэн, Б.Д нар пиво уугаад сууж байсан. Би Монгол хүн учраас тэдэнтэй сайхан танилцсан. Би Б.Д--тэй хамт дэлгүүр явж хоёр пиво авч, сайхан найз нөхөд больё гэж ярьж байсан. Орой нь тэд явахаар болоход манай байр нохойтой тул тэднийг нохойд баригдах байх, таксинд суулгаж өгье гэж сайхан сэтгэл гаргаж тэдний араас нь гарсан. Гэтэл Г.Чулуунсүрэн намайг сэтгэл зүйч мэргэжилтэй гэдгийг сонсоод юм асууж, амьдралын ойр зуурын зөвлөгөө авсан. Түүнийг Б.Д буруугаар ойлгосон юм шиг байна лээ. Эргэж хараад намайг цохиж, өшиглөсөн. Маргааш нь би шүүх эмнэлэгт үзүүлж, энэ талаар Б.Д-т хэлсэн. Б.Д тухайн өдөр ирж надтай уулзсан бөгөөд би асуудлыг хуулийн дагуу шийдье гэж түүнд хэлсэн. Миний хоёр шүд унасан тул би имплант шүд хийлгэх мөнгө болох 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би өөртөө шүд хийлгэх гэж шүдний эмнэлгүүдийг судалсан бөгөөд Энхдент гэх эмнэлгийг сонгон үйлчлүүлэхээр болсон. Би Б.Д-с шүд хийлгэх мөнгөнөөс өөр бусад хохирол төлбөр буюу ажилгүй байсан хугацааны цалин, томограф зураг авхуулсны төлбөр, эмнэлэгт үзүүлсэн зардал гэх зэргийг нэхэмжлээгүй. Би зөвхөн Б.Дийн цохисны улмаас унасан хоёр шүдээ хийлгэх мөнгөө нэхэмжилж байна. ... Би шүдний эмнэлгүүдийг судалсан бөгөөд өмнө нь манай найз Энхдент эмнэлэгт үзүүлж байсан. Мөн манай ажлын газрын хүн Энхдент эмнэлгийг санал болгосон. Тиймээс надад боломжийн эмнэлэгт мэт санагдсан. Баталгаатай сайн эмнэлгээр шүд хийлгэх хэрэгтэй гэж би бодсон. ...Би одоохондоо мөнгөгүй байгаа ба миний боломж бололцоо болохгүй явсаар өдийг хүрсэн” гэв.
Хохирогч У.Мэндбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Сонгинохайрхан дүүрэгт хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ 11-2 тоотод байрлах нийтийн байранд ээж болон дүүгийн хамтаар оршин суудаг юм. Өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим хажуу айл болох 3 тоотын айлын нөхрөөс юм асуухаар явж орсон намайг ороход хажуу айлын эхнэр найз эмэгтэйтэйгээ тэгээд наана нь нэг залуу сууж байсан ба намайг явж ороход пиво ууж байсан бөгөөд би ороод бид 2,5 литрийн пивоноос 2 лаазыг хувааж ууж сууж дуусгаад эмэгтэй, эрэгтэй хоёр харьцгаая гээд гарцгаасан тэгээд гарахаар нь би тэр хоёрыг нохойноос гаргаж өгөх санаатай хамтдаа гарсан тэр үед найз хүүхэн надаас юм асууж байсан би асуултад нь хариулаад бид гадаа зогсож байсан чинь найз залуу нь чи манай найз хүүхэнтэй аль түрүүнээс хойш их дотно байгаад байна чи яагаад байгаа юм бэ гэхээр нь би өөрөө сэтгэл зүйч мэргэжилтэй танай найз хүүхэнд зөвлөгөө өгсөн шүү дээ гэсэн чинь хуцаад байгаарай битгий олон юм яриад байгаарай гэж хэлээд нүүр рүү гараараа 1 удаа цохиод заамдаж барьж байгаад газар унагаж байгаад нүүр рүү 1 удаа өшиглөсөн тэгээд миний үүдэн 2 шүд хугарч унасан тэр үед манай хажуугийн өрөөний танил залуу болон тэр залуугийн найз хүүхэн биднийг салгаад нөгөө залуу явчихсан. ...би тэр залууг бол танихгүй хажуу айлд орсон чинь сууж байсан. Тэр залуу найз хүүхэнтэйгээ намайг хардаад миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохиж унах үед шүд рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-р хуудас/,
Гэрч С.Анхзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-11-3 тоотод найз залуугийн хамтаар амьдардаг манай найз залуу барилгын ажил хийдэг юм. Өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим манай найз хүүхэн Чулуунсүрэн найз нь танайд очъё гэхээр нь тэг тэг гэж хэлээд байж байтал 15 цаг өнгөрч байхад найз залуу нь гэх Дашаа гэдэг залуугийн хамтаар манай гэрт 2,5 литрийн 2 лааз пиво бариад орж ирсэн тэгээд бид 3 тэр пивыг уугаад сууж байсан чинь хажуу айлын залуу Мэндбаяр гэдэг залуу манай найз залуутай уулзахаар орж ирсэн тэгээд бид нар нийлээд дахин 2 лааз пиво авч хувааж уугаад сууж байгаад манай найз хүүхэн найз залуутай явлаа гэж хэлээд 23 цагийн орчим манай гэрээс гарсан тэр үед манайд орж ирсэн байсан хөрш залуу Мэндбаяр тэр хоёрыг гаргаж өгөхөөр хамт гарсан тэр үед би 00 орохоор араас нь гарсан тэр үед Чулуунсүрэн хүүе ээ болиоч ээ гээд байхаар нь би айгаад очоогүй манай нөхөр Чулуунсүрэн нар тэр хоёрыг салгахад Чулуунсүрэнгийн найз залуу зугтаагаад алга болчихсон тэгээд дараа нь хөрш залуутай уулзаад хартал нүүр хэсэгтээ бага зэрэг хавдсан үүдэн 2 шүд нь уначихсан байсан яасан юу болсон бэ гээд асуусан чинь саяны залуу намайг зодчихлоо гэж хэлж байсан тэгээд өөрөө цагдаа дуудсан. ...намайг араас нь гарах үед Чулуунсүрэнгийн найз залуу манай хөрш залуутай муудалцаад барьцалдчихсан зогсож байсан. Гэрт байхад хөрш айлын залуу Чулуунсүрэнтэй юм яриад байсан тэр залуу найз хүүхэнтэйгээ хардаад муудалцсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-р хуудас/,
Гэрч Г.Чулуунсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед би Анхзаяа гэх найзынхаа Чингэлтэй дүүргийн 7 хороо ХГ-11-2 тоот нийтийн байранд байх найзындаа очсон юм. Тэгээд би Анхзаяагийн гэрт байх үед мөн 13 цагийн орчимд манай ангийн хүүхэд болох Дашаа 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад ирсэн юм. Тэгээд бид 3 пиво ууж хоол хийж идээд байгаад пиво маань дуусахаар нь Дашаа бид 2 ахиж нэг том пиво аваад ирсэн юм. Ингээд бид нар пиво уугаад сууж байтал уг нийтийн байрны залуу гэх эрэгтэй орж ирээд бид нартай хамт юм яриад суусан юм Тэгээд сууж байгаад манай найз Анхзаяагийн нөхөр ажлаасаа ирээд Дашаа болон нийтийн байрны залуу 2-г пивонд явуулсан юм. Үүнээс хойш пиво уучхаад 22 цагийн орчим санагдаж байна би Дашаа гэх найзтайгаа гэр лүүгээ харих гээд гэрээс нь гараад шатаар зам руугаа өгсөж байтал нөгөө нийтийн байрны залуу араас гарч ирээд намайг таксинд суулгаж өгье гэтэл Дашаа эргэж хараад чи муу түрүүнээс хойш ер нь яах гээд байгаа юм бэ гээд гараараа нөгөө залуугийн нүүр лүү нь нэг удаа цохиход нөгөө залуу нь халтираад унатал Дашаа ахиж очоод тэр 2 дээр доороо оролцоод зодолдоод байсан ба би салгах гэж очоод чадахгүй байж байгаад арай гэж салгаад Дашааг таксинд суулгаж өгөөд нөгөө залуутай эргээд уулзтал шүд рүү цохичихлоо гээд надад үзүүлэхээр нь би маргааш учраа олцгоо гээд яваад өгсөн. ...өшиглөсөн эсэхийг нь мэдэхгүй газар унасны дараа бас нүүр лүү нь 2-3 удаа цохих шиг болсон юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №248 дугаартай дүгнэлт: “1. У.Мэндбаярын биед зүүн зовхи, доод уруул болон дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний хугарал, доод уруулд цус хуралт, баруун доод зовхи, зүүн хөмсөгний гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-14-р хуудас/,
Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр багийн найз болох Чулуунсүрэн нь намайг “Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-11-2а тоот найзынхаа гэрт байна чи хүрээд ирээч гээд дуудахаар” нь 16 цагийн үед 2 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй Нийслэл нэртэй пиво, ус ундаа, чихэр жимс зэрэг эд зүйлс аваад очсон юм. Тэгээд тэд нар юм яриад ууж, идээд сууж байтал 19 цагийн орчимд уг байрны эзнийх нь хүүхэд гэж өөрийгөө Мэндээ гэж танилцуулсан залуу орж ирээд бид нартай хамт сууж юм яриад уусан юм. Тэгээд ууж байсан пиво маань дуусахаар нь би өөрийгөө Мэндээ гэж танилцуулсан залуутай хамт гарч бид 2 мөнгөө нийлүүлж ахиж нэг ширхэг 2,5 литрийн хэмжээтэй Нийслэл нэртэй пиво аваад ахин бид 4 уугаад сууж байтал гэрийн эзэн залуу ирээд бид нар танилцаад хэсэг юм ярьж сууж байгаад Чулуунсүрэн бид 2 явахаар болоод гэрээс нь гарах гэтэл Мэндээ бид хоёртой хамт гараад “та хоёрыг хүргээд өгье” гээд Чулуунсүрэнгийн гараас нь бариад, надад дугаараа өгчих гэхээр нь би уг залуу руу ”одоо болох юм биш үү” гэж хэлээд эргээд хартал намайг заамдаад авахаар нь би шууд ам руу нь зүүн гараараа нэг удаа цохиод эргээд яваад өгтөл миний араас ирээд хувцаснаас зулгааж, намайг унагаах гээд байхаар нь би ноцолдож байгаад унагаагаад нүүр лүү нь гараараа мөн 2 удаа цохиод, өндийгөөд босох гэхээр нь хальт мөр цээжин хэсэг рүү нь өшиглөөд явах гэтэл Анхзаяагийн нөхөр гарч ирээд намайг заамдаж аваад байж байтал Анхзаяа. Чулуунсүрэн 2 салгаад тэгээд гэр лүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 18-19-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн 4-5-р хуудас/,
Хохирогч У.Мэндбаярын гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 39-40, 44-49-р хуудас/,
Шүүгдэгч Б.Д-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30-р хуудас/
Шүүгдэгч Б.Д-н иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 23-29-р хуудас/,
Хохирогч Б.Д-н шүүх хуралдаанд шинээр гаргаж ирүүлсэн Энх Номин Эрдэнэ ХХК-ийн Энхдент шүдний эмнэлгийн тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний орой Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-н 11-2а тоотод хохирогч У.Мэндбаярыг Г.Чулуунсүрэнтэй хардаж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хүний биед зүүн зовхи, доод уруул болон дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний хугарал, доод уруулд цус хуралт, баруун доод зовхи, зүүн хөмсөгний гадна хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч У.Мэндбаяр, гэрч С.Анхзаяа, Г.Чулуунсүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №248 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Д-н мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Б.Д нь хохирогч У.Мэндбаярыг Г.Чулуунсүрэнтэй хардсаны улмаас хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохих, унахад өшиглөх зэргээр зодсон, тэрбээр өөрийн энэхүү үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.
Прокуророос шүүгдэгч Б.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх дүгнэлт:
Хохирогч У.Мэндбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны цалин, түүнтэй адилтгах бусад орлого зэрэг нийт 4.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 248 тоот дүгнэлтэнд “...Хэсэг газрын үзлэгт: ...дээд үүдэн хоёр шүд цөгц хэсгээр хөндлөн хугарсан, зөөлц харагдана ...Дүгнэлт: 1. ...биед ...хоёр шүдний хугарал ...гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт, мөн Энхдент шүдний эмнэлэгийн шүдний их эмч Л.Нацагдоржийн тодорхойлолтонд “...үзлэгээр гэмтлийн улмаас 11 болон 21 дүгээр шүд нь авах заалттай оношлогдсон ба тухайн шүднүүдийг авсны дараа суулгац шүд (имплант) шүдэлбэрээр сэргээх шаардлагатай” гэх тодорхойлолтууд авагдсан байна.
Хохирогч У.Мэндбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би одоохондоо мөнгөгүй байгаа ба миний боломж бололцоо болохгүй явсаар өдийг хүрсэн” гэж мэдүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар хохирогч нөхөн сэргээх, сэргээн засах эмчилгээ сувилгааг хийсэн байх ийнхүү хийхэд гарсан зардлыг шаардах эрхтэйг хуульчилсан байна. Хэдийгээр хохирогч У.Мэндбаяр нь шүдний эмчилгээ хийлгээгүй, мөн эмчилгээг хийлгэхэд шаардлагатай төлбөрийг өөрөө төлөх боломжгүй талаараа мэдүүлсэн байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “...хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан байна. Хохирогч У.Мэндбаярын эрүүл мэндэд учирсан хохиролын хувьд хугарсан шүд нь өөрөө нөхөн төлжихгүй, зайлшгүй шүдийг авах, цаашлаад хиймэлээр шүд суулгах эмчилгээ хийх шаардлагатай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч У.Мэндбаярын зайлшгүй хийлгэх шаардлагатай эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг нэхэмжилсэн нь Энхдент шүдний эмнэлгийн нэхэмжлэлийн хуулбар болон эмнэлгийн их эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хохирогч У.Мэндбаяр нь эмнэлгийн үзлэг, эм худалдан авсан 50.050 төгрөгийн баримтыг ирүүлснийг шүүгдэгч Б.Д-с гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Д-с нийт 4.050.050 төгрөгийг гаргуулж хохирогч У.Мэндбаярт олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Д нь хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг шүүгдэгчид ял оногдуулахдаа зайлшгүй харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх зүйлд зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, түүний бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д-т сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйл, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Б.Д-с 4.050.050 /дөрвөн сая тавин мянга тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч У.Мэндбаярт олгосугай.
6. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, түүний бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР