Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/164

 

 

                                                           

 

 

 

 

 

 

2021       03          10                                  2021/ШЦТ/164

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: А.Азжаргал,

Шүүгдэгч: Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ц овгийн Ч.Ч-т холбогдох эрүүгийн 2011018890101 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 29-1/69 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Ц овогт Ч.Ч

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Ч.Ч нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” караоке дотор 2020 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хаах цагт болсон гэж караокеноос хөөлөө” гэх шалтгаанаас болж Н.Энхтуяагийн толгойн тус газарт тус караокены хоол зөөдөг тавиур, хоолны цэс зэргийг шидэж биед зүүн зулайн хуйханд шарх, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ч.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Б.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний шөнө 02:00 цагийн орчим гаднаас үл таних 3 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирсэн. Тэгэхээр нь би манайх одоо удахгүй хаах гэж байна. Нэг цагийн хугацаа л байна. Гэхэд өө тэгнэ тэгнэ 1 цаг байхад болно гээд 3 тоот өрөөнд үйлчлүүлсэн. Тэгээд нэг цаг караоке, 750 граммтай нэг шил архи, ундаа ус авцгаасан. Захиалсан цаг дуусаад 03:30 цагийн үед би эдгээр хүмүүст 2-3 удаа манай хаах гэж байна гараарай гэж сануулсан. Тэгээд сүүлдээ гарахгүй байхаар нь өрөө рүү ороод зурагт, мик, бүх юмаа унтраагаад манайх хаах гэж байна гэж хэлэхэд нэг эмэгтэй нь архиа ууж дуусаагүй байна. Энийгээ уугаад гарлаа гэхээр нь манайх одоо хаалаа, хаахгүй бол цагдаа нар орж ирээд бөөн асуудал болно. Бид нар бас асуудалд ормооргүй байна гэтэл нөгөө эмэгтэй энийгээ уучихаад гарна гэхээр нь энд уулгахгүй, одоо гар аа, та хэд юмаа аваад гарч болно шүү дээ гэж хэлээд хаалгыг нь онгорхой үлдээгээд гарсан. Тэгээд текин дээр очоод камераа шалгаад харж байтал өрөөнд байсан нэг залуу хувцсаа өмсөөд энд заавал хөөгдөн барин сууж яадаг юм гээд ширээн дээр байсан архиа аваад хаалгаар шидсэн. Тэгэхээр нь би очоод та нар яагаад байгаа юм бэ гээд ингэж болохгүй гэтэл өөдөөс архи шидсэн залуу нэг юм яриад л маргаан үүсгээд байсан. Тэгээд буцаад текин дээр очоод байж байтал архи шидсэн залуутай хамт явж байсан хар саравчтай малгайтай, хар фудволктой, өндөрдүү, дунд зэргийн мяраатай залуу гартаа архитай хундага барьж хүрч ирээд над руу архиа цацаад архины хундага шидэхэд би оногдоогүй. Намайг хэл амаар доромжлоод текин дээр байсан 2 давхар поднусийг шидэхэд би зүүн гараараа хаагаад хамрын доод хэсгийг цохисон, тэгээд текин дээр байсан целлютон, босоо хоолны меню авч шидээд миний толгойг оночихсон юм шиг байна лээ. Би тэр үед толгой хагарсан гэдгийг мэдээгүй. Зүүн талын шилэн хүзүүний араар цус халуун оргиод урсаад байсан. Тэгээд цус гараад байхад тоож байгаа шинж байхгүй, текний урд байдаг сандлыг аваад цохих гээд дайраад байсан. Манай зөөгч тэр залууг болиулах гээд дийлэхгүй, тэр залуутай хамт явж байсан хүмүүс нь зүгээр хараад, цаанаас 5 тоот өрөөнд үйлчлүүлж байсан залуу ирээд тэр залууг болиулсан. Удалгүй цагдаа нар ирээд тэр залууг аваад явсан. ...миний зүүн гарын шуу хэсгээр хөхөрч хавдсан, зүүн талын толгойн дээд хэсэг хагарч цус гарсан. Амны дээд хэсэгт цохиулаад хорсоод улайсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20-р хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн №12596 тоот дүгнэлт: 1. Н.Энхтуяагийн биед зүүн зулайн хуйханд шарх, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би түүний шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан байгаа. Би тухайн өдөр нэлээн согтсон байсан, ямар ч байсан текний ард байсан эмэгтэйтэй архиа уучхаад гарна гарахгүй гэх асуудлаас болж маргалдсан, бид нарыг нохой, шувуу хөөж байгаа юм шиг хамаг юмаа хураагаад хөөгөөд байсан. Тэгээд текин дээр байсан нэг дөрвөлжин целлютан юмыг аваад шидсэн, тэр үед түүний толгойг нь оноё гэж шидээгүй, уурандаа л аваад шидсэн, гэтэл хохирогчийн толгойг оносон байсан, түүний зүүн чихний араас шилэн хүзүүг нь дагаад цус гоожоод байсан, би түүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/,

   Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 14-р хуудас/

Шүүгдэгч Ч.Ч-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39-р хуудас/

Шүүгдэгч Ч.Ч-н иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 42-57-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч Н.Энхтуяа, шүүгдэгч Ч.Ч нарын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 85-86-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 93-р хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Ч нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Андууд” караоке дотор 2020 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хаах цагт болсон гэж караокеноос хөөлөө” гэх шалтгаанаас болж Н.Энхтуяагийн толгойн тус газарт тус караокены хоол зөөдөг тавиур, хоолны цэс зэргийг шидэж биед зүүн зулайн хуйханд шарх, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Н.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн №12596 тоот дүгнэлт, шүүгдэгч Ч.Ч-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Ч-н үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос шүүгдэгч Ч.Ч-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Энхтуяа Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандан ирүүлсэн хүсэлтэндээ “...Ч.Ч-тай сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээний 100.000 төгрөг бэлнээр болон шилний хагарсан мөнгө болох 120.000 төгрөг хүлээн авсан болно. Цаашид Ч.Ч-т гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгч Ч.Ч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна

Шүүгдэгч Ч.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ч.Ч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч Н.Энхтуяагийн  эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Н.Энхтуяа нь шүүгдэгч Ч.Ч-с нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байгаа талаараа ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн тавиур 2 ширхэг, хуванцар өнгөгүй хоолны цэс 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эд зүйл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Ч.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц овогт Ч.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ч.Ч-т сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн тавиур 2 ширхэг, хуванцар өнгөгүй хоолны цэс 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Ч.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР