| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2021/0173/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/202 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/202
2021 03 26 2021/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,
Улсын яллагч: Д.Ундармаа,
Шүүгдэгч: Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Майбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Хөх тогоруут овгийн Давгасүмбэрэлийн Д.А /РД:УШ98062718/-т холбогдох эрүүгийн 2111 0000 00055 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүргэлтийн жолоочийн ажил хийдэг гэх, ам бүл 2, эгчийн хамт, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 25 дугаар байрны 1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Х тогоруут овгийн Д.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Шүүгдэгч Д овогтой Д.А нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжны 8 тоотод байхдаа мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор фэйсбүүкийн “Yndoo Az Az” гэх цахим хаягаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж хөзөр ашиглан тоглодог “Texas” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Гэрч Д.Мөнгөнбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр миний бие өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 23-42-1 тоотод байхдаа өөрийн фэйсбүүк хаяг болох Mongonbayar mongoo гэх хаягаараа орж байтал Yndoo az az гэх нэртэй хүн фэйсбүүкээрээ шууд бичлэг хийгээд техас тоглоом зохион байгуулж байхаар нь үзэж байгаад тухайн тоглоомыг нь тоглож үзмээр санагдаад тухайн шууд бичлэгт байх данс болох 5057743896 данс руу өөрийн данс болох 5007325288 гэсэн данснаасаа 20.000 төгрөг шилжүүлэн тоглосон. Тэгээд мөнгө хожоогүй тул тоглохоо больсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас/
Гэрч Ц.Майцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр фэйсбүүк үзэж байхад шууд бичлэгээр техас тоглуулж байхад нь 5057743896 тоот данс руу 5000 төгрөг нэг удаа шилжүүлж тоглосон дахиж мөнгө шилжүүлээгүй ...би 2020 оны 12 дугаар 14-ны өдөр фэйсбүүк үзэж байхад шууд бичлэгээр техас тоглуулж байсан Yndoo az az гэх хаягыг анх харсан уг цахим хаягны эзнийг танихгүй ямар нэг харилцаа байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41-р хуудас/
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл: “...2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагч Д.Аэс өөрийн Хаан банкны 5057743896 тоот дансны 2020 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх дансны хуулганд үзлэг хийхээр тогтов. Уг дансны хуулга нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс хойшхи гүйлгээний хуулга байв. ...тус дансны хуулганд үзлэг цахим бооцоот тоглоомоос орж ирсэн орлого нийт 2.550.000 төгрөг орсон байх ба 1.782.000 төгрөгний зарлагыг Yndoo гэх утга бүхий гүйлгээ хийсэн байв. Энэхүү цахим тоглоомоос Д.А олсон ашиг 768.000 төгрөг болохыг тэмдэглэлд тусгав” /хавтаст хэргийн 12-13-р хуудас/
Шүүгдэгч Д.А-н Хаан банк дахь төгрөгийн 5057743896 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 14-30-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 37-р хуудас/
Шүүгдэгч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын сүүлээс эхлүүлээд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл өөрийн гар утсаа ашиглан цахим тоглоом зохион байгуулсан. Тухайн тоглоомыг миний бие зохион байгуулаад 400.000 төгрөгнөөс 500.000 төгрөгний ашиг олсон байх гэж бодож байна. Учир нь тухайн техасыг шууд бичлэг хийж зохион байгуулсан тул 4 тоглолт хийгээд 20.000 төгрөг авдаг юм. Тухайн мөнгөөрөө эм авсан бөгөөд мөн хоол хүнсэндээ зарцуулсан. Миний зүүн талын хөлний өвдөг бэртэлтэй тул шаардлагатай эм тариагаа авдаг юм. Миний бие эхээс гурвуулаа бөгөөд манай ээж нас барсан ба тэрнээс хойш ганцаараа байр түрээслэн амьдарч байна фэйсбүүк дээр уг тоглоомыг зохиогоод байхаар нь болдог юм байна гээд зохион байгуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-47-р хуудас/
Шүүгдэгч Д.А иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52, 53-р хуудас/
Шүүгдэгч Д.А Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн хуралдаанаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын санал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 768.000 төгрөг тушаасан тухай Хаан банкны 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шилжүүлгийн баримт зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Шүүгдэгч Д.А-с Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтанд заасан үндэслэлээр “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй амьдарна гэдгээ маш сайн ухамсарласан. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 768.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байгаа тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж өгнө үү...” гэх хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар Д.А нь гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурор Д.Ундармаагаас сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/445 дугаар захирамжаар Д.А-д холбогдох эрүүгийн 2111000000055 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоож, яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Шүүгдэгч Д.А нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжны 8 тоотоос цахим орчинд холбогдож фэйсбүүкийн “Yndoo Az Az” гэх хэрэглэгчийн бүртгэлээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “Texas” гэх нэршилтэй мөрийтэй тоглоом зохион байгуулж 768.000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Д.Мөнгөнбаяр, Ц.Майцэцэг нарын мэдүүлэг, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Д.А Хаан банк дахь төгрөгийн 5057743896 тоот дансны хуулга, шүүгдэгч Д.А мэдүүлгүүд зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.А нь үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос шүүгдэгч Д.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагч Д.А-с өөрийн Хаан банкны 5057743896 тоот дансны 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх дансны хуулганд үзлэг хийхээр тогтов. Уг дансны хуулга нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс хойших гүйлгээний хуулга байв. ...тус дансны хуулганд үзлэг цахим бооцоот тоглоомоос орж ирсэн орлого нийт 2.550.000 төгрөг орсон байх ба 1.782.000 төгрөгийн зарлагыг Yndoo гэх утга бүхий гүйлгээ хийсэн байв. Энэхүү цахим тоглоомоос А-н олсон ашиг 768.000 төгрөг”-ийн ашиг олсон болох нь тогтоогдсон байна. Шүүгдэгч Д.А нь гэмт хэргийн улмаас олсон орлого болох 768.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгийн газрын Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан Хаан банкны шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлнэ гэж заасны дагуу шүүгдэгч Д.А-с мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 768.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.А нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас олсон орлогыг нөхөн төлсөн байна.
Шүүхээс шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овгийн Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.А-д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-с мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 768.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгийн газрын Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР