Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/85

 

 

                                                           

 

 

 

 

 

 

2021         01          25                                   2021/ШЦТ/85

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

улсын яллагч Б.Чимгээ,

хохирогч Т.Нямдолгор, Н.Наранчимэг, И.Одгэрэл, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, хохирогч Б.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт С.Т-т холбогдох эрүүгийн 1811 0294 40577 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 8 дугаар байрны 17 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаартай, Б овогт С.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Урт. цагаан худалдааны төвд үсчинээр ажиллаж байхдаа тус төвд алт, үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч иргэдтэй тогтоосон танилын харьцаа, өмнө нь зээлээр бараа авч мөнгийг нь буцаан өгдөг байсан зэрэг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, богино хугацаанд зарж борлуулаад мөнгийг нь өгнө, Замын-Үүдэд үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг нөхрийнхөө дүүгээр заруулна, өөрийнхөө амьдралд үнэт эдлэлийн хуримтлал үүсгэнэ, зээлээр авсан эд зүйлийнхээ төлбөрийг нөхрийнхөө барьж байгаа барилгын урьдчилгаанаас бөөнөөр нь төлнө, баригдаж байгаа барилгыг дуусахаар 2 өрөө орон сууц өгнө гэх зэргээр хуурч, Т.Нямдолгороос 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 62.102.320 төгрөгийн, Н.Наранчимэгээс 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20.014.700 төгрөгийн, И.Одгэрэлээс 2018 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд 37.301.500 төгрөгийн, Б.Оюунцэцэгээс 2018 оны 05 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 79.378.000 төгрөгийн алт, монетан ээмэг, бөгж, гинж, бугуйвч зэрэг эд зүйлийг залилан авч, нийт 4 иргэнд 198.796.520 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа ойлгож байна. Хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн төлсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би анх 2015 онд С.Т-тай Урт цагаан үйлчилгээний төвд ажиллаж байхдаа танилцаж, энэ хугацаанаас хойш С.Т надаас алт, монет авдаг байсан юм. С.Т нь 2018 оны 05 дугаар сард надад С.Т надад манай нөхөр барилгын компанитай байр барьж байгаа. Би чамд байр өгье гэж хэлсэн тул би түүнд 43.000.000 төгрөгийн үнэт эдлэл өгсөн. Тэгээд би С.Тийг хамт ажилладаг хүмүүстэйгээ танилцуулсан. С.Т надаас 2018 оны 08 дугаар сард дахин алт монетан эд зүйл авсан ба нийт 91.000.000 гаран төгрөгийн үнэт эдлэл авсан юм.  Мөрдөн байцаалтын шатанд хохирлын хэмжээг тогтоохоор үнэлгээ хийлгэхэд 69.000.000 төгрөгийн хохирлын  үнэлгээ гарсан тул би тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж, дахин үнэлгээ хийлгэж, хохирлын хэмжээг 79.000.0000 төгрөг гэж тогтоосон. С.Т нь өөрсдийн амьдарч байсан Юнион Бюлдингийн 184 м.кв талбайтай орон сууцаа Эн Ди Топ ХХК-д шилжүүлэн өгч, надад Эн Ди Топ ХХК-ийн барьж байгаа барилгаас 45,9 м.кв талбайтай байр өгч, би Эн Ди Топ ХХК-тай захиалгын гэрээ байгуулсан ба тухайн байрны үнэ бүрэн төлөгдсөн байсан тул хохирлын үнийн дүнгээс илүү гарсан байрны үнийн зөрүү мөнгө 26.000.000 гаран төгрөгийг би С.Тийн нөхөрт өгсөн...” гэв.

Хохирогч Т.Нямдолгор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...С.Т бол 10 гаран жил Урт цагаан үйлчилгээний төвд үсчнээр ажиллаж байсан тул би таньдаг байсан. С.Т 2018 оны 08 дугаар сард бид нараас алт үнэт эдлэл авъя гэсэн санал тавьж, авсан үнэт эдлэлээ бусдад худалдаад, мөнгийг нь цувуулж өгдөг байсан. С.Т надаас 99 гаран сая төгрөгийн бараа авч, түүний мөнгийг цувуулан өгсөөр 60.000.000 төгрөг өгсөн байсан. Үүний дараа С.Т надад 60.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан боловч Замын-Үүдээс дүү мөнгө шилжүүлэхээр үлдэгдэл төлбөрийг хийнэ гээд дахин үнэт эдлэл авахыг хүссэн. Би түүнд чи ийм их өртэй юм чинь өгөхгүй гээд өгөөгүй. Гэтэл С.Т бэлэн мөнгөөр нь худалдаж явъя гээд миний данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд С.Тийн надад өгөх мөнгөний үлдэгдэл 50.000.000 төгрөг үлдсэн. С.Т нь Шүншиг Велла-2 хотхоны 45.9 м.кв талбайтай байрыг 1 м.кв талбайг 2.500.000 төгрөгөөр тооцож өгсөн бөгөөд би тус хотхоны барилгыг барьж байгаа компанитай захиалгын гэрээ байгуулсан. Тухайн байрны нийт үнэ 114.750.000 төгрөг болсон. Тиймээс бидний хохирлын үнийн дүнгээс илүү гарсан тухайн байрны зөрүү мөнгө болох 11.775.000 төгрөгийг С.Тийн нөхөрт өгсөн...” гэв.

Хохирогч Ж.Наранчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сараас эхлэн С.Т надтай уулзаж, үнэт эдлэл сонирхож байна гэсэн. 2018 оны 08 дугаар сард С.Т надаас Замын Үүдэд байдаг нөхрийнхөө дүүгээр заруулах гэж байна гээд 22.300.000 гаран төгрөгийн алт, монетан гинж авсан ба түүнээс 7.000.000 төгрөгийг буцааж өгсөн. С.Т надад 15.000.000 төгрөг өгөх ёстой байсан тул сая С.Т нь Т.Нямдолгор, И.Одгэрэл бид гуравт 45,9 м.кв байр өгөхөөр болж бид захиалгын гэрээ байгуулсан...” гэв.

Хохирогч И.Одгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сараас 08 сарын хооронд С.Т надаас 70.000.000-80.000.000 төгрөгийн алт монетан эдлэл өөртөө болон нөхөртөө авч байна хэмээн авсан ба түүний төлбөрийг цувуулан төлсөөр 37.500.000 төгрөгийг төлөөгүй. Би үлдэгдэл мөнгөө авах гэж С.Ттай утсаар ярьж байнга нэхэж байсан ба С.Т-н нөхөртэй холбогдож, түүний нөхөр хохирол төлбөрийг өөрийн эзэмшлийн байраар бартер хийж, орон сууц худалдан авч өгөхөөр тохиролцож, захиалгын гэрээ байгаа...” гэв.

Хохирогч Т.Нямдолгорын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан төвийн Уран дархан цогцолборт хувиараа алт монетан үнэт эдлэлийн лангуу ажиллуулдаг юм. С.Т нь Урт цагаан төвд хувиараа их олон жил үсчин хийж байсан болохоор орж гарсаар байгаад зүс мэддэг болсон байсан. С.Т өмнө нь манай лангуун дээрээс хааяа ганц нэг эд зүйлс бэлэн мөнгөөр нь худалдаж аваад гардаг байсан юм. 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр С.Т орж ирээд өөрөөс чинь алт монетан эдлэл зээлээр авъя, манай нөхөр барилгын компанитай мэдэж байгаа биз дээ, байрнуудынхаа урьдчилгааг аваад бүгдийг нь төлнө, санаа зоволтгүй гэхээр нь зээлээр өгөхгүй ээ бэлэн мөнгөөр нь ав, дараа нь хэрүүл маргаан болох гэж төвөг гэхэд өгчихөлдөө найдвартай юм чинь эсвэл маргааш мөнгийг нь өгчихье гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь хэд орчим төгрөгийн юм авах гээд байгаа юм гэхэд хэд ч яах вэ найз нь найдвартай юм чинь 2 байрны мөнгөөр үнэт эдлэл авч хадгалах гэсэн юм, дараа нь хэрэг болдог юм билээ гээд гуйгаад байхаар нь итгээд 109.531.750 төгрөгийн алт монетан эдлэл өгсөн”

“...С.Т надаас 109.531.750 төгрөгийн тооцоо дуусгаагүй байж байгаад хугацаа тодорхойгүй 25.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 25.000.000 төгрөг, хугацаа тодорхойгүй 10.000.000 төгрөгийг миний 5077352719 дугаарын данс руу шилжүүлж өгсөн бөгөөд надад 50.000.000 төгрөгний барааны мөнгө өгөх дутуу гэж өөрийн гараар бичээд гарын үсэг зурсан”

“...Би С.Т-т 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 18.697.750 төгрөгний, 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 90.834.000 төгрөгний үнэ бүхий алт, монетон эдлэлийг тус тус өгсөн, эдгээр үнэт эдлэл нь нийт 109.531.750 төгрөг болж байсан. ...С.Т нь надад 60.000.000 төгрөгийг буцааж өгсөн одоо 50.000.000 төгрөг төлөх дутуу байгаа” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 29-30, 31-33, 3-р хавтаст хэргийн 177-р хуудас/

Хохирогч Ж.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан төвийн Уран дархан цогцолборт хувиараа алт монетан үнэт эдлэлийн лангуу ажиллуулдаг юм. С.Т нь Урт цагаан төвд хувиараа их олон жил үсчин хийж байсан болохоор 5-6 жилийн өмнөөс таньдаг болсон юм. 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр С.Т эгч манай ажил дээр орж ирээд  “...манай нөхрийн дүү Замын-Үүдэд алт монетан эдлэл зардаг юм, би наад барааг чинь зараад өгье” гэсэн. Би зарж байгаа бараагаа зах зээлийн ханш болох бөөний үнээр нь өгчихдөг юм. Харин С.Т эгч надаас авсан бараагаа цаашаа хэдэн төгрөг нэмж зардагийг мэдэхгүй байна. ...нийтдээ 22.385.000 төгрөг болж байсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 8 сарын 20-ны өдөр С.Т эгч ирээд эхлээд 4.000.000 төгрөгийг дараа нь 3.000.000 төгрөгийг нийт 7.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь удахгүй өгнө гэж байсан. Хэд хоног хүлээгээд өгөхгүй байхаар нь залгахаар “...удахгүй өгнө, хүнээс мөнгө орж ирэхээр өгнө гэж байснаа сүүлдээ байр зарагдахаар мөнгийг чинь өгнө” гэдэг болсон.”

“...би алт монетон эдлэлээ граммлаад тухайн үеийн ханшаар нэгжийг нь бодоод өөрийн хар дэвтэр дээр хөтөлж тэмдэглээд С.Таар өөрөөр нь гарын үсэг зуруулаад хугацаа товлуулаад хүлээлгэн өгсөн бөгөөд би дээр бичсэн зүйлийг цаасан дээр бичээд С.Тт өгдөг байсан”

Би С.Т-т 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 22.385.000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг алт монетон эдлэл өгсөн.  С.Т 2 хоногийн дараа надаас авсан эд зүйлийн үнийг өгнө гэсэн боловч 7 сая төгрөг надад өгсөн. ...надаас авсан 22.385.000 төгрөгийн эд зүйлээс 15.385.000 төгрөгийг төлөөгүй дутуу байгаа” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 175-176, 177-180 3-р хавтаст хэргийн 178-179-р хуудас/

Хохирогч И.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “...2007 оноос хойш одоог хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан төвийн Уран дархан цогцолборт хувиараа алт монетан үнэт эдлэлийн лангуу ажиллуулж байна. С овогтой С.Т гэдэг эмэгтэй нь Урт цагаан төвд хувиараа их олон жил үсчин хийдэг байсан болохоор орж гарсаар байгаад зүс мэддэг болсон байсан. С.Т нь өмнө нь манай лангуун дээрээс хааяа ганц нэг эд зүйлс бэлэн мөнгөөр нь худалдаж аваад гардаг байсан юм. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр манай лангуунаас манай нөхрийн дүү Замын-Үүдэд алт үнэт эдлэлийн лангуу ажиллуулж байгаа гээд манайхаас эд зүйлс авсан. Тухайн эд зүйлийн үнэ нь 12.000.000 төгрөгийн бараа дүүдээ авсан гэж хэлсэн. Үлдсэн 25.500.000 төгрөгийн барааг өөртөө авсан гэж хэлсэн. Түүнээс хойш дүү рүү нь ярихад би мөнгөө эгчид өгсөн гэж хэлсэн. Эгч Тунгаа нь би мөнгийг өөрөө өгнө гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай ажил дээр орж ирээд авсан үнэт эдлэлийн мөнгийг төлөх нь үнэн юм чинь хэдүүлээ нотариатаар баталгаажуулна надад хугацаа хэрэгтэй байна та нарт ч амар гэж хэлээд зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар надаас авсан 37.500.000 төгрөгийн бараа авчихаад барааны мөнгийг эргүүлээд өгөхгүй байгаа ...Би С.Т-т барааны мөнгийг хамгийн цаад тал нь 7-10 хоногийн хугацаатай өгдөг байсан. Жишээ нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 16.173.000 төгрөгийн барааны мөнгийг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ны өдрийн хооронд авна гэж өгсөн. С.Т надаас авсан барааны мөнгийг цаг тухайд нь өгдөг байсан”

 С.Т урьд нь надаас эд зүйл аваад зарж борлуулаад буцаагаад өгдөг байсан. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 21.261.200 төгрөгийн, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 16.173.000 төгрөгийн үнэт эдлэл, нийт 37.434.000 төгрөгийн үнэт эдлэлийн  2018 оны 08 дугаар сарын 03-наас 04-ний өдрүүдэд төлж барагдуулна гэж гарын үсэг зурсан байна. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэж буруу бичигдсэн байна. Тухайн үед он цаг хугацааг андуурсан байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 100-103, 3- р хавтаст хэргийн 180-181-р хуудас/

Хохирогч Б.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би С.Т гэдэг хүнтэй 2000 оноос хойш арваад жилийн хугацаанд найз нөхөд гэж явдаг байсан. С.Т надаар ломбарднаас маш их юм чөлөөлүүлдэг байсан. Нөхөр барилгын компанитай, цалинг нь тавьж өгөх гэсэн чинь мөнгө хэрэгтэй байна гэдэг байсан. Тэгээд би санаандгүй танай нөхрийн байр хэзээ ашиглалтанд орох гэж байгаа юм бэ гэж асуутал С.Т удахгүй, улсын баяраар орно гэснээ дараа нь 9 сард ашиглалтанд орохоор болсон байна гэж ярьж байсан. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би С.Тт охиныхоо байрыг томсогомоор байна гэхэд чи надад урьдчилгаа өгчих, нөхрийн байр удахгүй ашиглалтанд орно гэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй гэсэн. Тэгвэл чи лангуун дээрээ зарж байгаа алт монетнаасаа өгчихөө, нөхрийн ажилчдын цалин тавих гэтэл цалин нь дутаад байна, найз нь эхний ээлжинд чиний байрыг гаргаад өгнө гэж хэлээд надаас 41.780.000 төгрөгийн алт, үнэт эдлэл аваад явсан. Ингээд 6, 7 сард барилга хойшилчихлоо, хамгийн сүүлд яг сүүлийн хугацаа 9 сар хүртэл хойшилчихлоо гэж байсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр таны нэг өрөө байр Яармагт гарах гээд байна гэхээр нь би нэг өрөө хэрэггүй ээ гэхэд чи тэгвэл надад мөнгө нэмж өгөөд байраа 2 өрөө болго гэхээр нь 49.665.000 төгрөгийн бараа нэмж өгсөн. Би өөрийн бичсэн өргөдөлд хавсралт материалаар С.Т-т өгсөн алт, үнэт эдлэлийн жагсаалтыг дэлгэрэнгүй гаргаж өгсөн байгаа. ...Би С.Т-т өгөх гэж байгаа алт монетаа граммлаад граммын жин тоог өөрт нь харуулаад үнийн дүнг бодож хар дэвтэр дээрээ бичээд С.Таар өөрөөр нь гарын үсэг зуруулдаг байсан. ...С.Т надаас 2 удаа нийт 91.419.000 төгрөгийн алт үнэт эдлэл авсан. ...С.Т надад байр өгөх гэж байгаа болохоор би өөрийн алт үнэт эдлэлээ байрны мөнгөнд тооцож байна гэж бодоод өгдөг байсан. ...Хамгийн сүүлд 2020 оны 03 дугаар сард С.Т-тай утсаар ярихад "найзаа чи намайг цагдаад өгөөгүй байгаа биздээ,би чиний байрыг хамгийн түрүүнд гаргаад өгнө, чи наадуулынхаа дэргэд битгий над руу утсаар ярь, чи наадуултайгаа нийлж намайг битгий цагдаад өгөөрэй “ гэж ярьж байсан. ...Би түүнд итгэж явсаар 2 жилийн хугацаа өнгөрсөн байна” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 75-78- р хуудас/

Гэрч Ё. Ганцоож мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би С.Т-тай Урт цагаан үйлчилгээний төвд хамт ажилладаг. 2010 оноос хойш түүнийг мэдэх болоод 2017 оноос харилцаа холбоотой байдаг болсон. ...Надад шүрэн эдлэл нь гоц содон эд зүйл байдаг. Надтай эртний эдлэл худалдаалдаг хүмүүс шүрэн хөөргөөр ганц нэг удаа хөөргөлж байсан тохиолдлыг санаж байна. Харин шүрэн эдлэл бөөнөөр нь барьж ирээд надад үзүүлээд хэдэн төгрөг болох вэ гэж асууж байсан хүн байгаагүй. Тэр тусмаа С.Т надад олон тооны шүрэн эдлэл үзүүлсэн бол би санах байсан. С.Т манай эхнэр бид хоёрт алтан ээмэг, алтан бөгж, шүртэй алтан кулон, шүртэй бугуйвч, алтан ембүү, шүрэн эрхи, бусад шүрэн эдлэлийг үзүүлж байгаагүй" гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 83-р хуудас/

Гэрч О.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “манай ээж С.Т нь 1969 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Манай ээж Саппород үсчин хийдэг байж байгаад Урт цагаанд үсчин хийдэг болсон Манай аав намайг 1 дүгээр ангид байхад буюу 2003 онд Солонгос улс руу явсан гэж ярьдаг. Тэр цагаас хойш манай ээж аавтай хамт амьдрахаа больсон. Тэгээд манай ээж Мөнхцогт гэдэг хүнтэй хамт амьдрах болсон боловч бараг 2 жилийн өмнө манай ээжээс салаад явсан. Манай ээж гэр бүлдээ хамаг зүйлээ зориулдаг. ...Одмаа эгчид алт үнэт эдлэл өгөөд заруулдаг байсан. Харин ээж хаанаас аваад Одмаа эгчид өгдөг байсан гэдгийг мэдэхгүй”

“...Урт цагаан төвд ажилладаг. Хар Оюунаа гэх нэртэй хүнээс алт худалдан авдаг байсан. Би хааяа хамт явдаг байсан. Ээж алтыг өөрөө зарна гэж хэлээд аваад явдаг байсан. Би сайн мэдэхгүй байна. ...Одмаа эгч Урт цагааны 2 давхарт дарханы газар ажиллуулаад байдаг байсан. Төмөр замын Богд-Ар хороололд амьдардаг байсан.” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 42, 184-р хуудас/

Гэрч С.Мөнхцогт мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “С.Т бид хоёр 2005 оноос 2018 он хүртэл хамт амьдарсан, одоо тусдаа амьдарч байгаа. ...би төрсөн ахынхаа ангийнхаа хүүхдүүдийн нийлсэн МД Топ нэртэй барилгын компанид нягтлангаар орж ажиллаж байгаад гүйцэтгэх захирлаар ажилласан. Би уг компанид 2008-2019 он хүртэл ажилласан. ...би барилгын компанид гүйцэтгэх захиралаар ажилладаг байсан. Уг барилгууд нь миний өмчийн эд зүйл биш байсан. С.Т бид хоёрын дунд миний барьж байсан барилгуудаас бусад хүнд өгнө гэсэн яриа болж байгаагүй. ..:миний төрсөн эгчийн хүүхэд Баттамир гэдэг залуу байдаг. Баттамир нь Дорноговь аймгийн Замын-Үүд боомтонд том тэрэг барьдаг ажилтай. Баттамир С.Т-с алт, үнэт эдлэл авч зарж байсан гэж би сонсож байгаагүй” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 210-р хуудас/

Гэрч М.Баттамир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “С.Т нь  миний нагац ахын эхнэр байгаа юм. Би өөрөө хил дагаж амьдардаг. Хилээр орж гарч том тэрэг барьж амьдардаг зав зай муутай  байдаг. Мөн аавын тал дээрээ өссөн болохоор ээжийн талын хамаатны хүмүүстэй холбоо муутай байдаг. Би Тунгаа эгчтэй ойр дотно биш харьцаатай. С.Т эгч алт үнэт эдлэл надад өгч заруулж байгаагүй” гэх мэдүүлэг. /3-р хавтаст хэргийн 211-212-р хуудас/

Гэрч О.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...ээж аавд мөнгө өгнө гэж байхгүй, хойд аав өөрөө ажил, төрөлтэй ээжээс мөнгө аваад байх хүн биш“ гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 185-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 240 дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 191-192-р хуудас/

 С.Т нь алтан бугуйвч, ээмэг, гинж, бөгж зэрэг үнэт эдлэл барьцаалан Начин заан ломбарднаас 2018 оны 8 дугаар сарын 23-нд 9.600.000 төгрөг, Сайн ломбарднаас 2018 оны 8 дугаар сарын 23-нд 1.600.000, 2018 оны 8 дугаар сарын 24-нд 400.000, 2018 оны 8 дугаар сарын 25-нд 190.000 төгрөг зээлсэн барьцаат зээлийн гэрээнүүд /1-р хавтаст хэргийн 207-210-р хуудас/

 Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Дугаар 439 тоот үнэлгээний тайлан “...иргэн Б.Оюунцэцэгийн залилуулсан гэх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 79.378.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн 184-192-р хуудас/

Дамно ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №ЧД1-20-339 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Үнэлгээний дүн 62.102.320 төгрөг” гэх дүгнэлт, /1-р хавтаст хэргийн 43-45-р хуудас/

Дамно ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №ЧД1-20-338 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Үнэлгээний дүн 37.301.500 төгрөг” гэх дүгнэлт, /1-р хавтаст хэргийн 113-114-р хуудас/

 Дамно ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №ЧД1-20-337 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Үнэлгээний дүн 20.014.700 төгрөг” гэх дүгнэлт, /1-р хавтаст хэргийн 195-196-р хуудас/

Шүүгдэгч С.Т-н ХААН банкин дахь 5019682180 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийхэд 2018 оны 06 дугаар сараас хойш С.Тийн данснаас Д.Одмаагийн данс руу 335.500.000 төгрөг, Д.Одмаагийн данснаас С.Тийн дансанд 583.160.000 төгрөг шилжиж орсон тухай бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл” /2-р хавтаст хэргийн 50-61-р хуудас/

 Ж.Наранчимэгийн ХААН банк дахь төгрөгийн 5077057485 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 211-220-р хуудас/

 И.Одгэрэлийн ХААН банк дахь төгрөгийн 5077264414 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 136-142-р хуудас/

 С.Т-н ХААН банк дахь төгрөгийн 5019682180 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 123-250-р хуудас, 3-р хавтаст хэргийн 1-160-р хуудас/

 Доржийн Одмаа /РД:АЮ63062968/ Замын-Үүд авто замын боомтоор 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр улсын хилээр гарсан тухай ХХЕГ-ын 2020 оны 10 дугаар сарын 05-ны албан бичиг /3-р хавтаст хэргийн 213-р хуудас/

Шүүгдэгч С.Т болон хохирогч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /1-р хавтаст хэргийн 25, 97, 173, 2-р хавтаст хэргийн 72-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллүүд: Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн талаарх хохирогч Т.Нямдолгорийн гомдол /1-р хавтаст хэргийн 23-р хуудас/, хохирогч И.Одгэрэлээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл  /1-р хавтаст хэргийн 95-р хуудас/, Хохирогч Ж.Наранчимэгийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /1-р хавтаст хэргийн 171-р хуудас/, Хохирогч Б.Оюунцэцэгийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /2-р хавтаст хэргийн 67-р хуудас/,

Шүүгдэгч С.Т-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 97, 1-р хавтаст хэргийн 129-р хуудас/,

          Шүүгдэгч С.Т-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хавтаст хэргийн 209-р хуудас/,

          Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогч Т.Нямдолгор, И.Одгэрэл, Ж.Наранчимэг нараас хандан ирүүлсэн: “...Төмөрбаатар овогтой Нямдолгор, Ишдорж овогтой Одгэрэл, Жаргалсайхан овогтой Наранчимэг бид Сахъяа овогтой С.Т, нөхөр С.Мөнхцогт нараас хохирлын нийт мөнгө болох 102.885.000 төгрөгийн төлбөрт МД Тоф ХХК-ын баригдаж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлан Шүншиг вилла-2 хотхонд Г блок 2 давхарт 11 тоот 45.9 мкв 2 өрөө орон сууц авахаар болж гэрээ хэлэлцээр хийсэн. Цаашид С.Тт гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлт,

          Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогч Б.Оюунцэцэгээс хандан ирүүлсэн: “...Бямбасүрэн овогтой Оюунцэцэг би Сахъяа овогтой С.Т, нөхөр С.Мөнхцогт нараас хохирлын мөнгө болох 79.368.000 төгрөгийн төлбөрт МД Тоф ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлан Шүншиг вилла-2 хотхонд В блок, 2 давхар 11 тоотод 45.9 мкв 2 өрөө орон сууцыг авахаар болж гэрээ хэлцэл хийсэн. Цаашид С.Тт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно.  Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлт,

          МДТОФ ХХК, Б.Оюунцэцэг нарын хооронд байгуулсан №ГД2021-01/14 тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиалгын гэрээ,

          МДТОФ ХХК, Т.Нямдолгор, И.Одгэрэл, Ж.Наранчимэг нарын хооронд байгуулсан №ГД2021-01/15 тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиалгын гэрээ зэрэг хохирол төлсөн талаарх нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгснийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч С.Т нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Урт цагаан худалдааны төвд алт, үнэт эдлэлийн худалдаа эрхлэх хохирогч Т.Нямдолгор, Н.Наранчимэг, И.Одгэрэл, Б.Оюунцэцэг нарын өмчлөх эрхийн эсрэг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн нь дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

хохирогч Т.Нямдолгороос 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “...алт, монетон эдлэл зээлээр авах гэсэн юм, мөнгийг нь манай байрнууд зарагдахаар бөөнд нь бэлэн өгнө, манай нөхөр барилгын компанитай гэдгийг мэдэж байгаа биз дээ, байрнуудын урьдчилгаа аваад бүгдийг нь төлнө, санаа зоволтгүй” гэх зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 62.102.320 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн,

хохирогч Н.Наранчимэгээс 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “...манай нөхрийн дүү Замын-Үүдэд алт, монетон эдлэл зардаг юм. Би наад барааг чинь зараад мөнгийг нь өгье” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 20.014.700 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн,

хохирогч И.Одгэрэлээс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хооронд “...манай нөхрийн дүү Замын-Үүдэд лангуу ажиллуулж байгаа тэнд алт, мөнгөн эдлэлийн лангуу ажиллуулж байгаа” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт  37.301.500 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн,

хохирогч Б.Оюунцэцэгээс 2018 оны 5 дугаар сарын 30, 2018 оны  7 дугаар сарын 20-ны өдрүүдэд “...чи надад урьдчилгаа өгчих нөхрийн байр удахгүй ашиглалтанд орох гээд байна” “...таны нэг өрөө байр яармагт гарах гээд байна, ...надад нэмж мөнгө өгөөд байраа 2 өрөө болго” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт   79.378.000 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Т.Нямдолгор, Ж.Наранчимэг, И.Одгэрэл, Б.Оюунцэцэг, гэрч Ё.Ганцоож,  О.Алтанцэцэг, С.Мөнхцогт,  М.Баттамир, О.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг,  Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Дугаар 439 тоот үнэлгээний тайлан,  Дамно ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №ЧД1-20-339 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан,  2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №ЧД1-20-338 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №ЧД1-20-337 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Т нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Урт цагаан худалдааны төвд үсчингээр ажиллаж байхдаа хохирогч Т.Нямдолгор, Ж.Наранчимэг, И.Одгэрэл, Б.Оюунцэцэг нартай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч нарын өмчлөх эрхэд халдаж “...Замын-Үүдэд нөхрийн дүү үнэт эдлэлийн лангуу ажиллуулдаг”, “...нөхрийнхөө барьж байгаа байрнаас зарагдахаар мөнгийг нь өгнө”, “...нөхрийнхөө зарж байгаа байрнаас өгнө урьдчилаа, байрны үнэнд үнэт эдлэл авна” гэх зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч С.Тийн нөхөр гэх С.Мөнхцогтын дүү М.Баттамир гэрчээр мэдүүлэхдээ “...С.Т эгч алт үнэт эдлэл надад өгч заруулж байгаагүй” гэж мэдүүлсэн, мөн С.Мөнхцогт гэрчээр мэдүүлэхдээ “...би барилгын компанид гүйцэтгэх захиралаар ажилладаг байсан. Уг барилгууд нь миний өмчийн эд зүйл биш байсан. С.Т бид хоёрын дунд миний барьж байсан барилгуудаас бусад хүнд өгнө гэсэн яриа болж байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч О.Цэнд-Аюуш “...ээж аавд мөнгө өгнө гэж байхгүй, хойд аав өөрөө ажил, төрөлтэй ээжээс мөнгө аваад байх хүн биш” гэх мэдүүлэг, хохирогч Т.Нямдолгор, Ж.Наранчимэг, И.Одгэрэл, Б.Оюунцэцэг нарын мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар С.Тийн үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй болохыг нотолж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу С.Тийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч С.Т нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

            Иймд шүүгдэгч С.Т нь үргэлжилсэн үйлдлээр өмчлөх эрхийн эсрэг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч С.Т нь залилах гэмт хэргийн улмаас хохирогч Т.Нямдолгорт 62.102.320, хохирогч Н.Наранчимэгт 20.014.700,  хохирогч И.Одгэрэлд 37.301.500, хохирогч Б.Оюунцэцэгт 79.378.000 төгрөгийн буюу залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж бусдад нийт 198.796.520 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байна. 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогч Т.Нямдолгор, И.Одгэрэл, Ж.Наранчимэг нараас хандан ирүүлсэн: “...Төмөрбаатар овогтой Нямдолгор, Ишдорж овогтой Одгэрэл, Жаргалсайхан овогтой Наранчимэг бид С овогтой С.Т, нөхөр С.Мөнхцогт нараас хохирлын нийт мөнгө болох 102.885.000 төгрөгийн төлбөрт МД Тоф ХХК-ын баригдаж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлан Шүншиг вилла-2 хотхонд Г блок 2 давхарт 11 тоот 45.9 мкв 2 өрөө орон сууц авахаар болж гэрээ хэлэлцээр хийсэн. Цаашид С.Т-т гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлт, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогч Б.Оюунцэцэгээс хандан ирүүлсэн: “...Бямбасүрэн овогтой Оюунцэцэг би Сахъяа овогтой С.Т, нөхөр С.Мөнхцогт нараас хохирлын мөнгө болох 79.368.000 төгрөгийн төлбөрт МД Тоф ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлан Шүншиг вилла-2 хотхонд В блок, 2 давхар 11 тоотод 45.9 мкв 2 өрөө орон сууцыг авахаар болж гэрээ хэлцэл хийсэн. Цаашид С.Т-т гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно.  Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтүүдийг ирүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Оюунцэцэг мэдүүлсэн “...С.Т нь өөрсдийн амьдарч байсан Юнион Бюлдингийн 184 м.кв талбайтай орон сууцаа Эн Ди Топ ХХК-д шилжүүлэн өгч, надад Эн Ди Топ ХХК-ийн барьж байгаа барилгаас 45,9 м.кв талбайтай байр өгч, би Эн Ди Топ ХХК-тай захиалгын гэрээ байгуулсан ба тухайн байрны үнэ бүрэн төлөгдсөн байсан тул хохирлын үнийн дүнгээс илүү гарсан байрны үнийн зөрүү мөнгө 26.000.000 гаран төгрөгийг би С.Тийн нөхөрт өгсөн”, хохирогч Ж.Наранчимэг мэдүүлсэн “...С.Т надад 15.000.000 төгрөг өгөх ёстой байсан тул сая С.Т нь Т.Нямдолгор, И.Одгэрэл бид гуравт 45,9 м.кв байр өгөхөөр болж бид захиалгын гэрээ байгуулсан”,  хохирогч Т.Нямдолгорын мэдүүлсэн “...С.Тийн надад өгөх мөнгөний үлдэгдэл 50.000.000 төгрөг үлдсэн. С.Т нь Шүншиг Велла-2 хотхоны 45.9 м.кв талбайтай байрыг 1 м.кв талбайг 2.500.000 төгрөгөөр тооцож өгсөн бөгөөд би тус хотхоны барилгыг барьж байгаа компанитай захиалгын гэрээ байгуулсан. Тухайн байрны нийт үнэ 114.750.000 төгрөг болсон. Тиймээс бидний хохирлын үнийн дүнгээс илүү гарсан тухайн байрны зөрүү мөнгө болох 11.775.000 төгрөгийг С.Тийн нөхөрт өгсөн”, хохирогч И.Одгэрэлийн мэдүүлсэн “...С.Тийн нөхөртэй холбогдож, түүний нөхөр хохирол төлбөрийг өөрийн эзэмшлийн байраар бартер хийж, орон сууц худалдан авч өгөхөөр тохиролцож, захиалгын гэрээ байгаа” гэх мэдүүлгүүд, хохирогч нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Захиалгын гэрээний ар талд төлбөр төлөх график байгаа боловч гэрээний хавсралтаар төлбөр төлөгдсөн гэж бичигдсэн байгаа. Тиймээс гэрээний хавсралтыг сайн хараагүй. Тухайн захиалгын гэрээг байгуулах үед Эн Ди Топ ХХК-ийн борлуулалтын албаны захирал н.Баяржаргал, би, хохирогч нар хамт байсан ...Тухайн хүн компанийн тамга тэмдгийг аваад явж байсан тул гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж ойлгосон” гэх тайлбар болон  МДТОФ ХХК, Б.Оюунцэцэг нарын хооронд байгуулсан №ГД2021-01/14 тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиалгын гэрээ, МДТОФ ХХК, Т.Нямдолгор, И.Одгэрэл, Ж.Наранчимэг нарын хооронд байгуулсан №ГД2021-01/15 тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиалгын гэрээ зэрэг нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд хохирогч Т.Нямдолгор, И.Одгэрэл, Ж.Наранчимэг нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлж авсан, орон сууц захиалгын гэрээг МДТОФ ХХК-тай байгуулсан, цаашид шүүгдэгч С.Т-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч С.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.Т нь урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогч нарт бүрэн нөхөн төлсөн, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэл зоригоо илэрхийлж хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд энэ талаар мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Т-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт С.Т-г Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-т оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч С.Т-т сануулсугай.

5. Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                                                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ГАЛБАДАР