| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/01175/и |
| Дугаар | 965 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 965
| 2017 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2017/00965 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9-д байрлах, “Жи Мобайл” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011041082, регистрийн дугаар 5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 4 хэсэг 61-1835 тоотод оршин суух Сүмчин овогт Хишгээгийн Анхбат /регистрийн дугаар УД90031417/-д холбогдох
Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 60,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах хариуцагч Х.Анхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Х.Анхбат нь манай байгууллагатай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж үйлчилгээний 98472734 дугаартай 240,000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20,000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 40,000 төгрөгийг хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40,000 төгрөг, алданги 20,000 төгрөг нийт 60,000 төгрөгийг иргэн Х.Анхбатаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Анхбат шүүхэд гаргасан тайлбартаа: “Хишгээ овогтой Анхбат миний бие “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би “Жи Мобайл” ХХК-иас MP-10 төхөөрөмжийг сар болгон 20,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулж авсан. Уг төхөөрөмжийн сүүлийн 2 сарын төлбөр болох 40,000 төгрөгийг төлөөгүй шалтгаан гэвэл уг төхөөрөмжийн 120 GB датанаас 10 GB дата хэрэглэсэн. Уг төхөөрөмжийн үлдэгдэл дата устана гэхлээр нь төлөөгүй. Гэрээний нөхцөлд дата устана гэсэн заалт байхгүй байсан” гэжээ.
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах, хариуцагч Х.Анхбат нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эвлэрлийн гэрээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах, хариуцагч Х.Анхбат нар харилцан тохиролцон энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
Шүүх хуралдаанаар зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Анхбатад холбогдох төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 60,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, 50,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын 10,000 төгрөгөөс татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Анхбатад холбогдох төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 60,000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын 10,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Х.Анхбат нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 50,000 /тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Анхбат нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР